Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2023/00050

 

 

 

2023 01 03 142/ШШ2023/00050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух Т.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................. тоотод оршин суух . Б.М  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8 925 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ө

Хариуцагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Ө нь Б.Мхолбогдуулан зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 8 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Мягмаржаргал нь 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг зээлдэн авсан юм. Мягмаржаргал түүний нөхөр Наранбямба нь анх мөнгө зээлэхдээ эгчээ тус болооч дүү нь гэр оронгүй хашаа байшин авах гэсэн юм 5 000 000 төгрөг зээлдүүлээч гэж гуйхаар нь миний хүүхдээс ялгаа юу байхав гэж бодоод өгсөн. Тухайн үедээ эхнэр маань аавынхаа оронд Эрдэнэт үйлдвэр-т ажилд орох гэж байгаа, манайх прус-30 машинаа худалдаад таны мөнгийг өгчихнө гэхээр нь итгээд мөнгө зээлсэн юм. Гэтэл мөнгөө аваад л сар бүр өгөх хүүгээ ч өгөөгүй, 6 дугаар сарын 19-нд миний ах нас барсан үед мөнгө гэж шаардахад 150 000 төгрөг өгсөн дахин мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөөч гэхээр удахгүй өгнө гэж явсаар өдийг хүрсэн саяхан хэлсэн чинь мөнгө байхгүй юм чинь юугаа өгөх вэ дээ гэж хүртэл мессэж ирүүлсэн тул энэ залуучуудыг сайн дураараа өгөх байх гэж харвал миний нас гүйцэхгүй бололтой, би хэдэн өнчин хүүхдүүд, ач зээ нартайгаа амьдардаг хүн, одоо түлээ модоо ч авч чадаагүй өвөл хаяанд ирээд амьдрал хүнд л байна. Зээлийн гэрээнд заасны дагуу 5 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай, гэрээний үүргээ 2022-03-28-нд 6 050 000 төгрөг болгон өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцно гэсний дагуу алданги нэхэмжилнэ. Иймд Б.Мягмаржаргалаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 7 сарын хүү 1 050 000 төгрөг, алданги 3 025 000 төгрөг нийт 9 075 000 төгрөгөөс 6 дугаар сард өгсөн 150 000 төгрөгийг хасаж нийт 8 925 000 төгрөг /найман сая есөн зуун хорин таван мянга/ нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Мягмаржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр Наранбямба бид хоёр хашаа байшин худалдаж авах гээд мөнгө дутаад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг Т.Ө гэх хүнээс зээлсэн. 7 сарын хугацаанд үндсэн мөнгө 5 000 000 төгрөг дээр сар бүрийн 3% хүү болгож 1 000 000 төгрөгийг нэмж өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Сар бүрийн 3% хүү болох мөнгийг зээл эргэж төлөх хугацаа дуусах үед үндсэн мөнгөтэй хамт өгнө гэж тохирсон байсан. Тэгээд нотариат орж батлуулахаар тохирч нотариатч дээр очсон. Нотариач нь дараах гэрээг хийж өгсөн. Нотариатч хэлэхдээ за ингээд хийгээд өгье гэрээнд алданги оруулсан гэсэн. Гэрээний үр дагаварыг нөхөр бид хоёр мэдээгүй байсан. Мөнгө зээлсэн хүн болох Өлзийхишиг гэх хүн архи шагалдаг бөгөөд манай нөхрөөр орой бүр машинаар нь тэр ажлаа хийх гээд дуудаж авч явдаг байсан. Энэ хугацаанд байнга манай нөхөртэй архи хамт ууж, тогтмол согтуу байлгаж байсан. 2021 оны 12 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өлзийхишиг нь манай хүнтэй хамт архи хувааж уусан бөгөөд согтуу гэрээс нь гарч яваад приус 20, приус 30 маркийн 2 машин мөргөж 9,0 сая төгрөгийн өрөнд орсон. Бид худалдаж авсан хашаа байшингаа зарж 9,0 сая төгрөгийн хохирлоо барагдуулсан. Өлзийхишиг гэх хүн хүүхэд шигээ насны хүнийг дагуулж хууль бус ажилдаа авч явж, байнга архидуулж, шагын архиа зөөлгүүлж байсан. Энэ хэргээс болж нөхөрт маань Өлзийхишиг нь эхнэртээ надтай уусан гэж битгий хэлээрэй, 500 000 төгрөг өгье энэ хохиролдоо нэмэрлээрэй гэж хүртэл хэлсэн байсан. Өдий хүртэл нөхөр Наранбямба нь нуусаар ирсэн. Энэ бүхнээс болж бид орох орон ч үгүй болсон. Гэрт байнгийн хэрүүл маргаан тасрахаа байсан. Нөхөр ч тогтсон ажилд орсон юм байхгүй энэ хүний ажилд тусалж байна гээд өдөрт 25 000 төгрөг авч, эргээд согтуу ирдэг болсон. Тухайн үед манай нөхөр Наранбямба нь Өлзийхишиг гэдэг хүнээс мөнгө зээлэхдээ надад маш сайн нэг эгч байгаа энэ хүнээс л зээлье гээд зээлсэн боловч үнэн хэрэгтээ манай нөхрийг ашиглаж архидуулж орон гэрт хэрүүл гаргах болсон. Миний бие саяхан амаржсан нялх хүүхэдтэй. Одоогоор бид нөхрийн таксинд явж олсон мөнгөөр түрээсийн байранд 2 нялх хүүхдийн хамт амьдарч байна. Бидний хувьд зээлсэн мөнгө 5 000 000 төгрөг хүү 1 000 000 төгрөгийг өгөх боломж байсан ч нөхөр энэ хүний ажилд өдөр бүр явдаг байсан. Үүнээс нь болж манай нөхөр архи ууж тээврийн осол гаргаж бид өөрсдийн арай гэж бий болгож байсан эд хөрөнгөө зарсан. Үндсэн мөнгө, хүүг бид буцаан төлөх болноо. Харин гэрээний алданги болох 3 025 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр Т.Ө гэх хүний ах нь өнгөрсөн байна гээд байсан 150 000 төгрөгөө 6 сард өгсөн мөн, машинаа зараад үндсэн мөнгө хүүг төлөх тухай Өлзийхишигт санал болгож байсан ч 9,0 сая гаруй төгрөг авах ёстой гэх зэргээр дайрч давшилж байсан. Манай нөхөр 9,0 сая гаруй болгож өгөх ямарч боломж байхгүй байсан. Би танд 9,0 сая гаруй төгрөг өгөх ямарч боломж байхгүй ээ гэж удаа дараа хэлээд 2-уулаа шүүхээр орж асуудлаа шийдье гэж хэлсэн. Надаас гэрээ дууссан хугацаа болох 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги, хүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хугацаанд би зээлээ барагдуулах тухай хэлж байсан ч надаас илүү мөнгө нэхсээр муудалцаж сүүлдээ ийм байдалд хүрсэн гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Т.Ө иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2879 дугаартай зээлийн гэрээ /хх5/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-6/, Б.Мягмаржаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Мягмаржаргалын нь нийт 8 925 000 төгрөг нэхэмжилснээс 8,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 925 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.Мягмаржаргал нь 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл мөнгөө аваад л сар бүр өгөх хүүгээ ч өгөөгүй, 6 дугаар сарын 19-нд 150 000 төгрөг өгсөн, дахин мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөөч гэхээр удахгүй өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу 5 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай, гэрээний үүргээ 2022 оны 03 сарын 28-нд 6 050 000 төгрөг болгон өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцно гэсний дагуу алданги нэхэмжилнэ. Иймд Б.Мягмаржаргалаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 7 сарын хүү 1 050 000 төгрөг, алданги 3 025 000 төгрөг нийт 9 075 000 төгрөгөөс 6 дугаар сард өгсөн 150 000 төгрөгийг хасаж нийт 8 925 000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан бөгөөд үндэслэлээ: ...Манай нөхөр Наранбямба бид хоёр хашаа байшин худалдаж авах гээд мөнгө дутаад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг Өлзийхишиг гэх хүнээс зээлсэн. 7 сарын хугацаанд үндсэн мөнгө 5 000 000 төгрөг дээр сар бүрийн 3% хүү болгож 1 000 000 төгрөгийг нэмж өгөхөөр харилцан тохиролцсон. Сар бүрийн 3% хүү болох мөнгийг зээл эргэж төлөх хугацаа дуусах үед үндсэн мөнгөтэй хамт өгнө гэж тохирсон байсан. Тэгээд нотариат орж батлуулахаар тохирч нотариатч дээр очсон. Нотариатч хэлэхдээ за ингээд хийгээд өгье гэрээнд алданги оруулсан гэсэн. Бидний хувьд зээлсэн мөнгө 5 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөгийг өгөх боломж байсан ч нөхөр энэ хүний ажилд өдөр бүр явдаг байсан, үүнээс нь болж манай нөхөр архи ууж тээврийн осол гаргаж бид өөрсдийн арай гэж бий болгож байсан эд хөрөнгөө зарсан. Үндсэн мөнгө, хүүг бид буцаан төлөх болно. Харин гэрээний алданги болох 3 025 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4а. Хариуцагч Б.Мягмаржаргал нь Т.Өлзийхишигээс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2879 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатайгаар зээлсэн, Б.Мягмаржаргал 150 000 төгрөг буцаан өгсөн нь уг зээлийн гэрээ болон талуудын тайлбаруудаар тогтоогдож байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

6. Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2879 дугаартай Т.Өлзийхишиг, Б.Мягмаржаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 5,0 сая төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Б.Мягмаржаргал тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээжээ. /хх-ийн 5х/

7. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба алдангийн талаар гэрээндээ тохиролцсон байна.

8. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж алдангийн зарим хэсэг 925 000 төгрөгөөсөө татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөг болгосон.

9. Иймд Б.Мягмаржаргалаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 050 000 төгрөг, алданги нэхэмжлэгчийн шаардсанаар 1 950 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг гаргуулан Т.Өлзийхишигт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өлзийхишигт олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мягмаржаргалаас 8 000 000 төгрөг гаргуулан Т.Өлзийхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 925 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжаар 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өлзийхишигт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА