Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0168

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр         Дугаар 221/МА2017/0168         Улаанбаатар хот

“Монгоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Энхтөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат, Т.Сэргэлэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн 979 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Монгоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29ий  өдрийн 979 дүгээр шийдвэрээр:  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн “Монгоулд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Монгоулд” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Манай компанийн гаргасан "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн цахим олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах" гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ" гэж заасан байх ба 11.1.16-д "цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх" гэж заасан байна.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1-р сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн эрхлэх ажлыг уг тушаалын "Нэг-д. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох, цахим системийн хэвийн ажиллагааг хангах, цахим системийг аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоох, арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулан АМГ-ын даргатай зөвшилцөн шийдвэрлэх, системийн хэвийн ажиллагаанд нэн даруй оруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай" гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1-р сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгох арга хэмжээ авч мөн өдрийн 16:24 цагт байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байх тул "цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр" гаргаагүй гэж үзэх боломжгүй" гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй хэт нэг талыг барьсан хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр байна гэж үзэж байна.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар цахим системд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хандаж 15-д бүртгэгдсэн нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдлийн гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтанд зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан санал хүсэлтийг" гэж зааснаар өргөдөл мөн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан холбогдох баримтуудыг цахим шуудангаар явуулж 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр холбогдох баримтуудаа хүлээлгэж өгөх мэдэгдлийг авсан. Энэ дагуу бичиг баримтаа хүлээлгэж өгөх гэсэн боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тодорхой хариу өгөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.2.1 -т заасан "өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэж заасныг зөрчиж байна.

Гуравдагч этгээд "Адексмайн" ХХК-нь 2015 оны 8 дугаар сарын 31-ны өдөр цахим дугаар авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр XV-019057 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна. "Монгоулд" ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад энэхүү талбай нь шүүхийн маргаантай байгаа тул маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл захиргааны акт гаргахгүй байх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, засаг даргын хуульд заасан үндэслэл бүхий "дэмжихгүй" гэсэн саналыг хэрэгсэлгүй хууль зөрчиж 248 тоот шийдвэрээр XV-019057 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Адексмайн" ХХК-д олгосон байх ба мөн манай компанийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж маргаан бүхий талбайд захиргааны акт гаргахгүй байхыг даалгах тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нд шүүгч хүлээн авсан боловч шийдвэрлээгүй нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн цахим сүлжээ хэвийн явагдаж байх үед зохих журмын дагуу бүртгэгдэж ямар нэг зөрчилгүй авсан нэхэмжлэгчийн өргөдлийн дугаарыг түүнээс хойш гаргасан техникийн сааталд хамруулан бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэсэн манай компанийн нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дахь “Тойлбо” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим бүртгэлийн 15-д бүртгэгдсэн. Уг бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс цахим санд гэмтэл гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. ...Манай өргөдөл гэмтэл гарахаас өмнө бүртгүүлсэн байсан. ...Цахим дугаар олголт 09:00:31 цаг хүртэл хэвийн явагдаж 51 компанид дугаар олгогдсон байхад тухайн өдрийн дугаар олголтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон. ...Өргөдлөө өгөхөд тухайн өргөдлийг хойшлуулсан гэдэг хариу өгсөн. Тухайн үед хүчингүй болгуулах хариу өгөөгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Харин хариуцагчаас “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон. Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаад 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээг авсан. Системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгасан. ...Агентлаг нь үйл ажиллагаандаа ...төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана гэж заасны дагуу Кадастрын хэлтэс нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

Анхан шатны шүүх “...хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгож, 1 долоо хоногоор сунгаж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр системд хандсанаа үгүйсгэхгүй байгаа... техникийн саатал гарч гацсан явдалд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр нь хариуцагчаас тусгай зөвшөөрөл шинээр олгох, ...ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгодоо нийцсэн байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын ... тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл шинээр олгох, ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүрэн эрхийг хуульчилжээ.

Нэхэмжлэгч “Монгоулд” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийтэд зарлан явуулсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” үйл ажиллагаанд оролцож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дахь “Тойлбо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олголтод 09 цаг 00 минут 34 секунд[1]-эд 15 дугаар бүртгэгдэн өргөдлийн Х201508242254[2] гэсэн дугаарыг авсан байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна. 

Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “...9 цаг 2 минут 31 секундээс login.mram.gov.mn хаягтай серверээс хариу өгөхгүй болчихсон тэр үед логин /нэвтрэлтийн хэсэг/ цонх ажиллахгүй болчихсон...” гэх 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протокол[3], гэрч Ц.Бадраагийн “...өглөө 9 цагт ажиллуулаад 1-2 минут ажиллаад 50 гаруй компани бүртгэж аваад ачааллаа даахгүй прогромм гацаж 40 минутын дараа дахин ажиллаж нэг нэгээрээ сугарч бүртгэгдсэн...” гэх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг[4], Ашигт малтмалын газрын Хэвлэлийн бага хурлын  “...дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа нь 09:00:00 цагт хэвийн эхэлж, эхний 51 аж ахуй нэгжид дугаар олгосон боловч 09:02:31 цагт login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон...” гэх мэдээлэл[5] зэрэг нотлох баримтуудаас үзвэл 2015 оны 08 дугаар сарын 24-ний өргөдлийн цахим дугаар олголт нь 09:00:00 цагт хэвийн эхэлж, эхний 51 аж ахуй нэгжид дугаар олгож, бүх серверүүд хэвийн жигд ажиллаж байгаад 09:02:31 цагаас 09:36:21 цагийн хооронд login сервер хариу өгөхгүй болж, гацалт үүссэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нутаг дэвсгэрийн 104 дүгээр өргөрөгөөс зүүн хэсгийн талбайд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох серверт гацалт үссэнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар байгуулагдсан “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахим системийг аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, системийн хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоох, ... системийг хэвийн ажиллагаанд нэн даруй оруулах” зорилго бүхий ажлын хэсэг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт хуралдан “...нэвтэрч орсон аж ахуй нэгжүүд бүгд систем гацсаныг мэдсэн учраас өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох...”[6] гэсэн шийдэлд хүрсэн, улмаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16:24 минутад[7] Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд “...2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгож эхлэнэ .... Өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж байна...” гэж мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ашигт малтмалын газрын цахим сайтын мэдээллийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Иймд хариуцагчаас “цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй гэж буруутгах үндэсгүй ... тус шийдвэр нь “...шударга ёс, тэгш байдал, ...хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд нийцсэн, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлсэн зорилгодоо нийцсэн...” гэх шүүхийн дүгнэлт зөв байна. 

Түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтод оролцсон аж ахуй нэгж, байгууллагууд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин системд хандах боломжтой талаар зарлагдсанаар нэхэмжлэгч “Монгоулд” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөдлийн дугаар дахин олголтод оролцсон гэдгээ анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад үгүйсгээгүйгээс үзвэл 08 дугаар сарын 24-ний өдрийн өргөдлийн цахим дугаар олголтоор системд хандах эрхээ эдэлсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэсгүй байна.

Нэхэмжлэгч “Монгоулд” ХХК-ийн “...шүүхэд гаргасан маргаан бүхий талбайд захиргааны акт гаргахгүй байхыг даалгах тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 01-нд шүүгч хүлээн авсан боловч шийдвэрлээгүй нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ... Засаг даргын хуульд заасан үндэслэл бүхий “дэмжихгүй” гэсэн саналыг хэрэгсэлгүй хууль зөрчиж 248 тоот шийдвэрээр ... “Адексмайн” ХХК-д олгосон...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “...“Адексмайн” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар 29-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр олгогдсон XV-019057 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хууль зөрчиж олгогдсон болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8530 дугаар захирамжаар тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийдвэр[8]-ээр “Адексмайн” ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Тойлбо” нэртэй 410.06 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.  

Хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр нэгэнт биелэгдсэн буюу цахим системд нэвтрэх эрхийг нь сунгаж шийдвэрлэснээр 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин зохион байгуулагдсан системд нэвтрэх үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцсоноо үгүйсгээгүйн дээр “Адексмайн” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаасаа өмнө дээрх хүсэлтийг гаргасан, түүнчлэн “Адексмайн” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул “актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж шүүхийг буруутгах үндэсгүй юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр гуравдагч этгээд “Адексмайн” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон  шийдвэртэй  холбоотой  асуудлаар  талууд  маргаж  мэтгэлцээгүй,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, дүгнэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ