2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507 00000 0210 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******,*******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.******* нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд ******* маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...согтуугаар машин жолоодсон нь үнэн. Маргааш нь ажилтай болохоор хувцсаа солих гээд машинтай явсан ... ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025.07.23 өдөр би ахтай танилцан хамт машин дотор ахтай хамт архи ууж байгаад үргэлжлүүлээд буудалд орж уусан. Тэгээд би ахад таны машинаар чинь Налайхын*******ны******* тоот гэртээ очиж хувцсаа сольчхоод  ирье гэж хэлэхэд тэг гээд унтаад үлдсэн.  машинаар гэртээ харьчхаад буцаад буудал руу явж байгаад  өөдөөс тээврийн хэрэгсэлтэй зөрөх гэж байгаад замын хажуу руу орчихсон....” гэх мэдүүлэг /хх-27 -р тал/,

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх  “...4.69 % тай гарсныг танилцуулсан “ гэх тэмдэглэл /хх-38 дахь тал/,

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Би 2025 оны 07 дугаар сарын 23 ны өөрийн тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад хажуугаар өнгөрч явсан нэг залуугаас газар асууж хонох айлаа олохгүй байгаа тухайгаа хэлсэн чинь тэр залуу манайд хоночихгүй юу гэж хэлсэн. Тэр залуу өөрийгөө ******* гэж танилцуулж байсан. Архи дуусах үед ******* архинд явсан...би өрөөндөө унтаад үлдсэн бараг үүр цайж байх үед ******* ирээд за ахаа хэрэг тарьчихлаа таны машинтай замын хажуу руу орчихсон гэж хэлсэн бөгөөд миний машины журмын хашаанд байгаа. ...би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан гомдол саналгүй “ гэсэн мэдүүлэг /хх-11 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/5224 дугаартай шинжээчийн “...Д.*******ийн цуснаас 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /хх-15-16 дахь тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЗШ/220 дугаар шийтгэвэр /хх-46-48 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд иргэн Ц.гийн өмчлөлийн ******* маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4.69 %тай согтуурлын зэрэгтэй байхдаа жолоодсон болох нь шүүгдэгчийн Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, жолоочийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээс хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.

            Иймд шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар  улсын яллагчаас: “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4500 нэгж буюу 4500000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4,500/ дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4,500/ дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

                            

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД