Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2023/00405

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2023/00405

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д.Г-д холбогдох гэм хорын хохиролд 5 032 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч Д.Г нь шүүх хуралдааныг товыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авч тус шүүхийн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Д.Г холбогдуулан гэм хорын хохиролд 5 032 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18 байрны 6 давхарын 42 тоот оршин суугч Д.Гийн балкон дээр гал гарч 7 давхар, 8 давхар руу гал орж их хэмжээний утаа тортог болсны улмаас маш их хохирол учруулсан. Тиймээс уг гал түймрийн улмаас бүх өрөөний хана тааз, цонх, эд хогшил, коридор болкон маш их хэмжээний утаа тортог болсон. Абжур, буйдан, балкон дээр байсан машины сэлбэг, тасдагч хөрөө, барилгын багаж, хүүхдийн хувцас, тоглоомнууд шатаж их хэмжээний хохирол учруулсан. Байранд байсан эд хэрэгслээ гаргаж утаа тортогоо цэвэрлэж, цэвэрлэгдэхгүй зүйлсээ хаяж утааны үнэр гарахгүй байсан учир түрээслэж байсан айлаа гаргаад байрандаа засвар хийсэн болно. Байрандаа гал тогооны цонх, том өрөөний цонх 2 ширхэгийг мөн бүх өрөөний засварт замаска, будаг, имульс обой, цемент болон ажлын хөлстэйгээ их хэмжээний зардал гарсан. Дээрхи үүссэн хохирол буюу байрны засварын үнэлгээг Далайван аудит ХХК-ийн орхон аймаг дахь салбараар тогтоолгоход үнийн дүн нь 5 032 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү. Галын үнэлгээний акт 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан боловч үүнээс хойш 6 сар гаруй хугацаа өнгөрөхөд иргэн Д.Г нь миний хохирлыг барагдуулж өгөхгүй байна. гэжээ.

2. Хариуцагч Д.Г шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3.Нэхэмжлэгчээс Б.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Далайван аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-6-12/, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/08 дугаартай дүгнэлт /хх-13-14/, зарлагын баримтууд /хх-15-48/, фото зураг /хх-49-55/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШЗ2022/04943 дугаартай шүүгчийн захирамж /хх-56/-г гаргаж өгсөн.

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.О ...хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18 байрны 6 давхарын 42 тоот оршин суугч Д.Гийн балкон дээр гал гарч 7 давхар, 8 давхар руу гал орж их хэмжээний утаа тортог болсны улмаас маш их хохирол учруулсан.Одоо үнэлгээ болон зарлагын баримтуудад үндэслэн хариуцагчаас 5 032 200 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.

3.Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Далайван аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зарлын баримтууд, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/08 дугаартай дүгнэлт, фото зураг зэрэг баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 43 минутын үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол 18 дугаар байр 42 тоот оршин суугч Д.Гийн болкон дээр байсан цахилгаан хэрэгслийн /хөлдөөгч/ цахилгаан дамжуулах утасны дээжид богино холболтын бөмбөлөг үүссэний улмаас гал гарч улмаар тус байрны 7 дугаар давхрын 50 тоот буюу Б.Эын гэрийн тагтны хэсэгт байсан вакум хаалга, цонх, эд хогшил шатаж хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

6.Хариуцагч Д.Гийн тагтан дээр байсан хөлдөөгчний цахилгаан дамжуулах утасны дээжид богино холболтын бөмбөлөг үүссэний улмаас гал гарсан, уг галын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул хариуцагч Д.Г нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг 5 032 200 төгрөгөөр тодорхойлсон Далайван аудит ХХК-ийн үнэлгээ /бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэсэн /, зарлагын баримтуудад үндэслэн хариуцагч Д.Гоос 5 032 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-од олгох нь зүйтэй гэж үзлээ.

10.Дээрхи дүгнэлтийг гаргахдаа шүүх иргэдийн төлөөлөгчийн хохирол нэхэмжилж байгаа нь зөв гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг харгалзаж үзсэн болно.

11.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 465 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос 95 465 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гоос 5 032 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 465 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос 95 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ