| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00424/И |
| Дугаар | 142/ШШ2022/01496 |
| Огноо | 2022-11-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2022/01496
2022 11 09 142/ШШ2022/01496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Сэлэнгэ сум, 2 дугаар багт байрлах, Оргилдэлгэр ХХК /РД:2796155/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Сэлэнгэ сум, 2 дугаар багт оршин суух, Галсан овогт Шаандарын Нэргүйбаатар /РД:ГИ77082518, утас: 99216781/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 59,714,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Энхбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Нямцэрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ганзориг,
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мэндбаяр,
Гэрч: Ж.Хишигдаваа, Н.Батхүлэг, Х.Ганзул, П.Оюунчимэг, Б.Золсайхан, Ч.Удвал, С.Зоригт, Ч.Бямбадорж, Д.Өвгөнхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Ц.Азжаргалд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй, талууд шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Оргилдэлгэр ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаний гурвалжин будаа тариалсан 54 га талбай, улаан буудай тарьсан 140 га талбайг ургац хураагаагүй байхад иргэн Ш.Нэргүйбаатар 2018 оны 10 сарын 06 нд өөрийн болон хүний нийлсэн /баз хүргэн болох Н.Хишигдаваагийн/ олон тооны үхэртэй талбайн хажууд бууж хоёр шөнө 1 өдөр дээрх талбайд үхрээ хариулгагүй оруулснаас 38 га талбайн гурвалжин будаа, 140га-ийн 40 га талбайн улаан буудайг хураах боломжгүй болгосон. Бид гурвалжин будааг 1 га-с 10 цн, улаан буудай 12 цн ургац хурааж авах байсан. Сумын ургацын комиссын шаардсанаар гэрээ нүүлгэсэн боловч мөн 79 га талбайн хажууд бууж тарьсан рапсыг үхрээр талхалж идүүлсэн. Компаний тооцоолсноор гурвалжин будаа: 38 га * 10 цн=38тонн, Улаан буудай: 40 га*12 цн =48тонн ургац хураан авахаар байсан. 2018 оны намар зах зээлийн үнээр гурвалжин будаа 38 тн*1200000төг= 45,600,000 төгрөг, Улаан буудай: 40 га-с 48 тн* 560000=26,880,000 төгрөг рапсыг тооцохгүйгээр нийт 72,480,000 төгрөгийн хохирол учруулсан. Сумын ЗДТГ-с комисс дуудаж талхлагдсан талбайг үзүүлэн хохирлыг тогтоолгосон. Сумын засаг даргын орлогч А.Ганбагана, Газрын даамал Г.Мэргэнбаатар нар ирж "...гурвалжин будааг хураах боломжгүй, улаан буудайг талхлагдсан 40 га талбайн 1 га-с 5 цн ургац хураах боломжтой, рапсыг тооцохгүйгээр 35,7 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэж малчдын талыг барьж хохирлын хэмжээг нэг дахин бууруулсан акт гаргасан. Гурвалжин будааг 2017 оны борлуулалтын үнээр, улаан буудайг 2018 оны үнээр тус тус тооцсон болно. Иргэн Ш.Нэргүйбаатар нь олон жил дараалан тарьсан тариаг малаар идүүлж хамгийн их хохирол учруулж байсан. 2018 оны хувьд баз хүргэн болох Ж.Хишигдаваагийн ухэртэй нийлүүлж 300 гаруй тооны үхрээр таримльг сүйтгэсэн. Бид бодит хохирлын дүнгээр нэхэмжлэх эрхтэй боловч сумын коммиссын тогтоосон хохирлын хэмжээгээр 35,700,000 төгрөгийг иргэн Ш.Нэргүйбаатараас гаргуулж Оргилдэлгэр ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч Ш.Нэргүйбатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Нэргүйбаатар би иргэн Д.Энхбаярын гаргасан Гурвалжин будаа, Улаан буудайны төлбөр төлүүлэх 35.700.000 сая төгрөгийн хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно. Учир нь манайх Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт олон жил мал маллаж амьдарч ирсэн, цөөн тооны малтай айл билээ. Оргилдэлгэр ХХК-нь гурвалжин будаа тариалсан 54 га талбай, улаан буудай тарьсан 140 га талбайг ургац хураагаагүй байхад үхрээ хариулагагүй оруулснаас 38 га талбайн гурвалжин будаа, 140 га газрын 40 га талбайн улаан буудайг хураах боломжгүй болсон гэж дурьджээ. Өнгөрсөн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манайх Сэлэнгэ сумын 1 дүгээр баг, Бухын голд намаржиж байгаад өөрийн өвөлжөө байх 2 дугаар багийн баруун булаг гэх газарт нүүж буусан байдаг, тухайн цаг хугацаанд 2 дугаар багийн малчид мөн л Д.Энхбаярын тариа тарьсан гэх газрын ойролцоо мал ахуйтайгаа, гэр орноо аваад бууж /нүүсэн/ байсан байдаг. Гэтэл ямар учиртай миний бие болоод Н.Хишигдаваа нарыг хохирол төлбөр төлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй болно. Нэхэмжлэлээс харахад нэхэмжилж байгаа зүйл нь тодорхойгүй бөгөөд манай мал тухайн газрыг эвдэж сүйтгэсэн нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр хохирол төлбөр нэхэмжилсэн байна, манайх малаа байнгын хариулагатай байлгадгын дээр өдөр тутам харж байдаг юм. Түүнчлэн бидний мэдэхийн тухайн газар өмнө тариа тарьж байсныг мэдэхээс 2018 оны 10 дугаар сард тариа тарьсан талаар хэн ч хэлээгүй, мэдэгдээгүй бас тариа тариалсан гэх газар ямар ч хашаа, тор, харуул хамгаалалт, хяналтгүй байсан байтал өмнө хэзээ, хэний ямар мал орж сүйтгэснийг мэдэхгүй, тогтоогоогүй байж, уг тариан талбайтай ойр айл болох манайхыг буруутгасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Оргилдэлгэр ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тус компани нь хариуцагч Ш.Нэргүйбаатарт холбогдуулан 2019 оны 07 сарын 19-нд 35,700,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 35,700,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны Сэлэнгэ сумын комиссын актыг үндэслэн нэхэмжилсэн. Энэ акт нь захиргааны хэм хэмжээгээр тогтоосон аргачлалын дагуу тооцоогүй, комисс бүрэлдэхүүн хангагдаагүй гэдэг үндэслэлээр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00616 тоот шийдвэрээр хүчингүй болсон. Хэрэг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирж тус шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн шүүхийн тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч Тольдох оюуны өгөөж ХХК нь 2022 оны 08 сарын 15-ны 22/08/15 тоот дүгнэлтээр хохирлын хэмжээг 59,714,240 төгрөг гэж тогтоож үнэлгээний тайлан ирүүлсэн. Компанийн өөрийн тооцоогоор хохирол 78 сая төгрөг болдог. Иймд эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хариуцагч Ш.Нэргүйбаатараас 59,714,240 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 24,014,240 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Оргилдэлгэр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Нэргүйбаатарт холбогдох хариуцагч Ш.Нэргүйбаатарын үхэр тарийлангийн талбайд орж улаан буудай, гуралжин будаа идсэн тул хохиролд 35,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Нэг. Ш.Нэргүйбаатараас гэм хорын хохирол гэж нэмэгдүүлж нэмэгдүүлсэн 24,014,240 төгрөг нь түүний ямар гэм буруутай үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүйгээс болж хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй байгаа тул хариуцагчаас нэхэмжилж буй дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёр. Хариуцагч Ш.Нэргүйбаатар нь уг хэргийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн буруугүй тухай, өөрийн нь өмчлөлийн мал нэхэмжлэгчийн талбайд ороогүй тухай маш тодорхой тайлбар гаргаж байсныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн мал тус талбайд ороогүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гурав. Хариуцагч Ш.Нэргүйбаатар нь Монгол үндэстний уламжлалт аж ахуй болох нүүдлийн мал аж ахуй-г эрхэлдэг ба уг нүүдлийн мал аж ахуй нь хүн төрлөхтний түүхэнд Монголчуудыг бусад үндэстнээс ялгаж харуулдаг Монгал зан заншил, соёлын өв. Дэлхийн түүхэнд Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос 8 мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж эхэлсэн ба Дорнодын Тамсагбулагт малтсан бууцнуудаас гол төлөв хонь, адууны яс гарсан бөгөөд МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үздэг. Ийнхүү Ш.Нэргүйбаатарын хувьд уг уламжлалт нүүдлийн мал аж ахуйн өв соёл, зан заншлыг үргэлжүүлэн яваа жирийн иргэн бөгөөд төр засгийн зүгээс ямар ч туслалцаа, дэмжлэггүйгээр мал маллаж яваа иргэний хувьд түүнээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж ирсэн. Тодруулбал мал маллахдаа тухайн оны 10 дугаар сар гарсан байхад өөрийн газар эзэмших гэрчилгээтэй, өөрийн өмчлөлийн өвөлжөөндөө нүүн очих үед нэхэмжлэгч компани нь тариа, будааны талбайгаа хашаалаагүй, ургацаа хураагаагүй байсан тул тус малчин өвөлжөөндөө бууж чадахгүй нүүн өнгөрсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тэр орчмын бүх малчин айлууд болон мал бүхий иргэдийн мал өдөр шөнөгүй орж тариан талбайг нь сүйтгэсэн байхад мал нь ороогүй Ш.Нэргүйбаатарыг хариуцагчаар татаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал Оргилдэлгэр ХХК нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т заасан өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан байж болзошгүй хохирлоо, алдсан ургацаа, мөн өөрсдөө хурааж авч чадаагүй ургацаа, алдагдлаа малчингаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Оргилдэлгэр ХХК-ийн эхэлж нэхэмжилсэн болон нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнтэй холбогдуулан малчдыг төрийн бодлогоор дэмжиж зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Монгол малчин Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг гаргаж байгааг хэрэгт хавсаргаж өгнө үү.
Дөрөв. Хариуцагчийн хувьд Оргилдэлгэр ХХК-ийн тариалангийн гэх талбайд малаа ойртуулаагүй бөгөөд нөгөө талаас Оргилдэлгэр ХХК нь төр захиргааны байгууллага болон малчидтай гурвалсан гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулж, малчдад хаягдал тариа, будаагаа хямд өгөхөөс зайлсхийж өдийг хүрсэн гэх ба тус компанийн өмнө Ш.Нэргүйбаатар болон Сэлэнгэ сумын 2-р багийн малчид бүгд гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна. Иймээс Оргилдэлгэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Оргил дэлгэр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-3/, 2019 оны 07 дугаарр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 336,450 төгрөг төлсөн баримт /1хх-4/, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хохирол тогтоох ажлын хэсгийн акт /1хх-5-7/, тойм зураг /1хх-8/, таваарын улаан буудай худалдан авалтын ЭТ/2018/33 тоот гэрээний тооцооны акт /1хх-65-67/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, шинэчлэх тухай хүсэлт /1хх-77-78/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх-79, 81-82/, кадастрын зураг /1хх-80/, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2019/00616 дугаартай шийдвэр /1хх-83-85/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-86-87/, Булган аймгийн 2018 оны ургацын урьдчилсан төлөв /хх-148/, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлт /3хх-9/, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-40-42/, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн акт /3хх-80/, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нийлүүлсэн буудайны цуваа, тооцоо /3хх-81/, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн лаборторийн шинжилгээ, хатаалгын тооцоо /3хх-82/, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Гавшгай тээвэр ХХК-ийн тээвэрлсэн буудайны тооцоо /3хх-83/, Оргилдэлгэр ХХК-ийн 2018 оны Санхүүгийн тайлан /3хх-84-87/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 278,100 төгрөг төлсөн баримт /хх-119/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар /1хх-20/, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл /1хх-47/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /3хх-90/, итгэмжлэл /3хх-108/, хариу тайлбар /3хх-109-110/, гэрэл зураг /3хх-111-116/, хариу тайлбар /3хх-139-140/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчидын хүсэлтээр: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тодорхойлолт /1хх-53-56/, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/287 дугаартай Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт /1хх-174-175/, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/2340 дугаартай Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тодорхойлолт /2хх-60-61/, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай Тольдох оюуны өгөөж ХХК-ны тодорхойлолт /3хх-57-71/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Оргилдэлгэр ХХК нь хариуцагч Ш.Нэргүйбаатараас эзэмшлийнх нь улаан буудай, гурвалжин будаа тариалсан талбайд үхэр орж тарималыг сүйтгэж учруулсан хохиролын төлбөр 59,714,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө талбайгаа эргэж байтал үхрээр дүүрсэн байсан гэтэл тэр нь Ш.Нэргүйбаатарын үхэр байсан. Үхрийг нь гаргаад тэндээ байж байгаад 10 дугаар сарын 07-ны шөнө бас ирсэн. Бид 10 дугаар сарын 08-ны өглөө үхэрнүүдийг гаргаж цагдаа дуудаад, ургацын комисст бас мэдэгдсэн. Манай 308 гэдэг пойлын 140 га-д тариа тарьснаас 40 га нь тариа хураах боломжгүй болсон байсан, 48 га-д тарьсан байсан гурвалжин будаа бас хураах боломжгүй болсон, тухайн үед ирсэн хүмүүс акт гаргаж өгсөн, авах байсан ургацын дүн 72,480,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээр 59,714,240 төгрөг гарсан гэж үзэн энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн 1-р баг буюу Бухын гол гэх газар намаржиж байгаад тэндээсээ өвөлжөө байдаг газар болох 2-р багийн нутаг руу нүүсэн. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 2 хоногийн хугацаанд мал тууж явсан. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймаг Сэлэнгэ сумын 2-р баг Тариатай гэх газар ирсэн. Энд ирсний дараа Оргилдэлгэр ХХК тариагаа бүрэн хурааж аваагүй гэдэг асуудал яригдсан учраас энд бууж нутаглалгүй шууд яваад хойшоо Хишигдаваагийн байсан газар руу нүүж очсон, манай мал ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хохирол тогтоох комиссын акт нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу Бухын голоос нүүж байсан өдөр урьдчилж үйлдсэн акт болох нь харагдаж байна гэж гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хохирол тогтоох комиссын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн акт нь Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 616 дугаартай шүүхийн шийдвэрээр бүхэлдээ хүчингүй болсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Ш.Нэргүйбаатарын мал нэхэмжлэгчийн талбайд орж тариа будаа сүйтгэсэн болох нь тогтоогдоогүй, Ш.Нэргүйбаатарын мал гэдгийг баталсан нотлох барэмт, гэрэл зураг байхгүй, талбайд орсон гэх малнууд хэний эзэмшлийн, хэдэн тооны, ямар им тэмдэгтэй байсан талаар болон тухайн комиссын бүрэлдэхүүн, үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, хэмжилт хийж баталгаажуулаагүй байна.
Нэхэмжлэгч нь 72,480,000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч үүнд улирал цаг уурын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүчин чадал боломж, эсвэл Ш.Нэргүйбаатрын мал идсэний алинаас нь шалтгаалж хэдий хэмжээний ургац сүйдсэн болохыг тогтоогоогүй байна.
Гэрч Ж.Хишигдаваа мэдүүлэхдээ: Би Ш.Нэргүйбаатарын малыг маллаж байсан. 100 гаруй үхэр байсан. Тэр үед манайх 70-80 үхэртэй байсан.Нэргүйбаатар Харлагийн голын шанаа руу будаа тариа авсан газар руу адуугаа оруулсан байсан. Манайх ч бас тэнд малаа аваачсан, би наана нь Олон булаг гэдэг газар машинтай адуугаа харж байсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр Оргилдэлгэр ХХК-ийн тариан талбайд мал орж сүйтгэсэн асуудлыг мэдээгүй, өөрийн болон Ш.Нэргүйбаатарын малыг нийлүүлээд Харлагийн голын тариа будаа аваад дууссан газар харж байсан. Харлагийн гол нь сүйдсэн гэх тариан талбайгаас 8 км орчэм зайтай. Манай эхнэр, Ш.Нэргүйбаатарын хүү Н.Батбилэг бид 3 машиндаа амьдарч байсан гэв. Ер нь айлууд будаа тариа чөлөөлөгдсөн газруудаар буугаад эхэлсэн байсан гэв. 10 дугаар сарын 07-ны өдөр манай 2 айл Бухын голоос гарсан. Өлгийн гарам дээр 1 хоноод 10 дугаар сарын 08-ны орой Бервазны аманд /Тавилангийн ам/ хоносон. 10 дугаар сарын 09-ний өглөө Харлагчийн гол Олон булаг гэдэг газар очсон. Өлгийн гарам бол манай намаржиж байснаас 5-6 км зайтай, Оргилдэлгэр ХХК-ийн будаанаас 10 км гаруй, тойруугаар бол 20 гаруй км зайтай. Энэ газрууд нь голынхоо урд талд байдаг газар. Оргилдэлгэр ХХК бол голын хойно байдаг гэв. 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд сумын цагдаа, Оргилдэлгэр ХХК-ийн захирал Удвал нараас та нар мал хүлээж авсан зүйл огт болоогүй гэв.
Гэрчүүдийн мэдүүлгээр Ш.Нэргүйбаатар урдаас малаа шахаад, хадлангийн өвсөндөө явсан байсан. Оргилдэлгэр ХХК-ийн талбайн хажуу талд байсан гэр нь 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 01-ний хооронд хадландаа гарахдаа барьдаг. 11 сар хүртэл байдаг.
Айлууд уулын амуудаар л байрладаг, талбайтай ойр өвөлжөөтэй арваад айл байдаг. Сумын захиргааны зүгээс малчдад танилцуулга ирдэг. 10 дугаар сарын 5-ны өдөр гэхэд малчдыг гарахыг сумаас зөвшөөрдөг байжээ.
Тухайн үед Ш.Нэргүйбаатар өвөлжөөндөө гэрээ барьсан, хадлангийн өвсөө хийж, Бухын гол гэдэг газар байсан, 10 дугаар сарын 07-ны өглөө үхэр орох үед Ш.Нэргүйбаатар, Ж.Хишигдаваа нар Оргилдэлгэр ХХК-ийн талбайд мал нь орсон тэнд явж байсан гэдэг нь тогтоогдоогүй байна.
Гэрч Ж.Хишигдаваагийн мэдүүлгээр хариуцагч Ш.Нэргүйбаатарынх 10 дугаар сарын 07-ны өдөр орой Бухын гол гэдэг газраас нүүгээд 2 хоногийн дараа 10 дугаар сарын 09-ний өдөр Харлагийн гол орсон. Бухын гол гэдэг газар Оргил дэлгэр ХХК-ийн тариан талбайгаас 40 км зайтай газар байдаг болох нь батлагдаж байна.
Гэрч Н.Батхүлэг мэдүүлэхдээ 2018 оны 10 дугаар сард аав, ээжтэйгээ хамт мал дээр Бухын голд намаржиж байсан. 10 дугаар сарын 07-ны өдөр гараад, замдаа алга болсон үхрээ бүрдүүлж 10 дугаар сарын 09-ний өдөр голын хойшоо гарсан. Бухын гол нь Оргилдэлгэр ХХК-н тариа тарьж байсан талбайгаас 30 гаруй км зайтай. Манайх адуу үхэртэй, Ж.Хишигдаваа ахын мал байсан Харлагийн голын тэнд 7 хоносон. Аав, ээж хоёр намайг нүүлгэж өгөөд хадландаа явсан. Бухын голоос Харлагийн голруу нүүж байхад Оргилдэлгэр ХХК-ийн тариан талбайд манай мал ороогүй. Хишигдаваа ах бид хоёр малаа маллаж байсан. Би өөрөө малаасаа огт холдоогүй, мал хүлээлгэж өгсөн ч зүйл байхгүй. Адуу уулаараа байсан. Манай үхэр Баруун чих нь хойноосоо ухмал имтэй. Хадлангийн гэрээ 8 дугаар сарын сүүлээр барьдаг. 10 дугаар сард тэр гэр байж байдаг Нүүж байх үед аав, ээж 2 Харлагийн голд машинтай хээр үлдээгээд явсан. Баруун булагт жижиг гэр байсан. Том гэр Жанжин сайр өвөлжөөн дээр байсан. Энэ нь тариан талбайгаас 10 гаруй км зайтай гэж байна.
Гэрч Даваадоржийн Өвгөнхүү: Ш.Нэргүйбаатар бид Булган аймаг Сэлэнгэ суманд төрж өссөн нэг нутгийн хүмүүс.2018 онд манайх Чулуун хашаа гэдэг газар, тэрний гол дээр намаржсан. 10 дугаар сарын 05-ны өдөр тариа авч дуусна гэсэн захирамж байдаг. Тэрний дагуу Энгэтийн гол, Харлагийн гол гээд хоёр голоо дагаж зусаж, намарждаг. 2018 онд манайх Берваз дээр байхад 10 дугаар сарын 05, 06-ны үед цас ороод нүүсэн санагдаж байна. Тавилангийн аман дээр 2 өдөр болоод хойшоо гол гарч Чулуун хашаанд очиж буусан. Нэргүйбаатарынх Бухын голоос нүүсэн, би Ингэтийн голд байж байгаад малаа алдаад Тавилангийн амаас олж авсан. Бервазаар гол гарахдаа манай мал Ш.Нэргүйбаатарын малтай нийлж гарсан. Гол гараад Ш.Нэргүйбаатарынх Бервазны наана Олон булаг гэдэг газар цагаан, цэнхэр өнгөтэй 2 портер ачаатайгаа байсныг харсан. Яг хаана буусныг нь мэдэхгүй байна. Тэр хавьд олон мал байгаа, үхэр гэхэд л 8000-9000 байгаа. Тэр дундаас Ш.Нэргүйбаатарын үхэр гэж ялгахад хэцүү. Манай сум хоёрхон амтай. Тариа тарих гэж байна гээд 5 дугаар сарын 20 гээд бид урагшаа гардаг, 10 дугаар сар хүртэл тэндээ суудаг учир мал идэх юмгүйгээс алдаж осолдох юм зөндөө байдаг. Манай сумын төв 3 багтай, Булган аймгийн Сэлэнгэ сумын айлуудын 60-70 хувь нь энэ талбайн ойролцоо нутагладаг, 4 амандаа л суурьшдаг. 4 амны адагт нь Оргилдэлгэр ХХК-ийн талбай байдаг. Харлагийн голоос 20 км, Наран булагаас 7-8 км зайтай байдаг. 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд малчдын нүүх талаар сум орон нутгаас удирдамж өгдөг. 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд тариаг хураасан байх ёстой, малтай айлууд нүүнэ гэдэг нь нэг бодлын тийм боловч нөгөө талаас 10 дугаар сар гараад хяруу унаад эхлэхэд зун намаржин байсан газар өвс тарчиг болж мал дийлдэхээ больдог гэв.
Гэрч Хишигдаваагийн Ганзул мэдүүлэхдээ Ш.Нэргүйбаатар бид 2 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон, тэр цагаас хойш мал маллаж байна. Би Булган аймаг Сэлэнгэ сум 2 дугаар багт 1980 оноос хойш тэнд амьдарч байгаа. 2018 оны 10 дугаар сард Оргил дэлгэр ХХК-ийн тариан талбайд мал орж сүйтгэсэн асуудлыг Булган аймгийн шүүхээс дуудаж Оргил дэлгэр ХХК нэхэмжлэл гаргасан байна гэхэд мэдсэн. Туханй үед манайх Бухын гол гэдэг газар байсан. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тариахтай гэх газар руу нүүсэн. Баянгол гэдэг газар өвөлжөө байдаг, тэндээсээ тариа будаатай гэхээр нь Харлагийн гол орсон гэв. 10 дугаар сарын эхнээс өмнө нүүх боломжгүй байдаг. Биднийг хүүхэд байхаас авхуулаад 10 дугаар сарын сарын 01-ний өдөр хүртэл малчид голоос хойшоо бууж болохгүй гэсэн захирамж байдаг байсан. Бид үүнийг баримталж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нүүж усны ард гарсан гэж байна. Харлагийн голд 10 дугаар сарын 09-ний өдөр очсон. Бухын голоос Харлагийн гол хүртэл нүүхэд Ж.Хишигдаваа, Н.Батхүлэг, Гантуяа, Ш.Нэргүйбаатар болон би явсан. Харлагийн голд гэр бариагүй, суудлыг машиндаа 10 гаруй хоног амьдарсан. Ж.Хишигдаваа, Н.Батхүлэг, Гантуяа гурав үлдсэн гэв.
Гэрч Чоёнгийн Бямбадорж 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ш.Нэргүйбаатарынх манайд нүүж очсон, манайх 10 дугаар сарын 08-нд очсон байсан. Ш.Нэргүйбаатарынх 2018 оны 10 дугаар сарын 08, 09-ний үед гэрээ өвөлжөөн дээрээ барьсан байсан, машинтайгаа манай гадаа нилээн хэд хоносон. 2018 оны 10 дугаар сард Ш.Нэргүйбаатарын мал Оргил дэлгэр ХХК-ийн тариан талбай руу орсон талаар мэдэхгүй, 10-ны өдөр яасныг мэдэхгүй, ямар ч байсан 09-ны өдөр манай гадаа байсан гэв.
Гэрч Чадраабалын Удвал 2018 онд манайх Харлагийн голын 308 га нэгж талбарын 140 га газарт улаан буудай тариалсан, 54 га нэгж талбарйн 38 га газарт гурвалжин будаа тарьж байсан. Тэржилийн ургац оройтож байсан. Энэ үед тариачид малчдын хооронд жил бүр үүсдэг асуудлаас болоод сум орон нутгийн удирдлагаас зохион байгуулж 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл будаа хурааж дуусаагүй бол айлуудыг нүүхгүй байхыг сануулсан. Бид нар нь гэсэн ирж танилцуулж байсан. Тухайн үед бригад гарсан байсан учраас 10 дугаар сарын 05, 06-ны өдөр талбайдаа эргэлт хийж байхад Хишигдаваа, Ш.Нэргүйбаатарынх гэсэн айл ирсэн байна гэж сонссон. Үдээс хойшоос нь эхлээд мал нь ирсэн. Тухайн үед сумын үйлчилгээний албан байгууллагуудаас эргүүлд гаргаж өгнө гэж яригдаж байсан. Манай компанийн зүгээс Зоригт гэдэг хүн хариуцаж харж байсан. Шөнө нь над руу утсаар ярьж талбай руу үхэр ороод болохгүй байна, хэд хэдэн удаа Ш.Нэргүйбаатарын гэрт очтол хүн гарч ирэхгүй байна гэж хэлсэн. Эднийх манай талбайд маш ойрхон гэрээ барьчихдаг. 2002 оноос хойш жил бүр ирж буудаг. Тэр жил онцгой жил байсан учраас би анхааралдаа авсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнөжин малтай хөөцөлдлөө гэхэд нь би сум руу ярьж, ургацын комиссоос хүн явуулаач гэтэл сумын цагдаа, тэр үед эргүүл хийж байсан байгаль орчны байцаагч Оюунчэмэг нар ирсэн. Тэднийг дагуулж талбайд ирэхэд нэг морьтой хүн мал гаргаж явсан. Тэгээд бид бүгд тэнд уулзаж ойр байсан гэрт очиход Ш.Нэргүйбаатрын эхнэр нь байсан. Ш.Нэргүйбаатарын эхнэртэй уулзахад хэл амаар доромжилсон. Та нар тариагаа хурааж чадахгүй бол хохь чинь, адилхан малтай хэцүү байна, малаа дийлэхгүй, өвс ногооны ажилтай байна гэж хэлдэг. Очсон хүмүүсийг та нар дандаа компанийн талд үйлчилдэг гэж харааж байсан. Тухайн үед цагдааг маш муухайгаар хэлж байсан. Танайх тариагаа хурааж авахгүй бол адилхан идэлцээд л дуусна гэсэн. 10 дугаар сарын 08-ны өглөө би хохирол тогтоож өгөөч гэж байж акт гаргуулж байсан гэв.
Гэрч Сүхбаатарын Зоригт 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой Ш.Нэргүйбаатарын үхэр талбайд орсон. Тэднийх гэр барьсан байсан. Хүн үзэгдэхгүй, харанхуй болоход гэрэл гарч байсан. Би тэнд малтай хөөцөлдөж байхад огт хүн ирээгүй. Маргааш нь Хишигдаваа морьтой явж байхад нь хэний үхэр вэ? гэж асуухад Ш.Нэргүйбаатарын үхэр гэж хэлсэн. Араас нь Ш.Нэргүйбаатар мотоциклтой ирэхэд нь та нар мал ахуйгаа авахгүй яасан юм бэ гэж би хэлсэн. Тэр үед эд нар бүгд байсан. 10 дугаар сарын 07-ны өглөө Малаа гаргаж байхад нь Нэргүйбаатар,Хишигдаваа 2-той уулзсан.Нилээн их хөөцөлдсөн, эдний хоёроос өөр айл тэнд байгаагүй. Мал нь тэр хавиараа л байсан байх, эргэж орж ирсэн. 10 дугаар сарын 08 билүү 09-ний өдөр нүүсэн. Шөнө бол олон мал байсан, барэмжаагаар бол 70-80 үхэр байсан гэв. Хүлээлгэж өгөөгүй, эдний хотонд очдог л үхрүүд байсан. Өглөө нь Ш.Нэргүйбаатар, Ж.Хишигдаваа хоёр манай үхэр гэж байсан гэв.
Гэрч Хуурч овогт Баярхүүгийн Золсайхан 11 цагийн үед над руу Удвал гэдэг хүн утсаар залгаж, тариан талбайд мал орсон, ирж шалгаж өгнө үү гэсэн байдлаар дуудлага өгсөн. Тухайн үед байгаль орчны байцаагч Оюунчимэг гэдэг хүнтэй хамт, албаны машингүй байсан учраас Удвал гэдэг хүний машинаар хамт ирсэн. Тариан талбай нь 2-р багт орших Арбулаг гэдэг газар очсон. Бид мал орсон, сүйтгэсэн ул мөрийг харсан, мал байсан. Тухайн үед эзэн нь тодорхой мэдэгдээгүй. Ер нь бэлчээрийн, тариа талбайн холбогдолтой байнгын тэмцэл гардаг учраас ургац хураатал айлуудыг буулгахгүй гэдаг. Гэтэл 2 айл ирж буусан байсан. Оюунчимэг байцаагч нэг рүү нь залгахад морьтой, мотоциклтой хоёр хүн ирсэн. Эхнийх нь морьтой ирэхэд нь би шаардлага тавьсан. Тухайн үед тэр 2 айлаас өөр хариулгагүй малтай айл байгаагүй. Тэр хүмүүстэй уулзсан, надтай хамт малыг тэндээс гаргасан, өөрөө бол манай мал биш гэсэн байдлтай байсан. Буух ёсгүй газар буусан учраас тэр айлын мал байна гэж ойлгосон. Хүүхдийг тэнд яваад байсан залууг гэж ойлгосон, тухайн үед 10 жил төгссөн, эсвэл цэргийн насны хүүхэд байсан. Морьтой хүнийх нь нэрийг мэдэхгүй байна. Эхэлж ирсэн хүн нь хижээл насны залуу байсан. Тэр мал цуг гаргалцсан ч манай мал биш гэсэн. Нөгөөх нь хүүхэд байсан, танайд том хүн байна уу гэтэл яваад өгсөн. Гэрийнх нь гадаа очсон, би ажилдаа ороод удаагүй байсан. Манай сумаас комисс гаргана гэж ярьж байсан, би оролцоогүй, ямар хүмүүс ажиллсаныг мэдэхгүй. Дан үхэр байсан, эм тэмдэгийг зүсэлж хараагүй, яаралтай малыг гаргаж эзнийг нь олохоор ажиллагаа явуулсан. Ойрхон 2 гэрт очиж шаардлага тавьсан. Нэг эмэгтэй гарч ирсэн, хариуцагчийн талын хүн. 230 орчим үхэр байсан гэв. Талбай бол том, цаашаа явахад миний гутал шалба норж байсан. дуудлага 10 цагт аваад 11 цаг өнгөрөөд 12 цагийн үед очиход хяруу унасан байсан. Хүүхдээс танайд том хүн байгаа юу гэж асуугаад дагаж очтол нэг эмэгтэй гарч ирээд намайг шаардлага тавихад үгийг зөрүүгүй хэл амаар доромжилсон гэв. Нүү гэсэн шаардлага тавьсан. Танай мал хаана байна вэ?, мал хариулгатай байх ёстой шүү дээ гэтэл над руу дайрсан. Манай мал гэж яг тэгж хэлээгүй гэв.
Гэрч Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Би засаг даргын тамгын газартай хамтран ажилладаг учраас урьд өдөр нь тариалангийн талбайд мал орсон байна гээд цагдаа Золоотой хамт 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баруун булагийн адагт тариалангийн 54 дүгээр талбайд очсон. Гурвалжин будаа тарьсан, мал идэж, гишгэсэн байдалтай байсан. Биднийг очиход талбайд мал байсан бөгөөд хажуу талд нь Ж.Хишигдаваа, Ш.Нэргүйбаатарынх гэсэн 2 айл байсан. Ш.Нэргүйбаатарыг бид Ногооноо гэдэг. Пойлны ойролцоо байгаа малчныг дуудсан, тэгэхэд Ж.Хишигдаваа морьтой ирээд манайх биш Ш.Нэргүйбаатрынх байх гэсэн. Ногооноогийн хүүг дуудаад, надаас бусад нь гэрт нь очихоор явсан. Тухайн үед би орсон малын зургийг авсан, даанч тэр аппарат байхгүй болсон. Яг танай үхэр шүү гэж хүлээлгэж би бол өгөөгүй. Биднийг очиход олон мал байсан, тухайн үед тоолоогүй. Тухайн үед өөр нүүж очсон айл байгаагүй учраас эдний мал байх гэж бодсоноос им тэмдэгийг бол би мэдэхгүй. Ж.Хишигдаваа, Ш.Нэргүйбаатарынх гэсэн 2 гэр л байсан. Малчид бол 5 дугаар сарын 15-наас газар тариалангийн хугацаа дуустал нүүж очихгүй гэсэн захирамж гаргадаг Тариан талбайд орсон малыг Ш.Нэргүйбаатарын мал гэдгийг би мэдээгүй. Ж.Хишигдаваа манай мал биш, Ногооноогийнх байх гэж хэлээд Ногоогоогийн хүүг дуудсан. Тэгээд гэрт очиж уулзахаар явсан би өөр чиглэлд явсан гэв. Ийнхүү дээрх гэрчүүдийн мэдүүлгээр 2018 оны 10 дугаар сарын 06,0 7-ны тариан талбайд мал орсон гэх өдөр хариуцагч Ш.Нэргүйбаатарынх 10 дугаар сарын 07-ны өдөр Бухын гол гэдэг газраас нүүгээд 2 хоногийн дараа 10 дугаар сарын 09-ний өдөр Харлагийн гол орсон, Бухын гол гэдэг газар Оргил дэлгэр ХХК-ийн тариан талбайгаас 40 км зайтай газар байдаг болох нь тогтоогдсон байна.
Ийнхүү дээрх үйл явдал тогтоогдоогүй байхад шинжээч дүгнэлт гаргасан, шинжээч дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон хохирол тогтоох комиссын актыг баримталсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Оргилдэлгэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Оргилдэлгэр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
Р.ҮҮРИЙНТУЯА