Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/00660

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 28 181/ШШ2023/00660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б ГХОХХКхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34.900.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэлмүүн, Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э нь Б ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34.900.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Э миний бие тус байгууллагад 2021 оны 9 сард хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператороор ажилд орсон. Ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй болно. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнээс үүдэлтэй нэг ростер нь 14:7 байсныг ажилчдаас санал авсан бөгөөд нийт ажилчид 14:14 гэсэн санал өгөөд байхад 7:7-р ажиллуулаад байсан. Энэ шийдвэрийг бүх ажилчид эсэргүүцэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр ажилчид хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулахаар сонгосон билээ. Ийм учраас ажилчид 2022 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногт намайг хоол идэж байгааг харснаа ростероо 14:14 болгоё гэж ярилцаад намайг үүнийг хөөцөлдөөч гэх яриа өрнүүлсэн. Энэхүү яриаг хүний нөөц тухайн үед цуг хоол идэж байсан бөгөөд уурхайн дарга Н.Бат-Оргилд хэлсэн байсан. Үүний маргааш н.Бат-Оргил дуудаад энэхүү ярианы тухай тайлбар өг гэж шаардаад эхэлсэн. Миний бие ажилчдын хоорондоо ярьсан ярианы төлөө намайг яагаад тайлбар бичиж өг гээд байгаа юм бэ гээд бичиж өгөөгүй. Үүнээс хойш хүний нөөцөөс өдөр бүр тайлбар өг өгөхгүй бол ажилд гаргахгүй гээд байхаар нь энэ яриан дээр тайлбар бичиж өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэсэн зүйл бичээд өгсөн. Үүний маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б-79 тоот тушаалаар ажлаас халаад 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд гаргалгүйгээр ажлын талбайгаас явуулсанд үнэхээр гомдолтой байна. Хөдөлмөрийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах,..." гэж заасан, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно" гэж заасныг зөрчөөд хамт олноос асуулгүй ганцхан хүний үгэнд орж бүгдээрээ ярилцсан асуудлыг намайг ярьсан болгоод халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нийт ажилчдыг өдөөн хатгах, ажил хаяхыг уриалах зэргээр ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасан гэдгийг нотлосон баримтгүй. Маргаан таслах комисс аль ч дүүрэгт байгуулагдаагүй, 2023 оны 01 дүгээр сараас эхэлж байгаа тул нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө хандах боломжгүй байсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговорт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 34.900.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Э.Э нь Б ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21-321 тоот Хөдөлмөрийн гэрээний дагуу Ил уурхайн Уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторын ажил үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 дүгээр "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар бүлгийн 10.2, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Э.Э ын гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.6 дахь хэсэгт заасны дагуу "ажил олгогчийн эсрэг үйл ажиллагаанд бусад ажилчдыг өдөөн турхирсан, ажил олгогчоос баталгаажуулаагүй мэдээлэл тараасан" ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцалсан. "Б " ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль /2021.07.02/-ийн шинэчилсэн найруулгатай холбоотой шинээр батлагдсан компанийн Хөдөлмөрийн дотоод журмын танилцуулах сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр уурхайн талбай дахь нийт ажилтнуудад орсон байдаг. Тус сургалтын үеэр Э.Э нийт ажилтнуудад удахгүй ээлжийн хуваарь 14/14 болно, цалин нэмэгдэнэ гэж тайлбарласан, мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжтой нийцүүлэн ажилтнуудын Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байхыг ажилтнуудад ятгасан. Өдрийн ундны цагаар ажилтнуудыг ээлжийн хуваарийг өөрчлөхгүй бол ажил хаялт зарлах хэрэгтэй зэргээр удаа дараагийн ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасан. Э.Э ын дээрх үйлдлээс шалтгаалан компанийн гол үйл ажиллагааны нэгж болох Ил уурхайн Уулын ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажилчдын нийт уур амьсгал ажлыг хэвийн явуулах боломжгүй байдалд хүргэсэн бөгөөд түүний үйлдэл компанийн Ил уурхайн газрын захирал А.Бат-Оргил ахлах, Ил уурхайн газрын ахлах мастер Д.Гантулга, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператор Б.Цолмон, ээлжийн мастер Б.Банзай, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Золжаргал нарын тайлбараар нотлогдсон. Э.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зөрчлийнхөө талаар тайлбар өгөхөөс татгалзсан тухай бичгийг ирүүлсэн тул компанийн Сахилгын арга хэмжээний маягтын дагуу ажлаас чөлөөлсөн болно. Иймд ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэстэй. Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л арга чармайлтыг гаргах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд буюу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах гэж заасныг хэрэглээгүй. Хэргийн материалд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, эсхүл шийдвэрлэгдэх боломжгүй гэсэн хариу авагдаагүй байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 дүгээр тушаал, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүдийн хурлын тогтоол, өөрийн Хаан банкны дансны хуулга, Баялаг ложистик транс ХХК-ийн тодорхойлолт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 3-25, 70, 82/

Хариуцагчаас нотлох баримтаар: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 дүгээр тушаал, хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын арга хэмжээний маягт, Э.Э ын захиргаанд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өргөдөл, и-мэйлүүд, А.Бат-Оргил, Д.Гантулга нарын захиргаанд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлт, мөн өдрийн н.Цолмон, Б.Банзай нарын захиргаанд гаргасан бичгэн тайлбар зэргийг ирүүлжээ. /хх 30, 34-65, 85, 104-105/

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Банзайн мэдүүлэг заасны дагуу ирүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 96-100/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Э.Э нь Б ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34.900.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: ноцтой зөрчил гаргаагүй, ажил олгогчийн эсрэг хууль бус ажиллагаагүй, хариуцагч нотлоогүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр уурхайн талбай дах нийт ажилтнуудын сургалтын үеэр удахгүй ээлжийн хуваарь 14/14 болж өөрчлөгдөнө, цалин нэмэгдэнэ гэж ажил олгогчоос батлагдаагүй зүйлийг ажилтнуудын дунд ярьсан, мөн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байхыг ятгасан, хэрэв ээлжийн хуваарь өөрчлөхгүй бол ажил хаялт зохион байгуулах талаар ярьсан үйлдэл нь гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчилд тооцогдоно, түүнчлэн нэхэмжлэлийг гаргахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас ажил олгогч, нөгөө талаас Э.Э нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ү21-321 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, Э.Э тус компанийн Ил уурхайн уулийн ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторчоор ажиллаж талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэнд маргаагүй. /хх 4-6, 10/

4.2.Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.2 дах заалтыг баримтлан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар мөн өдрөөс цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 3, 35/

5.Зохигчид 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн сургалтын үед болсон үйл явдал буюу нэхэмжлэгчийн хэлсэн зүйл гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэхэд маргасан. Хариуцагчаас тушаалын үндэслэлээ гэрээний 9.2.6-д нэрлэн заасан ноцтой зөрчил гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт баримтаар авагдсан талуудын хоорондох Хөдөлмөрйн гэрээний 9.2.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох 20 үндэслэлүүдийг нэрлэн зааснаас 9.2.6-д ажил олгогчийн эсрэг үйл ажиллагааг хууль бус аргаар зохион байгуулсан, бусад ажилчдыг ийм үйл ажиллагаанд өдөөн турхирсан бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Нэхэмжлэгч тухайн өдрийн сургалтын үеэр удахгүй ээлжийн хуваарь 14/14 ростертой болж, цалин нэмэгдэнэ хэмээн хэлсэн үйл баримт хэрэгт авагдсан ажилтнуудын бичсэн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч ийнхүү хэлсэнд маргаагүй. Гэвч ажилтан захиргаанаас батлагдаагүй байгаа мэдээллийг ийнхүү ярьсан явдал байгууллагын эсрэг үйл ажиллагаа гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээний 9.2.6-д заасан үйл ажиллагаааг хууль бус аргаар зохион байгуулсан гэж үзэх урьдач нөхцөл хангагдаагүй байна.

Нэхэмжлэгч ажилтнуудад Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байхыг ятгасан, ээлжийн хуваарийг өөрчлөхгүй бол ажил хаялт зарлахыг уриалсан үйлдэл гаргасан болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд тус байгууллагын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторч-ийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх талаар зохицуулснаас 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаар ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны хувьд ажилтны сонгож болох хөдөлмөрийн эрхийн маргааны төрөлд хамаарсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

7.Нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон 34.900.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундажаас үзвэл нэг өдрийн дундаж цалин 136.480 /2.142.498 + 3.490.620 + 3.169.844 = 8.802.962:3 = 2.934.320 : 21,5/ төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанаас бүх нийтийн болон амралтын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 197 хоног, нийтдээ олговор 26.886.560 төгрөг байна. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

9.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Э.Э ыг Б ГХОХХК-д ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторчоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26.886.560 /хорин зургаан сая найман зуун наян зургаан мянга таван зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.013.440 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 292.383 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ