Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2023/00083

 

 

 

2023 01 09 142/ШШ2023/00083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................ овгийн С.Л..........-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....................Т.Л.......................-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: би 2005 оноос эхлэн Хангайн бүс худалдааны төвд гэр ахуйн барааны лангуу ажиллуулж эхэлсэн юм. 2013 оноос ******* гэх эмэгтэйг худалдагчаар ажиллуулсан ба тэрээр 2016 он хүртэл ямар нэг асуудал гаргахгүй сайн ажиллаж байсан. 2016 онд манай нөхрийн бие өвдөж нөхрөө сахиж явсаар 2017 онд нас барсан, дараа нь ээжийн маань бие өвдөж мөн л сахиж асарч байгаад ээж маань 2018 онд бурхан болж энэ он жилүүдэд миний сэтгэл санаа хүнд өөрийн бие ч сайнгүй байсан тул худалдагчдаа итгэж энэ хугацаанд тооллого хийгээгүй нэмж бараа татаж өгдөг байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сард барааны үлдэгдэл багасаад бэлэн мөнгө өгөх нь ч муудсан тул худалдагч ******* лангууны бараанд тооллого хийхэд 49.094.000 /дөчин есөн сая ерэн дөрвөн мянган/ төгрөг бэлэн мөнгөөр дутсан, бараа нь зарагдсан байсан. Худалдагч *******г яагаад их хэмжээний дутагдал гаргасан талаар асуухад тэрээр өөрийн хүү ******* дагуулан манай гэрт ирсэн. Тэрээр тайлбарлахдаа хүү ******* *******-д ажилладаг бөгөөд ажил дээрээ мөрийтэй тоглож.архи ууж бусадтай маргалдаж хүн зодож тэр хүнийхээ хавиргыг хугалж, шүдийг нь хугалж, тархинд нь гэмтэл учруулж цагдаагын газарт шалгагдаж эрүүгийн хэрэг үүсэж, шүүхэд шилжиж, хохирогчийн хохирлыг төлж байж л тэнсэн авах, хохирол төлөхгүй бол 3,5 жилээр хорих ял авах байсан тул таны мөнгөөр хохиролоо төлж хүүгээ ялгүй гаргасан гэдгээ хэлсэн. Мөн Дэнжид байрлалтай 8 нэрийн хүнсний дэлгүүрийг худалдан авахдаа миний лангууны орлогоор авсан байсныг би сүүлд мэдсэн. Тэр үед түүний нөхөр нар бид таны мөнгийг 2018 онд багтааж 20 000 000 төгрөг, 2019 онд 29 000 000 төгрөгийн бараа материалаа 06 сард гэхэд дуусгана гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч цувуулан өгсөөр 10 000 000 төгрөг өгч үлдэх 39 094 000 төгрөгийг өгөөгүй байгаа. ******* 2019-07-20-ны өдөр ажилдаа ирээгүй миний лангууг хаяаад явсан байсан. Түүнийг ирж бараагаа хүлээлгэн өгч тооллого хийлгэхийг шаардахад утас нь холбогдохгүй сураггүй алга болсон тул үлдэгдэл бараагаа тоолж үзэхэд нэмээд 7 000 000 төгрөгний бараа дутаасан байсан. Үүний дараахан нөхөр Т.ыг 2019-8-15-ны өдөр олж уулзахад миний мөнгөөр худалдан авсан 8 нэрийн хүнсний дэлгүүрээ худалдаад 20 000 000 төгрөгийг Би дэлгүүрээ зараад 20 000 000 төгрөг өгч төлнө гэж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн. Гэвч түүнээс хойш удахгүй төлнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй, дэлгүүрээ худалдсан болохыг сүүлд мэдсэн. Эхнэр ******* Турк улс руу явсан байсан, фэйсбүүк мессэнжрээр холбогдоход таны мөнгийг төлнөө эгчээ гэж байнга л бичдэг байсан, одоо хаягаа устгасан уу намайг блоклосон уу холбогдохоо больсон. Эхнэр нөхөр 2 намайг анхнаасаа л зөөлчилж, миний ар гэрийн гачигдалтай байсан үеийг ашиглан миний барааг зарсан мөнгөөр дэлгүүр худалдан авч, хүүхдийнхээ өр ширийг дарж байсан нь дэндүү муухай увайгүй үйлдэл хийж, өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй ганц бие намайг дэндүү элэг барьж байна. Аргаа бараад шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй гэж шүүх нэхэмжпэлийг буцаасан тул би дахин хүсэлт гарган харуцагч нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж Цагдаа эрэн сурвалжилж хариуцагч Т.ын оршин сууж байгаа хаягыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг ирүүлсэн байна. Т. нь эхнэр ******* төлөх ёстой 39 094 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг төл барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан тул 20 000 000 төгрөгийг Т.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр ******* хэдийгээр манай эхнэр хэдий ч би энэ хоёр хоорондоо ямар гэрээ хийж яаж ажиллаж байсныг мэдэхгүй. Ямартай ч манай эхнэр барааны захад лангуун дээр суудаг л байсан. Би хааяа ажилд нь хүргэж өгч авч байсан. Би өөрөө бүтээл компанид сахиулаар ажилладаг. Би ийм их өртэй гэж огт мэдээгүй. Тэгээд банкнаас 15 сая төгрөг, би цалингийн зээл 10 сая төгрөг зээлээд дэлгүүр худалдаж авсан. Гэтэл гэнэт Турк явахаар болсон. Би хориод дийлээгүй. 3 сар ажиллаад л ирнэ гэсэн. Одоо болтол ирээгүй. Өөрөө очоод ажил хийж мөнгө олно л гэсэн. Банкны өр яах вэ гэсэн би ажил хийгээд төлнө л гэсэн. Би өөр өртэй байсныг мэдэхгүй. Гэвч төлөхгүй байсаар банк барьцаанд тавьсан дэлгүүрийг хураагаад авчихсан. Хааяа FB-ээр л холбогддог. Ойрд харин холбогдохгүй байна. Ийм учраас би энэ өрийн талаар огт мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мэдэх хүн *******аас нь авах ёстой байх. Би юу мэдэж хүний өмнөөс хариуцлага хүлээх вэ. Боломжгүй байна. Хүүхдийн хохирогчид төлсөн төлбөр тийм их мөнгө гараагүй. 3 сая орчим төгрөг төлсөн санаж байна. Харин үүнийг манай эхнэр гаргасан хаанаас яаж авсныг мэдэхгүй, надад хэлээгүй. Ер нь надад тэглээ ингэлээ гэж огт хэлдэггүй. Өөрөө л болгоод яваад байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-5-6/, Хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-7-8/, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-9/, 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 807 дугаартай Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-10/, Т.ын Хас банкны дансны хуулга /хх-22/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... би 2005 оноос эхлэн Хангайн бүс худалдааны төвд гэр ахуйн барааны лангуу ажиллуулж эхэлсэн юм. 2013 оноос ******* гэх эмэгтэйг худалдагчаар ажиллуулсан ба тэрээр 2016 он хүртэл ямар нэг асуудал гаргахгүй сайн ажиллаж байсан. 2016 онд манай нөхрийн бие өвдөж нөхрөө сахиж явсаар 2017 онд нас барсан, дараа нь ээжийн маань бие өвдөж мөн л сахиж асарч байгаад ээж маань 2018 онд бурхан болж энэ он жилүүдэд миний сэтгэл санаа хүнд өөрийн бие ч сайнгүй байсан тул худалдагчдаа итгэж энэ хугацаанд тооллого хийгээгүй нэмж бараа татаж өгдөг байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сард барааны үлдэгдэл багасаад бэлэн мөнгө өгөх нь ч муудсан тул худалдагч ******* лангууны бараанд тооллого хийхэд 49.094.000 /дөчин есөн сая ерэн дөрвөн мянган/ төгрөг бэлэн мөнгөөр дутсан, бараа нь зарагдсан байсан. түүний нөхөр нар бид таны мөнгийг 2018 онд багтааж 20 000 000 төгрөг, 2019 онд 29 000 000 төгрөгийн бараа материалаа 06 сард гэхэд дуусгана гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч цувуулан өгсөөр 10 000 000 төгрөг өгч үлдэх 39 094 000 төгрөгийг өгөөгүй. Т. нь эхнэр ******* төлөх ёстой 39 094 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан тул 20 000 000 төгрөгийг Т.аас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. .

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Т.д холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА