Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00435

 

 

 

 

 

 

 

 

 2023        01          31                                                    181/ШШ2023/00435          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С ХХК /Регистрийн дугаар: 00/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  К ХХК /Регистрийн дугаар: 000/,

Хариуцагч: А.Б /Регистрийн дугаар: 000/,

Хариуцагч: Д.А /Регистрийн дугаар: 00/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 13.171.902 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч О.А, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь К ХХК, түүний хувьцаа эзэмшигч О.А, М.А нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 13.171.902 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

К ХХК нь манай компанийн Имарт Хан-Уул салбар дэлгүүрийн 3 дугаар давхарт 24.4 мкв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай түрээслэхээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6184316 тоот Түрээсийн талбайн гэрээ /Тусгай нөхцөлийн дугаар 5705711/ байгуулсан.

Түрээслэгч болох К ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Гэвч тус компани нь санхүүгийн тооцоо нийлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн үлдэгдэл төлбөр болох 16.981.552 төгрөг төлөөгүй тул анх энэ мөнгийг гаргуулахаар шаардсан байсан. Хариуцагч 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд түрээслэсэн. Анх шаардсан төлбөрөөс барьцааг хасч 14.879.902 төгрөг болсон. Үүнээс дахин барьцааны үлдэх 1.708.000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 13.171.902 төгрөг болгон бууруулж байна. Энэ мөнгийг гурван хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэв.

2022 оны 2 дугаар сарын эхээр гарсан тул энэ сарын төлбөр бодогдсон. Түрээслэгч гэрээгээрээ цуцлах бол 14 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой талаар гэрээнд заасан. Хариуцагч талаас манайд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цуцлахаа мэдэгдсэн тул 2022 оны 02 дугаар сарын төлбөрийг тооцсон. Хариуцагчийн үлдээсэн тавилгыг 3.112.500 төгрөгөөр тооцож төлбөрөөс хассан болно.  Иргэн О.А, М.А нар тус компанийн хувьцаа эзэмшигч нар тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу иргэн О.А, М.А нараас төлбөрийг тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч К ХХК, иргэн О.А, М.А нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Манай К ХХК нь С ХХК-тай хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу түрээсийн талбайд борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан үндэсний үйлдвэрлэгч юм. 2019 оны 12 дугаар сараас эхлэлтэй дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио нь тус гэрээний 1.1-д заасан “худалдаа үйлчилгэээ эрхлэх” түүгээрээ борлуулалтын орлогоо олох бололцоог шууд хязгаарласан. Өнөөдрийг хүртэл цар тахал үргэлжилж, үүнтэй холбоотой БНХАУ-н хил тодорхойгүй удааширч эсхүл хаасан нь 2021 оны 10 дугаар сард захиалсан түүхий эд материалаа ч олж аваагүй байгаа бидний хувьд давагдашгүй нөхцлийг туул эргээд санхүүгийн хүндрэлийг туулах үндэс болж байна. Төлбөр удаасан шалтгаан нь цар тахалтай холбоотой.

Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрөөс ямар ч хасалт хийгээгүй, хөнгөлөлт үзүүлээгүй. Хүнснээс бусад тасаг хаагдсан байсан. Дараа нь нээгдсэн ч 3 давхарт өгсөх шатгүй 3 сар ажилласан. Дээшээгээ хүн гарахгүй, заримдаа гэрэл тог ч байхгүй, үйлчлүүлэгч ч байхгүй байдаг байсан. Нэхэмжлэгч менежментийн зардлаас ч хасалт хийлгээгүй. Сүүлдээ түрээслэгч нар шаардлага хүргүүлж байж бага зэрэг хассан. Бид талбайг түрээслэхээ больё гэж удаа дараа хэлсэн боловч нэхэмжлэгч тал та хэдийг дэмжинэ хямдрал зарлаж бараа зар гэдэг байсан. Энэ хугацаанд 10 гаруй түрээслэгч дампуурч гарсан. Тиймээс төлбөрөө төлж чадахгүй болсон. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс гарна гэдгээ хэлээд яаралтай тэр өдөртөө талбайг сулласан. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын түрээс нэмж тооцсныг ойлгохгүй байна. Мөн манай тохижуулсан тавилгууд болон түүн дээр байсан бүх барааг нэхэмжлэгч тал барьцаа болгон авсан. Тавилга хийгдсэн дүнгээс элэгдэл хорогдлыг хасаад 3.112.000 төгрөг хаслаа шүү гэж хэлсэн ч хасаагүй. Тиймээс энэ мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж үзэж байна. Бараагаа буцаан тоолж хүлээж авах талаар нэхэмжлэгч байгууллага руу удаа дараа холбогдсон боловч одоог хүртэл бараагаа авч чадаагүй. Тиймээс миний хувьд барааг түрээсийн төлбөрт тавилгатай адил суутган тооцуулах хүсэлтэй байна. Иргэний хувиар мөнгө гаргуулна гэж байгааг ойлгохгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, түрээсийн талбайн гэрээ, хариуцагч нарын тус компанид гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хүсэлт, К ХХК-ийн түрээсийн авлагын тооцоо зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-24, 37, 50-51, 54/

Хариуцагчаас баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч С ХХК нь К ХХК, О.А, М.А нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16.981.552 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх хуралдааны явцад шаардлагаа 13.171.902 төгрөг болгон багасгаж,  гурван хариуцагч тус бүрээс тэнцүү хувааж гаргуулахаар  буюу компаниас 4.390.63 төгрөг, иргэн О.Ааас 4.390.634 төгрөг, иргэн М.Агаас 4.390.634 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: түрээсийн гэрээг байгуулсан, төлбөрийг төлөөгүй тул гаргуулна, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигч нараас хувь тэнцүүгээр гаргуулна гэж тайлбарлав.

4.Хариуцагч К ХХК-иас татгалзлын үндэслэлээ: 2022 оны 02 дугаар сард түрээслээгүй, хураан авсан бараа материал, тавилгыг төлбөрөөс хасуулна гэж тайлбарлав.

5.Иргэн О.А, М.А нар татгалзлын үндэслэлээ: иргэний хувиар гаргуулахыг сайн ойлгохгүй байна, зөвшөөрөхгүй гэв.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            6.1.Нэг талаас С ХХК, нөгөө талаас К ХХК нар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх имарт салбарын  3 давхарт 24,4 мкв талбайг хүүхдийн хувцасны худалдаа эрхлэх зориулалтаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, Түрээслэгч нэг мкв талбайг 65.000 төгрөгөөр тооцон сард 1.586.000 төгрөг,  менежментийн зардал 488.000 төгрөгийн хамт төлөхөөр, тухайн үнэд НӨАТ ороогүй байхаар тохирч “Түрээсийн гэрээ”-г байгуулжээ. /хх 9-20/ Мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар нэг сард 1.220.000 төгрөг, менежментийн зардал 488.000 төгрөг абйхаар гэрээ “Гэрээний тусгай нөхцөл”-ийг өөрчилж гэрээ байгуулжээ. /хх21-22/ Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн гэрээ байна.

6.2.Хариуцагч Компани гэрээний зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Хариуцагч гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгснөөр талбайг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

6.3.Хариуцагч талбайг эзэмшиж ашиглах хугацаанд хийсэн нэмэлт засан тохижуулалтын зардал буюу тавилганы үнэ 3.112.500 төгрөгийг төлбөл зохих хөлсдөө тооцож үүргийг солилцсноор түрээсийн төлбөрөөс хассан үйл баримтад маргаагүй.

6.4.Хэрэгт баримтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн тооцоололд хоёр удаагийн барьцаа болгож 2.074.000 төгрөг, 1.708.000 төгрөг тус тус төлсөн,  энэ хугацаанд хариуцагч төлбөрт 32.600.213 /үүнд барьцааны 2.074.000+ тавилга 3.112.500 төгрөг багтсан/ төгрөг төлсөн гэж тусгагдсан, хариуцагч төлсөн дүнд маргаагүй. Харин барьцааны 1.708.000 төгрөг төлбөрөөс хасагдах ёстой ч хасагдаагүй алдаатай үндэслэлээр нэхэмжлэгч шаардлагаа энэ хэмжээгээр шүүх хуралдааны явцад багасгаж байна. /хх54/

7.Харин цар тахлын улмаас ажиллах боломжгүй байх үед ч түрээсийн төлбөр тооцогдсон, түрээсийн төлбөрийг багасгах, эсхүл гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгдсэн ч шийдвэрлээгүй, санхүүгийн хүндрэлд орсон, барааг нэхэмжлэгч хураан авсан боловч буцаан өгөөгүй гэж тайлбарлаж байна.

            Мөн зохигчид 2022 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөр төлөх эсэхэд маргасан. Нэхэмжлэгч гэрээ цуцлахаас өмнө 14 хоногийн урьдчилж мэдэгдэхээр гэрээгээр тохирсон тул тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж, харин хариуцагч 01 дүгээр сараар дуусгавар болгож талбайг чөлөөлсөн тул дараагийн сарын төлбөрийг төлөх үндэсгүй гэж маргасан.

8.Хэргийн 54 дэх талд авагдсан тооцоололд нийт төлбөр 47.059.463 төгрөг,  хөнгөлөлт 12.644.887 төгрөг, менежментийн зардал 13.065.539 төгрөг гэж тооцсон байна. Нэхэмжлэгч цар тахалтай холбоотой 12.644.887 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тухай тусгагдсан, энэ хэмжээгээр түрээсийн төлбөрийг багасгаж тооцсон байх тул шүүх бүх нийтийн хөл хорио тогтоосон хугацааны түрээсийн төлбөрийг одоо нэхэмжилж байгаа төлбөрөөс хасах үндэслэлгүй байна.

9.Хэрэгт бараа материал хураан авсан талаарх баримт авагдаагүй тул хариуцагч холбогдох баримтаа бүрдүүлж тухайн асуудлаа жич шийдвэрлүүлбэл зохино.

10.Хэрэгт авагдсан гэрээний 23 дугаар зүйлд “гэрээ цуцлах мэдэгдлийг 60 хоногийн өмнө” мэдэгдэхээр тусгасан байх боловч бодитоор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хариуцагч талбайг ашигласан болохыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул шүүх энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, 2022 оны 02 дугаар сарын төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэв.

            Иймд хариуцагч К ХХК нь  түрээсийн төлбөрт 11.293.102 төгрөг төлөхөөр байна.  /нэхэмжилсэн 13.171.902 төгрөг - 2022 оны 2 дугаар сарын төлбөр 1.878.800 төгрөг/

Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хариуцагч тус бүрээс хувь тэнцүү хэмжээгээр төлбөрийг гаргуулна гэж тайлбарлаж компаниас 4.390.63 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон шийдвэрлэв.

            11.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заажээ.

Үүнээс гадна Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. гэж,  9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй. гэж, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 9.5-д заасныг баримтлан “эд хөрөнгө, эрх зааглагдаагүй” үндэслэлээр хувьцаа эзэмшигчийн хувиар иргэн О.А, М.А нараас компанийн төлбөрийг хувааж хариуцуулахаар шаардсан.

Хэрэгт компанийн талаарх холбогдох баримтууд авагдаагүй, нэхэмжлэгч дээрх үндэслэлээ дэмжих баримтыг ирүүлээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл “компанийн эд хөрөнгө эрх нь хувийн эд хөрөнгө эрхээс зааглагдаагүй” буюу Компанийн тухай хуулийн 9.5-д заасан урьдач нөхцөл бүрдсэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй болно. Түүнчлэн компани хооронд эрх зүйн харилцаа үүссэн тул иргэнээс төлбөр тооцож гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд иргэн О.Ааас 4.390.634 төгрөг, иргэн М.Агаас 4.390.634 төгрөг тус тус гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан К ХХК-иас 4.390.634  /дөрвөн сая гурван зуун ерэн мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан үндэслэлгүй тул О.А, М.А нараас тус бүр 4.390.634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас тэмдэгтийн хураамжид 85.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ