Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Д.Бгийн хүсэлттэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00272 дугаар шийдвэртэй

Д.Бгийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Д.Б миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1984.01.01-ний өдрөөс нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчин, төлчнөөр ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох болсон тул намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1984.01.01-1990.01.01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00272 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гонгорынхон овгийн Дамдингийн Батбаасангийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00272 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Цэцэрлэг сумын эрхэлсэн ажилгүй байгаа иргэдийн судалгааны жагсаалтад Д.Бг ажил эрхлээгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу юм. Учир нь тухайн үед ажил эрхлээгүйн шалтгааныг нь тус баримтад “ааваа асардаг” гэжээ. Аавыгаа асарна гэдэг нь ажил эрхлээгүй гэсэн үг биш бөгөөд аавыгаа асрахын тулд нэгдлээсээ чөлөө авсан байх боломжтой. Тус баримтад Д.Бг саальчин гэсэн нь түүнийг нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг нотлох баримт юм.

2. Д.Бгийн гэрчилгээний гараар бичигдсэн хэсгийг норгож “Д.Б” гэсэн нэрийг засварласан гэжээ. Тус гэрчилгээг үзэхэд норсон нь харагддаг бөгөөд “Д.Б” гэсэн нэрийг засварласан зүйл байдаггүй. Шүүгч өөрийн бодлоор дүгнэсэн нь буруу юм.

3. Д.Бгийн 1984-1990 онуудад ажилласан хоног, авсан цалинг 1989.07.30-ны өдөр нээлгэсэн дэвтэрт бичсэн гэдэг. Гэтэл тус дэвтрийг нээсэн нэгдлийн удирдлагын буруутай үйлдлээс болж Д.Б хохирох ёсгүй юм. Дэвтэрт Д.Бгийн ажиллаж байсныг маш сайн нотолж бичсэн байдаг. Дэвтрийн хэлбэр, өнгө, тоо чухал бус, дэвтэр доторх агуулга нь Д.Бгийн ажиллаж байсныг харин ч сайн нотолдог.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй насаараа нэгдэлд ажилласан хүний гол баримт болох хөдөлмөрийн дэвтэрт өрөөсгөл дүгнэлт хийж Д.Бг хохироож байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Бг 1984.01.01-1990.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд саальчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б шүүхэд хандаж, 1984.01.01-1990.01.01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гомдлыг хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заажээ.

 

Хүсэлт гаргагч “хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй” гэсэн үндэслэл зааж, бусад нотлох баримтаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч, хүсэлт гаргасан зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг 2019.04.03-ны өдөр тайлбарласан, шүүх хуралдааныг 2019.04.16-ны өдөр хийхээр товлосон байх ба хүсэлт гаргагчийн төлөөлөгч өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу шүүх өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хүсэлт гаргагч Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн өмч хувьчлалын хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг эзэмшсэн талаархи материал, мөн хүсэлт гаргагчийг саальчин, төлчнөөр ажиллаж байсан тухай гэрч Д.Өлзийсайханы мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой.

 

Шүүх хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан “Гэрчилгээ” гэсэн баримт нь нэр засвартай гэж үзсэн ба энэ баримт эргэлзээтэй бол шүүх шинжээч томилох эрхтэй бөгөөд энэ ажиллагааг хийгээгүй байна. 

 

Дээр дурдснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                                        ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                             Д.БЯМБАСҮРЭН