| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
Улсын яллагч М.Сэлэнгэ,
Иргэдийн төлөөлөгч Б.*******,
Гэрч А.*******ь, Ц.*******,
Хохирогч А.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******т холбогдох эрүүгийн 2507 00266 0153 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* д ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******,, тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор , тоотод оршин суух, урьд:
-Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 1 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 610 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 1 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,
-Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгэж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялтай дүйцүүлэн 2 жил, 7 сар, 9 хоногийн хорих ял болон хасаж сулласан,
овогт ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдөрт шилжих шөнө 22 цагийн орчим хашааны гадаа зодолдоод байсан. Тэгээд хашааны хаалга руу мөргөөд ч байгаа юм уу? цохиод ч байгаа шиг байсан. Манай эхнэр гараад А.- согтуу ирчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Би наанаас нь “наад хашааны хаалга үүд эвдлээ болиоч” гэж хэлсэн чинь А.- ална та нарыг гээд хашхираад ороод ирсэн юм. Манай эхнэр намайг аваад гэрт ороод сууж байхад А.******* үүдэнд хашхирсан. Гэр рүүгээ оронгуутаа би цагдаа дуудсан. Цагдаа дуудлага хүлээж авсан гэж хэлсэн. Би энэ хүний гарт үрэгдэх нь байна шүү дээ гэсэн чинь утсаа тасалчихсан. Би ерөөсөө зугтааж амь гарахгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголт надад төрж байсан. Дахиад ална гээд хашхирахад нь аминдаа гараад зугтаахдаа хутга шүүрээд гарчхаж дээ гэж өөрөө бодоод байгаа юм. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хүүхдүүдтэй ялгаа юу байх вэ дээ гэж бодоод байна...Баруун болон зүүн талаас 1,1 удаа гээд байх юм. Би нэг гартаа барьсан хутгаа нөгөө гар руугаа шилжүүлээд хутгалсан болох гээд харагдаад байна...” гэв.
Хохирогч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гадаа зодолдоогүй манай ажлын найз байгаа юм. 5 минутын өмнө явчихсан байсан. 00 ороход 00 хаалга нь салаад уначихсан тоосгон дээр тавьчихсан байсан. Зүгээр налахад унасан. Тоосгыг нь харанхуйд гарч байгаад өшиглөсөн чинь нөгөө хаалга нь унаад жоохон дуу гарсан чинь Л.******* гарч ирээд мод хагалснаа пизда гэдэг үг хэлээд явахаар нь юу гээд байгаа юм бэ? гээд жоохон хэрүүлийн чанартай юм хэлсэн...Хэрүүлийн чанартай юм яриад сүхээ бариад ирсэн юм. Тэгээд учир зүггүй саваад унасан. Миний энэ чихний энэ дээр нэг оноод ахиад сүх нь доошлохдоо нэг шилбэ оночихсон. Сүхийг нь булааж аваад шидсэн. Нөгөө ардаас нь боосон гээд зузаан эрээн ажлын нэг куртик байсан. Тэрийг нь зүгээр 2 гараас нь татаад дээшээ барьсан. Гэхдээ тайлаад битүүлж бариагүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэв.
Гэрч А.ь шүүхийн хэлэлцүүлэгт: “...29-ний орой А.- ажлаасаа бууж ирж байна гээд бид 2 хоол хийж иднэ гээд ирсэн. Тэгээд ганц 2 юм дутуу байхаар нь дэлгүүр яваад ирье гээд гараад явсан юм. Би үлдсэн хоолоо хийх гээд гэртээ байж байсан чинь ерөөсөө гадаа аймаар орилолдоод эхэлсэн. Тэгээд л очоод гараад харсан чинь Л.******* ах, А.- 2 хоорондоо маргалдчихсан барьцалдаад ээж дундуур нь орж ирчихсэн орилж байсан. Гадаа ямар ч байсан гадаа хоорондоо маргалдаж байсан....Энэ 2 барьцалдсан байсан. Ээж бид 2 дундуур нь орсон. Тэгэхэд Л.******* ах ямар ч байсан нэг сүх барьчихсан байсан. Тэгээд тэр сүхийг бариад зогсож байхад нь А.******* уурлаад буцаагаад аваад тэр сүхийг нь шидсэн юм. Тэр үед бүх юм хурдан болоод өнгөрсөн. Дараагаар нь харахад чихийг нь яз цохисон байсан...Тэгээд бид хоёр 2 тийшээ салгаад ямар ч байсан 2 тал руу нь гаргаад дүүгээ хашааныхаа гадаа гаргаад Л.******* ахыг гэр лүүгээ орооч гээд гуйгаад оруулсан юм. Ороод байж байсан чинь Л.******* ах буцаад гараад ирсэн. Тэгээд гарч ирээд учир зүггүй хүн доромжлоод хараагаад хүн өдөөд тэгж байснаа хашааны гадаа дахиад гараад ирсэн. Гарч ирээд над руу далайгаад орилж хашхичаад хэл амаар доромжлоод унасан чинь манай дүү эргэж ирээд дахиад энэ 2 барьцалсан. Барьцалдаад нэг их удаагүй нэг хашааны гаднаас ерөөсөө дотоод тал руу дотогшоо ор гээд түлхэх хооронд буцаад манай дүү хойшоо пид гээд л уначихсан юм. Тэгээд би гайхаад яачхав гээд ингээд харсан чинь ******* ах хутга барьчихсан зогсож байсан, хажууд нь ээж зогсож байсан. Тэгээд би арай ч хутгалчхаагүй байлгүй дээ гээд буцаад эргэж хараад дүү рүүгээ яваад очсон манай дүү дээшээ хараад гэдсээ дараад уначихсан байсан. Би сандраад гүйж ороод утсаа аваад түргэн цагдаа дуудсан “ гэв.
Гэрч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр цагийг нь хараагүй. Орой гадаа хашааны гадаа хүмүүс зодолдоод хэрэлдээд эхэлсэн. Эхлээд таксины жолооч юм болов уу? гэж бодсон чинь манай хүүгийн дуу гараад байсан. Тэгээд зодолдоод эхэлсэн. Манай хүн бид 2 гараад хашааны хаалга хонхойгоод ирэхээр нь хашааны хаалга эвдчихлээ шүү гэсэн чинь манай хүү уурлаж орж ирээд Л.*******ыг цохиод зодож эхэлсэн. Тэгээд харин А.*******ыг А.ь салгаад Л.*******ыг би салгаад 2 тийш нь аваад гэр лүү орсон. Ороод би даараад байсан болохоор халаад авахаар хувцас хайж байх хооронд Л.******* гараад явчихсан байсан. Халаад өмсөөд эргээд харсан чинь би хүн хутгалчихаа гээд хутга бариад ороод ирсэн. Би хутгыг нь аваад Шкафт хийгээд удаа ч үгүй цагдаа нар орж ирсэн. Ийм үйл явдал болсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдөрт шилжих шөнө өөрийн найз болох мөн ийн ах гэх хүмүүстэй бид гурав 2,5 литрийн багтаамжтай сэнгүр пиво 2 ширхгийг уугаад сууж байх үед манай эгч ь орж дэлгүүрээс хоолны юм аваад ороод ирээрэй гэхээр за хэлчхээд дэлгүүр орж ойр зуурын юм авчхаад гэр лүүгээ оруулж тавьсан чинь будаа авахаа мартаад буцаж дэлгүүр гарч будаа авах гээд гарсан чинь хажуу талын гэрт манай ээжтэй хамтран амьдардаг ******* гэх залуу гарч ирчихсэн писданууд гэх зэргээр хараагаад орилоод ээжийг минь доромжлоод байхаар нь та одоо юу гээд байгаа юм гэж хэлээд очсон чинь гартаа барьж байсан сүхээрээ над руу далайхаар нь сүхийг нь булааж аваад шидээд миний чихний ар хэсэг рүү нэг удаа баруун шилбэ хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед би цаашаа хашааны хаалгаар гараад будаа авчхаад хашааны хаалгаар орсон чинь манай эгч рүү ******* дайраад байхаар нь би гялс хурдан гүйж очоод дундуур нь орсон чинь хутгатай би мэдээгүй байсан чинь миний баруун хэвлий болон зүүн доод хэсэгт 2 удаа хутгалж нэг гэдэс хавьд зүсээд авсан. Би айсандаа хамаг хувцсаа тайлсан чинь цус годогдож гараад би бага зэрэг орилоод ухаан алдаад уначихсан маргааш эмнэлэгт хагалгаанд орсон байдалтай сэрсэн... Би сайн мэдэхгүй барагтай юм дуугарч үзээгүй манай ээжтэй хамт амьдардаг хүн би багаасаа өвөө эмээ дээр өссөн болохоор сайн танихгүй тэр хоёр хүнийг хэзээнээс хамтран амьдарч байгаа талаар огт мэдэхгүй. Би эгч болох ийн гэрт 2024 оны 12 сард ирж хүүхдийн харж амьдарч байгаа болохоор би ******* гэх хүнтэй харилцаа бараг үүсгэж байгаагүй. ******* манай ээж болох ******* мөн эгч ь нар байсан намайг хутгалж байх үед манай эгч хараад зогсож байсан...." гэх мэдүүлэг /хх-23-24 дүгээр хуудас/,
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 29-ны орой манай дүү ******* 20 цагийн үед над руу залгаад ажлаасаа бууж байна ямар хоол хийх вэ гэхээр нь өндөг хиам аваад ир гэж хэлсэн 20 цаг 30 минутын үед ирээд өндөг хиамаа шарж идэх гэсэн будаа байхгүй болохоор нь манай дүү буцаж будаанд гарсан. Тэр үед би гэр дотор байхад гадаа үүдэнд манай дүү ******* нь *******тай маргалдаад дуу нь өндөрсөөд байхаар нь би гараад очсон чинь тэр хоёр хоорондоо хэрэлдээд ******* газраас сүх аваад ******* луу далайгаад чих хэсэг рүү нь цохиод авахаар нь би гүйж очиж салгасан чинь *******ыг манай ээж гарч ирээд гэр лүгээ авч орсон. Тэр үед би дүүгийн хамтаар хашааны хаалганы гадаа зогсож байх үед ******* дахин гарч ирээд *******той маргалдаад байхаар нь би ахиж очоод салгах гэтэл ******* над руу дайраад гараа далайсан чинь манай дүү миний урдуур орох үед ******* хаанаас ч юм хутга гаргаж ирээд *******ын гэдэс хэсэг рүү 2 удаа хутгалчихсан. Манай дүү тухайн үед сандраад гадуур хувцсаа тайлсан чинь цус нь годогдож гараад манай дүү тэрийгээ хараад бага зэрэг шоконд ороод орилж чарлаад ухаан алдаад уначихсан. Би тэр үед сандраад гэр лүгээ гүйж ороод утсаа аваад түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Түргэн ирээд би дүүгийн хамтаар Налайх дүүргийн түргэн тусламж төв дээр очиж чих болон гэдэс хэсэгт оёдол тавиулаад яаралтай хагалгаанд орох заалттай цэргийн төв эмнэлэг явсан. Манай дүү бол согтолттой байсан. *******ын хувьд архи уухаараа тэгж их орилж чарлаж ааш авиртай болдог болохоор тухайн үед согтуу байсан байх гэж бодож байна. Тэр хоёрын дунд тийм зүйл байхгүй ******* нь манай ээжид үө үе гар хүрдэг байсан болохоор манай дүү дургүй байсан байх. Ер нь бол гайгүй үгэнд сайн ордог хүн амьтантай муудалцаад байдаггүй. Ер нь жоохон түргэн ууртай ээжтэй хэрүүл маргаан хийхээрээ гар хүрчхээд байдаг юм шиг байдаг ширүүн дориун зантай болчихдог..." гэх мэдүүлэг, (хх-27-28 дугаар хуудас),
Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би тухайн өдөр гэртээ хамтран амьдрагч болох *******ын хамтаар байж байх үед орой 22 цагийн үед манай хашааны хаалганы гадаа шуугилдаад байхаар нь хаалганы завсраар харсан чинь манай хүү ******* нэг хүнтэй муудалцаад зодолдоод байж байхаар нь би хүүгээ согтуу байна гэж бодсон. Хэсэг хормын дараа би *******ын хамт гэрийн гадаа жаахан харч зогсож байсан чинь ******* манай хүүд хандаж хаалга үүд эвдэллээ гэж хэлсэн чинь хөөе чи наашаа хүрээд ир гөлөг минь гээд орилж ирээд *******ыг ******* барьж аваад зодоод эхэлсэн. Би охин болох А.ийн хамтаар арай гэж салгаад *******ын хамтаар гэртээ буцаж орох үед ******* цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Гордокт дуудлагатай явж байна жаахан хүлээх шаардлагатай гэж хэлсэн. Би тэр үед халаад хайгаад эргээд харсан чинь ******* байхгүй байхаар нь гараад амбаарын хажуу талд ******* дээр очсон чинь гартаа хутга барьчихсан би хүн хутгалчихлаа гэж надад хэлэхээр нь би айж сандраад гараас нь хутгыг нь салгаж аваад *******ыг дагуулаад гэр дотор ороод хутгыг нь би шүүгээн дотор хийсэн. Тэр үед манай хажуу айлын эмэгтэй орж ирээд гадаа хүн хэвтээд байна гэж хэлхээр гараад очсон чинь манай хүү болох ******* эвхэрсэн хэвтэж байсан. Манай охин эмнэлэг болон цагдаа дуудсан тэгээд удалгүй 4 цагдаагийн алба хаагч нар ирсэн өөр зүйл болоогүй. ******* бол тухайн өдөр уугаагүй харин ******* бол уусан байсан. *******тай би танилцаж нэг гэрт орж хамтран амьдраад 4 жил болж байна харин манай хүү ******* нь бурхан болсон аавынхаа талд амьдарч өссөн манай хашаанд байх эгчийнхээ гэрт 2024 оны хавар 4 сард ирж амьдрах болсон манай хоёр хоорондоо нээх айхтар дотно биш тусдаа гэрт мөн ******* ээлжийн ажилтай болохоор тааралдах нь ховор урд өмнө хороондоо хэрэлдэж зодолдсон удаа байхгүй зүгээр энгийн харилцаатай. Нэг их уурлаад байхгүй даралт нь байнга ихэсдэг болохоор байнга уурлаад байхгүй нэг уурлахаараа огцом уурладаг өөр илүү дутуу зан араншин байхгүй..." гэх мэдүүлэг, (хх-31-32 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/6306 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн “..А.*******-н биед хэвлийн зүүн хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн баруун хажуу хэсгээс хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт, (хх-57-58 дугаар хуудас),
Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...би тухайн өдөр *******ын биед ямар нэгэн байдлаар халдаж цохиж зодсон зүйл огт байхгүй. Харин ******* миний биед халдаж өмсөж байсан куртикээр толгой ороогоод барьчихсан байсан болохоор би ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй тухайн өдөр дуудлагаар ирсэн цагдаа нар намайг драгер төхөөрөмжөөр үлээлгэхэд 0 гарч байсан. Би тухайн цаг үед хутга авч гарснаа бол oгт санахгүй байгаа юм. Гэртээ куртикээ тайлаад сууж байх үед - нь алнаа та нарыг гэх дуу сонсогдсон. би тэр үед бол дотроо амжиж гарч зугтаах талаар бодож байгаад ил тавьсан байсан хар иштэй хутгыг шүүрч аваад гарч зугтаах гэж байсан байх гэж бодож байна. Би бол *******ыг хутгалсан талаар санахгүй байгаа. Би *******т одоогийн байдлаар 3 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулна...." гэх мэдүүлэг (хх-119-120 дугаар хуудас),
Шүүгдэгч Л.*******ын шүүх эмнэлэгт үзүүлэхгүй талаар гаргасан бичиг (хх-126 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2 дугаар хуудас),
Цагдаагийн 7023102 дугаарт 80266263 дугаараас дуудлага хийсэн талаар дуудлагын лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-132 хуудас)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-03-07 дугаар хуудас),
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хх-10 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан тодорхойлолт, ял шийтгэл эдэлж байсантай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанд шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаар Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн зүй бус үйлдэл гэдэг чинь нөгөө гэрчүүдийн мэдүүлэг гэж нотлогдоод байгаа. Төсөөтэй хэрэглэгдэх санаатай болон болгоомжгүй гэмт хэргүүдээ ялгаж зүйлчлэхгүйгээр энэ нь энэнээсээ ялгаж байна шүү, энэ үйлдлийг чинь санаатай гэж үзэж байна шүү гэж яллах дүгнэлтэд дурдаагүй байгаа учраас бид нар энэ төсөөтэй хэрэглэгдэх зүйлчлэлийг тавьж байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүх шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Л.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийн талаар өгсөн: “...А.******* миний биед халдаж өмсөж байсан куртикээр толгой ороогоод барьчихсан байсан болохоор би ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Би тухайн цаг үед хутга авч гарснаа бол oгт санахгүй байгаа юм. Гэртээ куртикээ тайлаад сууж байх үед - нь алнаа та нарыг гэх дуу сонсогдсон. би тэр үед бол дотроо амжиж гарч зугтаах талаар бодож байгаад ил тавьсан байсан хар иштэй хутгыг шүүрч аваад гарч зугтаах гэж байсан байх гэж бодож байна. Би бол А.*******ыг хутгалсан талаар санахгүй байгаа.” гэж мэдүүлсэн ч Хохирогч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоосгыг нь харанхуйд гарч байгаад өшиглөсөн чинь нөгөө хаалга нь унаад жоохон дуу гарсан чинь Л.******* гарч ирээд мод хагалснаа пизда гэдэг үг хэлээд явахаар нь юу гээд байгаа юм бэ? гээд жоохон хэрүүлийн чанартай юм хэлсэн...Хэрүүлийн чанартай юм яриад сүхээ бариад ирсэн юм. Тэгээд учир зүггүй саваад унасан. Миний энэ чихний энэ дээр нэг оноод ахиад сүх нь доошлохдоо нэг шилбэ оночихсон. Сүхийг нь булааж аваад шидсэн...Тэр үед би цаашаа хашааны хаалгаар гараад будаа авчхаад хашааны хаалгаар орсон чинь манай эгч рүү ******* дайраад байхаар нь би гялс хурдан гүйж очоод дундуур нь орсон чинь хутгатай би мэдээгүй байсан чинь миний баруун хэвлий болон зүүн доод хэсэгт 2 удаа хутгалж нэг гэдэс хавьд зүсээд авсан. Би айсандаа хамаг хувцсаа тайлсан чинь цус годогдож гараад би бага зэрэг орилоод ухаан алдаад уначихсан маргааш эмнэлэгт хагалгаанд орсон байдалтай сэрсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би үлдсэн хоолоо хийх гээд гэртээ байж байсан чинь ерөөсөө гадаа аймаар орилолдоод эхэлсэн. Тэгээд л очоод гараад харсан чинь Л.******* ах, А.- 2 хоорондоо маргалдчихсан барьцалдаад ээж дундуур нь орж ирчихсэн орилж байсан. Гадаа ямар ч байсан гадаа хоорондоо маргалдаж байсан....Энэ 2 барьцалдсан байсан. Ээж бид 2 дундуур нь орсон. Тэгэхэд Л.******* ах ямар ч байсан нэг сүх барьчихсан байсан. Тэгээд тэр сүхийг бариад зогсож байхад нь А.******* уурлаад буцаагаад аваад тэр сүхийг нь шидсэн юм. Тэр үед бүх юм хурдан болоод өнгөрсөн. Дараагаар нь харахад чихийг нь яз цохисон байсан ...Тэгээд бид хоёр 2 тийшээ салгаад ямар ч байсан 2 тал руу нь гаргаад дүүгээ хашааныхаа гадаа гаргаад Л.******* ахыг гэр лүүгээ орооч гээд гуйгаад оруулсан юм. Ороод байж байсан чинь Л.******* ах буцаад гараад ирсэн. Тэгээд гарч ирээд учир зүггүй хүн доромжлоод хараагаад хүн өдөөд тэгж байснаа хашааны гадаа дахиад гараад ирсэн. Гарч ирээд над руу далайгаад орилж хашхичаад хэл амаар доромжлоод унасан чинь манай дүү эргэж ирээд дахиад энэ 2 барьцалсан. Барьцалдаад нэг их удаагүй нэг хашааны гаднаас ерөөсөө дотоод тал руу дотогшоо ор гээд түлхэх хооронд буцаад манай дүү хойшоо пид гээд л уначихсан юм. Тэгээд би гайхаад яачхав гээд ингээд харсан чинь ******* ах хутга барьчихсан зогсож байсан, хажууд нь ээж зогсож байсан. Тэгээд би арай ч хутгалчхаагүй байлгүй дээ гээд буцаад эргэж хараад дүү рүүгээ яваад очсон манай дүү дээшээ хараад гэдсээ дараад уначихсан байсан. Би сандраад гүйж ороод утсаа аваад түргэн цагдаа дуудсан “ гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...манай хүн бид 2 гараад хашааны хаалга хонхойгоод ирэхээр нь хашааны хаалга эвдчихлээ шүү гэсэн чинь манай хүү уурлаж орж ирээд Л.*******ыг цохиод зодож эхэлсэн. Тэгээд харин А.*******ыг А.ь салгаад Л.*******ыг би салгаад 2 тийш нь аваад гэр лүү орсон. Ороод би даараад байсан болохоор халаад авахаар хувцас хайж байх хооронд Л.******* гараад явчихсан байсан. Халаад өмсөөд эргээд харсан чинь би хүн хутгалчихаа гээд хутга бариад ороод ирсэн. Би хутгыг нь аваад Шкафт хийгээд удаа ч үгүй цагдаа нар орж ирсэн” гэсэн мэдүүлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/6306 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар
Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой 22 цагийн орчимд , тоотод А.*******той “архи уулаа, хашааны хаалга эвдлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан өдөж, улмаар тухайн орчиндоо А.ь, А.******* нартай хэрүүл маргаан үүсгэсний улмаас А.- нь харилцан зууралдсан, бие биеийнхээ биед гараар халдсан, хохирогч А.*******ын биед сүхээр чих рүү нь цохиж, мөн хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалж түүний биед хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гэртээ ороод хутга аваад хутгалснаа мэдэхгүй” гэж мэдүүлж байгаа хэдий ч тухайн хашаан дотор маргалдсан, түүнээс хойших гэрт орж хутга авсан, эргээд хашааны хаалганы гадна байх А.- дээр зорьж очиж зууралдан 2 удаа хэвлийн баруун, зүүн хэсэгт нь хутгалсан хүнд хохирол учруулсан үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч А.*******ын эсрэг сүх, хутга зэрэг зэвсгийн зүйлээр гэрч нарын эсэргүүцлийг үл тоон өөр өөр газар дахин дахин халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан сэтгэл санааны нөхцөлийг дүгнээд “Сэтгэл санаа цочрон давчдах” гэдэг аливаа хохирогчийн болон бусад үйлдлийн улмаас өөрт болон бусдад учруулсан заналхийлэл нь бодитой, үүний улмаас өөрийгөө удирдах чадваргүй, сэтгэл зүйн түр сарнилын үүднээс бусдад хохирол учруулсан байхыг шаарддаг учир шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг сэтгэл санаа цочрон давтаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж өөрчлөх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт:- Энэ хуульд заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" хэмээн тодорхойлж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан
Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь хохирогчийн биед учруулсан гэмтэл нь ажлын хэсэг нь 14 см урт, 2,5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн хатгах үйлдлээр учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, улсын яллагчаас зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь хамт байх хугацаандаа шүүгдэгчийн зүгээс хохирогчийн биед халдсан үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хэргийн үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан үндэслэлтэй болохыг дурдав.
Иймд шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутай гэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгт “...хохирол төлбөрт 3,000,000 төгрөгийг авсан, цаашид баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх тайлбар гаргасныг үндэслээд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Харин хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хор уршиг нь арилаагүй байгааг харгалзан цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “ ...Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэрэг байдлыг нь харгалзаад Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл хэсэг заалтад ялын дээд хэмжээний 3.2-с хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 3.2-с багагүй ял оногдуулна гэчихсэн. Тэгэхээр 5 жилийн хугацаагаар оногдуулах ял шийтгэл оногдуулаад түүнээс 3.2 буюу 3 жил 6 сарын хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, удаа дараа тухайн үйлдлээрээ ял шийтгүүлсэн байдал, эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн насны байдал, эрүүл мэндийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.*******т 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ