2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2205

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

Улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиотелеграфчин мэргэжилтэй, “****”-нд аюулгүй байдлын ажилтан ажилттай, ам бүл-7 эцэг эх, эхнэр, эгч, эгчийн 2  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Ш овогт Д-н А (РД *******).

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Х2т “...Зарах гэж байгаа гар утсыг чинь авъя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Х-с Айфоне-14 промакс загварын гар утсыг залилан бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А нь гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан.

 

4. Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Х-т “...Зарах гэж байгаа гар утсыг чинь авъя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний Айфоне-14 промакс загварын гар утсыг залилан авч, 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

4.1. Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд над руу 9947-0451 дугаараас залгаад “зарах гэж байгаа гар утсыг чинь авъя” гэхээр нь тухайн хүний хэлсэн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сентозагийн автобусны буудал дээр уулзаад тухайн хүнд гар утсаа зарахаар болоод хайрцаг савтай нь цуг өгөөд, тухайн хүн над руу шилжүүлсэн гэж хэлээд хамт явж Хаан банкны АТМ-ээс мөнгө авна гэж хэлээд явсан чинь нөгөө хүн нь АТМ оролгүй алга болсон, тэгээд би тухайн хүнд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан гар утас нь айфоне-14 промакс загварын ямар нэгэн сэв зураасгүй гар утас байсан. Би гар утсаа МТ зоне дэлгүүрээс 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн хүнийг харвал шууд танина, шар өнгийн арьстай, 25-29 орчим насны онигор нүдтэй, монхор хамартай 170-175 см орчим өндөртэй, эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

Түүний 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд миний утсыг авсан залуугийн аав нь гээд нэг хүн надтай холбогдож, миний Хаан банкны 5005470408 тоот дансанд “А хохирол барагдуулах” гэсэн гүйлгээний утга бүхий 2,000,000 төгрөг шилжүүлсэн, одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

4.2. Мөрдөгчийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хавтаст хэргийн 34-41 дүгээр тал),

4.3. Гэрч Ж.З-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газраар Д.А гэх хүн үйлчлүүлсэн. Торуулбал, 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Айфоне-14 промакс загварын гар утсыг 1,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

4.4. “Б” барьцаалан зээлдүүлэх газраар Д.А нь 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлж, Айфоне-14 промакс загварын гар утсыг 1,300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан болохыг нотолсон баримт (хавтаст хэргийн 33 дугаар тал)

4.5. “К” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Айфоне-14 промакс загварын гар утсыг 2,100,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-46 дугаар тал),

4.6. Хохирогч Б.Х-н эзэмшлийн "Хаан” банкны ********* тоот дансанд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг “...А хохирол барагдуулах...” гэсэн утгатай шилжүүлсэн болохыг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

4.7. Шүүгдэгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би дөнгөж ажлаасаа гарсан байсан. Эхнэр жирэмсэн байсан. Мөн түрээс нэхэгдээд яалтачгүй мөнгөний хэрэг гарсан байсан. Одоо ажлаа хийж байгаа. Сарын орлого 2.500.000 төгрөг. ... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өөрийнхөө тэнэг байдлаас болж ийм зүйл хийсэн ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “гар утас зарна” гэсэн зарын дагуу Хосбаяр гэх хүнтэй холбогдож байгаад тухайн хүний айфоне-14 промакс загварын гар утсыг худалдаж авъя гэж яриад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Сентозагийн автобусны буудалд уулзаад гар утсыг нь үзэж байгаад “худалдаж авъя” гээд мөнгийг нь шилжүүлэх гэж байгаад мөнгийг нь шилжүүлж өгөлгүй гар утсыг аваад яваад өгсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

5. Хууль зүйн дүгнэлт.

 

5.1. Шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Х-д “...Зарах гэж байгаа гар утсыг чинь авъя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Айфоне-14 промакс загварын гар утсыг нь залилан авч, 2,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

5.2. “Залилах” гэмт хэргийн обьектив шинж нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

5.3. Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

5.4. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

5.5. Шүүгдэгч Д.А-н хохирогч Б.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад 2,100,000 төгрөгийг АТМ орж шилжүүлнэ гэж гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

5.6. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5.7. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан. Шүүгдэгч Д.А-н үйлдэлд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй. 

 

5.8. Иймд шүүгдэгч Д.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

6. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

6.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-д 2,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогчид 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Б.Х-н дансны хуулга /хх-24х/, болон хохирогчийн “А хохирол барагдуулах гэсэн гүйлгээний утга бүхий 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр /хх-16-х/ тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

7. Эрүүгийн хариуцлагын талаар:

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А-д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

7.2. Улсын яллагчаас “...Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,100,000 төгрөгөөр торгож, уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

7.3. Шүүгдэгчээс “...Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин амар хялбар аргаар мөнгө олохгүй. Зөв амьдарна. Аав болсон учраас хариуцлагатай байна. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан.

7.4. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бага насны олон хүүхэдтэй нөхцөл байдал тогтоогдож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

7.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиотелеграфчин мэргэжилтэй, “А”-нд

 аюулгүй байдлын ажилтан ажилттай/, бусдад учруулсан хохирлын хэмжээ /2.100.000 төгрөгийн хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эдлэх ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

8. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Д-н А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 06 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.А-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,    

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ