Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2023/00048

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2023/00048

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 380 байр, А корпус, өөрийн байранд байрлах Чингис хаан банк ХХК /РД: 2698072/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 6 дугаар байр 3 тоотод байрлах Долоон нуга ХХК /РД: 3757234/

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, 50Е байр, 304 тоотод оршин суух, ШВ71011917 регистрийн дугаартай, Абгай овогт Батдэлгэрийн ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 72,792,757.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* /цахим/, Г.******* /цахим/, хариуцагч Б.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Д.******* /цахим/, Д.******* /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь Долоон нуга ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 56,037,035.59 төгрөг, зээлийн хүү 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Чингис Хаан Банк ХХК нь зээлдэгч Долоон нуга ХХК-тай байгуулсан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн №237 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний (Зээлийн гэрээ)-ний дагуу 70,000,000.00 (далан сая) төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Долоон нуга ХХК эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000687 дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2-р баг 2-р байр 12 тоот хаягтай 37,78 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн №237/02 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Долоон нуга ХХК нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ 2019 оны 12-р сарын 10-наас эхлэн зөрчсөн бөгөөд нийт 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 13,962,964.41 төгрөг, зээлийн хүүнд 30,722,958.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,164,076.69 төгрөг, нийт 46,850,000 төгрөгийг төлсөн бөгөөд, 2021 оны 06-р сарын 08-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэгч ч бодиттой төлөлт огт хийгдээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 56,037,035.59 төгрөг, зээлийн хүүнд 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-рзүйлийн 451.1, 453-рзүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн №237 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 56,037,035.59 төгрөг, зээлийн хүүнд 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг төлүүлэх,

2. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн №237/02 тоот Барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртэлийн Ү-1317000687 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингис хаан банктай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 237/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Долоон нуга ХХК нь нийт 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 13,962,964 төгрөг зээлийн хүүд 30,277,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,164,076 төгрөг нийт 45,850,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 06 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн. 2020 онд зээлийн гэрээ дууссан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийхгүй, банкны зүгээс удаа дараа мэдэгдэж байсан ч ямар нэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй. Долоон нуга ХХК-аас үндсэн зээл 56,037,035 төгрөг, зээлийн хүүд 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,750,922 төгрөг нийт 72,792,757 төгрөгийг Чингис хаан банканд гаргуулж үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Долоон нуга ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Тус шүүхэд Чингис хаан банк нэхэмжлэл гаргаж манай компанийг болон иргэн Б.*******ыг хариуцагчаар татсан байна.

Уг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Танай компанийн зүгээс 2018 оны 12 сарын 28-ны өдөр тус банкнаас зээл авч зээл, зээлийн хүүг зохих хуваарийн дагуу төлж байсан. Тухайн зээлийг авснаас хойшхи хугацаанд Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа тасалдаж хүнд байдалд орсон. Монгол улсын Иргэний хууль болон гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар тодорхой заасан байдаг. Иймд энэ байдлыг харгалзан үзэх байх

2. Дээрх хүндрэлээс гадна 2022 оны 9 сард тус компанид ХХААХҮЯамнаас 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 01/2931 дугаартай албан бичгээр ... Чингис хаан банканд санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хөрөнгө эрсдэлд орсон тул танай компанийн бизнесийн зээлийг тус төсөл рүү шилжүүлэх боломж, нөхцөлийг шийдвэрлэх санал боловсруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн агуулгатай бичиг ирсэн тул бид эргэлзээтэй байдалд орсон

Иймд дээрх тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэлийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие Батдэлгэр овогтой ******* нь тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос иргэн Б.*******ын хувьд гарын үсэг зураагүй. Монгол улсын компанийн тухай хуульд компани бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрөө хариуцахаар байдаг.

Иймд дээрх тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэлийн иргэн Б.*******ыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би иргэн *******ын хувьд тайлбар гаргая. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингис хаан банктай Долоон нуга ХХК нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээг иргэн ******* нь Долоон нуга ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан. Тэрнээс иргэн ******* зээлийн гэрээ байгуулаагүй. Долоон нуга ХХК-ийг эрх бүхий этгээд гүйцэтгэх захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийг анх төслийн зээл гэж байсан явцын дунд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас уг зээл нь төслийн зээл тул уг зээлийн хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран барагдуулна гэсэн албан бичиг ирсэн. Иймээс Долоон нуга ХХК-ийн хувьд зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх ажлыг Чингис хаан банканд төлөхийг түдгэлзүүлсэн. Чингис хаан банк төлбөрийн асуудалтай гэж Монгол банкнаас гарсан дампуурах асуудал яригдсан тиймээс Чингис хаан банканд төлбөр төлөх үү, Хүнс хөдөө аж ахуйн яамны төслийн нэгжид төлөх үү гэсэн асуудал гарсан. Мөн ковидтой холбоотой компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Монгол улсын засгийн газраас ковидтой холбоотой асуудлаар зээлийг төлөх асуудалд тодорхой хэмжээгээр хүүг багасгах, дахин санхүүжүүлэх эрх үүссэн. Гэтэл зээлдэгч Чингис хаан банк нь өөрөө төлбөрийн чадамжгүй

асуудал үүсээд дахин санхүүжүүлэх асуудал хүндрэлтэй болсон. Иймд компанийн хувьд давхар хохиролтой хүүгийн хүүтэй, өөр зээлийг төлөх асуудал байсан боловч банкны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ эрх зөрчигдсөн. Иргэн *******ын хувьд уг зээл нь иргэн ******* оролцогч биш. Долоон нуга ХХК-ийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг зээлийг авсан. Чингис хаан банк тодорхой хэмжээгээр өр төлбөртэй холбоотой асуудлыг урьд нь ярилцаж явж байсан. Дараад нь төлбөрийн чадвар хүндрэлтэй байгаа, үйл ажиллагаанд нь доголдол үүссэн, зээлийн хүү болон төлбөрийг төлөхдөө Чингис хаан банкны дансанд биш өөр дансанд төвлөрүүлж байсан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Танай шүүх Чингис хаан банкны нэхэмжлэлтэй, Долоон нуга ХХКомпани болон Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт иргэн Абгай овогтой Батдэлгэрийн ******* намайг гуравдагч этгээдээр татсан байх ба миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний дүү Б.*******ын захирлаар нь ажилладаг Долоон нуга ХХК нь Хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан бөгөөд 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд зээл авах шаардлагатай байна гэсний дагуу өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2-р баг, 2-р байрны 12 тоот дахь 3 өрөө орон сууцыг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч мөн оны 12-р сарын 26-ны одор Долоон нуга ХХК-д 3 жилийн хугацаатай Итгэмжлэл олгосон.

Одоо энэ итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа учраас миний байрыг төлбөрт хурааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Би энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдардаг гэжээ.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээд Чингис хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн 000173496 дугаар гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №237 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №237/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000054135 дугаар гэрчилгээний хуулбар, Долоон нуга ХХК-ийн 2304000252 тоот зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээд Долоон нуга ХХК-ийн улсын бүртгэлийн 000164057 дугаар гэрчилгээний хуулбар, Долоон нуга хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/2931 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн,

Шүүх: хариуцагчийн хүсэлтээр Чингис хаан банк ХХК-иас зээлийн гэрээний хувийн хэргээс эрсдэлийн дүгнэлт, эрх зүйн дүгнэлт, Долоон нуга ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, Долоон нуга ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компаний дүрэм, Долоон нуга ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №17 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Долоон нуга ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №05 дугаартай шийдвэр, зээл хүсэгчийн анкет, Чингис хаан банкны зээлийн хорооны шийдвэр, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд, мөн Долоон нуга ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийж Долоон нуга ХХК-ийн мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн төсөл, барьцааны зүйлийн баримт бичгийг эх хувиар хүлээлцсэн акт, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, барьцаалбар №43/40910, барьцаалбар №11-1840420, Б.*******ын гаргасан өргөдөл, Долоон нуга ХХК зээлийн танилцуулга зэрэг баримтуудыг, мөн хүсэлтээр зээлийн хорооны гишүүдийн санал, шийдвэр зэрэг баримтыг бүрдүүлсэн.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь хариуцагч Долоон нуга ХХК болон Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 56,037,035.59 төгрөг, зээлийн хүү 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Долоон нуга ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулахаар, хариуцагч Б.******* нь зээлийн гэрээнд компанийн захирлын хувьд гарын үсэг зурсан болохоос иргэн Б.*******ын хувьд гарын үсэг зураагүй тул иргэн Б.*******ыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Долоон нуга ХХК-д холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Б.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Чингис хаан банк нь Долоон нуга ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №237 дугаартай зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлжээ.

Долоон нуга ХХК-ийн үүсгэн байгуулагчаас зээл авах, зээлийн гэрээнд болон уг зээлтэй холбоотой асуудалд гарын үсэг зурах бүрэн эрхийг компанийн гүйцэтгэх захирал Б.*******т олгосон, зээлийн гэрээн дээр Долоон нуга ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Б.******* гарын үсэг зурсан, хамтран зээлдэгч өөр этгээд байхгүй, зээлийн 70,000,000 төгрөг Долоон нуга ХХК-ийн 2304000252 тоот дансаар олгогдсон болох нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №237 тоот зээлийн гэрээний хуулбар, Долоон нуга ХХК-ийн 2304000252 тоот зээлийн дансны хуулга , Долоон нуга ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №05 дугаартай шийдвэр, зээлийн хорооны гишүүдийн санал, шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-10, 15, 84, 166 дугаар тал/

Уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 12 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1317000687 дугаар бүртгэлтэй, 37,78 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 24 А,Б байр, зоорийн давхар 64 тоот авто зогсоолыг тус тус барьцаалсан болох нь, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №237/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар №11-1840420, барьцаалбар №43/40910, Б.*******ын хүсэлт, барьцааны зүйлийн баримт бичгийг эх хувиар хүлээлцсэн акт, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 11-12, 145, 146, 148-150/

 

Улмаар гүйцэтгэх захирал Б.******* нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус зээлийн үндсэн зээлд 3,962,964.41 төгрөг, зээлийн хүүнд 23,880,783.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,156,252.04 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг төлж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 24 А,Б байр, зоорийн давхар 64 тоот авто зогсоолыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлжээ. /хх-ийн 15/

Тус эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацаа 24 сарын хугацаатай буюу 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан бөгөөд зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 13,962,964.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 30,722,958.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,164,076.69 төгрөг, нийт 45,850,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Хэдийгээр Долоон нуга ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь ...тус банкнаас зээл авч зээл, зээлийн хүүг зохих хуваарийн дагуу төлж байсан. Тухайн зээлийг авснаас хойшхи хугацаанд Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа тасалдаж хүнд байдалд орсон. Мөн 2022 оны 9 сард тус компанид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас албан бичиг ирж, зээлийг төлөх эсэх эргэлзээтэй байдал үүссэн... гэж тайлбарлаж байх боловч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/2931 дугаар албан бичиг нь хамтран ажиллах санал авах утга бүхий байх тул түүнийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд Долоон нуга ХХК-иас тус зээлийн гэрээний үүргийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 56,037,035.59 төгрөг, зээлийн хүү 14,004,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,750,922.16 төгрөг, нийт 72,792,757.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Зээлийн гэрээний удиртгал хэсэгт нэг талаас Чингис хаан банк ХХК, нөгөө талаас Долоон нуга ХХК-г төлөөлж, гүйцэтгэх захирал Б.*******, хамтран зээлдэгч Б. гэж гэрээний талуудыг тодорхойлсон боловч тус зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч, гарын үсэг зурсан этгээдүүд нь Чингис хаан банк ХХК-ийн захирал Д., харилцааны менежер Э.Эрдэнэбилэг, Долоон нуга ХХК-ийн захирал Б.******* нар байх бөгөөд Б.******* нь Долоон нуга ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд тус гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулсан, иргэн хүний хувьд тус зээлийн гэрээний нэг тал болж оролцоогүй, хамтран зээлдэгч биш байх тул иргэн Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн Б. нь гэрээний нөхцөлийг зөвшөөрч, гарын үсэг зураагүй тул түүнийг хамтран зээлдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар Б.ыг хариуцагчаар солих хүсэлтийг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй болохыг дурдав.

 

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 12 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1317000687 дугаар бүртгэлтэй, 37,78 мкв талбайтай, 3 өрөө орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******гийн өмчлөлийн хөрөнгө боловч тэрээр Б.*******т итгэмжлэлээр тус хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэл хангуулах зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон, улмаар тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болж, барьцаалбар хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 12 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1317000687 дугаар бүртгэлтэй, 37,78 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Долоон нуга ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 72,792,757.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, хариуцагч иргэн Б.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 12 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,314 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Долоон нуга ХХК-иас 662,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА