Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 107

 

     2017        8         28                                        107

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/00108/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            Д.Мөнхцэцэг 

Улсын яллагч                            Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                          Э.Мөнх-Од нарыг оролцуулан 

     

Хэнтий аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мөнх-Одод холбогдох 201723000166 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-нд хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын дов гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Мөнх-Од /РД: СР77120501/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  / яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.Мөнх-Од нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын голын гүүр гэх газарт иргэн П.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаас П.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Мөнх-Од нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын голын гүүр гэх газарт иргэн П.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

        Хохирогч П.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнх-Од бид хоёр муудалцсан. Бид хоёр ноцолдож Цэвээн ах бид гурваас өөр хүн байгаагүй. Гэнэт толгой хүчтэй цохигдож цус гарсан. Тэрнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Миний толгойд 3 ширхэг оёдол тавьсан байсан гэх мэдүүлэг. ...  /хх-ийн 20-21хуу/

 

       Гэрч Л.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэмүүлэн манай гэрт орж ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Гэрийн гадаа баахан холхиж байгаад гэрт орж ирээд ухаан алдаж унасан. Ухаан алдаж унахаасаа өмнө гэрийн гадаа байхдаа олон хүнтэй утсаар ярьсан. Мөн маш чангаар намайг Цэвээндоржийн эхнэр түлээний сүхээр миний толгойг цохисон гэж бахирч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23хуу/

 

        Гэрч С.Цэвээнсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр Мөнх-Од хашаанаас гүйж ирээд тэр хоёр ноцолдож эхэлсэн. Би салгах гэж оролдсон боловч салгаж чадаагүй. Нэлээн ноцолдож байхад нь арай гэж салгасан. ... тэр хоёрыг арай гэж салгахад Тэмүүлэнгийн толгойноос цус гарч байсан. .. Манай эхнэр Мөнх-Од Тэмүүлэн хоёр унаж босоод зодолдоод байсан. Хажууд нь 100 литр ордог хавтгай төмөр сав байсныг мөргөсөн болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 27хуу/

 

        Гэрч П.Ононбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай дүү Тэмүүлэн нь хэдэн жилийн өмнөөс бие нь өвддөг болсон. Өөрөө их огцом ууртай хүн. Их уурлахаараа, гадаа их халсан, бие нь өвдсөн үед ухаан алдаж унадаг гэх мэдүүлэг. /хх-ийн 31хуу/

 

      Шүүгдэгч Э.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: ... бид хоёр ноцолдож байхдаа газар унаж боссон. Бид хоёрыг зодолдож байхад манай нөхөр салгасан. Би Тэмүүлэнгээс салаад гэртээ ороход миний гар цус болсон байсан ... гэх мэдүүлэг  

 

      Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 4-5хуу/

      Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-8хуу/

      

      Шинжээчийн дүгнэлт:

      П.Тэмүүлэнгийн биед толгойн зулай хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 39хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Э.Мөнх-Одын иргэн П.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шинэ Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн дээрх үйлдэлд оногдуулах ял хөнгөрсөн тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Тэмүүлэнгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь зохих нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

                             

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Одыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Од нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь нэхэмжилж буй хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнх-Одод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ