Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/584 

 

 

 

 

 

 

    2021           6               8                                              2021/ДШМ/584             

 

Э.Б, Б.Б, Э.Знарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/713 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Б, Б.Б, Э.Знарт холбогдох эрүүгийн 2010022321029 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 702 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

2.

2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;

3.

1997 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 316 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 589 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 9 жилийн хугацаагаар хорих ялаар, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

Яллагдагч Б.Б, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд үйлчлүүлж байсан Б.Бийн цүнхнээс Ай поне 8 плас /i phone 8 plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Бд 888.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Бнь ганцаараа 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын эцэст байрлах “Монгол эм импекс”-ийн эмийн сангаас иргэн Л.Уы эзэмшлийн Самсунг галакси А9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 501.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 5 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Пийс Молл худалдааны төвд иргэн А.Мийн Редми нөт 8 про загварын 621.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста хотхонд байрлах Азиана /Аsianа/ нэртэй рестораны тооцооны лангуун дээрээс рестораны ажилтан А.Х-гийн Самсунг А50 /Samsung А50/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Хд 600,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн урд байрлах “Монос” эмийн сангийн лангуун дээрээс эмийн сангийн ажилтан болох П.Аын Ай поне 8 плас /i phone 8 plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, П.Аад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны, 2020 оны 10 дугаар сарын 31-ний, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд яллагдагч Б.Б-ийн мөн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан Самсунг галакси А9 /Samsung galaxy G9/, Редми нөт 8 про /Redmi note 8 pro/, Самсунг А50 /Samsung А50/, Ай поне 8 плас /i phone 8 plus/ маркийн 4 ширхэг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Яллагдагч Э.Б, Б.Б, Э.Знарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Бийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны, 2020 оны 10 дугаар сарын 31-ний, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд яллагдагч Б.Б-ийн мөн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Самсунг галакси А9, Редми нөт 8 про, Самсунг А50, ай фоне-8 плас маркийн 4 ширхэг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч мөнгө угаасан гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах  дүгнэлтэд тусгахаар заасан байхад яллагдагч Э.Бийн дээрх 4 ширхэг гар утас авсан гэх үйлдлийн үйлдсэн газар, цаг хугацаа тодорхойгүй, тухайн гэмт хэргийн улмаас хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсныг тодорхой бичээгүй, түүний үйлдлийг ерөнхий бичиж хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна.

Яллагдагч Э.Б, Б.Бнарын мэдүүлгээр тухайн гар утсыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монтел төвд өгсөн, авсан гэх үйл баримтуудаас дүгнэхэд тухайн мөнгө угаах гэмт хэрэг хэзээ, хаана эхэлж, хэзээ хаана дуусаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөрдөгч нь яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах үүрэгтэй, яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай, яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг прокурорт өгсөн гэх боловч энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэсэн яллагдагчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй гээд эрүүгийн 2010022321029 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Бнь ганцаараа 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Уы 501.000 төгрөгийн үнэлгээтэй, Самсунг галакси А9 загварын гар утсыг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А.Мийн 621.000 төгрөгийн үнэлгээтэй, Редми нөүт 8 про загварын үнэ бүхий гар утсыг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед А.Х-гийн 600.000 төгрөгийн үнэлгээтэй, Самсунг А50 /Samsung А50/ маркийн гар утсыг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчим П.Аын 800.000 төгрөгийн үнэлгээтэй, Ай поне 8 плас /i phone 8 plus/ маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бөгөөд гар утаснуудыг хулгайлж авсан өдөртөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монител төвийн гадна Э.Бт аваачиж 100.000-150.000 төгрөгөөр хямдхан өгдөг байсан нь тогтоогдсон.

Яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд Э.Бийн үйлдсэн гэмт хэргийг “Э.Б нь ...Б.Б-ийн мөн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан ...4 ширхэг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч мөнгө угаасан” гэж гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг бичсэн нь хуулийн шаардлага хангасан.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Эдийн засгийн гэмт хэргийн бүлгийн 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн" шинжийг 4 ширхэг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авснаар хангах тул хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсныг тодорхойлон бичих шаардлагагүй. Харин бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсныг тодорхойлсон.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч нарын хувийн байдлыг хангалттай тогтоосон байдаг. Э.Бийн өмгөөлөгчөөс "Прокурорт гаргаж өгсөн баримт хэрэгт хавсаргагдаагүй" талаарх хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд хяналтын прокурорын шийдвэрт гомдол гаргаж, баримт хавсаргаж өгсөн гэх асуудлыг тодруулахад хяналтын прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй, гомдлыг байгууллага хүлээн аваагүй байх бөгөөд гомдол хүлээж аваагүй талаарх баримтыг урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос гаргаж өгсөн учир оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 713 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын   эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Э.Бийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны, 2020 оны 10 дугаар сарын 31-ний, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд яллагдагч Б.Б-ийн хулгайлан авсан Самсунг галакси А9, Редми нөт 8 про, Самсунг А50, ай фоне-8 плас маркийн 4 ширхэг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангахгүй, яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг прокурорт өгсөн гэх боловч энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэсэн яллагдагчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнээд хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад нотлодог учир яллагдагч ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй нотлох баримтуудыг шүүх хуралдааны оролцогчдоос шүүхэд гаргаж өгөх боломжтой тул яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг прокурорт өгсөн гэх боловч энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй гэсэн өмгөөлөгчийн тайлбараар хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй. Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Э.Бт холбогдох хэргийн товч агуулгыг бичсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэлээр нотлох баримтуудыг үнэлэн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд тухайн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/713 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Б, Б.Б, Э.Знарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Б-д авсан цагдан хорих, Э.Б, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ