2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/585

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000051 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их Наяд худалдааны төвийн 6 дугаар давхарт “***” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч ***ыг өрийн эхнэртэй удаан хугацаанд ярилцсан гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би манай байгууллагын шинэ жил өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд худалдааны төвийн 6 давхарт зохион байгуулагдсан бөгөөд 150-180 орчим шинж жилд цугларсан. ...Би З-тай ямар нэгэн харилцаа үүсгээгүй өөр хүнтэй юм яриад баяр хүргээд байж байтал хажуу талаас пивоны шилээр З-ын нөхөр *** гэх залуу нь миний зүүн нүдний харалдаа хүчтэй цохиж нүд харанхуйлаад ухаан балартсан. Ухаан орох үед миний нүүрийг манай ажилчид арчаад зогсож байсан ба гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 6-11/,

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өөр ширээнд буюу Саранзулын ширээнд очоод суусан. Тэнд ***ын эхнэр З, С, *** ах нар сууж байсан. Би *** ах дээр очоод би явж бүжиглэлээ шүү гэж хэлээд бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь гэнэт тас хийх чимээ гараад шил хагарсан. Яасан бэ гээд буцаад очсон чинь *** ах ***тай барилцаад авсан зогсож байсан. *** ахын шанаа толгой хэсэг цус болчихсон. ***ыг салгаад ширээ рүү нь аваад явсан. Салгачхаад ***тай би юм ярьсан чинь *** надад урьд байсан өс хонзон санасан юм байсан, миний эхнэртэй 10-15 минут юм ярьж суулаа шүү дээ гээд байсан. ...*** цохисон гэсэн. Би яг хараагүй. Цохисных нь дараа очсон, гэхдээ *** цохисон нь тодорхой хүн болгон мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээчийн 1319 тоот дүгнэлтэд: “...***ын биед зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-н 31-32/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 54, 57-60, 68-71, 73-77/, хохирлын баримтууд /хх-н 81/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их Наяд худалдааны төвийн 6 дугаар давхарт “***” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч ***ыг өрийн эхнэртэй удаан хугацаанд ярилцсан гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг эхнэртэйгээ удаан ярилаа гэж хардаж, түүний нүүр хэсэгт нь пивоны шилээр цохисон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүрэн тус газар нь пивоны шилээр цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 147.450 төгрөгийн хохирлыг хохирогчид шилжүүлсэн байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ, мөн ажилгүй байсан хугацааны олох орлогоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР