Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар  2021/ДШМ/586     

 

 

 

 

 

Т.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат,    

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108000500101 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 23-05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Зтай хардалтын улмаас маргалдан улмаар зүүн бугалгаас нь татаж унагаан цээжин хэсэг рүү нь өшиглөсөн, мөн Хилчний 24 дүгээр гудамжинд явж байхдаа Ч.Зг газар унагаан баруун чих хэсэгт нь хөлөөрөө дэвсэж биед нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Б овгийн Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Тт сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Т.Т нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд “Эко констракш” ХХК-ний харуул, хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай ба 24 цагаар үүрэг гүйцэтгэж, 48 цаг амардаг. Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5171330946 тоот дансанд торгууль төлөх хэмжээний мөнгө хуримтлуулсан байгаа. Гэтэл шүүхээс 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь би нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэж өдөрт 8 цаг ажиллах хугацаанд манай байгууллага намайг ажлаас халж, би ажилгүй, орлогогүй, нийгмийн эмзэг бүлгийн өрх нэгээр нэмэгдэж нийгмийн халамжинд хамрагдах хэмжээнд хүрэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг Т.Т тодорхой хэмжээгээр хангасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа тухайн эдгээдийн хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад эргээд ажиллах нөхцөл байдал нь хүндэрч, ажилгүй болох эрсдэлтэй байгаа тул харгалзан үзэж торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байгааг өмгөөлөгчийн хувьд дэмжин оролцож байна. Шүүх торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой. Шүүгдэгч Т.Тт нийтэд тустай хийлгэх ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулвал хэвийн ажиллаж хөдөлмөрлөх, ар гэрийн нөхцөл байдал хүндрэхгүй байх боломжтой учир энэ байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.     

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх яллах дүгнэлт гардуулахдаа прокурорын зүгээс Т.Тт хандаж “ажил хийдэг бол нотлох баримтаа авчирч өгөөрэй” гэж хэлэхэд тухайн үед ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэггүй талаараа мэдүүлсэн. Мөн оршин суугаа газар нь тодорхойгүй “энд тэнд амьдраад явдаг” гэж байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч “Эко констракшн” ХХК-д хамгаалалтын ажил хийж байгаа талаараа мэдүүлсэн. Гэвч ажлын байрны тодорхойлолт, орлогын баримт зэрэг ажил эрхэлж байгааг нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Түүнчлэн яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт дурдагдсанаар “Т.Т нь ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, энэ нь үнэн зөв” гэж мэдүүлсэн бөгөөд үүнийгээ шүүхийн хэлэлцүүлэгт ч мэдүүлдэг. Тийм учраас шүүгдэгчийн торгох ял оногдуулахыг хүссэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүхээс оногдуулсан ял биелэгдэх учиртай. Т.Тт ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг, түүнийгээ нотолсон баримтын прокурор, шүүхийн шатанд нотолж, гаргаж өгөөгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Тт холбогдох эрүүгийн 2108000500101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

2020 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 23-05 тоотод хамтран амьдрагч Т.Т, Ч.З нар нь хардалтын улмаас маргалдаж, улмаар Т.Т нь Ч.Згийн зүүн бугалгаас нь татаж унагаан цээжин хэсэг рүү нь өшиглөсөн, үргэлжлүүлэн Хилчний 24 дүгээр гудамжинд явж байхдаа Ч.Зг газар унагаан баруун чих хэсэгт нь хөлөөрөө дэвсэж, Ч.Згийн биед нь “...тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл...”-үүдийг учруулсан болох нь:

хохирогч Ч.Згийн: “...нөхөр Т.Т гэртээ ирэхгүй гадуур 10 гаран хоносон юм. ...би найз Х болон түүний нөхөр Д хоёрыг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 24-28 тоот болох Д-гийн гэрт 2020 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 02 цагийн үед очиход манай нөхөр Т.Т гэрийн хойморт танихгүй охинтой нэг хөнжилд хамт тэврэлдсэн байдалтай хэвтэж байхаар нь би хөнжлийг нь татаад “чи энд юу хийж байгаа юм” гэж асуухад нөхөр “чамд хамаагүй” гэж хэлсэн. Би Т.Тыг “чи ямар арчаагүй юм” гэсэн чинь Т.Т босоод миний зүүн бугалгаас хүчтэй татаад, гэрээс гаргах гэсэн. Тухайн үед би газарт унаад босох гэтэл Т.Т миний цээж рүү өшиглөсөн. ...миний куртикний урд талаас хоёр гараараа барьж байгаад татаж доош газарт унагаагаад баруун чихний хэсэгт хөлөөрөө дэвсээд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Т.Т учруулсан...” /хх 21-22, 83/,

гэрч Л.Даваасүрэнгийн: “...З Т-тай маргалдахад Т босож ирээд “чи энд яах гэж ирсэн юм бэ” гээд Золзаяг гараараа цохиж газарт унагаагаад толгой хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд дахиж өшиглөх гэхээр нь би Тыг болиулсан. Гэрээс гарсны дараа, гэрийн гадаа Т Золзаяг гэдэс рүү нь өшиглөж газарт унагаачихаад зодох гээд байхаар нь би болиулсан. ...Ттай гудамжинд юм ярьж байгаа харагдсан. Удалгүй Т Золзаяаг газарт унагааж өшиглөж байхаар нь манай эхнэр бууж очоод Золзаяаг авч машиндаа суулгасан...” /хх 13/,

насанд хүрээгүй гэрч С.Хандсүрэнгийн: “...Дэлгэрцэцэг хэн бэ гээд гэрлээ асаахад үл таних хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн орж ирээд нэг эмэгтэй нь “чамайг энд байгааг чинь мэдэж байсан юм” гээд Тыг гараас нь татсан. Тэгсэн Т босож ирээд баруун гараараа тэр эмэгтэйн зүүн хацарт нь маш хүчтэй цохисон чинь тэр эмэгтэй газарт нүүрээрээ унасан, тэгээд ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. ...” /хх 87 гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13416 дугаартай шинжээчийн: “...Ч.Згийн биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эсэргүүцэн тэмцэлдэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 15-16/,

шинжээч С.Чулуунсүхийн: “...хохирогчийн биед учирсан гэмтлээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,

гэр бүлийн хүчирхийллийн талаархи Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 27-28/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 29-37/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Тын гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Ч.Зтай хардалтын улмаас маргалдаж, улмаар Ч.Зг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн Т.Тын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Т.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Т.Тын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хохирогч Ч.З нь 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хавтас хэрэгтэй танилцаад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх 93/ байх тул шүүхээс шүүгдэгч Т.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь үндэслэлтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ