Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 82

 

 Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0004 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,

Нэхэмжлэгч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн албан тушаал бууруулан ажиллуулсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0004 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав” гэжээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Магадлалд дурдсан Эрүүгийн цагдаагийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт, Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалын чиг үүрэг нь ямар хэлтэс албанд шилжсэнийг тодруулах талаарх холбогдох нотлох баримтуудыг хариуцагч талаас шаардсан боловч хуулиар заасан үүргийн дагуу гаргаж өгөөгүй. Хариуцагч зохих үүргээ биелүүлээгүй нь уг хэргийг шийдвэрлэхэд саад болох үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн маргаан бүхий актыг гаргах үед шүүхээс шаардсан ажлын байрны тодорхойлолт огт гараагүй, байхгүй байсныг дахин баталж байна. Тэгээд ч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлээ нотлох үүрэгтэй учраас чухам яагаад шүүхээс шаардсан нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй нь эргэлзээг төрүүлж байгаагаас гадна энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан. Энэ асуудлын талаар шүүх хурлын үед талуудын хооронд мэтгэлцээний явцад яригдсан ба хариуцагч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд хэвээр үлдсэн талаар тайлбар өгч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр нотлогдох болно. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын үндэслэл болоогүй нөхцөл байдлыг тайлбарлан ярьж, өөрөөр хэлбэл “ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч ажлын дадлага, туршлагатай хүнийг тус дүүргийн ажлыг сайжруулахаар томилсон...” гэж шүүхийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн хууль бус ажиллагааг зөвтгөх оролдлого хийж байсныг тэмдэглэхийг хүсч байна.

5. Шүүх ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн эсэх талаарх баримтыг огт шаардаагүй байсан бол нотлох баримт дутуу гэж үзэж болох байсан бөгөөд миний бие хэргийн материалтай танилцаж байх үедээ шүүхээс шаардсан нотлох баримтуудын талаар шүүгчийн туслахаас удаа дараа тодруулахад хариуцагч талаас ажлын байрны тодорхойлолт байхгүй, гараагүй тул гаргаж өгөх боломжгүй гэх тайлбар хийсэн талаар хэлж байсан тул хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмыг үндэслэж анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн хэмээн үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, төрийн байгууллагад давуу эрх олгож, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй захиргааны актыг гаргах үед батлагдаагүй байсан ажлын байрны тодорхойлолтыг нөхөж хийх боломжоор хангаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ...эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, улс төр, сонгуулийн үр дүнгээр жирийн төрийн албан хаагчийг дур зоргоороо сольж, халдаг буруу, шударга бус явдлыг өөгшүүлсэн хэрэг болж байна. Тэгээд ч захиргааны хэргийн шүүх нь төр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөвтгөх, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох чиг үүрэгтэй байгуулагдсан болохоос тэдгээрийн хууль бус ажиллагааг хаацайлах, нотлох баримтыг нөхөж бүрдүүлэхэд нь боломж бололцоогоор хангах гэж байгуулагдаагүй гэж ойлгож байна.

6. Шүүх диспозитив зарчмын үндсэн дээр гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын хурандаа Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бөгөөд уг тушаалын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэл болгосныг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй юм.

7. Магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах байсан ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасны дагуу шүүх албан тушаалын нэрэнд өөрчлөлт орсныг харгалзан үзэж “...урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх...” гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэх агуулгаар дүгнэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

8. Мөн магадлалд “...албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас нөхөн төлүүлэх үндэслэлгүй байхад ...нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан нь буруу байна” гэжээ. Нэхэмжлэгч Б.Б-г өөрт нь урьдчилан мэдэгдэж, зөвшилцөлгүйгээр албан тушаал бууруулан ажиллуулсан цалингийн зөрүү нь 280 орчим мянган төгрөг байгаа нь хэрэгт авагдсан цалингийн цэсүүдээс харагддаг ба энэ зөрүү нь нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс хэдийгээр санхүүжүүлдэг боловч нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэл болно. Иймд энэ зөрүүг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул хэрэв шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ нь шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хангалттай хууль зүйн үндэслэл болохгүй юм.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байх тул уг магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасанд нийцсэн байна.

11. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/121 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-г Эрүүгийн цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар Зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Б-ээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 07 дугаар тогтоолоор уг тушаалын “үндэслэл”-д Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж, “...Эрүүгийн цагдаагийн газрыг, Эрүүгийн цагдаагийн алба гэж өөрчилсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, цагдаагийн хурандаа Б.Б-г албан ажлын шаардлагаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон байна” гэсэн дүгнэлт хийсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/362 дугаар тушаалаар дээрх Б/121 дүгээр тушаалын “...Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 гэсний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 78.1 гэснийг нэмсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч Б.Б нь “...тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсгийн төрийн албан хаагчийн баталгааны заалтыг үндэслэж, албан тушаал бууруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн, ...захиргааны санаачилгаар ажлын байр өөрчлөх гэж байгаа бол ...санал болголгүй шууд албан тушаал бууруулан томилж хууль зөрчсөн” гэж маргажээ.

13. Нэхэмжлэлд, хариу тайлбарыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас эрх шилжүүлэн авсан этгээд болон томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 3 удаа ирүүлэхдээ маргаан бүхий тушаалын үндэслэлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 78.1-д заасан “албан ажлын шаардлагаар нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлсэн”-тэй холбогдуулж тайлбарласан, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...дадал туршлагатай, хэрэг илрүүлэх талаараа бусдыгаа хошуучилдаг хүнийг томилсон,... албан тушаалыг нь бууруулаагүй” гэж маргажээ.

14. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалын үндэслэлд хариуцагчаас Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг “нөхөж” оруулсантай маргасан эсэхээс үл хамаарч шүүх уг тушаалыг бүхэлд нь хянах байтал “албан ажлын шаардлагаар” гэх үндэслэл нь тухайн тушаалаар зохицуулж буй харилцаанд хамааралгүй гэж дүгнэж тушаалын үндэслэлийг бүрэн хянаагүй, уг үндэслэлд холбогдох баримтыг цуглуулаагүй атлаа “зайлшгүй шилжүүлэн ажиллуулах албан ажлын шаардлага байсан гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, мөн энэ талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй” гэх зэргээр баримтгүй асуудлыг дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

15. Нэхэмжлэгчийн “...ажлын байр өөрчлөх бол ...санал болголгүй албан тушаал бууруулан томилсон” гэх, хариуцагчийн “албан ажлын шаардлагаар албан тушаалыг нь бууруулалгүй өөр нэгжид томилсон” гэх тайлбарт холбогдуулан үндэслэл болгож буй баримтуудыг тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан “албан ажлын шаардлага”, “нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилох харилцаа”-г Цагдаагийн байгууллага дотоодын үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөж хэрэгжүүлдэг, үүнийг зохицуулсан хэм хэмжээний баримт бичгийг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

16. Харин, Эрүүгийн цагдаагийн газар нь, Эрүүгийн цагдаагийн алба болж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “дарга”-ын хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөн гэж хариуцагч маргаагүй, “чиг үүрэг” нь хэвээр байгаа талаар хариуцагчийн удаа дараагийн тайлбарт дурдагдсанаас үзвэл, анхан шатны шүүхийг шаардсан нотлох баримт болох Эрүүгийн цагдаагийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

17. Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-гийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ