Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00242

 

 

 

 

 

2017           09              08                                                 242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1738001040046 дугаар хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Б, 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт “Товх” гэх газарт иргэн Б.Отгон-Өлзийтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Батдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт “Товх” гэх газарт иргэн Б.Отгон-Өлзийтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Батдаваагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 07-р сарын 28-ны өдөр миний төрсөн эгч Энхчимэг нь гэр бүл болж найр хурим хийсэн юм. Би найранд ирээд хүмүүсийг зохицуулаад амраагаад байж байтал манай төрсөн ах Батням нь нилээн согтуу байхаар нь гэртээ харьж амраарай гэхэд харихгүй гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгж байтал манай дунд эгчийн нөхөр Отгон-Өлзий согтуу ах бид хоёрын дундуур орж ирээд яах гээд байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн ах Батнямыг гэрт нь аваачиж унтуулчхаад буцаад иртэл манай хүргэн ах Отгон-Өлзий хуримд ирсэн хүмүүсийг амраахгүй орилж хашгираад байхаар нь та чимээгүй байгаач гэхэд чимээгүй болохгүй улам орилж хашгираад байхаар нь миний уур хүрээд гараа атгаж байгаад Отгон-Өлзий ахын нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгтэл Отгон-Өлзий ахын хамраас нь цус гарсан. Тэгээд би цусыг нь угааж өгчхөөд өөрөө унтаж амарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Отгон-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 07-р сарын 28-ны өдөр Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “Товх” гэх газарт байдаг өөрийнхөө хадам аав болох Гамбаагийнд хуриманд очсон. Орой болтол найрлаад байж байтал манай хадам дүү Батдаваа нь төрсөн ах Батнямтай маргалдахаар нь салгах санаатай боль гэтэл Батдаваа миний нүүр, хамар луу гараараа нилээн олон цохисон. Нэг мэдэхэд би цустайгаа хутгалдсан газар хэвтэж байсан. Босоод машины сүүдэрт сууж байтал Батдаваа ирээд намайг гэрт оруулсан. Маргааш нь Батдаваа уулзалгүй яваад өгсөн болохоор гомдсон. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Батдаваа нь надад 1 сая төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Норомбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг “Товх” гэдэг газар манай баз Ганбаагийнх охиноо айлд өгч найр хийсэн. Би найранд эхнэр хүүхдийн хамт очсон. Найр болоод нилээн орой 23 цагийн үед би гадаа унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь босч ирээд Гамбаагийн гэрт ороход Батдаваа Отгон-Өлзийг газар унагаагаад нүүр лүү нь цохиод байсан. Би салгах гээд Батдавааг тэвэрч авахад танд хамаа байхгүй цаашаа бол гээд намайг түлхээд байсан. Би ч Батдавааг дийлэхгүй юм байна билээ. Тэгэхээр нь би гэрээс гараад фургон машин дотор ороод унтаад өгсөн. Өглөө нь 10 цагийн үед би Мөрөн явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч М.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07-р сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эгчийн охины хуримын үйл ажиллагаанд оролцоод байж байтал Батдаваа, Отгон-Өлзий нар маргалдаж байсан. Тухайн үед би хоол ундны ажилд тусалж байсан болохоор Батдаваа, Отгон-Өлзий хоёрыг нэг их тоогоогүй. Отгон-Өлзий, Батдаваа хоёрыг би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэгээд маргааш өглөө нь Отгон-Өлзийгийн нүүр нь жаахан хавдсан хөхөрсөн байдалтай байсан. Хэн нь хэнийг яаж цохиж биед нь гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Э.Гангаалхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 07-р сарын 28-ны өдөр миний төрсөн дүү Энхчимэг гэх хүний хуримын үйл ажиллагаа болсон. Ингээд байж байтал миний барагцаагаар 21-22 цагийн орчимд хүүхэн хүргэсэн хүмүүс ирээд би хүүхэн хүргэсэн хүмүүсээ хүлээж аваад гэр оронд нь оруулж амраачхаад аавын гэрт яваад ортол зодоон болчихсон байсан. Тэгээд би яачихваа гэхэд Батдаваа надад хэлэхдээ Отгон-Өлзий ахыг унтуулах гэтэл унтаж өгдөггүй, үгэнд орохгүй янз бүрийн юм яриад байхаар нь би цохьчихсон гэсэн. Тэгээд би Отгон-Өлзий, Батдаваа хоёрыг больцгоо гээд тэр хоёр унтаж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 475 дугаартай:

  1. Б.Отгон-Өлзийгийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Отгон-Өлзийгийн биед хамар ясны хугарал, хамрын дайвар хөндийн шингэн, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  6. Гэмтлээс үүдэлтэй сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Батдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Батдаваа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Отгон-Өлзий нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738001040046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1738001040046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР