2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2252

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч П.Итгэл (томилолтоор),

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны ** дугаар сарын **-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан  дүүрэг ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байсан,

Х овогт Г-н Б /РД********* /.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** хороо ** байрны баруун талын замд “Toyota Prius-30” **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: *** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүгдэгч хэргийн зүйлчлэл дээр маргахгүй оролцсон бөгөөд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.

 

4. Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

4.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 2-р хуудас/,

4.2. “Цагдаагийн ерөнхий газрын **** оны ** дугаар сарын **-ний өдөр эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 10-р хуудас/,

4.3. Д аймгийн ** сум дахь сум дундын  шүүхийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 30-р хуудас/,

4.4. Шүүгдэгч Г.Б-н мэдүүлэг “... Би **** оны ** дугаар сарын **-ны өглөө ажилдаа явсан. Тэгээд ажил дээр очсон чинь хамт ажилладаг хүний төрсөн өдөр болж байсан касс шар айраг 4 лааз уусан. Тэгээд ажил дээр байж байгаад найз М гэрт хүргэж өгсөн. Тэр өдөр миний машиныг хадам ах Т авч яваад буцаад зогсоол дээр байрлуулах үедээ эвгүй газар байрлуулсан байсан. Тэгээд би гэр лүүгээ орох гээд явж байхад сул зогсоол байхыг хараад орж машины түлхүүр аваад Toyota Prius-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зогсоол руу орох гэж 30 метр газар явж байсан чинь миний орох гэж байсан зогсоол руу нэг машин орох гэж байсан тэгээд зогсоолоос болж маргаан үүсэх үед архи уусан байсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заан **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

 

7. Тус зүйлийн Тайлбар хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20,

түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан байна.

 

8. Шүүгдэгч Г.Б нь Д аймгийн *** сум дахь сум дундын  шүүхийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаартай шийтгэврээр “согтуугаар автомашин жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,65 промиль хэмжээтэй илэрсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тус хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул Г.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Хохирол төлбөр.

10.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

11. Эрүүгийн хариуцлагын талаар.

11.1. Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан,

11.2. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон согтуурлын хэмжээ, гэм буруугаа хүлээж байгаа, бусдад учруулсан хохирол төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

 

   12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-н тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ