2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1706

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000404 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *** нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Лексус HS250h маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн болох хохирогч ***аас гар утсаа өгч машинд нь цэнэглүүлсэн бөгөөд замдаа Оргил худалдааны төв рүү орохдоо гар утсаа үлдээгээд буусан бөгөөд “хүлээгээд ирээгүй” гэх шалтгаанаар хохирогчийн цэнэглүүлэхээр өгсөн гар утсыг буцааж өгөлгүйгээр авч явж, хохирогч ***ын эзэмшлийн айфоне-15 про макс загварын гар утсыг завшиж 4.100.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...02 дугаар сарын 25-ны орой хоёр согтуу хүн машинд суусан. Суугаад явж байхдаа утсаа өгөөд цэнэглүүлсэн. Тэгээд явж байхад тэр хоёр ах хоорондоо маргалдаад нэг нь Хайлааст руу явна гээд нөгөө нь зүүн салаа явна гээд маргалдсан. 21-р хороолол руу өгсөөд 3-р эгнээнд явж байхад утсаа өгч цэнэглүүлдэг ах бие засна гээд буух гэхээр нь та энд бууж болохгүй шүү дээ гэхэд ах нь бие засчхаад ирье гээд буучихсан. Буучихаар нь би Сүү ХКК-н уулзвар дээр очиж зогссон. Тэгсэн нөгөө найз нь чи манай найзыг буулгаад явуулчихлаа олж ир гэхээр нь танай найз чинь тийшээ бие засах гээд явсан шүү дээ гэж хэлэхэд найз нь араас нь явсан. 10 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь бие засахаар буусан газар руу нь эргэж очоод байхгүй болохоор нь явчихсан. Найз охиноо авах гэж явахдаа утсаа орхисныг нь мэдсэн” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49/2 байрны арын зам дагуу такси бариад өөрийн найз О-ын хамт суугаад Сонгинохайрхан дүүргийн Драгон худалдааны төвийн орчим буугаад дэлгүүр ороод гараад ирэх хооронд миний цэнэглэж үлдээсэн айфоне 15 про макс гар утсыг тухайн таксины жолоо аваад хөдлөөд явсан байсан. ...Айфоне 15 про загварын гар утсыг цэнэглүүлж байтал миний шээс хүрээд би тухайн таксины жолоочийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүү ХК-н ойролцоо зам дээр зогсоолгож байгаад бие засчхаад ирье, чи зогсоол олоод зогсож байгаарай гэж хэлээд би тухайн таксинаас буугаад 10 минут орчмын дараа буусан газраа иртэл миний явж байсан такси байхгүй болохоор нь ойролцоо зогсоолуудад үзээд би тухайн таксиг олоогүй учир гэр рүүгээ явсан. Би тухайн таксины жолоочид таксины төлбөр мөнгийг өгөөгүй байсан. Тухай залуу ч төлбөр мөнгөө авалгүй яваад өгсөн. ...би тухайн таксины жолоочид өөрийн гар утсыг эзэмших, ашиглуулахаар эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулсан зүйл огт байхгүй, би зөвхөн миний гар утсыг цэнэглээд өг гэж хэлээд гар утсаа залгуулсан. Дараа нь бие засчхаад иртэл тухайн залуу байгаагүй, би тухайн залууг ойролцоох газруудаар зөндөө хайсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 11, 87-88, 98-99/,

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах найз ***ын гэрт очсон. Би найзтайгаа бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд байрлах гэртээ харих гээд найз ***ын хамт гэрийн хойд талын төв зам дээрээс такси бариад явж байхад *** таксины жолоочид гар утсаа цэнэглүүлэхээр өгч байсан. Би явж байгаад хэсэг хугацаанд унтсан байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүү ХХК-н үүдэнд жолооч залуу намайг сэрээсэн юм. Би жолоочоос найзыгаа асуусан чинь Оргил худалдааны төв рүү орсон гэж хэлэхээр нь найзынхаа ардаас яваад Оргил худалдааны төв дотор ороод найзыгаа хайгаад олоогүй. Би буцаад такси дээрээ очсон чинь байхгүй байхаар нь гэртээ очсон. Маргааш нь *** надаас миний гар утсыг таксинаас авч буусан уу гэж асууж байсан. Надад таксины жолооч ***ын гар утсыг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 20-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50, 52-56/ зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Харин шүүгдэгчийн дээрх идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Харин “Завших” гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байгааг ойлгоно.

Хөрөнгө завших гэдэг нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлнэ.

Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн хүн нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн байдаг ба ...гээгдэл эд хөрөнгө ...завших гэмт хэргийн тухайд бусдын эд  хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн байхыг шаардахгүй.

 Дээрх хэргийн хувьд хохирогч *** нь таксигаар үйлчлүүлж байхдаа өөрийн гар утсаа шүүгдэгчээр буюу тухайн таксины жолооч ***ад цэнэглүүлэхээр өгсөн, улмаар шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг тээврийн хэрэгслийнхээ голын хайрцагт хийж цэнэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогч *** биеэ засах шаардлагатай гэх шалтгаанаар өөрийн гар утсаа авалгүй буусан, мөн түүнтэй цуг явж байсан гэрч Г.О нь хохирогчийн цэнэглүүлэхээр өгсөн гар утсыг авалгүй буусан байна.

Хохирогч нь өөрөө гар утсаа авалгүй, мартаж буусан улмаар шүүгдэгч тухайн гар утсыг завшсан ба түүнийг хохирогчийн гар утсыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх хууль үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Лексус HS250h маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн болох хохирогч ***ын цэнэглүүлэхээр өгсөн айфоне-15 про макс загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Г.О-ын нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын цэнэглүүлэхээр өгсөн гар утсыг  завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учруулсан хохирлын нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР