| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/02525/И |
| Дугаар | 181/ШШ2023/00659 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/00659
2023 02 28 181/ШШ2023/00659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн өмгөөлөгч Р.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Б нь Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч Ж.Бын ажиллуулдаг барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг Голд фэйс ХХК-д хандан дараах эд хөрөнгүүдийг барьцаалж, дор дурдсан мөнгөн хөрөнгө тус бүрийг хүүтэй зээлсэн байдаг. Үүнд:
а/2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэгийг барьцаалан 1.600.000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
б/2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэг, Асе j1 загварын гар утас 1 ширхэг, нийт 2 ширхэг хөрөнгийг барьцаалан 1.720.000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
в/2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэгийг барьцаалан 1.700.000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
г/2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр iраd рrо загварын таблет 1 ширхэгийг барьцаалан 1.800.000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй тус тус зээлсэн.
Дээрх дөрвөн гэрээнүүдийн дагуу Голд фэйс" ХХК болон Э.Н нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн. Зээлдэгч Э.Н энэхүү гэрээний дагуу эхний 2-3 удаагийн сунгалтын төлбөрийг хийж хугацааг сунгуулж, байсан. Ингээд тэрээр ...зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө удахгүй авна, хүүгийн төлбөрийг нийтэд нь төлнө, гэрээнүүдийн хугацааг сунгаад хөрөнгүүдийг маань байлгаж байгаарай, огт борлуулж болохгүй, бэлэгний зүйлс... гэх төрөл бүрийн хүсэлт, тайлбар, шалтгаан хэлсний дагуу гэрээний хугацааг сунгаж, түүний дээрх хөрөнгүүдийг борлуулаагүй байсан. Сүүлдээ барьцааны зүйлсийн үнэ унах гээд мөн Э.Н хуурай эгч дүүсийн харилцаагаа бодоод хөрөнгөө авья, хүүгийн хөнгөлөлт үзүүлээч гэсэн хүсэл зоригоо илэрхийлснийг миний бие зөвшөөрч тэрээр барьцааны хөрөнгүүдээ аваад явсан. Дээрх барьцаат зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, хуурай эгч дүүс гэсэн харилцаанд үндэслэж Э.Нгээс авах ёстой төлбөрийн хэмжээг маш ихээр бууруулан үнийн дүнг 11.700.000 төгрөг болгосон. Ийнхүү бид өмнө нь байгуулагдсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгг заасан зээлийн гэрээний үүрэг болгож солихоор харилцан хүсэл зоригоо илэрхийлэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Голд фэйс ХХК-иас шаардах эрхийг нэхэмжлэгч Ж.Бд шилжүүлсэн.
Уг гэрээний дагуу Э.Н 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнд заасан төлбөрийг бөөнд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч энэхүү үүргээ биелүүлэхгүй, холбоогоо таслаад алга болсон. Иймд хариуцагч Э.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 11.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Голд фэйс ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч болно. Тухайн үед зээл олгохдоо өөрийн төрсөн аав Жэбзо ХХК-ийн бланкийг ашигладаг байсан, тус компани мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
Миний бие 2017 оны 11 дүгээр сараас анх барьцаалдан зээлдүүлэх газарт будаа авах зорилгоор өөрийн болон охиныхоо эзэмшлийн Айфон 7 плюс, айпад про загварын гар утас, таблетыг барьцаалж зээл авч байсан бөгөөд тухайн үед айфон 7 плюс загварын саарал болон хар өнгөтэй утаснууд байсан. Тухайн үед айфон утас бараг 4 сая төгрөгийн үнэтэй байсан учраас ломбардаас нэг утсанд нь 1.500.000 төгрөгийн зээл олгож байсан. Харин айпад про загварын таблетыг нэг л удаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцаалж 1.800.000 төгрөгийн зээл авсан. Ингээд миний бие дээрхи утас болон таблетаа 2018 оны 02 дугаар сар гэхэд бүх төлбөрийг нь төлөөд авсан. Ингээд бид хуурай эгч дүүсийн харьцаатай байх болсон бөгөөд хааяа нэг утсаар ярьдаг, гэнэтийн цөөхөн мөнгө төгрөг хэрэгтэй бол бичиг цаас гээд байлгүй барьцаалах зүйлсээ барьцаалаад мөнгө авдаг, мөн тэр дороо төлчихдөг байсан. Миний бие 2018 оны 02 дугаар сард барьцаалсан эд зүйлсээ аваад ломбарднаас гараад л автобусанд суугаад нэг утсаа суйлуулсан бөгөөд дахин эд хөрөнгөө барьцаалах хэрэггүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ хааяа нэг жижиг ээмэг бөгж зэрэг зүйлсээ тавиад цөөхөн мөнгө бол зээлж байсан. Ингээд 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр таараад цуг хоолонд орсон бөгөөд будааны тээврийн мөнгө хэрэгтэй байсан учраас мөнгө зээлэх боломж байна уу гэж асуухад он гараад би залгая гэж хэлсэн. Тэгээд он гараад явж байтал Ж.Б өөрөө залгаад та хүрээд ир, хэдийг зээлэх билээ гэж асуухаар нь 10 сая төгрөг л хэрэгтэй байна гэтэл тэрээр за тэгвэл бүтэн жилийн хугацаагаар юм чинь багахан хүү тооцоод 11.700.000 төгрөг гээд гэрээгээ хийчихэе гэхээр нь зөвшөөрсөн юмаа. Тэгээд мөнгөө дансаар шилжүүлж өгнө гэсэн болохоор нь гар бариад бөөн баяр болоод салсан. Тухайн өдрөө тэгээд өнгөрсөн бөгөөд мөнгөө шилжүүлэхийг хүлээсэн боловч утсаа ч аваагүй мөнгө ч шилжүүлээгүй тэгээд л өнгөрсөн. Гэтэл огт өгөөгүй мөнгөө бүтэн 2 жилийн дараа гэрээгээр халхавчлан залилж авах гэснийг огт ойлгохгүй байгаа бөгөөд сайхан аашилж, мөнгө өгөх гэж байгаа юм шиг хууран байгуулсан гэрээгээр мөнгө нэхэж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч Ж.Б нь зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч Ж.Бд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Үүнд:
Ж.Бын нэхэмжлэлийн үндэслэл болсон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11.700.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн гэх "Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь дээрхи зээлийн гэрээний дагуу миний бие нэг ч төгрөг хүлээн аваагүй бөгөөд Ж.Б 10.000.000 төгрөг зээлнэ гээд 1 жилийн хугацаатай 1.700.000 төгрөгийн хүүг тооцож зээлийн гэрээ бичсэн боловч уг гэрээний дагуу надад огт мөнгө өгөөгүй. Мөн тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа ч барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон төлбөр хэмээн худал тайлбар гаргасан байгааг гайхаж байна. Учир нь миний бие энэ барьцаалан зээлдүүлэх газарт өмнө нь эд хөрөнгөө барьцаа болгон өгч зээл авч байсан бүх мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан, тийм ч учраас миний барьцаалуулсан байсан эд зүйлсийг бүгдийг надад буцаан олгосон. Энэ хүнийг би огт таньж мэдэхгүй учир надад барьцаагүйгээр мөнгө төгрөг зээлдүүлэх үндэслэлгүй, харин түүний ломбардад би зохих журмын дагуу эд зүйлээ тавьж авсан зээлээ төлсөн, харин Ж.Б нь надад би таньд хувиараа мөнгө зээлж болно гэж итгүүлэн зээлийн гэрээг бичиж дансаар мөнгө шилжүүлнэ гэсэн атлаа уг мөнгөө надад шилжүүлж өгөөгүй байж одоо 2 жил гарангийн дараа үндэслэлгүйгээр мөнгө нэхэж шүүхэд хандаж буй нь хууль бус гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэгчийн ломбарднаас нийт 4 удаа гар утас таблет зэргийг барьцаалан 14 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хэд хэдэн удаа гэрээг сунгасан. Барьцааны зүйлийг гар утас, таблетийг суллаад өгөөч гэхэд хуурай эгч дүүсийн харилцаагаа бодоод түүнд буцааж өгсөн байсан. Гэтэл хариуцагч сүүлдээ алга болсон. 2020 онд дөрвөн зээлийн гэрээг нийлүүлээд хуримтлагдсан хүү алдангийг нэмж тооцоод 20 сая төгрөг болсныг багасгаж 11.700.000 төгрөгөөр гэрээг хийсэн. Энэ зээлийн гэрээгээр өмнөх зээлийг баталгаажуулсан. Хариуцагч зээлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа нь тодорхой бус гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 26з3-4/2459 тоот албан бичиг, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32021/06712 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 01 дүээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, Э.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Жебзо ХХК барьцаат зээлийн үйлчилгээний 0001805, 0001802, 0001309, 0001472 дугаартай баримтууд эх хувиар, Шаардах эрх шилжүүлэх тухай Голд фэйс ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баримт, Жэбзо ХХК-ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, Голд фэйс ХХК, Жэбзо ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг баримтаар ирүүлжээ. /ХХ 3-7, 26-29, 60-63/
Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ж.Б нь Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шаардах эрхийн үндэслэлээ: өөрийн эзэмшлийн ломбард буюу Голд фэйс ХХК-иас дөрвөн удаагийн зээлийг Э.Нд олгосон, барьцаа хөрөнгийг түүнд итгэж буцаан өгсөн боловч зээлийг буцаан төлөөгүй тул иргэд хоорондын хэлцлийг хийсэн, үүрэг сольсон, шаардах эрхийг шилжүүлж авсан тул зээлийг төлүүлнэ гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хариуцагчийн ломбарднаас авсан дөрвөн удаагийн зээлийг бүрэн төлж дуусгаснаар барьцаа хөрөнгөө буцаан авсан, тухайн зээлийн гэрээнүүд дуусгавар болсон, 2020 оны зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж тайлбарлав.
4.Хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч Ж.Бд холбогдуулан талуудын хоорондох 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
Шаардах эрхийн үндэслэлээ: зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлав.
5.Нэхэмжлэгч татгалзлын үндэслэлээ: өмнө үүссэн зээлийн өрийг иргэний хувиар гэрээг байгуулж, үүрэг сольсон гэв.
6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэг талаас Ж.Б, нөгөө талаас Э.Н нар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тохиролцож, зээлдүүлэгч 11.700.000 төгрөгийг хүүгүй нэг жилийн хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч мөнгөн хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 16-нд буцаан төлөхөөр тохирч зээлийн гэрээг байгуулжээ. /хх 6-7/
6.2.Хэрэгт Жэбзо ХХК барьцаат зээлийн үйлчилгээний 0001805, 0001802, 0001309, 0001472 тоот баримтууд авагдсан. Тухайн баримтаар Э.Нд
-2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 1.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар, 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, барьцаанд iраd рrо загварын 256 gb таблет,
-2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.700.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар, 7 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцаанд iphone 7 plus маркийн утас,
-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.600.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцаанд iphone 7 plus загварын гар утас,
-2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.200.000 /утас тус бүр 1.600.000/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар, 7 хувийн хүүтэй зээлдүүлж, iphone 7 plus загварын гар утас хоёр ширхэгийг барьцаалсан болох нь тогтоогдож байна.
Тухайн дөрвөн удаагийн баримтын мөнгө хүлээн авсан хэсэгт зурсан гарын үсэг хариуцагч Э.Нгийнх гэдэгт маргаагүй, түүнчлэн тухайн зээлүүдийг авч байсанд маргаагүй.
6.3.Жэбзо ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Жамбалшонуугаас тус шүүхэд Миний бие Жэбзо ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал бөгөөд тус компанийн зээлийн баримтыг 2016, 2017 онд миний төрсөн хүү Ж.Б ашигладаг байсан, Э.Н гэх иргэнтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 29-нд, 2016 оны 12 дугаар сарын 20-нд, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ тус бүрийн төлбөрийг шаардах эрх миний хүү Ж.Б болон Голд фэйс ХХК-д байгаа тухай тодорхойлжээ. /хх 61/
7.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 6101569 регистртэй Голд фэйс ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч Ц.Баяржаргал байх бөгөөд хуулийн этгээдийн 5092884 регистртэй Жэбзо ХХК болон Голд фэйс ХХК-иуд аль алины үйл ажиллагааны чиглэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж тусгагджээ. /62-63/
Дээр дурдснаар мөнгө олгосон ломбардын баримт Жэбзо ХХК гэсэн нэртэй байх боловч хариуцагчийн зүгээс Ж.Бын эрхэлдэг ломбарднаас зээл авч байсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч өөрийн Голд фэйс ХХК-иар зээлийг олгохдоо өөрийн төрсөн аавын адил чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ломбардын баримтыг ашигласан гэж тайлбарлаж байна. Иймд хариуцагч нэгэнт энэ үйл баримтыг үгүйсгээгүй зөвшөөрсөн тул шүүх Голд фэйс ХХК болон Э.Н нарын хооронд дээрх өдрүүдэд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
8.Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй, харин тухайн зээлүүдийг бүрэн төлснөөр барьцаа хөрөнгийг 2018 онд буцаан авсан гэж тайлбарлав. Нэхэмжлэгч зээлийг төлөөгүй харин итгэсний улмаас барьцааг урьдчилж буцаан өгсөн байсан, дээрх 4 гэрээг нэгтгээд иргэний хувиар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг байгуулсан гэж маргаж байна.
Хариуцагч дээрх дөрвөн удаагийн зээлийг төлж дуусгасан талаарх тайлбараа дэмжих баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9.Хэргийн 26 дах талд авагдсан баримтын ард гараар цэнхэр балаар Ж.Б Э.Нд уг гэрээг үндэслэн зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулав. Хавсралт 1 зээлийн гэрээ, 11.700.000 төгрөг, Хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, 2020.01.16-нд гэж бичиж улмаар зохигчид гарын үсгээ зуржээ.
Хариуцагч талаас дээрх 11.700.000 төгрөг хүлээн авсан гэсэн хэсгийн гарын үсгийг өөрийнх биш гэж маргасан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 11.700.000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй үйл баримтад маргаагүй, талуудын тайлбараар энэ үйл баримт тогтоогдсон тул дээрх баримтын ард зурагдсан мөнгө хүлээн авсан тухай гарын үсэг хариуцагчийнх мөн эсэх асуудал хэрэгт шууд хамааралгүй гэж үзсэн болно.
Харин тухайн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг байгуулсанаар 2016, 2017 оны зээлийн гэрээний үүргийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт, улмаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзнэ.
Түүнчлэн нэгэнт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагагүйгээс гадна хариуцагч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагадаа Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан өөр үндэслэлийг тайлбарлаагүй болно. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10.Голд фэйс ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э.Нтэй байгуулсан дээрх дөрвөн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Бд шилжүүлсэн тухай баримтыг ирүүлсэн, шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өр шилжсэн гэж үзэв. Иймд хариуцагч Э.Нгээс нэхэмжлэгч Ж.Б зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
11.Дээрхийг нэгтгээд дөрвөн удаагийн зээлийн төлөөгүй үлдэгдлийг буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээнэ. Зээл тус бүрээр
-2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлд: үндсэн зээл 1.800.000 төгрөг, хүү 126.000 төгрөг, нийт 1.926.000 төгрөг,
-2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1.700.000 төгрөгийн зээлд: үндсэн зээл 1.700.000 төгрөг, хүү 119.000 төгрөг, нийт 1.819.000 төгрөг,
-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлд: үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүү 1.712.000 төгрөг, нийт 1.712.000 төгрөг /энэ зээлийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан тэмдэглэгээ хийгдсэн, нэхэмжлэгчээс хугацаа сунгасан 442.000 төгрөгийн хүүг төлсөн гэж тайлбарласан тул төлөгдсөнд тооцож оруулаагүй/
-2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлд 3.360.000 төгрөг /энэ зээлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан тэмдэглэгээ хийгдсэн, нэхэмжлэгчээс хугацаа сунгасан 336.000 төгрөгийн хүүг төлсөн гэж тайлбарласан тул төлөгдсөнд тооцож оруулаагүй/, нийт 8.817.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Иймд Э.Нгээс 8.817.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Нгээс 8.817.000 /найман сая найман зуун арван долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.883.000 төгрөг болон талуудын хоорондох 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202.150 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 202.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 156.022 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ