Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1225

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Н.А-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Ж-, М.М- нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах, зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч О.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М-тай 2012 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Банкны журмын дагуу М.М-, О.Ж- нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18 000 000 төгрөгийг Төрийн банкны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулж 42 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай авсан. М.М-, О.Ж- нар нь Н.А-т төлбөл зохих 60 000 000 төгрөгөөс 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийг, бүгд 27 717 500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй.

Тэд банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улс/ гэр бүлийн хүний хамт ажиллаж сурахаар гарч явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг нь Н.А- өмнөөс төлж барагдуулсан. М.М-, О.Ж- нарыг Энэтхэгээс ирсний дараа М.М-тай ярьж тохиролцсоны дагуу 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тэдний зээлийн үлдэгдэл төлбөр болох 41 409 000 төгрөгийг нь Н.А- Төрийн банкин дахь М.М-гийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.М- байрыг буцаан шилжүүлэх, мөн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээний дагуу гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх явцад үүссэн М.М-, О.Ж- нарын Н.А-т төлөх 20 780 705 төгрөгийн өр төлбөрийг 1 жилийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн. Энэ өр төлбөр нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл М.М-гийн өмнөөс Н.А-ын Төрийн банкинд төлсөн 7 089 205 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 41 409 000 төгрөг, нийт 48 498 205 төгрөг, үүнээс 27 717 500 = 20 780 705 төгрөг болсон.

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “0рон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч нар нь 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олох үүрэгтэй атал байрны үнэнд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг, бүгд 27 717 500 төгрөгийг төлж үлдэгдэл 32 282 500 төгрөгийг төлөөгүй. Н.А-ын өмчлөлд байсан улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй уг 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх нь иргэн М.М-гийн нэр дээр 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжин бүртгэгдсэн. М.М- нь уг үл хөдлөх эд хөрөнгөө “Б И” ХХК-д 45 000 000 төгрөгөөр худалдаж хариуцагч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн заалтыг зөрчин 3 өрөө орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөгийг Н.А-т төлөхгүй байгаа тул энэхүү мөнгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч М.М-, О.Ж- нар нь Төрийн банктай 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №49 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу банкнаас зээлж авсан 42 000 000 төгрөгийнхөө зээлийг холбогдох хүү бусад төлбөрүүдийн хамт Төрийн банкинд төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч банкинд нэг ч төгрөг төлөөгүй. Харин нэхэмжлэгч Н.А- нь банкинд 50 751 960 төгрөгийг төлж хариуцагч нарын зээлийн төлбөрийг бүрэн хаасан болох нь Төрийн банкны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн №04/9547 тоот албан бичиг, түүнд хавсаргасан санхүүгийн баримтуудад тусгагдсан байна. Тиймээс хариуцагч нарын өмнөөс нэхэмжлэгчийн Төрийн банкинд төлсөн 50 751 960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 453 дугаар зүйлийн 453.1, 496 дугаар зүйлийн 496.1 болон мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус хуульчлан заасныг үндэслэн 3 өрөө орон сууцаа худалдсан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөгийг, мөн хариуцагч нарын Төрийн банкнаас зээлж авсан 42 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүнүүд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад Н.А-ын зүгээс төлж барагдуулсан 50 751 960 төгрөгийг, бүгд 83 034 460 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх би Н.А-ын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын Арангатын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон юм. Н.А- нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний эхнэр О.Ж- бид 2-той худалдах-худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар /зээл гаргасан/ дамжуулан байрны урьдчилгааг 18 000 000 төгрөг болон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Энэ талаар тухайн үеийн эдийн засагч мэдэж байгаа бөгөөд гэрчлэх болно. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.А- нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед М.М- намайг ашиглаж бага хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж байсныг мэдсэн юм. Хэрэв Н.А- мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Н.А- нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.М-, О.Ж- бид үнэхээр бусдаас гурван өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа худалдсан гэх этгээд болох Н.А-ыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байх ёстой гэж, тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс энэ худалдах-худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Н.А- нь орон сууцаа бидэнд худалдах хүсэл эрмэлзэл сонирхол байгаагүй учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байрандаа өөрөө амьдарч байсан юм. Гэтэл бодит байдал дээр бидний нэрийг ашиглаж өөрийн орон сууцыг барьцаанд тавьж тухайн үедээ бага хүүтэй зээл авч мөнгийг нь өөртөө ашигласан бөгөөд Н.А-т тусалсан биднийг хохироохоор ийм муухай арга хэрэглэж байгаад маш их гомдолтой байна. Н.А- нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг бидэнтэй бодит байдал дээр хэрвээ хийсэн бөгөөд одоо буцааж орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 7 дугаар сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны үнэ 100 000 000 төгрөг хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. Гэтэл Н.А-ын тайлбарлаад байгаа шиг бодит байдал дээрээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй Н.А- нь биднийг ашиглан бага хүүтэй зээл гаргуулан авч ашигласан учраас дээрх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Байрыг Н.А- 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Б И” ХХК-д зарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.М-, О.Ж- нарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ын зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.З нар давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Н.А- миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн мөн иргэний эрх ашгийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзаж байгаа бол татгалзлалын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй үнэн зөв талаас нь баримтыг үнэлж шийдвэр гаргахын оронд таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон бүхий л бичгийн нотлох баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлэн өгсөн байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэрэгт ямар ч баримт өгөөгүй. Гэтэл шүүх шүүх хуралдааныг хэрэгт хамааралгүй баримт гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулан илт хариуцагчид давуу байдлыг бий болгосон. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтыг огт үнэлээгүй бөгөөд зөвхөн зохигчдын тайлбарыг үндэслэн гэрээний зүйлийг дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн үйл баримт харагдаж байна. Учир нь хариуцагч тал гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын нэгэн адил шийдвэрлэжээ. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний талаарх дүгнэлтийг мөн тусгаагүй байгаа нь учир дутагдалтай байна.

Иймд Баянзүрх дүүргийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.  

 

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч О.Ж-, М.М- нарт холбогдуулан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 32 882 500 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 751 960 төгрөг нийт 83 034 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Н.А- М.М- нар нь 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 60/4 дүгээр байрны 9 тоот 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдаж авахаар, урьдчилгаа 18 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 42 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрх худалдах-худалдан авах гэрээг үндэслэн хариуцагч М.М-, О.Ж- нар “Төрийн банк” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 49 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж 42 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 180 сарын хугацаатайгаар зээлсэн, “Төрийн банк” ХХК-ийн М.М-гийн дансанд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 42 000 000 шилжин орсон, мөн тус банкны М.М-гийн данснаас Н.А-ын дансанд 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдсон байна. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр М.М-гийн нэр дээр гарсан байна. /1 дүгээр хавтас 16, 27дугаар тал /

 

Мөн О.Ж- 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М.М-гийн данс руу 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн, М.М- 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.А-ын дансанд 15 717 500 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг асуудлыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй.

 

О.Ж-, М.М- нар нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 60/4 дүгээр байрны 9 тоот 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд №000193044 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ авсан байна. Харин уг орон сууц нь хариуцагч М.М-гийн эзэмшилд бодитоор шилжиж ирээгүй, хариуцагч нар уг байранд оршин суугаагүй болох нь тогтоогдсон үйл баримт байна. /1 хавтас 5 дугаар тал/

 

Хариуцагч М.М-, О.Ж- нар тухайн орон сууцыг худалдаж авах шаардлага байгаагүй, Н.А- бага хүүтэй зээл авах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн бүх мөнгийг авсан, тэгээд ч зээлийг төлж барагдуулсан гэж тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Н.А- хариуцагч нарын тайлбарыг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

 

            Уг орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэх ба нэхэмжлэгч Н.А- нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүрийн төлөлтийг хийж, улмаар 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 41 409 000 төгрөгийг Н.А- төлж, хааснаар энэхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Хэрэгт Н.А-, Б.Андаа нар нь “Б И” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 60/4 дүгээр байрны 1-26 тоот орон сууцыг худалдсан,

 

“Б И” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 59 250 000 төгрөгийг Н.А-ын “Төрийн банк” ХХК-ийн 340601171500 тоот дансанд “Үл хөдлөх хөрөнгийн төлбөр /зээл хаав/ гэсэн утгаар шилжүүлсэн болох нь “Депозит дансны харилцагчийн монгол хуулга”, “Б И” ХХК-ийн мөн өдрийн 238 дугаартай төлбөрийн даалгавар зэргээр тогтоогдсон байна. “Б И” ХХК-ийн нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /1 хавтас 66 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзсан байгаа бөгөөд энэ хэмжээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А- худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авах зорилготой байсан гэж дүгнэсэн нь буруу биш байна.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн Н.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.М-, О.Ж- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.А-аас төлсөн 573 123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО