Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар   2021/ДШМ/585   

 

 

 

     

 

Л.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Л.Ад холбогдох эрүүгийн 2005023231216 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, мөн хуулийн 1231.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сар 12 хоногийн хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 6 сар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  

Шүүгдэгч Л.А нь:

Э.Д-тэй бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, АОС 71 дүгээр байрны 4 давхрын орон сууцанд хохирогч Б.П, хохирогч БНХАУ-ын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/ нарт хүч хэрэглэн, заналхийлж, довтлон зэвсэг буюу заазуур, ганжин зэргийг хэрэглэн, хохирогч Б.Пгийн эзэмшлийн Делл /DELL/ загварын зөөврийн компьютер, нокиа, хуавэй загварын гар утас, 80.000 төгрөгийг дээрэмдэн авч, түүнд 638.500 төгрөгийн, хохирогч БНХАУ-ын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/-ийн хар өнгийн 2 ширхэг цүнх, Вио /VIO/ загварын гар утас, зөөврийн хар цэнэглэгч, харааны шил, гадаад паспорт, 2 ширхэг виза карт, Ай фоне 6Эс /I Phone 6s/ загварын гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч түүнд 1.046.720 төгрөгийн буюу нийт 1.685.220 төгрөгийн хохирол учруулсан,

гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Уг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ дэгээ төмөр, үнсний сав шидэж, 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Уг 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний биед зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуу, баруун, зүүн гуя, бугалганд цус хуралт, хавантай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр биед нь зулайн хуйхны шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 3 дугаар сард Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр Хилийн 1425-1426 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэрийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Х овогт Л.А-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Лх.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн, бүлэглэн, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан \ тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдпэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас 2 ширхэг, машины түлхүүр зэргийг шүүгдэгч Л.Ад буцаан олгож, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ. 

 Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч Х овогт Лх.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. ...

Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийллийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж томьёолсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдпийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд энэ үйлдэл нь байнгын шинжтэй бол Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхаар хуульчлаагүй бөгөөд үйлдлийн шинжийг нь байнга хэмээн томьёолсон юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан юм.

Шүүгдэгч Л.А-гийн үйлдлийн тухайд тэрээр гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Уг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэсэн гэмт хэргийн шинжийг, түүний 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Л.А нь нэг гэмт хэргийн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр, хэд хэдэн гэмт хэргийн шинжийг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэсэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр хэм хэмжээг зөрчсөн тул түүний үйлдлийг шүүх нэг үйлдэл хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийм 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч  Л.А-ийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Уг хардаж хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг яагаад хэрэгсэхгүй болгосон талаараа тодорхой тайлбарласан бөгөөд шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж удаа дараа мэдүүлж байсан. Шүүхийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхаар хуульчилсан” гэж тодорхойлсныг өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд илэрхийлж мэтгэлцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Л.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Л.А-гийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох шинжийг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчилж хариуцлага оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.А-гийн холбогдох хэргээс “...гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Уг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ дэгээ төмөр, үнсний сав шидэж, 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан байхад Л.А-гийн гэр бүлийн хамаарал бүхий /эхнэр/ Б.Уг гэртээ 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гэртээ дэгээ төмөр, үнсний сав шидэн түүний баруун гарын сарвуу бугалгад цус хуралт гэмтэл учруулан зодсон, 2020 оны 7 дугаар сарын 16-ны түүний толгой, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед хөнгөн гэмтэл учруулан зодсон, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр түүний биед хөнгөн гэмтэл учруулан зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий Б.Уг байнга зодсон үйлдлийг тус хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимтай зөрчилдөнө гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.    

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Л.А-ийг яллагдагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Угийн биед  хөнгөн зэргийн гэмтэл учруулан зодсон 2020 оны 7 дугаар сарын 16-ны, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдийн үйлдлийг дүгнэсэн атлаа 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “...баруун гарын сарвуу бугалгад цус хуралт гэмтэл...” учруулан зодсон үйлдэлд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

 Иймд прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “...шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах...”-ийг тусгана гэж зааснаар холбогдсон гэмт хэргийг бичих шаардлагатай болохыг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ад холбогдох эрүүгийн 2005023231216 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ