| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0972/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/890 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/890
2025 10 14 2025/ШЦТ/890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “**** ****” дууны найруулагч ажилтай, ам бүл *, эцэг, эх, дүүгийн хамт, ** дүүргийн ** дүгээр хороо, ** ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ын Т /РД:*********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч П.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Т нь согтуурсан үедээ 2025 оны **** дугаар сарын ***-ны өдрөөс 05 дугаар сарын ***-нд шилжих шөнө *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” гэх нэртэй караокед хохирогч Б.Б-тэй тодорхой шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал, буйл, дээд доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн найз болох Т-тэй уулзаад явж байгаад Баянгол дүүргийн *** дугаар хороо “***” караокед 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1 цаг орчим болж байхад орсон. Манай найз Ө манай ажил хэргийн танил эмэгтэйтэй хоорондоо маргалдаад би зохицуулах гэж оролдож байсан чинь манай найз Т согтчихсон хүмүүс рүү зандарч байгаад гэнэт миний зүүн шанаа хэсэг рүү цохиод авсан. ...Миний нэг шүд дундуураа хугарч, хоёр шүд унасан байх шиг байна. Шүд маань өвдөөд байна. ...Би Т-тэй 2020 онд ажлын шугамаар танилцаж байсан бөгөөд одоо 4-5 жил найзалж байгаа найзууд..., ...Тухайн өдөр Т болон Ө бид 3 архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан бөгөөд зүгээр юм ярьж байгаад гэнэт Т миний нүүр хэсэгт цохичихсон. Т хэт согтсон байсан болохоор тэгсэн байх уг нь бид хоёр сайн найзууд намайг цохих шалтгаан байхгүй, Т бид хоёрын дунд өр зээл, өшөө хорслын шинжтэй зүйл огт байдаггүй сайн найзууд. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. ...Т надад эмчилгээний төлбөр болон шүд хийлгэх мөнгө өгсөн, миний хохирлыг барагдуулж өгсөн, надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15-16 дахь хуудас/,
- Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн орой 21-22 цагийн үед найз Т, Б нарын хамт *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” гэх нэртэй караокед орсон. Бид гурав тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтолттой байсан юм. Бид гурав тухайн газарт ороод өрөө захиалаад архи согтууруулах ундааны зүйл аваад уугаад сууж байгаад би нэлээн согтчихсон сууж байтал манай найз Т, Б хоёр хоорондоо маргалдаад нэг мэдэхэд Б-ийн нүүр хэсэгт нэг удаа цохисон байдалтай байж байхаар нь би босоод тэр хоёрыг салгатал Б-ийн 2-3 шүд уначихсан байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Би Т, Б хоёртой 2-3 жилийн өмнө ажлын шугамаар танилцаад найзууд болсон манай найзууд байгаа юм. Тухайн үед Т, Б хоёр хоорондоо маргалдаад байж байгаад Т, Б-ийн нүүр хэсэгт гараараа цохисон бөгөөд би тэр хоёрыг салгахаар очиход Б-ийн 2-3 шүд унасан байдалтай амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь хуудас/,
- Шуүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Б.Б-ийн биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал, буйл, дээд доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дахь хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 71-72 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 73-74 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар П.Т-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, П.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Т /РД:*********/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР