Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржпагмын Нямдоржид холбогдох эрүүгийн 1738000270043 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Н, 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 30-13 тоотод иргэн Д.Цагаанхүүтэй маргалдан түүний биед хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Нямдорж нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 30-13 тоотод иргэн Д.Цагаанхүүтэй маргалдан түүний биед хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 06 сарын 15-ны өдөр би хөдөөнөөс орж ирээд ахындаа очтол гэр нь цоожтой байхаар нь түлхүүрийг нь авахаар 13-30-13 тоотод Цагаанхүүгийнд очсон. Тэднийд ажлын ах Эрдэнэ-Очиртой хамт очтол Цагаанхүү, Эрдэнэ-Очир 2 хэрэлдээд эхэлсэн. Эрдэнэ-Очир ахын эхнэр нь тэнд архи уусан байдалтай Цагаанхүү, Пүрэвсүрэн хоёртой сууж байсан. Эхнэрээс нь болоод Цагаанхүүтэй, Эрдэнэ-Очир ах хэрэлдээд байхаар нь би Цагаанхүүг боль гэсэн чинь би аавынх нь найз байна чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би Цагаанхүүг нүүр лүү нь нэг алгадсан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Би архи уусан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017-06-15-ны өдөр 18 цагийн орчим Мөрөн сумын 13-30-13 тоотод өөрийн гэртээ найз Пүрэвсүрэн, Нямдалай гэдэг эмэгтэйтэй хамт гурвуулаа 1 шил архи уугаад сууж байтал гаднаа нэмэх, хасах гэсэн бичигтэй хувцастай 3 залуу орж ирээд нэг залуу /Нямдорж гэдэг нэртэй/ аав нь аль юм гээд гэрийн баруун талд сууж байсан Пүрэвсүрэнг шууд очоод цохиод унагаачихсан. Тэгтэл гаднаас дахин Эрдэнэ-Очир орж ирэхээр нь би юу болоод байгаа юм, би аав нь байна гэсэн чинь миний сууж байсан орон дээр дарж унагаагаад намайг шууд миний хоёр нүд рүү ээлжилж цохиод алаад өгье гээд гэрийн зүүн талд байсан усны саван дээр байсан шанага аваад намайг шанагаар дан толгой хэсэгт цохиод байсан ба миний баруун нүдний зовхи яз цохисон. Тэгээд Нямдорж гэдэг залуу алаад хаячихъя гээд манай аяга таваг хийдэг шүүгээнээс хоол хийдэг шар иштэй жижиг хутга аваад миний хоолой руу тулгаад алаад хаячихъя гээд байхаар нь чи шаачхаач гэсэн чинь хамт орж ирсэн залуу боль гээд хутгыг нь булааж аваад шүүгээ рүү хийж байсан. Нямдорж гэдэг залуу нь намайг зодож байхад Эрдэнэ-Очир эхнэр Нямдалайгаа үснээс нь татаж унагаагаад цохиж байгаа харагдсан. Тэгээд Нямдалай зугтаагаад гэрээс гарахад Эрдэнэ-Очир араас нь гарсан. Хамт орж ирсэн 2 залуу нь наад хүмүүс чинь зүгээр л архи ууж байна шүү дээ гэж хэлж байсан. Тэр хоёр залуу гэрээс хэзээ гарч явсныг мэдэхгүй байна. Тэгээд Эрдэнэ-Очир буцаж орж ирээд утсыг нь аваач гээд хашгирахад Нямдорж гэдэг залуу нь ширээн дээр байсан Пүрэвсүрэн бид хоёрын утсыг аваад гарсан. Намайг зодуулж байхад Пүрэвсүрэн гараад зугтсан. Би Баасанжав цагдаагийн хашаанд нь гэрийг нь сахидаг юм. Тэгээд би цусаа угаачхаад гарсан чинь цагдаа Баасанжав ирчихсэн Эрдэнэ-Очирыг дараад дээр нь суучихсан байсан. Би бодохдоо эхнэрээ зодож байхыг нь хараад салгасан байх гэж бодсон. Тэгээд тэд яаж явцгаасан юм би мэдэхгүй буцаад гэртээ орсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Нямдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хэрэг болдог өдөр би Цагаанхүү ах болон Пүрэвсүрэн нартай хамт гэрт нь байж байсан. Цагаанхүү ах, Пүрэвсүрэн ах 2 согтуу байсан. Цагаанхүү ах руу манай нөхөр Эрдэнэ-Очир залгаж утсаар яриад гэрийн түлхүүр асуусан гэсэн. Удалгүй Эрдэнэ-Очир нь Цагаанхүү ахынд хоёр залуутай орж иртэл нөгөө хоёр залуу нь зүгээр хүмүүс байна шүү дээ архи л ууж байна гэж хэлээд гараад явсан. Тэгсэн Нямдорж гэх залуу, Эрдэнэ-Очир хоёр аав нь аль нь юм гэхэд Цагаанхүү ах босож ирээд би байна гэхэд мэндийн зөрүүгүй заамдалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд манай нөхөр намайг зодох гээд хальт өшиглөхөөр нь би гараад явсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 421 дугаартай:

  1. Д.Цагаанхүүгийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Д.Цагаанхүүгийн биед хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цусны хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Дээрх хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхины цус хуралт бүхий гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Нямдорж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.Цагаанхүү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000270043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1738000270043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР