Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00426

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30 181/ШШ2023/00426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: БЗД, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00, 00 тоотод бүртгэлтэй ч, БЗД, 00 дүгээр хороо, 00 зам 0 дугаар байр 00 тоотод байрлах БХ ХХК /Регистрийн дугаар: 000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х ХХК /Регистрийн дугаар: 00/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 86.798.766 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БХ ХХК нь Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 86.798.766 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

БХ ХХК нь Х ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ВТО-ВD 001 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г гучин тав хоногийн хугацаатай байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч болох БХ ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо иргэн Б.Батжаргалын үйлчилгээтэй орон сууцны 4 блок барилгын зоорийн давхар буюу нийт 351 мкв талбайд хөрсний ус тусгаарлалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд холбогдох хууль тогтоомж, норм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч болох Х ХХК нь гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гүйцэтгэгч материал болон ажиллах хүч ажиллуулах нийт зардлыг тусган үнийн саналыг захиалагч талд танилцуулсанаар тухайн гэрээний нийт үнийг гаргасан. Тухайн гэрээний ажлын нийт хөлсийг 130.524.460 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээнд урьдчилгаа төлбөр болох 65.262.230 төгрөг, гэрээний нийт үнийн 50 хувийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэхээр, үлдэгдэл төлбөр болох 65.262.230 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр багтаан бэлэн төлөлтөөр эсвэл энэхүү үнийн дүнд тохирсон автомашиныг бартерт оролцуулан гүйцэтгэгчид шилжүүлэхээр гэрээгээр тохиролцсон.

Гэрээнд урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр ажлыг гүйцэтгэж эхлэхээр тохиролцсон боловч захиалагч талын хүсэлтийг хүндэтгэн үзэж, ажлыг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд нийт гэрээнд тусгасан 4 блок барилгын 2 блокийн зоорийн давхрын хөрсний ус тусгаарлалтын ажлыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн. Урьдчилгаа төлбөр төлөгдөх хуваарьт өдөр болох 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр таарч байсан учир гүйцэтгэгчээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан сануулж, талбайн инженер рүү төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн. 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажлын талбайд очиход гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын талбайг бохирдуулж дахин материал зарцуулах хэмжээнд хүргэх нөхцөл үүсгэсэн байсныг албан зургаар баталгаажуулан 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 22/105 тоот Гэрээт ажлын тухай албан бичгийг захиалагч компанийн имэйл хаяг болон инженерийн цахим хаяг руу явуулж байсан. Тухайн албан бичигт захиалагч нь албан ёсоор хариу ирүүлээгүй. Төлбөрийн нэхэмжлэхийг явуулсанаас хойш захиалагч удахгүй санхүүжилт орж ирэхээр төлбөрөө хийнэ гэсээр одоог хүртэл ажлыг хөлсийг манай компанид төлөөгүй байна.

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22/110 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр компанийн инженерт биеэр хүргэж өгч захиалагчийн захирал руу цахим хаягаар нь давхар илгээсэн. Тус албан бичигт гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны дотор шилжүүлж өгөхийг дурьдаж, хөлсийг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу гэрээг дангаар цуцлах мөн өөрт учирсан хохиролдоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар тусгасан. Тус албан бичигтэй холбогдуулан ямар нэгэн хариуг бидэнд ирүүлээгүй учраас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэрээ цуцлах тухай 22/116 тоот албан бичгийг баталгаат шуудангаар илгээж захиалагч компанийн нягтлангаар гарын үсэг зуруулан хүлээлгэж өгсөн. Захиалагч нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон урьдчилгаа хөлсийг төлөх байсан 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны 33 хоног алдангийг мөн нэхэмжилж байна.

Иймд гүйцэтгэсэн ажлын хөлс болох 65.262.230 төгрөг, алдангид 21.536.536 төгрөг, нийт 86.798.766 төгрөгийг гаргуулж, БХ ХХК-д гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Бүрэн трейд деволопмент ХХК нь манай компанийн Сүхбатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжүүлж буй төслийн 4 ширхэг блок барилгын 351 мкв талбай буюу зоорийн давхрын доод хэсэг (хананд) хөрсний ус тусгаарлагч хийж өгөхөөр тохиролцсон байснаас эхний 2 барилгын тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн мөнгийг төлөхийг түр хойшлуулсан болно. Үүнд

1. Ажилаа гүйцэтгээд манайд албан ёсоор акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй.

2. Дээрхи 2 зоорийн давхарт 20 см ус нэвтэрч хөлдсөн байгаа тул плёнк нь ус нэвтрүүлсэн эсэх, наалдсан эсэх нь мэдэгдэхгүй, шалгаж хүлээж авах боломжгүй байгаа.

Иймд хөлдсөн ус гэссэний дараа шалтгаан нөхцөлийг тогтоож хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээж авах тооцоо нийлсэн акт үйлдээгүй тул алданги төлөх боломжгүй. Нэхэмжлэгч хоёр блок барилгад ажлаа 100 хувиар дуусгаагүй, харин 90 хувиар гүйцэтгэсэн тул энэ хэмжээний мөнгийг өгнө гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн BTD-BD 001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчид хүргүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22/105 тоот гэрээт ажлын тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/110 тоот албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22/116 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бараа хүлээлцсэн акт, төлбөрийн нэхэмжлэх, гэрэл зураг зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 6-24/

Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 32, 33/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч БХ ХХК нь Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 86.798.766 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 4 блокод ажил гүйцэтгэхээс 2 блокд гүйцэтгэсэн, захиалагч гэрээнд зааснаар хөлс төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээнээс татгалзсан, гүйцэтгэсэн ажлын хөлсөө алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хоёр блок барилгын хувьд ажлыг 90 хувиар гүйцэтгэсэн, ажлыг хүлээлгэн өгөөгүй, доголдол илэрсэн гэж тайлбарласан.

4.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас БХ ХХК, нөгөө талаас Х ХХК нар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн зааварчилга, захиалгын дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо иргэн Б.Батжаргалын үйлчилгээтэй орон сууцны 4 блок барилгын зоорийн давхар буюу 351 мкв талбайд хөрсний ус тусгаарлах ажлыг батлагдсан зураг төсөл болоод холбогдох норм, дүрмийн дагуу хуанлийн 35 хоногийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, Захиалагч шаардагдах бараа материалаар хангах, ажлыг актаар хүлээн авч, хөлс 130.524.460 төгрөгөөс эхний тавин хувийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 65.262.230 төгрөгийг төлөх, үлдэх хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт төлөхөөр тус тус төлөхөөр тохиролцож гэрээг байгуулжээ. /хх 8-11/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.Хэрэгт баримтаар БХ ХХК-иас хариуцагчид хүргүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22/105 тоот, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/110 тоот, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22/116 тоот албан бичгүүд авагдсан.

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.

Нэхэмжлэгч гэрээт ажлыг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг цуцласан, 4 блокоос 2 блок барилгад тусгаарлах ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтад зохигчид маргаагүй. Түүнчлэн ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүйд маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хоёр блок хэсгийн хувьд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үр дүн доголдолтой эсэхэд тус тус маргасан ч зохигч хэн алин нь дэмжих баримтыг ирүүлээгүй. Түүнчлэн хэн алин нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зохицуулжээ.

Хэрэгт авагдсан гэрээний 3.2-т гэрээний нийт дүнгийн 50 хувь болох 65.262.230 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр, 3.3-т үлдэх 50 хувийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөхөөр тус тус заажээ.

Зохигчдын тайлбараас үзвэл захиалагч болох Х ХХК гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч ...гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасан.

Иймд гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх өөрийн хийсэн ажлыг 4 блокоос 2 блокийн хувьд 100 хувиар ажлыг гүйцэтгэсэн гэж, харин хариуцагч тухайн 2 блокийн ажлыг 90 хувиар гүйцэтгэсэн гэж тус тус тайлбарласан. Гэвч зохигчдын дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул маргааны энэ тохиолдолд шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хөлсийг тооцон олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд ажлын хөлс 58.736.007 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

/130.524.460: 4 блок= 32.631.115 *2 блок = 65.262.230 төгрөг * 90 хувь = 58.736.007 төгрөг /

Хийсэн ажил доголдолтой талаарх тайлбарыг хариуцагч талаас шүүх хуралдааны явцад гаргасан боловч мөн л энэ талаарх дэмжих баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

7.Зохигчдын хоорондох гэрээний 7.4-т гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор заасан, нэхэмжлэгч тухайн заалтын дагуу гэрээний нийт үнэ болох 130.524.460 төгрөгнөөс 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 33 хоногоор тооцсон гэж тайлбарласан.

Талуудын хоорондох гэрээний 7.4-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө гэж, 7.5-д гүйцэтгэгч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө гэж заажээ.

Талуудын хоорондох гэрээний 7.4-т гэрээний нийт үнийн дүн-гээс алдангийг тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн-гээс тооцох зохицуулалтад нийцээгүй тул шүүх алданги тохиролцоогүй гэж үзэв. Харин гэрээний 7.5-д алдангийн талаар зохицуулт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэх боловч энэ нь гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөхөөр заагдсан байх тул тухайн зохицуулалтыг маргааны энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Иймд шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 58.736.007 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Х ХХК-иас 58.736.007 /тавин найман сая долоон зуун гучин зургаан мянга долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.062.759 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591.944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 298.264 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ