Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 374

 

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 544 дүгээр магадлалтай, Б.А-д холбогдох 1710000000192 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний охин Т.С-ийг зодож, хөнгөн гэмтэл учруулсанд гомдолтой байна. Шүүгдэгч хохирогчтой эвлэрээгүй, нэхэмжилсэн хохирлын мөнгийг бүрэн төлөөгүй, зөвхөн 138,410 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшээгүй. Миний охин гоо сайханч хийдэг, хөнгөн гэмтэл авсны улмаас ажилдаа олон хоног явж чадаагүй бөгөөд ажиллаагүй хугацааны цалинг шүүгдэгчээс гаргуулах гэсэн боловч түүний өмгөөлөгч ажлын газрын захирал эмэгтэйг нь утсаар “танайх татвар төлдөггүй шалгуулна” гэж сүрдүүлж дарамталсан учир захирал нь тодорхойлолт гаргаж өгөөгүй. Хохирогч Т.С-ийн нэхэмжилсэн “сорви арилгуулах лазерт орсон эмчилгээний хөлс 160,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг”-ийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.9, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс болсон. Анхан шатны шүүхээс хохирогч Т.С-ийн нэхэмжилсэн сорви арилгуулах лазер эмчилгээний хөлс 160,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн 1,165,000 төгрөгийг шүүгдэгч Б.А-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг хэлсэн саналдаа “...Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д хохирогч хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Хэрвээ шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулаагүй байсан бол өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг төлөх шаардлагагүй байсан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, сорви арилгуулах лазер эмчилгээнд орсны 160,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүхээс шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож, өмгөөллийн үйлчилгээ авсан бөгөөд тухайн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны 55 тоотод хохирогч Т.С-ийг “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхээс Б.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “өмгөөллийн үйлчилгээ авсан хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, гоо сайхны лазер эмчилгээний зардал 160,000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч лазер эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлээгүй, харин өмгөөлөгчийн хөлс болох 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар, хохиролд тооцохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулж болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу улсын төсвөөс санхүүжигдэх зардал тул дээрх талуудын хооронд хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн эрүүл мэнд, гоо сайханд учирсан гэмтэлтэй холбогдох зардлыг жич нэхэмжлэх эрхийг зааж өгөөгүй нь буруу байх ба энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд нэмэлт заалт оруулах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7-д заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 544 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Хохирогч Т.С болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН