| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/2022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2216 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402005050152 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Х овогт Б-ийн М, Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ***, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх ялаар шийтгүүлж байсан.
Б овогт Х-ийн Ч, Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М, Х.Ч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М, Х.Ч нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,3 грамм цэвэр жинтэй, метамфетамин (Methamphetamine) буюу “мөс” мэт зүйлийн 0,1995 грамм бүхий цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тус бодисуудыг Б.М-гийн эзэмшлийн *** УЕТ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нолох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.М нь хар тамхи хэрэглэсэн” гэсэн утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 8 дахь тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 24-32 дахь тал),
- Гэрч Б.Т-гийн “...Би 2024 оны зун, 06 дугаар сарын сүүлээр Б гэх найзаараа дамжуулан М гэх охинтой танилцаж байсан. ...07 дугаар сарын эхээр М нь надтай уулзъя гэж ярьсаар байгаад би зөвшөөрч М-гийн байгаа газарт нь буюу Алтай хотхонд очиж уулзсан. Тухайн өдөр уулзахдаа М-гийн найз Ч-тэй танилцаж байсан. М нь тухайн үед мансуурсан байдалтай би авто машинаа барьж чадахгүй байна гэхээр нь би авто машиныг нь жолоодсон. М нь Lexus HS загварын хар өнгийн авто машинтай байсан. Авто машиныг нь бариад хаашаа явах талаар асуутал, М нь надад хандаж “мансууруулах үйлчилгээтэй “Мөс” гэх нэршилтэй бодис олоод өг, миний бие тааруу байна” гэж хэлсэн. Одоогоос 2 жил орчмын өмнө нь 1 дүгээр хороололд танилцаж байсан Б найз надад “би “Мөс” гэх бодис хэрэглэж үзсэн” гэж ярьж байхыг нь санаад Б-гийн фэйсбүүкийг олж чат бичсэн. Б нь тухайн үед Б Т гэх фэйсбүүк хаягтай байсан ба холбоо барьтал 400,000 төгрөгөөр зарна, би байршлыг нь үлдээнэ, мөнгөө 5862**** тоот дансанд хийчих гэхээр нь М-д хэлтэл зөвшөөрсөн. М нь өөрөө 400,000 төгрөгөө гаргаж 5862**** тоот данс руу шилжүүлсэн ба чатаар над руу 1 дүгээр хороололд үлдээсэн хаягаа явуулсан. Би 1 дүгээр хороолол хүртэл авто машиныг нь бариад уг хаягаар нь очиж “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг нь авч М-д өгсөн. Би тухайн зүйлээс огт хэрэглээгүй ба М, Ч хоёр тухайн бодисоо аваад явсан... ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 88-89, 92 дахь тал),
- Гэрч О.Д-ий “... Би Хаан банкны О Д нэртэй 5862**** тоот дансыг хэрэгцээндээ ашиглаад 10-аад жил болж байна. ...2024 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Б, Ө гэх найзуудын хамт явж байсан. Ө авто машинаа барьж би шар айраг уугаад явж байсан. Б нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй хамт л явж байсан. Бид гурав 1 дүгээр хороолол хавьцаа юу хийх үү гээд ярилцаад явж байтал Ө нь 2 эмэгтэй хүүхдийн 100-д байна. Би нэгийг нь таньдаг, очиж уулзах уу гэхээр нь Б бид 2 зөвшөөрөөд хүүхдийн 100 орж Ө-гийн дуудсан гэх эмэгтэйтэй уулзахаар болсон. Тэгээд Өгөөжийн эсрэг талд байсан авто машины зогсоол дээр очиж уулзсан ба Ө, Б нар очиж тухайн хоёр эмэгтэйтэй уулзсан. Юуны талаар ярьсныг нь мэдэхгүй байна, би авто машин дотор сууж байсан. Удалгүй Б, Ө хоёр хүрч ирээд Б надад хандаж дансаа ашиглуулаач гэхээр нь зөвшөөрсөн ба миний дансыг авсан. Бид гурав машин дотор байж байтал миний 5862**** тоот дансанд 400,000 төгрөг орж ирсэн ба Б-т хэлтэл надад мөнгө өгөх ёстой хүн хийж байгаа юм аа гэж хэлээд өөрөө нэг данс хэлээд 350,000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 50,000 төгрөгөөр тухайн өдрөө ТҮЦ орж ус ундаа тамхи аваад дуусгасан. Би мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзээгүй, мөн миний хүрээлэлд байгаа хүмүүс энэ төрлийн бодисыг хэрэглэдэг хүн байхгүй. Харин Б-ыг мансууруулах бодис хэрэглэдэг байсан гэж сонсож байсан. Б-тай найзалж нөхөрлөөд 10 гаран жил болж байгаа ба Ө-тэй одоогоос 2 билүү 3 жилийн өмнө танилцаж байсан. Ө-гийн жинхэнэ нэрийг Е гэдэг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 95-96 дахь тал),
- Гэрч А.Е-ы “...Би 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сrown маркийн саарал өнгийн авто машинтай явж байсан ба Д, Б хоёрыг аваад замдаа Д шар айраг уугаад Б уухгүй явж байсан. Бид гурав гадуур явж байтал, Б Д-д хандаж дансаа ашиглуулаач гэх зэргээр яриа өрнөж байсан. Ямар шалтгаанаар Дий дансыг ашиглаж байгааг мэдээгүй. Миний мэдэж байгаагаар 400,000 төгрөг Д-ий дансаар орж ирсэн ба Б дахиж өөр данс хэлээд тухайн мөнгийг нь буцааж авсан. Бид 3 явж байгаад Б 1 дүгээр хорооллын Хархорин хавьцаа үүрээр буусан ба Д бид 2 цаашаа яваад 19 хавьцаа миний байрлаж байсан буудалд очиж унтсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал),
- Гэрч Н.Б-ын “... 2024 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 1 дүгээр хорооллын найзууд болох Е, Д нартай уулзаад, Е машинаа бариад явж байсан. Е буюу Ө бид хоёрт хандаж хүүхдийн 100-д хоёр эмэгтэй уулзъя гэнээ уулзах уу гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд хүүхдийн 100 дээр очиж Е-ы хоёр найзтай уулзсан. Өгөөжийн эсрэг талын зогсоол дээр тухайн хоёр эмэгтэй нь авто машинтай ирээд хүлээж байсан ба бид 3 очиж танилцсан. Бид 3 очиж танилцахад нэг нь өөрийгөө М, нөгөө нь Ч гэж танилцуулсан. Ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан ба 03 цаг хүртэл юм яриад сууж байтал тухайн М гэж танилцуулсан эмэгтэй нь би мансууруулах бодис хэрэглэмээр байна, олж өгч чадах уу гэж асуусан. Миний таньдаг 1 дүгээр хороололд оршин суудаг У гэх нэртэй ах нь мансууруулах бодис зардаг гэдгийг өмнө нь сонсож байсан тул М-д хандаж надад таньдаг хүн байгаа би олоод өгөх үү гэж хэлсэн. Тэгтэл М нь надад 400,000 төгрөг байна гэхээр нь би өөрийн фэйсбүүк хаягаар У ахын фейсбүүк хаяг руу холбогдож “мөс зарах уу” гэх утгатай чат бичтэл зарна гэж хэлсэн. У ахаас гуйгаад 400,000 төгрөгт багтааж мөс зарж өгөөч мөнгийг нь дараа өгье гэтэл зөвшөөрсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад зээл төлөх шаардлагатай байсан тул М-гийн өгсөн 400,000 төгрөгийг Д найзынхаа дансаар аваад 5005**** тоот О А гэх хүний данс руу 350,000 төгрөгийг нь авсан. У нь мансууруулах бодис үлдээсэн гэх байршлаа фейсбүүкээр явуулсан ба уг байршлын дагуу М бид 2 Өгөөжийн ойролцоо байршил дээр очиж зиплок ууттай мөс гэх нэршилтэй бодисыг авсан. Тухайн авсан мөснөөс нь Д, Е бид 3 хэрэглээгүй ба уг газраасаа салцгаасан. Намайг 1 дүгээр хороололд буулгаад Д Е хоёр цаашаагаа хамт явсан. Би 1 дүгээр хороололд багаасаа амьдарсан ба У ахтай бага байхдаа танилцаж хуурай ах дүү болсон. Өмнө нь 1 дүгээр хороололд амьдардаг найз нөхдөөсөө У буюу Д ах мансууруулах бодис зардаг гэж сонсож байсан. Зээлсэн 400,000 төгрөгийг удахгүй У ахын өөрийнх нь данс руу хийсэн. Би өмнө нь сонирхоод 1, 2 удаа хэрэглэж үзсэн ч одоо бол огт хэрэглэхгүй байгаа. Миний хүрээлэлд мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал),
- Гэрч Г-ын “...Би М-тай 2024 оны 05 дугаар сард фейсбүүк хаягаар танилцаж байсан. 2024 оны 06 дугаар сард М надтай үерхэж эхэлсэн. М надад өөрийгөө хувцасны дэлгүүр ажиллуулдаг гэж хэлсэн. ...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М-тай гэрийнх нь гадна 01 цагийн үед уулзсан. М нэг найз эмэгтэй нь хамт байсан. Тэгээд АТМ-с мөнгө аваад юм авсан. Бие өвдөөд байна гээд байсан. Яг юу авах талаараа хэлээгүй. Тэгээд М-тай хэрэлдээд яваад өгсөн. 17 цагийн үеэр дахин М-тай гэрийнх нь гадна уулзсан. Авто машинаараа найзыгаа хүлээж байсан. Тэгээд тэр 2 CU сүлжээ дэлгүүр орж 2 ширхэг сүү, пиво аваад автомашиндаа суусан. Тэгээд Баянгол дүүргийн 25 дугаар хороо “С” ХХК-ийн гадаа ирсэн. Тэгэхэд М найзтайгаа хар тамхи хэрэглэж байна гэж бодсон. М надтай эхэлж уулзахаар хэрэлдээд салаад явж байхдаа 10 дугаар хороололд байна, хүүхдийн 100-д явж байна гэж хэлж байсан. Энэ үедээ хүнээс хар тамхи авсан байх гэж бодсон. Тэгээд би дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 117-119 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4199 дугаартай дүгнэлтээр “... Дүгнэлт: 1.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “БГДЦХ-2 МБТ өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 2. "БГДЦХ-2 МБТ өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8,5 г, цэвэр жин 0,3 г, байна...” гэх (1-р хавтаст хэргийн 126-127 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4125 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “БГД МБТ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1-р хавтаст хэргийн 133-134 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4202 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “БГДЦХ-2 МБТ Г-Б М РД:***” гэсэн хаягтай шээснээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1-р хавтаст хэргийн 140-141 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4201 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн "БГДЦХ-2 МБТ Х овогтой Ч /РД: ***/" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "БГДЦХ-2 МБТ Х овогтой Ч /РД: /" гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад хамаарна...” гэх (1-р хавтаст хэргийн 146-147 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаартай дүгнэлтээр “...1. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг, баримт мэдээлэл үгүй байна. 3. Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. 4. Б.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.М нь мансуурах донтой эсхүл мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. 7.Б.М нь мансуурах донтой эсхүл мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 157-159 дэх тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 844 дугаартай дүгнэлтээр “... 1. Х.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Х.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг, баримт мэдээлэл үгүй байна. 3. Х.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. 4. Х.Ч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Х.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Х.Ч нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. 7. Х.Ч нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 162-164 дэх тал) зэрэг нотлох баримтууд байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4125 дугаартай дүгнэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.М, Х.Ч нарын олж авч хадгалж байсан гэх гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг,
Мөн 4199 дугаартай дүгнэлтээр Б.М, Х.Ч нарын олж авч хадгалж байсан гэх бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болох нь тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.М, Х.Ч нарын олж авсан, хадгалсан метамфетамин (Methamphetamine), дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М, шүүгдэгч Х.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, хадгалсан байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М, Х.Ч нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,3 грамм цэвэр жинтэй, метамфетамин (Methamphetamine) буюу “мөс” мэт зүйлийн 0,1995 грамм бүхий цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, улмаар тус бодисуудыг Б.М-ийн эзэмшлийн *** УЕТ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба улсын яллагчаас тус хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй буюу шүүгдэгч нарт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан, олж авахад нь дэмжлэг үзүүлсэн этгээдүүдэд холболдох үйлдэлд тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоолыг хэрэгт гаргаж өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол төлбөргүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Х.Ч, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүн тус бүрээр, хувийн байдал бусад нөхцөл байдлыг харгалзан тус ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт 1-5 жил зорчих эрх хязгаарлах ял, 1-5 жил хорих ял оногдуулахаар заасан байдаг. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Б.М нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд удаа дараа чирэгдэл учруулж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлдэг боловч гэрч, сэжигтнээр тогтвортой мэдүүлэг өгдөг хэдий ч зарим зүйлийн талаар худлаа хэлсэн нь харагддаг. Мөн удаа дараа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байдаг. Энэ төрлийн бодисыг тогтвортой хэрэглэдэг нь тогтоогдож байгаа. Тус гэмт хэрэгтэй Монгол улс тэмцэж байгаа байгаа бөгөөд ялангуяа залуу хүмүүс хэрэглэж байгаа нөхцөл байдал үүсэж байна. Цаашлаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хор нөлөөтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл унаж явсан, хэрэглэсэн үйлдэлд Б.М-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн Х.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт хураагдсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” мэт зүйл цэвэр жин 0,3 грамм, метамфетамин (Methamphetamine) буюу “мөс” мэт зүйл цэвэр жин 0,1995 грамм бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. 10 төгрөг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэх саналыг гаргаж байна. 10 ширхэг эм буюу цагаан өнгийн ууттай зүйлийг мөн адил устгуулах саналыг гаргаж байна. Х.Ч-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ өдрөөс түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солиулах саналтай байна. Б.М нь 08 дугаар сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 25 хоног цагдан хоригдсон тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тухайн тээврийн хэрэгсэлд бодис хадгалсан, ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах ёстой байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийг 31.000.000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд тус мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 15.500.000 төгрөг гаргуулах саналтай байна. 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тус гэмт хэрэг гарсан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зан үйлээ засах сургалтад хамрагдаж дууссан гэх албан бичиг ирсэн бөгөөд тус албадлагын арга хэмжээ дууссан гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч М.Намжилцогт: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит байдлын талаар тогтвортой мэдүүлсэн ба хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад учруулаагүй. Тус 2 охин байр түрээсэлж амьдардаг ба саваагүй зандаа хөтлөгдөөд тухайн бодисыг хэрэглэсэн. Мөн хамт байгаа найз нөхөд нь энэ төрлийн бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн байж болзошгүй. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан бол тухайн гэмт хэрэгт холбогдохгүй байсан байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн тухайн бодисыг байнга хэрэглээгүй нь хавтаст хэрэгт авагдсан шүүх сэтгэц судлалын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Мөн тухайн бодисоос цаашид хол байна гэдгээ илэрхийлсэн. Оршин суух тодорхой хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Х.Ч нь өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, гэмшиж байгаа, хүлээн зөвшөөрсөн, ухаарч ойлгосон байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан түүний оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Г.Сүхээ: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын 1 дүгээр зэрэгтэй. Улсын аварга, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Ази тивийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан, өсөх ирээдүйтэй хүүхэд. Б.М нь 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эмнэлэгт хэвтэж байгаа. Зүрхний архаг дутагдалтай, цус багадалттай, цусан хангамж муу 20 гаруй хоног эмнэлэгт хэвтэж байгаа. Эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Машиныг нь хамаатны хүн авч яваад онхолдуулаад зарсан байдаг. Машин нь 20 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй банк бус дээр байдаг. Миний үйлчлүүлэгч урьд нь нэг залуутай үерхэж байхад тус залуу нь онлайнаар залилан хийгээд тухайн гэмт хэрэгт татагдан орж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн авсан ба 3 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах гэж заасан бөгөөд зорчих эрх хязгаарлах ялыг ахиухан оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өөрийн дүүрэгтээ ажил хийгээд, дасгал сургуульдаа яваад, аав ээждээ тусалж дэмжээд явна гэх амлалт өгдөг. Хувийн байдал, биеийн эрүүл мэнд хэцүү байгаа. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.М: “...Би дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй. Эцэг эхийн хараа хяналтад байж, сурч боловсрохдоо анхаарна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Ч: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хорихоос өөр төрлийн ял зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М-гийн хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 242 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 243 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 247 дахь тал), С боловсролын гэрчилгээний тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 248 дахь тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 244 дэх тал), зээлийн мэдээллийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 245 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1-р хавтаст хэргийн 246 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт лавлагаа(1-р хавтаст хэргийн 249 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Х.Ч-ийн хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 241 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 236 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 238 дахь тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 239 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 237 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.М, Х.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэх талаар санаачилсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан болно.
Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- шүүгдэгч Х.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Б.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэжээ.
Гэвч шүүгдэгч Б.М нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан.
Иймд шүүгдэгч Б.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч нар нь анх удаагаа хорих ялаар шийтгүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн эрүүгийн 2206003640223 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 318 хоногийг, эрүүгийн 2402005050152 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 26 хоногийг, нийт цагдан хоригдсон 344 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, хувь хүн, нийгэмд үзүүлэх хор нөлөө ихтэй, шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисууд олж авсан, хадгалсан байх тул өмгөөлөгч нараас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М, Х.Ч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Lexus HS250 загварын *** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 31.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 15.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, Rizine гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч, Х овогт Б-ийн М, Б овогт Х-ийн Ч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ч-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Х.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн 2206003640223 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 318 хоногийг, эрүүгийн 2402005050152 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 26 хоногийг, нийт цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Х.Ч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 31.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 15.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, Rizine гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай
11. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М, Х.Ч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР
[1] Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль
4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх
/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:
4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;
4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;
/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.
/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.