Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01249

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 16

101/ШШ2023/01249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн М-****** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2* дугаар хороо, 2* дүгээр байрны 1** тоотод оршин суух K.D-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЦБ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол ** дугаар байрны *** тоотод оршин суух У.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, түүний өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Х, гэрч Д.Б, Э.О, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:

БНСУ-ын иргэн К.Д РД-М********** миний бие Монгол Улсын иргэн У.Зтай ажил хэргийн шугамаар 2022 онд танилцсан. Улмаар түүнтэй зарим бизнес дээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Түүний хүсэлтийн дагуу 2022 оны 01 сарын 06-ны өдөр 50.000.000 вон буюу монгол төгрөгөөр 19.337.692 сая төгрөгийг түүнд нэг сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү мөнгийг зээлүүлэхдээ У.З-аар гар бичмэл бичүүлж авсан болно. Гэвч У.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд БНСУ-ын иргэн К.Д намайг залилан мэхэллээ гэж үзэн цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байна гэж үзэн эрүүгийн No2209***** тоот дугаартай хэргийг 2022 оны 05 сарын 12 өдрийн No5*** тоот дугаартай прокурорын тогтоолоор тухайн хэргийг хаасан болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд У.З ас тухайн зээлсэн мөнгийг төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө, гэж шалтаг тоочсоор өгөхгүй байгаа болно. Иймд иргэн У.З-аас 119,337,692 сая төгрөгийг холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.З-ын зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байх тул 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 267 хоног өнгөрч 1 өдрийн алданги буюу 0.5 хувь нь 569,668 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 267х596,668=159,315,696 төгрөг болж байгаа гэвч Иргэний хуульд заасны дагуу алданги нь үнийн дүнгийн 50 хувь хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн 59,668,846 төгрөгийг нэхэмжилж нийт 179,006,538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах "В Т ХХК-ийн М барилгын В1 давхарт байрлах караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр Оюунболд нь БНСУ-ын иргэн К.Д-г дагуулж ирэн 1000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд миний зүгээс уг саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж К.Д 2021 оны 12 сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгосон. Миний зүгээс 2022 оны 01 дүгээр сард 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалтыг хэзээ хийх вэ гэж асуухад К.Д нь би урьдчилгаа 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг БНСУ-аас гуйвуулга хийдэг хүнээр дамжуулаад чиний данс руу шилжүүлье гэсэн мөн К.Д нь 50,000,000 воныг хөрөнгө оруулалтын 1,000,000 ам доллароос хасаж тооцъё би чамд 50,000,000 вон зээлдүүлсэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсний дагуу бичиг хийж өгсөн. Гэвч үүнээс хойш хэлэлцэн тохирсон хөрөнгө оруулалтыг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 119,337,692 төгрөгөөс миний Төрийн банкны дансанд 20 гаруй хоногийн хугацаанд ойролцоогоор 20 орчим сая төгрөг цувуулж шилжүүлсэн. Үүнээс өөр мөнгө орж ирээгүй.

К.Д нь 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн найз нөхөд, залуучууд эмэгтэйчүүдийг авчирч хаалттай байсан караокег нээлгэн мөн клуб руу орж шоуддаг байсан бөгөөд ойролцоогоор 190,000,000 гаруй төгрөгийн үйлчилгээг авсан бөгөөд тус төлбөрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй. Караокены үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой олох байсан орлого тасалдаж, бараа материал, цахилгаан ус дулааны төлбөр төлж чадалгүй их хэмжээний алдагдалд орсон тул уг 119,337,692 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

Тус 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Э нэртэй караокед 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийх тухай хэлцлээс үүдэлтэйгээр миний ажиллуулдаг караокед эхлээд 50,000,000 вон өгье үүнийг хөрөнгө оруулалтаас хасаж тооцно хэмээн намайг төөрөгдөлд оруулж дүр үзүүлэн хийсэн байна. Нэхэмжлэгч нь 119,337,692 төгрөгийг үнэхээр надад өгсөн бол үүнийгээ нотлох шаардлагатай. Иймд миний ажиллуулдаг караокены ашиг орлого алдагдсан тул К.Д-д дээрх мөнгийг өгөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах В Т ХХК-ийн М барилгын В1 давхарт байрлах караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр О нь БНСУ-ын иргэн К.Д-г дагуулж ирэн 1000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд миний зүгээс уг саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж К.Д 2021 оны 12 сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгосон бөгөөд тус хугацаанаас хойш хаалттай байсан караокег нээлгэж, клуб руу орж наргиж цэнгэж, шоуддаг байсан бөгөөд нэг удаагийн үйлчилгээндээ хамгийн үнэтэй сет болох 2-14 сая төгрөгийн архи, дарс, ус, ундаа, хоол гэх мэт олон удаагийн үйлчилгээг авсан байдаг. Хөрөнгө оруулалтын талаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр К.Д-тай уулзсан бөгөөд уг мөнгийг шилжүүлэх, дуусгавар болгох буюу үүнтэй холбоотой ямар ч хэлцэл хийх эрмэлзэл, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан. Үүгээрээ энэхүү зээлийн гэрээ нь гэрээнд заасан үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл зөвхөн гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгохын зорилготой байсан. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх учир Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хэмээн сөрөг нэхэмжлэл нь гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 50.000.000 вонныг зээлүүлж улмаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Нэхэмжлэгчийн зүгээс ямарваа нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл ажиллагаа болон үйлдлийг огт хийж байгаагүй бөгөөд, түүний эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг баарны үйл ажиллагааг огт зогсоогоогүй болно. Харин хариуцагчийн удаа дараагийн гуйлтын дагуу түүнд итгэн мөнгө зээлсэн бөгөөд энэхүү зээлсэн мөнгөө баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр үйлдэн гарын үсэг зуралцсан болно. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд үүрэг үүсэх үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж өгсөн. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 8.1-т Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, 8.1.1-т "хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ээр үүрэг үүснэ гэж хууль тогтоогч хуульчилсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 8.1.1 дүгээр зүйл болон 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээт чөлөөт байдлыг зарчмын дагуу хуульд үл харшлах гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 40.1 дэх хэсэг Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч У.З нь энэхүү зээлийн гэрээний гар бичмэлийг өөрийн биеээр бичиж нэхэмжлэгчид өгсөн байдаг.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн У.З-ын гараар бичсэн баримт, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Э-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол,

Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Тооцооны хуудсыг,

Шүүхийн журмаар гэрч Д.Б, Э.О, Ц.Б нарыг асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч K.D нь хариуцагч У.З д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тус зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан зээлийн гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг илэрхийлээгүй улмаас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тус тус тодорхойлсон тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн У.З гэсэн гараар бичсэн баримтад У.З миний бие 2022.1.6-нд өдөр БНСУ-ын иргэн К.Д-гаас 50,000,000 вон болох 119,337,692 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан үнэн болно. Тухайн зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 алданги төлөх болно. 2022.1.6-аас 2022.2.6-ны хооронд зээлэв гэжээ. /х.х-ийн 4 дэх талд/

Нэхэмжлэгч дээрх баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хариуцагч уг гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Хариуцагч дээрх баримтыг өөрийн гараар бичсэнтэй маргахгүй байх боловч Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах М барилгын В1 давхарт байрлах караокед 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцож урьдчилгаанд монгол мөнгөөр 50-60 орчим сая төгрөгийг өгснөөс 50,000 вон өгөөгүй, нэхэмжлэгч 50,000 вон өгсөн гэдгээ нотлоогүй, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах зорилгоор дүр үзүүлж байгуулснаас гадна хариуцагч караокед хөрөнгө оруулалт оруулна гээд үйл ажиллагааг хааж, өндөр үнэтэй архи виски, ундаа зэргийг хэрэглэж хохирол учруулсан гэж татгалзаж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан

Хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын олсон нь хэсэгт ... Би К.Д-д манай караоке зогсоод үйл ажиллагаа явуулахгүй алдагдалд орж байна. Та 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалтаа хэзээ хийх вэ гэхэд К.Д би урьдчилаад 50,000 вон буюу 119,337,892 төгрөгийг Солонгос улсаас гуйвуулга хийдэг хүн рүү шилжүүлээд тэр хүн нь миний Төрийн банкны ********* дугаартай данс руу 20 гаруй хоногийн хугацаанд цувуулж шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр К.Д-тай ярилцахдаа 50,000 воныг надад хөрөнгө оруулах 1,000,000 ам доллароос хасаж тооцъё, би 50,000 воныг зээлсэн гээд бичиг хийгээд өгье гэж хэлээд зээлийн бичиг хийж өгсөн ... гэж, мөн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоос авсан тэмдэглэл-д К.Д нь ... У.З надтай уулзаад би караокегоо чамд түрээсэлнэ, чи надад 50,000 вон буюу 119,337,892 төгрөг зээлэх хэрэгтэй байна, би нэг сарын дотор мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. ... оффис дотроо надаас 50,000 вон буюу 119,337,892 төгрөг зээлсэн гэсэн бичиг хийж өгөөд Солонгос улсад байдаг Монгол улс руу мөнгөн гуйвуулга хийж өгдөг хүний данс руу хийлгэсэн. Би энэ мөнгийг Солонгос улсын данснаасаа шилжүүлж өгсөн гэж тус тус мэдүүлжээ.

Гэрч Ц.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... К.Д гэдэг хүн үйлчлүүлдэг байсан. Тооцоогоо ерөөсөө өгдөггүй байсан. Олон хүнтэй орж ирдэг байсан. Маркүе нь караоке болон пабтай байдаг. Манайхыг ажиллах ёсгүй үед ажиллуулаад ууж байгаад тасардаг байсан. Хамт явж байгаа хүмүүсээс нь тооцооны талаар хэлэхээр захирлын найз гээд урдаас уурладаг байсан ... гэж, гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Манай караокены в1 давхрыг дэлхийн хэмжээний шахуу болгоно гэж хэлж байсан. Монголд барилгын материал нийлүүлдэг гэж байсан. Караокены үйл ажиллагааг сайжруулна. Сүүлдээ клубээр нь сайжруулна гэж байсан ... гэж, гэрч Э.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Клабд бүтэн хөрөнгө оруулаад Солонгосоос хүн авч ирнэ гэж байсан. Би Галаа ахтай байсан болохоор хувь эзэмших боломжтой гэж ярьж байсан ... гэж тус тус мэдүүлсэн.

Дээд дурдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний талууд хөрөнгө оруулалт оруулах хүсэл зоригийг мөнгө зээлдүүлэх агуулгаар дүр үзүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр гэрээг субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Иймд талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч мөнгө шилжүүлэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэж маргасан.

Гэвч, хариуцагч нь нэхэмжлэгчийг 50,000 вон бус монгол мөнгөөр 50-60 сая төгрөг шилжүүлэн өгсөн гэж татгалзсан тул энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын хувьд 50,000 вон өгөөгүй харин 50-60 орчим сая төгрөг авсан гэдгээ хариуцагч нотлох үүрэгтэй юм.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн У.З-ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гараар бичсэн баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоос авсан тэмдэглэл зэргийг үгүйсгэж, няцаасан баримтаа хариуцагч гаргаж өгөөгүй мэтгэлцээгүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө караокены хөрөнгө оруулалтад зориулж зарцуулсан болон нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийнэ гэж үйл ажиллагааг зогсоосны улмаас хохирол учирсан гэх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд 50,000 вон болох 119,337,692 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан гэжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан 50,000 воныг хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд зааснаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй хариуцлага буюу алдангид 59,668,846 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд ...Тухайн зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 алданги төлөх болно ... гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд талуудын өдрийн 0.5 хувийн алданги төлөх болно гэснийг хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон гэж шууд тайлбарлах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж зааснаар талуудын хооронд анз тогтоосон хэлцэл хийгдээгүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч У.З ас зээлийн гэрээний үүрэгт 119,337,692 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч K.D-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59,668,846 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,210,933.46 төгрөг, хариуцагчийн төлсөн 754,638 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 754,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.З ас 119,337,692 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч K.D-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59,668,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.Зын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,210,933.46 төгрөг, хариуцагчаас төлсөн 754,638 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З ас 754,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч K.D-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ