2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1931

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ш.Сэрчмаа,

Улсын яллагч: Н.Цогням,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505019410663 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн урд байрлах явган хүний гарц хэсэгт “Сайн байна уу, ах аа” гэж мэндлэхэд хохирогч ***ын нүүр хэсэгт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр шүдний булгарал, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...хэлэх зүйл байхгүй. Цохисон нь үнэн, хохирогчийн хохирлыг барагдуулна. Хохирогчийн мэдүүлэг зарим зүйл худлаа байна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Ажлынхаа ойролцоо найзуудтайгаа явж байсан. Нэг хүн ирээд манай ахыг нэг хүн явуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хүнд туслах гээд очсон. Очоод сайн уу, ах гэсэн чинь цохичхоод зугтаасан. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Шүд нэлээн үнэтэй тусаж байна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх дэлгүүрийн тэнд алхаж байхад 1 эмэгтэй, 2 эрэгтэй байсан юм. Тэгсэн чинь тухайн эмэгтэй нь энэ сорочктой хүнийг явуулаад өгөөч би ахыгаа авч явах гэсэн энэ хүн холдохгүй байна гэхээр нь би тус болох гээд тухайн хүн рүү очоод гараас нь бариад “сайн байна уу ахаа” гэхэд тухайн хүн миний нүүр хэсэг рүү гараараа цохичихсон. Тэгээд би доошоо суусан чинь тухайн хүн цаашаа зугтаачихсан. Ингээд манай найз Амка гэх найз маань зугтах гээд байхаар нь ардаас нь хөөгөөд явж байсан. Тухайн хүн байрны голд өөрөө уначихсан. Тэгснээ та хэд миний эрүүг мулталсан гэж яриад цагдаад дуудлага өгсөн. Бид нар уучихсан байсан. Харин тухайн ах нэлээн согтуу байсан.. Миний шүдний аппарат руу цохиод миний уруул сэтэрсэн. Шүдний аппаратууд суларсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Насанд   хүрээгүй гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ганцаараа ...С ахыг авах гээд орсон. Ороход С ах БЭ ах нар хамт сууж байсан... С ахыг хамт үлд гээд явуулахгүй байсан. Би маргааш ажилтай тул энэ хүнийг авч яваад хүргэж өгөхгүй бол болохгүй байна гэхэд БЭ өөдөөс харааж явуулахгүй, чи өөрөө яв манай найзыг үлдээ гээд агсраад байсан. Намайг чи яаж ирсэн, тэрүүгээрээ зайл яв гээд байсан. Тэгээд явуулахгүй байхаар нь би хажуугаар өнгөрч байсан залууд хандаад энэ ах харин явуулдаггүй би ахыгаа аваад явах гэсэн юм. Согтуу учраас та юм яриад зогсож бай, би энэ ахыг машиндаа гялс суулгаадахъя гэхэд нөгөө банди за гээд зөвшөөрсөн. Тэр залуу сайн байна уу, та гээд яриа өдөх хооронд би С ахыг аваад машиндаа суусан. Тэгээд л би ...ах С нарын хамт хөдлөөд явсан. БЭ ах үлдсэн.. Маргааш нь над руу яриад найзуудаараа намайг зодуулах гэж байсан юм уу, би асуудалд уначихлаа гээд ярьж байсан. Хажуугаар зөрж байсан залуу юм. Танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 23-24 дүгээр тал/,

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарт хандаж нэг манай найзыг явуулахгүй байна гээд хэлэхэд манай найз Ө туслахаар очоод нөгөө явуулахгүй согтуу байсан залууг саатуулах гээд сайн уу ах аа гээд очтол нөгөө ах шууд эргэж харангуутаа гараараа манай найзын нүүр рүү цохисон. Тэгэхээр нь бид нар хажуу талаас нь яаж байгаа юм бэ? гээд хэлтэл хэдүүлээ үзэх үү гэсэн. Тэгэхээр нь бид нар үгүй гэхэд хэсэг байж байгаад зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь хөөж байгаад эргээд хартал манай найзууд байхгүй байсан, урагшаа хартал нөгөө ах гүйж байгаад бахардаад унасан. Тэгэхээр нь араас нь очоод хоёулаа одоо цагдаагийн газар очно гээд хэлээд байж байтал манай найзууд араас хүрч ирсэн... Манай найз Ө-г цохичхоод зугтсан. Харин зугтаад гүйж байхдаа миний урд бахардаад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Шинжээчийн ЕГ0725/4589 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун дээд 3, 4 дүгээр шүдний булгарал, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. б.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна...” гэжээ /хх-н 33-34/,

Шинжээчийн Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***ын биед баруун дээд 3, 4 шүдний булгарал, уруулд зулгаралт цус хуралт, гэмтэл тогтоогдсон... шүдний булгарал гэдэг нь тухайн шүд угаараа бүрэн, дахин сэргэх боломжгүй гэсэн утгатай...” гэжээ /хх-н 39-40/,

Яллагдагчаар ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хажуунаас нэг үл таних залуу ирээд намайг сугадаад юу байна ах гээд намайг татаад байсан. Тэгсэн хамт байсан залуучууд нь хөөе ах аа нааш ир, наашилчих гээд байсан. Тэгэхээр нь би намайг барьсан хүүхдийг зүүн гараараа шанаа хэсэг рүү нэг л удаа цохисон. Тэгсэн тухайн залуугийн амнаас цус гараад шүдээ бариад доошоо суугаад байсан. Тэгсэн цуг явж байсан найзууд нь над руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-76/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 78-79/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 80-82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн урд байрлах явган хүний гарц хэсэгт “Сайн байна уу, ах аа” гэж мэндлэхэд хохирогч ***ын нүүр хэсэгт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр шүдний булгарал, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.О, гэрч Б.Амарсанаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ын цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ын нүүрэн тус газар өшиглөсний улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүх хуралдаанд “Ортовайб” гэх шүдний эмнэлгийн шүд хийлгэх төлбөрийн нэхэмжлэх гаргаж өгсөн, өөр хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.

Хохирогчийн дээрх гаргаж өгсөн нэхэмжлэлд үндэслэн хохирлыг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Дээрх хохирол бодитой учраагүй байх тул хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгтэй хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР