Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01238

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 13

101/ШШ2023/01238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЙЮ******** регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, хороолол хд ** дугаар байрны *** тоотод оршин суух С овогт Л.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, Б П байрны 2 давхар *** тоотод оршин байх Д Т Ч ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 65,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.П, түүний өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын иргэн С овгийн Л.П /Регистрийн дугаар: ЙЮ*************/ миний бие Монгол Улсын хуулийн этгээд "Д Т ЧХХК /Регистрийн дугаар: ***********/-тай 2022 оны 04 сарын 07-ны өдрийн No****-2004 дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г байгуулсан.

Гэрээний дагуу миний бие хариуцагч компаниас нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байсан Д апартмент орон сууцны хотхоны С блокийн 3-р байрны 5 давхрын С тоотод байрлах 3 өрөө бүхий 68.1 м.кв талбайтай орон сууцыг 67 419 000 (жаран долоон сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөгөөр захиалж, орон сууцны нийт үнийг гэрээ байгуулсан даруй бүрэн төлж барагдуулсан. Хариуцагчаас гэрээнд заасан хугацааны дотор орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж ирсэн байдаг ба миний бие үнийг нь бүрэн төлж захиалсан орон сууцаа хариуцагч байгууллагад буцаан худалдсан ба ингэхдээ орон сууцны үнийг бид 115 770 000 /нэг зуун арван долоон сая долоон зуун далан мянга/ байхаар тохирч, 2022 оны 06 сарын 30-ны өдөр No*****-2004/02дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээний нэмэлт /цаашид "нэмэлт гэрээ гэх/-г байгуулсан. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 болон 1.3 дахь хэсэгт зааснаар Д Т ЧХХК нь орон сууцны нийт үнийг нэхэмжлэгч Л.П надад орон сууцыг худалдан борлуулснаар буюу орон сууц худалдан борлуулагдаагүй бол 2022 оны 07 сарын 31-ний өдрийн дотор надад орон сууны нийт үнэ болох 115 770 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Гэвч хариуцагч нь орон сууны нийт үнэ болох 115 770 000 төгрөгөөс хариуцагч нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр миний Голомт банк дахь дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэх мөнгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд надад өгөлгүй, гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, иргэн намайг хохироож байна.

Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 65 770 000 төгрөгийг төлж барагдуулахыг би хариуцагч байгууллагаас удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй, үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч "Д Т Ч" ХХК-иас 65 770 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2022 оны 4 сарын 07-ны өдрийн No****-2004 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр зохицуулсан харилцаанд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байсан Д апартмент орон сууцны хотхоны С блокийн 3-р байрны 5 давхрын С тоотод байрлах 3 өрөө бүхий 68.1 м.кв талбайтай байрыг захиалан бариулахаар нийт 67,419,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байдаг. Барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд ковидын нөхцөл байдал таарч барилгын материалын хомсдол үүссэн. Шүүхэд авагдсан нотлох баримтаар талууд өмнө нь Э Б Птай харьцсан байдаг. Тухайн үед ковидын нөлөөгөөр үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гээд нэхэмжлэгчид албан бичиг мэдэгдэл явуулсан. Үүний дараа хариуцагчийн харилцан тохиролцох боломжгүй байгаа бол гэрээнээс татгалзсан албан бичиг явуулсан байдаг. Үүний дараа талууд харилцан тохиролцоод гэрээний нэмэгдлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 14-ний өдөр ****-2004-01 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Энэхүү нэмэлт гэрээний 1.1, үндсэн гэрээний 3.1-т зааснаар орон сууцны м.кв-г 1,700,000 төгрөгөөр тохирч өөрчилж байна. 1.2-т нь үндсэн гэрээгээр 67,419,000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 48,351,000 төгрөгийг захиалагч нь төлнө гэж заасан. 1.3-т 48,351,000 төгрөгийг 2 хувааж төлнө. 50 хувийг орон сууц хүлээж авахдаа, 50 хувийг орон сууцны гэрчилгээ гарахад төлнө гэж харилцан тохиролцсон байдаг. Маргаан болоод байгаа нэмэлт гэрээ байгуулагдсан байгаа. Нэмэлт гэрээ дээр захиалагчийн саналыг үндэслэж, 2022 оны 6 сарын 30-ны өдөр *****-2004/02дугаартай гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр захиалагчийн захиалсан орон сууцыг хариуцагч компани буцааж худалдан авахаар харилцан тохиролцсон. Тус харилцан тохиролцсон гэрээ дээр орон сууцны үнийн дүнг 115,770,000 төгрөг байхаар тохиролцоод уг төлбөрийг эцсийн байдлаар 7 сарын 31-ний өдөр төлөхөөр заасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өмнө талуудын байгуулсан 2022 оны 03 сарын 14-ний өдрийн гэрээг цуцалсан талаар зүйл дурдагдаагүй. Энэ нь 2022 оны 6 сарын 30-ны өдрийн байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэх дээр анхаарч үзэх ёстой юм болов уу гэж үзэж байна. Энэхүү харилцааны үндсэн гэрээ нь ****-2004 дугаартай гэрээ нь нэхэмжлэгч орон сууц захиалаад хариуцагч компани хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 243.1-т заасан харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, хүлээж авсан. Гэрээ байгуулахдаа гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн үү, хуулийн шаардлага хангасан уу гэдэг асуудал гарч ирж байгаа. ****-2004 дугаартай гэрээ дуусгавар болсны үндсэн дээр буцаад хариуцагч компани нь худалдан авагч байдлаар гэрээ байгуулагдсан байдал байгаа. *****-2004/02дугаартай гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн үү. Талуудын байгуулсан 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ****-2004/01 дугаартай гэрээг яахаар болсон бэ, энэ асуудал шийдэгдээгүй үлдсэн байгаа. Нэг харилцаа дээр 2 төрлийн гэрээ явагдаад байгаа. Аль нь хүчин төгөлдөр гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ****-200 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *****-2004/02дугаартай Орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээ, Голомт банкны Л.П-ын дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай бичиг, Голомт банкны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Төлбөрийн баримтыг,

Хариуцагчаас И Э Б П ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №02/626 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д Т Ч ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/17 дугаартай Мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *****-2004/02дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ, Д Т Ч ХХК-ийн Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг,

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д апартмент С блокийн 3 дугаар байрны 5 давхарт С тоот буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Д гудамж **Б байрны 5 давхрын 3030 тоот байршилтай орон сууцыг Ш.Мягмарсүрэн, С.Отгонцэцэг нарт шилжүүлсэн гэрээг, нэхэмжлэгч Л.П-ын @gmail.com цахим шуудангийн хаягаас хариуцагч Д Т Ч ХХК-ийн 3399@gmail цахим шуудангийн хаягт 2022 оны 7 сарын 28-ны өдөр, 2022 оны 10 сарын 03-ны өдөр, 2022 оны 10 сарын 27-ны өдөр, 2022 оны 11 сарын 05-ны өдөр, 2022 оны 11 сарын 09-ны өдөр тус тус илгээсэн 5 э-мэйл, хариуцагч Д Т ЧХХК-ийн 3399@gmail цахим шуудангийн хаягаас нэхэмжлэгч Л.П-ын@gmail.com цахим шуудангийн хаягт 2022 оны 7 сарын 28-ны өдөр ирүүлсэн 1 э-мэйлд тус тус хийсэн үзлэгийн тэмдэглэл тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч Д Т Ч ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 65,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *****-2004/02дугаартай Орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээний дагуу хангуулна гэж тодорхойлж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэмэлт гэрээ байгуулах үндэслэл болсон өмнөх гэрээг цуцалсан, дуусгавар болгох талаар харилцан тохиролцоогүй улмаас уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ****-200 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч буюу Д Т Ч ХХК нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д апартмент С блокын * дугаар байрны 5 давхарт С тоот, 68,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2021 оны 2 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч Л.П нь 1 м.кв-ыг 990,000 төгрөгөөр тооцон 67,419,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

Уг гэрээний дагуу захиалагч Л.П нь 67,419,000 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 25 дахь талд/

Талууд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ****-2004/01 дугаартай Орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээ байгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ****-200 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1- т заасан орон сууцны 1 м.кв талбайн захиалгын үнэ нь 1,700,000 төгрөг болгон өөрчилж нийт төлбөр 115,770,000 төгрөг болгож, захиалагч үндсэн гэрээгээр 67,419,000 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү төлбөр 48,351,000 төгрөгийг захиалагч төлөх бөгөөд үүнээс 24,175,500 төгрөгийг орон сууцыг актаар хүлээн авах үед, үлдэгдэл 24,175,500 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 77 дахь талд/

Дээрх гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, нэг талаас Д Т Ч ХХК нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д апартмент С блокын * дугаар байрны 5 давхарт С тоот, 68,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч Л.П нь 115,770,000 төгрөгийн зөрүү 48,351,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь зөрүү 48,351,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Л.П-ын @gmail.com цахим шуудангийн хаягаас хариуцагч Д Т Ч ХХК-ийн 3399@gmail цахим шуудангийн хаягт илгээсэн э-мэйл болон хариуцагч Д Т Ч ХХК-ийн 3399@gmail цахим шуудангийн хаягаас нэхэмжлэгч Л.П-ын @gmail.com цахим шуудангийн хаягт илгээсэн э-мэйлд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр дараах үйл баримт илэрсэн.

Үүнд @gmail.com цахим шуудангийн хаягаас @gmail цахим шуудангийн хаягт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагт ирүүлсэн э-мэйлд ... миний захиалсан байрыг мкв 1,700,0 төгрөгөөрөө тооцоод танай компани авч болох уу? Одоо бэлэн болчихсон, ашиглалтад орчихсон учраас та нар буцаагаад зэх зээлийн ханшаар нь хамаагүй дээгүүр үнээр зарчихна. Миний хувьд гэрчилгээ гаргах, зарж борлуулаад явах цаг зав үнэхээр байхгүй байна. Би одоо дахиж 1,700,0-аар байр авч чадахгүйгээ мэдэж байгаа гэхдээ гомдолгүй гэж, @gmail цахим шуудангийн хаягаас @gmail.com цахим шуудангийн хаягт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 56 минутад ирүүлсэн э-мэйлд ... ****-2004 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Л.П таны ирүүлсэн саналыг манай компанийн хүлээн авах боломжтой байна гэжээ. /х.х-ийн 16-17, 84-87 дахь талд/

Ийнхүү талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөх *****-2004/02дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр Д Т Ч ХХК нь Л.П-аас үндсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан орон сууцны 1 м.кв талбайн захиалгын үнэ нь 1,700,000 төгрөгт тооцож, нийт 115,770,000 төгрөгт буцаан худалдан авах бөгөөд тус орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн худалдан борлуулах саналыг гуравдагч этгээдэд гаргах бөгөөд худалдан борлуулснаар 115,770,000 төгрөгийг Л.П-д шилжүүлэх, хэрэв орон сууц худалдан борлуулагдаагүй бол 115,700,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор Л.П-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 11 дэх талд/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулснаар нэхэмжлэгч Л.П-ын гаргасан саналыг хариуцагч Д Т Ч ХХК хүлээн авснаар талуудын илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ****-200 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-г цуцлах, дуусгавар болгох талаар нэмэлт гэрээгээр тохиролцоогүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох ба мөн зүйлийн 236.2-т Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасан.

Тодруулбал, зохигчид хариуцагчийн орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргийг тус тус дуусгавар болгож, орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг харилцан хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *****-2004/02дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээний 1.2-т компани тус орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн худалдан борлуулах саналыг гуравдагч этгээдэд гаргах бөгөөд худалдан борлуулснаар 115,770,000 төгрөгийг Л.Пд шилжүүлнэ гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 12 дахь талд/

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д Т ЧХХК нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д апартмент С блокын 3 дугаар байрны 5 давхарт С тоот, 68,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гуравдагч этгээдэд 204,300,000 төгрөгөөр шилжүүлэн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. /х.х-ийн 69-74 дах талд/

Иймд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *****-2004/02дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээний 1.2-т заасан 115,770,000 төгрөгийн үлдэгдэл болох 65,770,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д Т Ч ХХК-аас 65,770,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Пд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Т Ч ХХК-аас 65,770,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Пд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 486,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Д Т Ч ХХК-аас 486,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ