Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2023/00070

 

 

 

2023 01 05 142/ШШ2023/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  .............. Ж.Л ............................................

Хариуцагч: . ................... П.Б ...................................................

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9 405 610 төгрөг гаргуулах тухай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч ******* /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие зам тээврийн ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч хохирогчоор тогтоогдон *******д холбогдох эрүүгийн хэрэг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/38 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн. Тус Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн юм. Иймд ******* миний бие хариуцагч *******эс 08 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал эмнэлгийн магадлалтай байсан үеийн цалингийн зөрүү, 12 дугаар сард ажилдаа орсон хэдий ч биеийн байдлаас хамаарч хорогдуулсан цагаар ажилласны зөрүү мөн 13 дахь сарын цалин өвчтэй байсны улмаас цалин буурсан гээд авах байсан цалингийн зөрүү нийт 9 260 310 төгрөг, осолд орсны дараа эмчийн зөвлөгөөний дагуу зүүсэн бүсний үнэ 104 900 төгрөг, хагалгаанд орох мөн гэмтлийн зэрэг тогтоолгохоор Улаанбаатар хот явсан зардал нийт 40 400 төгөрг, нийт 9 405 610 төгрөгийн хохирол учирсан. Иймд хууль тогтоомжийн дагуу ******* надад учирсан хохирол болох 9 405 610 /есен сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун арван/ төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: ******* миний бие *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/38 тоот шийтгэх тогтоолоор 8 195 966 төгрөг төлсөн. Эрдэнэтээс Улаанбаатар хот руу ******* гуйлтаар машиныг унасан. Тэр үед санаатайгаар биш санамсаргүй замын осол гарсан. Тэр машиныг хариуцаж явсан машины эзнээс энэ мөнгөө нэхэмжлэн гаргуулж авна уу. Осол гарсан өдөр Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын эмнэлэгт *******ыг үзүүлэхэд гэмтэл гараагүй. Шинжилгээ хийлгэхэд шинжилгээнд гэмтэл илрээгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Тэрнээс хойш 1 сарын дараа ******* эмнэлэгийн бичиг гаргуулж дахиж шүүх эмнэлэгээр орж хүндэвтэр зэрэг гаргуулсан. *******ын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Осол болсон газар дээрх үзлэгийг эмч би өөрөө хийсэн. Энэ хүнд мөнгө өгөх боломж надад байхгүй. Би өөрөө АШУҮИС-д суралцдаг. Би өөрөө маш их өр зээлтэй, орон гэр байхгүй түрээсийн байранд амьдардаг. Амьдралд минь маш том мөнгөний дарамт болж байна. Миний хувьд дахин мөнгө төлөх боломж байхгүй байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч: Харицагч хурд хэтрүүлэн дүрмийн бус гүйцэж түрүүлэх үйлдэл хийн хохирол учруулсан бол хохиролыг төлөх ёстой. Үндсэн жолооч согтуу гэж *******эр жолоо бариулсан бол нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөлцөх ёстой. Нэхэмжлэгч ослын улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хохирлоо барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс: *******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/, *******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-4/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /хх-6-7/, *******ын цалингийн лавлагаа /хх-8/, *******ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт /хх-9/, 2021 оны 09 сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /хх-10-15/, *******ын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-16/, *******ын шүүхэд гаргасан хүсэлт /хх-20/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 105 дугаар шүүхийн тогтоолтой 142/2022/00195/и индэкстэй, *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын гэм хорын хохирол 9 405 610 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 8 108 603 төгрөгийн хэсгийг хэсгийг хангаж, үлдэх 1 151 707 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхйолсон. Үүнд: ******* миний бие зам тээврийн ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан. *******д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2021/ШЦТ/38 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн юм. Иймд хариуцагч *******эс 08 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал эмнэлгийн магадлалтай байсан үеийн цалингийн зөрүү, 12 дугаар сард ажилдаа орсон хэдий ч биеийн байдлаас хамаарч хорогдуулсан цагаар ажилласны зөрүү, мөн 13 дахь сарын цалин өвчтэй байсны улмаас цалин буурсан гээд авах байсан цалингийн зөрүү нийт 9 260 310 төгрөг, осолд орсны дараа эмчийн зөвлөгөөний дагуу зүүсэн бүсний үнэ 104 900 төгрөг, хагалгаанд орох мөн гэмтлийн зэрэг тогтоолгохоор Улаанбаатар хот явсан зардал 40 400 төгөрг, нийт 9 405 610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...шийтгэх тогтоолоор 8 195 966 төгрөг төлсөн. Эрдэнэтээс Улаанбаатар хот руу ******* гуйлтаар машиныг унасан. Тэр үед санаатайгаар биш санамсаргүй замын осол гарсан. Тэр машиныг хариуцаж явсан машины эзнээс энэ мөнгөө нэхэмжлэн гаргуулж авна уу. Осол гарсан өдөр Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын эмнэлэгт *******ыг үзүүлэхэд гэмтэл гараагүй. Шинжилгээ хийлгэхэд шинжилгээнд гэмтэл илрээгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Тэрнээс хойш нэг сарын дараа ******* эмнэлэгийн бичиг гаргуулж дахиж шүүх эмнэлэгээр орж хүндэвтэр зэрэг гаргуулсан. *******ын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хужилттай замын 81-82 дахь тэмдэгт бүхий газарт GSB Capital банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн 65-45 УАВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэхь хэсэгт заасныг зөрчиж *******ын эрүүл мэндэд баруун мөрний үений эгэм, далны холбоосны урагдал, тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр төргөж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагчийн гэм буруугийн талаар эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн дахин дүгнэлт хийхгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505.1.-д зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бөгөөд энэ талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаар Шийтгэх тогтоолд: ...*******д хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн *******ын 15 924 545 төгрөгийн нэхэмжлэлээс нурууны бүс 104 900 төгрөг, замын зардал 40 400 төгрөг... зэргийг нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү нэхэмжилсэн 12 412 279 төгрөгийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээжээ.

6. Нэхэмжлэгчийн 2020 оны 8-12 дугаар сард өвчтэй байх хугацаанд тодруулбал 8 дугаар сард 76 621 төгрөг, 9 дүгээр сард 1 989 834 төгрөг, 10 дугаар сард 2 457 404 төгрөг, 11 дүгээр сард 2 497 355 төгрөг, 12 дугаар сард 1 151 707 төгрөг, 13 дахь сарын цалин 1 087 389 төгрөг, нийт 9 260 310 төгрөгийг дутуу авсан болох нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22/77 дугаар албан бичиг, түүний хавсралт, эмнэлэгийн хуудсаар нотлогдож байгаа хэдий ч 12 дугаар сард өвчтэй байсан талаарх эмнэлэгийн хуудас хэрэгт авагдаагүй, 12 дугаар сард өвчтэй байсан нь нотлогдохгүй байна. Иймд 12 дугаар сарын авах байсан цалингийн зөрүү 1 151 707 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Мөн нурууны бүс 104 900 төгрөг, замын зардал 40 400 төгрөгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ шаардлагыг мөн хангах боломжгүй гэж дүгнэлээ.

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******эс гэм хорын хохиролд 8 108 603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 1 297 007 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хурд хэтрүүлэн хохирол учруулсан тул хохирлыг хариуцагч төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд нэгэнт гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрийг гаргалаа.

9. Хариуцагч шүүх хуралдаан дээр машины эзнээс нэхэмжлэх ёстой гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн ч нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон тул өөр этгээдэд хохиролыг хариуцуулах боомжгүй байна.

10. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 144 688 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч *******эс 8 108 603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 297 007 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжаар 144 688 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ДАГИЙМАА