Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/625

 

 

 

А.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Цид холбогдох эрүүгийн 1906073730574 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 6 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч А.Ц нь иргэн М.Дын итгэмжилж өгсөн виза картнаас нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Хаан банкны АТМ-ээр 2,400,000 төгрөг гарган авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Ш овогт А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цид 1 жил 4 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Цид өмнө 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг 1 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Цаас 2.400.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д /РД:/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг Си Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч А.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдаад баригдахдаа согтуугаар хүний машины цонх хагалж саатуулагдан эрүүлжүүлэхэд орсон байсан. ...Шүүхээр орж хорих ялаа авсны машины цонх хагалсан үйлдэлд 2105007130652 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт гардуулсан. Иймд энэ хэргийг нэмж нэгтгэж эрх зүйн байдлыг минь дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөг торгох ял шийтгүүлсэн гэх гүйцэтгэх /шүүхийн мэдэгдэх хуудас/ баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн албан тоот байхад шүүх уг торгох ял шийтгэлийг биелүүлсэн эсэхийг шалгасан баримт хавтаст хэрэгт байхгүй байхад ямар ч нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 ХХ-86 талд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолын хуулбарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээний шуурхай удирдлагын албанаас тодруулах ёстой байхад уг газарт хандсан баримт хавтаст хэрэгт огт байхгүй байхад шийдвэрлэсэн нь А.Цийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн.

Хоёр. Таслах сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн талаар.

...таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэл байхгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/957 дугаар захирамжаар өөрчилсөн. Уг захирамжид буюу 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан ба 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/1032 дугаартай захирамж болон өмнөх захирамж нь шүүхийн хэлэлцүүлэг хийхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн.

Гурав: Эрүүгийн шинэчилсэн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь гэм буруугаа буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэж болох зүйл заалтыг эрүүгийн хуульд тусгаж өгсөн онцлогтой. Хохирогч М.Дын мэдүүлэг, А.Цийн мэдүүлгээс харахад гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийг арилгах хүсэлтээ илэрхийлсэн зэргийг нь харгалзахгүйгээр зөвхөн урьд нь гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж өршөөлийн хуулиар болон хуулийн тэгшитгэлээр ял хасагдах, багасах зэрэг байдлаар хэд хэдэн удаа суллагдсан боловч дахин гэмт хэрэгт холбогдсон гэмт зан үйлээ засаагүй, засран хүмүүжээгүй гэх хувийн байдлаар дүгнэж 01 жил 4 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг нь дараах байдлаар няцааж байна. Шүүгдэгч А.Цийн хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Мягмар гэх хүнтэй бүлэглэн үйлдсэн. Мягмарын хувьд гүйцэтгэх хуудас тухайн цаг хугацаандаа бичигдсэн. Шүүгдэгч А.Цийн гүйцэтгэх хуудас бичигдээгүй байгаа. Шалтгаан нь шүүгдэгч А.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан үүргээ үл биелүүлж, шүүхийн шатнаас оргон зайлсан нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх хуудас бичигдээгүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэргийн төв архиваас 2451 дугаартай албан бичгийг авч, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн 2 гэмт хэргийн ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэлтэй гарсан. Шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Шүүгдэгч нь Баянгол дүүргийн 391 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдэхээс өмнө шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ зөрчсөн байдаг байдал шүүхээр завших гэмт хэргийг хянан хэлэлцэж байхад тогтоогдсон. Дээрх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байхад эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүгдэгчийн хувьд шүүхийн шатанд өмгөөлөгч авсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч оролцохдоо хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд үндэслэл журмын дагуу авагдсан, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзэж байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Цид холбогдох эрүүгийн 1906073730574 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

А.Ц нь иргэн М.Дын итгэмжилж өгсөн виза картнаас нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Хаан банкны АТМ-ээр 2,400,000 төгрөг гарган авч завшсан болох нь:

Хохирогч М.Дын: “...2019 оны 12 дугаар сарын 02-оос 3-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Саруул тэнгэр" хорооллын нэг байранд очих замдаа гэрт нь хүүхэд байна гэхээр нь замаараа хүүхдэд нь пампарс, чихэр гэх мэт зүйл аваад би машинд үлдээд Цид өөрийнхөө банкны виза картныхаа нууц дугаарыг хэлээд өгсөн. Тэгээд тэр айлд ...байж байтал Ц намайг чи ер нь яв яв, хүмүүс согтуу байна гэхээр нь Дамдингийн хамтаар явъя гээд гараад явсан. Би Цаас картаа буцааж авалгүй мартаад явчихсан байсан бөгөөд гэртээ очоод унтаж байтал өглөө 06 цагийн үед миний утсанд зарлагын гүйлгээний мессеж ирсэн. Тэгэхээр нь карт маань хаана байгаа билээ гэж бодоод Дамдин руу залгаад миний зарт хаана байгаа бэ гэж асуухад чи Цид өгсөн ш дээ гэж хэлсэн. Тэгээд Цийн 99120877 тоот дугаарын утас руу залгахад утсаа аваагүй.  ...шөнө Ц согтуу над руу залгаад хөгшөөн намайг уучлаарай би чамд нэг сар ажил хийгээд өгчье гэхээр нь чамтай юм ярихгүй гээд утсаа салгасан. ... /хх 27-28/ гэх мэдүүлэг,

А.Цийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д надад картаа өгсөн байсан бөгөөд дэлгүүрээс юм авахад би картаар нь тооцоог нь хийсэн учир картны нууц дугаарыг мэдэж байсан. Тэгээд Цгийнд очоод дахиад архи ууж байгаад би тэднийхээс гараад Цайзын Хаан банкны АТМ орж Дын картнаас 2.400.000 төгрөгийг 3 удаа хувааж авсан. ...Дтай уулзаагүй, хохирлыг өгч чадаагүй юм. ..." /хх-134-135/ гэх мэдүүлэг,

М.Дын Хаан банк дахь 5018375500 дугаартай дансны хуулга /хх 18/,

Хаан банкны АТМ-ээс А.Цийн мөнгө авч байгааг бэхжүүлсэн телекамерийн бичлэг /хх 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч А.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүх шүүгдэгч А.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хорих ялыг сонгож, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн удаа дараа ял шитйгүүлсэн атлаа дахин гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Мөн А.Ц нь өмнө шийтгүүлсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй болох нь А.Цийн өөрийн мэдүүлэг, ял шийтгэлийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 3/6772 дугаар албан тоот зэргээр нотлогдож байх тул тус торгох ялыг хорих ялыг энэ хянагдаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялтай нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан торгох, хорих төрлийн ялыг нэмж нэгтгэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмуудад нийцжээ.

Анхан шатны шүүхийн А.Цийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Ц өөр төрлийн гэмт хэрэг яллагдагчаар татагдсан талаар давж заалдах гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг тусгасан ба ингэж ял оногдуулсанаар А.Цийн эрх зүйн байдал дордохгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаархи шүүгдэгч А.Цийн өмгөөлөгч И.Хонгорын, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэсэн шүүгдэгч А.Цийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах  шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдуудыг  хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ