Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00427

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30 181/ШШ2023/00427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Б.Э/Регистрийн дугаар: 0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ө ХХК /Регистрийн дугаар: 2047764/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 56 дугаар байрны 82 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э Ө ХХК-д холбогдуулан автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Батмөнхийн Энхмэнд миний бие 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ө ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж 102 мкв 4 өрөө байрыг, 56 дугаартай авто зогсоолын хамт худалдан авч төлбөр буюу 212.066.000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан болно.

Анх н.Хосбаяр гэж хүн гэрээ хийсэн байсныг Ө ХХК-тай тохирч 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан. Мөнгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр төлсөн. Төлбөр төлсөн талаар гэрээний ард гараар бичсэн байгаа. Түүнээс хойш нэхэмжлэгч өнөөг хүртэл автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа. Б.Эийн хувьд тус компаниас нэг байр, нэг зогсоол худалдан авсан. Байрны гэрчилгээг гаргаж өгсөн ч зогсоолын гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөг хүрсэн. Энэ хугацаанд хэрэв төлбөрийг төлөөгүй байсан бол өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байх боломжгүй. Компанийн дотоод асуудал нэхэмжлэгчид хамааралгүй. Сүүлд байр, зогсоолын дугаарлалт өөрчлөгдсөн байдаг тул С блок буюу 56 дугаар барилгын доорхи 82 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч Ө ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Э манай компанид өртэй буюу зогсоолын төлбөр төлөөгүй гэсэн бүртгэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үеийн компанийн захирал Н.Төмөрхүү, нягтлан нар компанийн барьсан барилгаас байр, зогсоол зэргийг бусдад хууль бусаар шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой эрүүгийн журмаар манайх шалгуулж байгаа. Компанийн гүйцэтгэх захирлаар 2018 онд Д.Ганбат болж өөрчлөгдсөн тэр үеэс эхлээд энэ асуудлуудыг анх олж мэдсэн. Нэхэмжлэгч зогсоолыг Л.Хосбаяраас шилжүүлж авсан гэдэг ч Л.Хосбаяртай холбоотой гэрээ ч манайд байдаггүй. Манайд байгаа санхүүгийн баримтаар Б.Э зогсоолын төлбөрийг төлөөгүй байдаг. Төлсөн талаарх баримт хэрэгт алга. Байрны тухайд маргаангүй болно гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /ХХ-3,137/, 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн OST12D15 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Төрийн банкны төлбөр төлсөн гүйлгээний баримт, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн D/16 дугаартай Л.Хосбаяртай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Л.Хосбаярын Ө ХХК-д гаргасан өргөдөл зэргийг ирүүлжээ. /хх 3-5, 20, 137, 162-164/

Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, /2013/10/03-2013/10/04/-ны өдрийг хүртэлх Ө ХХК-ны бэлэн мөнгөний гүйлгээний тайлан зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 15,16, 123, 134-136, 165, 191-192/

Шүүхийн журмаар: тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32022/07750 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаанууд, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-225/21013 тоот хариу, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/9486 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /ХХ 93-95, 96-119, 125, 126, 154-156, 157-159/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Э нь Ө ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 56 дугаар байрны 82 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагаа авто зогсоолын гэрчилгээ гаргуулахыг даалгах гэж тодорхойлсон ч агуулгын хувьд тэрээр тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардсан байх тул энэ хүрээгээр тооцон шийдвэрлэв.

3.Шаардах эрхийн үндэслэлээ: 2013 онд зогсоолыг Л.Хосбаяраас шилжүүлэн худалдан авсан, мөнгийг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлав.

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Зогсоолын төлбөрийг төлсөн баримт компанийн санхүүд байхгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтооогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас Ө ХХК, нөгөө талаас Б.Э нар 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр OST12D15 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулжээ. Энэ гэрээгээр Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Оргил стар таун хотхоны D блок 3 дугаар орц 11 дүгээр давхарт, хаалганы дугаар 3, 102,14 мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг урд талын 56 тоот автомашины зогсоолын хамт худалдан авагчийн өмчлөлд 2013 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар, Худалдан авагч нь үнэ 212.066.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 4-5/

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5.2.Хэргийн баримтаар Ө ХХК, Л.Хосбаяр нар 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр D/16 тоот гэрээг байгуулсан, тухайн гэрээгээр Оргил стар таун хотхоны D блок 3 дугаар орц 11 дүгээр давхарт, хаалганы дугаар 3, 102,14 мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг урд талын 56, 57 тоот хоёр ширхэг автомашины зогсоолын хамт 230.066.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байжээ. 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр захиалагч Л.Хосбаяраас гэрээг Батмөнхийн Энхмэндэд шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шаардах эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан, улмаар гэрээг Б.Ээд шилжүүлэхийг хариуцагч Ө ХХК хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээг тухайн өргөдлийн доор хийснээр нэхэмжлэгч Б.Э, Ө ХХК нарын хоорондох гэрээг шинэчилж байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Харин ийнхүү тохиролцож гэрээг байгуулахдаа үнийг 230.066.000 төгрөг байсныг 212.066.000 төгрөг болгож бууруулсан, хоёр автомашины зогсоолыг нэг болгосон байдал тогтоогдсон ч энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан талуудын зарчимд нийцэж байна.

6.Зохигчид дээрх үйл баримтуудад маргаагүй, харин нэхэмжлэгч үнийг төлсөн эсэхэд маргасан.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 1.2, 4.1-д зааснаас үзвэл орон сууц болон зогсоолын нийт төлбөр 212.066.000 төгрөг гэж тусгагдсан, тухайн гэрээний арын хуудаст төлбөр тооцооны жагсаалт хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 212.066.000 төгрөг бэлэн бусаар төлсөн гэж тэмдэглэгдэж гарын үсгээр баталгаажуулсан байна.

Хариуцагч үнийг төлөөгүй тухай тайлбараа дэмжих баримтыг хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлож чадаагүй. Компанийн удирдлага солигдсон, өмнөх захиралтай холбоотой төлбөр тооцооны асуудлыг мэдэхгүй тухай тайлбар үндэслэлгүй. Тухайн компанийн дотоод асуудал гадагш чиглэсэн харилцаа болох маргааны энэ тохиолдолд хамааралгүй болно.

7.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн удаа дараагийн лавлагаагаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 56 тоот хаягт байрших хөрөнгө анх 85 хувийн гүйцэтгэлтэй байхдаа өмчлөх эрхийн Ү-2206021929 дугаарт Ө ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн газрын 59 тоот хаягт байрших 13976 мкв талбайтай хөрөнгө 85 хувийн гүйцэтгэлтэй байхдаа өмчлөх эрхийн Ү-2206023057 дугаарт Ө ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн, барилга тус бүрийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын акт гарснаар 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэлд бүртгэгдсэн, хөрөнгөөс тодорхой талбайнууд салж бүртгэгдэж байгаа болох нь тогтоогдож байна. Түүнчлэн тухайн 56, 59 тоот байрны зоорийн давхарт байрлах автозогсоол захиалагчдын нэрсийн жагсаалтыг барилгын компани болох хариуцагч Ө ХХК-иас бүртгэх байгууллагад хүргүүлсний дотор 56 /С/ блок барилгын зоорийн давхарын зогсоол захиалагчдын нэрсийн жагсаалтын 2 дугаар хуудасны 38-д зогсоолын дугаар №82, талбайн хэмжээ 18 мкв, захиалагч Батмөнхийн Энхмэнд, регистрын дугаар:ХЗ86111070, үнэ 18.000.000 төгрөг, төлбөр төлсөн 100 хувь гэж тэмдэглэгдсэн байна. Бүртгэх байгууллагаас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар тухайн автозогсоолын хувьд эрхийн улсын бүртгэл салж бүртгэгдээгүй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж үнийг төлсөн гэж үзсэн тул тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг төлөхөөс 206.950 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 41.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 56 тоот /С блок/ байрны зоорийн давхарын 82 тоот автозогсоолын өмчлөгчөөр Б.Эийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ө ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 41.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ