Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2023/00153

 

 

 

2023 01 20 142/ШШ2023/00153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........................ В.Н ..............-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... П.Б.................-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1 639 098 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 1 639 098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие нь 2021 оны 06-р сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны 236 байрны 39 тоот 50.9 метр кв талбайтай 2 өрөө байрыг Цагдаагийн газарт цагдаа ажилтай ФЖ76090415 регистрийн дугаартай ******* *******тэй орон сууц хөлслөх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хөлслүүлсэн. Анх орон сууц хөлслөх зарын дагуу П.******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоо үзүүлэн 2 өрөө орон сууцны хөлсний төлбөрийг сар сард нь сар бүрийн 15-нд төлөхөөр тохиролцож гэрээнд тусгуулан гэрээ байгуулсан. Гэвч байрны хөлсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд өгдөггүй сар бүр шаардуулж, утсаар ярьж нэхүүлэн сарын сүүлээр өгдөг байсан. Байрны хөлслөх гэрээний хугацаа дуусч 2022 оны 6 дугаар сарын 23-нд дахин хөлслөхгүй тухайгаа болон байраа чөлөөлж өгөх тухай ярьсан боловч олон дахин ярьж, өөрийн биеэр уулзан 08 дугаар сарын 30-нд байрыг маань чөлөөлж өгсөн. Байраа чөлөөлж дуусаад байраа өөрсдөө хүлээлгэж өгөөгүй Залуус СӨХ-ийн үйлчлэгчид түлхүүрийг нь орхиж явсан. Эргэн ирээд хүлээлцэж усны болон цахилгааны тоолуурын заалтаа үзээд Эрдэнэт Ус ДТС ОНӨХК дээр очиж тооцоогоо бодуулна гэж хэлээд дахин уулзаагүй явсан. П.******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 23 хүртэл өгөх байрны хөлсний төлбөрөөс 34 000 төгрөг дутуу, 07 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 23 хүртэл сарын төлбөр 550 000 төгрөг, 08 дугаар сарын 23 наас 08 дугаар сарын 30 хүртэл 7 хоногийн төлбөр 128 000 төгрөг бүгд 712 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Мөн хөлсөлсөн байрны цахилгаан, халуун хүйтэн ус, дулааны төлбөрийг 2022 оны 5 дугаар сараас хойш 08 дугаар сарын 30 хүртэл алдангийн хамт 414 589.44 төгрөг Эрдэнэт-Ус ДТС ОНӨХКомпанид тушаах тооцоо гарсан. Намайг байраа хүлээж авсан өдөр төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК нь байрны цахилгааныг тасалсан байсан. Мөн Залуус СӨХ-ийн төлбөр 153 036.40 төгрөгийн тооцоо төлөхөөр үлдэгдэлтэй байсан. Орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 23 наас 08 дугаар сарын 23 хүртэл сарын төлбөрийн алданги 08 дугаар сарын 23-наас эхлэн 12 дугаар сарын 01 хүртэл 100 хоногийн алданги 165 000 төгрөг, 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 30 хүртэл 7 хоногийн төлбөрийн алданги 08 дугаар сарын 30 наас 12 дугаар сарын 01 хүртэл 93 хоногийн алданги 35 712 төгрөг, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д төлсөн 416 000 төгрөгийн 93 хоногийн алданги 116 064 төгрөг, Залуус СӨХийн 153 036.40 төгрөгийн 93 хоногийн алданги 42 697 төгрөг бүгд алданги нь 359 473 төгрөгийн тооцоо гарч байна. П.******* нь орон сууцны хөлсний төлбөр Эрдэнэт-Ус ДТС ОНӨХКомпанид тушаах байрны ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөр бүгд 1 279 625 төгрөг төлөхөөр тооцоо гарч өөртэй нь 2022 оны 08 дугаар сарын 30-нд уулзахад 2022 оны 12 сар дуустал сар бүр 2 удаа тэнцүү байдлаар хувааж төлнө нэг дор бөөнөөр нь өгч чадахгүй гэж хэлсэн. Үүний дагуу 2022 оны 09 дугаар сарын 03-ны өдөр дээрх тооцооны 1 279 625 төгрөгийг төлөх хуваарь гарган гарын үсэг зурах хэлцэлд эхнэр ******* нь очиж чадахгүй. Би гэр бүлийн баталгаатай хууль ёсны эхнэр нь би очиж гарын үсэг зурна гэж ярьсаны дагуу эхнэр болох ФМ78080942 регистрийн дугаартай ирж гарын үсгээ зурсан болно. Дээрх төлбөр тооцоог сар бүрийн цалингаасаа нэг ч удаа өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иргэн П.*******гээс мөнгөө авах санаатай утас руу нь залгадаг боловч утсаа авахаараа эхнэр нь янз бүрээр хэлж хэрүүл хийдэг, өөрөө утсаа авдаггүй хүнийг үл ойшоож байна. Байр хөлслөх гэрээний дагуу төлөх төлбөр, ашиглалтын зардал, СӨХ- ийн төлбөр бүгд 1 279 625 төгрөг, орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу алданги 359 473 төгрөг бүгд 1 639 098 төгрөгийн тооцоог иргэн гээр төлүүлэн миний нэхэмжпэлийг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.******* би, нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 1 639 098 төгрөгийг төлөх нь үнэн болно. Тус нэхэмжилсэн мөнгийг бөөнөөр нь төлөх боломжгүй байна. Учир нь би сард байрны түрээс сард 700 000 төгрөг, цалингийн зээл Төрийн банкинд сард 680 000 төгрөг төлдөг. Мөн 85 настай ээжийн маань биеийн байдал хүнд эмчилгээгүй болсон тул өдөр болгон өвчин намдаах эм, тариа памперс хэрэглэдэг юм. Иймд миний байдлыг харгалзан үзэж сард 300 000 төгрөг төлж дуусгахаар шийдвэрлэж өгнө үү. Сар бүрийн 23-ны дотор хугацаандаа төлж байх болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2021 оны 08 сарын 23-ны өдрийн Орхон сууц хөлслөх гэрээ /хх-4-5/, Орон сууц хөлслүүлэгчийн тооцоо /хх-6-7/, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн төлбөрийн баримт болон мөнгөн шилжүүгийн баримт /хх-8/, Залуус СӨХ-ийн тодорхойлолт /хх-9/, П.*******н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-10/, 2022 оны 12 сарын 26-ны өдрийн *******ийн итгэмжлэл /хх-11/, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-12/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. хариуцагчаас: 2022 оны 08 сарын 29-ны өдрийн кассын орлогын ордер /хх-32/, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн итгэмжлэл /хх-33/, байр хүлээлцэх акт /хх-34/, 2022 оны 09 сарын 08-ны өдрийн орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-35/, Төрийн банкны 2021 оны 11 сарын 19-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ /хх-36-37/, П.*******н зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-38/, барьцааны зүйлийн жагсаалт /хх-39/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны 236 байрны 39 тоот орон сууцыг нэг жилийн хугацаатай хөлслүүлсэн. Гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 23-нд дууссан. Байр олтол түр байлгаач гээд 2022 оны 8 дугаар сарын 30-нд байрыг чөлөөлж өгсөн. Байр хөлслөх гэрээний, ашиглалтын зардал, СӨХ-ийн төлбөр бүгд 1 279 625 төгрөг, орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу алданги 359 473 төгрөг нийт 1 639 098 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс: байрны хөлсний дутуу 34 000 төгрөг, 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 23 хүртэлх 550 000 төгрөг, 8 дугаар сарын 30 хүртлэх 7 хоногийн төлбөр 128 000 төгрөг, СӨХ-ийн 153 036,40 төгрөг, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д төлөх мөнгийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэсэн.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: П.******* нь *******ын Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны 236 байрны 39 тоот 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай хөлслөн, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн байна. Энэ хугацаанд байрны түрээсийн төлбөрөөс 550 000 төгрөг, 34 000 төгрөг, 128 000 төгрөг нийт 712 000 төгрөгийг төлөөгүй, мөн СӨХ-ийн 153 036,40 төгрөг, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д төлөх мөнгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч алданги нэхэмжилсэн бөгөөд СӨХ-д алданги төлөх талаар баримтгүй, мөн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д алдангийн хамт 381 300 төгрөг төлсөн байх ба хариуцагч 414 589 төгрөгийг төлнө гэсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж нийт 1 279 625 төгрөг гаргуулан нэхэмжлэлээс 359 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35 261 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч П.*******гээс 1 279 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 359 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 176 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.*******гээс улсын тэмдэгтийн хураамжаар 35 261 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА