| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/1008/З |
| Дугаар | 128/ШШ2023/0212 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Батсүх /РД:ПЙ82021576/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхон, 201 тоот,
Хариуцагч: Мал эмнэлгийг ерөнхий газрын дарга, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гүндалай нарын хооронд үүссэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Батсүхийг урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсүх, хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Б.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлагаа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Батсүхийг урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй болно.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчээс бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Б.Батсүх би 20 гаруй жил мал эмнэлгийн сум, багийн түвшний анхан шатны үйлчилгээний нэгжээс эхлэн үндэсний түвшний төр, хувийн хэвшлийн болон мэргэжлийн олон улсын мал эмнэлгийн байгууллагад ажиллаж, тодорхой мэдлэг, туршлага хуримтлуулсан.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлэг, эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдон ажиллаж эхэлснээс хойш шинээр байгуулагдсан агентлагийн ажлыг цэгцлэх, олон улсын стандартын хэм хэмжээг салбартаа нутагшуулах, төрийн албаны үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чин сэтгэлээсээ, өөрийн бүх туршлага чадвар, мэдлэгээ зориулан ажиллан, үр дүнг гаргаж ажилласан.
Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батчулуун 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Б.Батсүх намайг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлэг, эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг, 46.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн журам батлах тухай ээлжийн амралт, ээлжийн амралтын цалин тооцох тухай, Төрийн албаны зөвлөлийн 02/1744 тоот албан бичгийг тус тус үндэслээд тусгай шалгалт өгөөгүй үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчаас чөлөөлөх шийдвэр гаргасан.
Намайг чөлөөлсөн Б/86, Б/135 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:
-Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байгаа бөгөөд уг заалтын дагуу Төрийн албаны зөвлөл нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байхыг шаардсан. Мал эмнэлгийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/842 албан тоотын хариу болох Төрийн албаны зөвлөлийн 02/1744 тоот албан бичигт тус газрын дарга нарын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэн хуульд заасан хугацаанд зохион байгуулж хариу ирүүлэхийг зөвлөсөн. Сонгон шалгаруулалт явуулах захиалга нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын өөрийнх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үүрэг бөгөөд 2018 онд тус байгууллага байгуулагдсанаас хойш нэг ч удаа сонгон шалгаруулалт зарлагдаагүй байтал Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг гуйвуулж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.
- Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батчулуун Мал эмнэлгийн ерөнхий газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, байгууллагын бүтцийн өөрчлөлтийг нууцаар хийж, өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор, төрийн жинхэнэ албанаас чөлөөлж байгаагаа сонсох ажиллагаа явуулах үеэрээ мэдэгдсэн.
-Төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах, сахилгын шийтгэлээр халах зэрэг асуудлууд нь бүгд тусдаа зохицуулалтай. Төрийн албанаас чөлөөлж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлүүдээр даргын тушаал гаргах ёстой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа нь Б/135 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актад хууль зүйн үндэслэлийг заах тухай зохицуулалтыг зөрчсөн.
-Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийх журмыг зохицуулсан байгаа. Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээгээгүй боловч тусгагдаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй, гэтэл сонсох ажиллагааг хэлбэр төдий хийж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
-Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1992 дугаар хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батчулуунд хүргүүлсэн ч уг шийдвэрийг биелүүлээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, бодит нөхцөл байдалд тохироогүй тушаалаар миний хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн аюулгүй байдал, цалин хөлс авах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.
2.2.Нэхэмжлэгч Б.Батсүх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Мал эмнэлгийн ерөнхий газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Батчулууныг 2022 оны 02 сарын 16-ны өдөр томилсон. Томилогдож ирснээс хойш шийдвэр гаргах, дарамт шахалт үзүүлэх зэрэг зүйлүүд байсан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/82 тушаалаар намайг Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг, 46.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн журам батлах тухай ээлжийн амралт, ээлжийн амралтын цалин тооцох тухай, Төрийн албаны зөвлөлийн 02/1744 тоот албан бичгийг тус тус үндэслээд тусгай шалгалт өгөөгүй үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчаас чөлөөлсөн. Дээр заасан хуулийн заалтууд хууль бус гэдгийг Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүдэд тодорхой бичсэн. Төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгүүлэх нь Агентлагийн даргын бүрэн эрхийн асуудал гэж тодорхой заасан. 2018 оны 07 сарын 18-ны өдөр эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу томилогдсон. Тусгай шалгалт өгөх эсэх нь надаас шалтгаалахгүй. Би өөрөө өгье гээд өгөх боломжгүй байсан. 2018 оноос хойш Мал эмнэлгийн ерөнхий газар тусгай шалгалт нэг ч зарлаагүй. Би Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Иймд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Батсүхийг урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүндалай шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Батсүхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Б/82, Б/135 тоот тушаалуудаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалуудыг гаргахад Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 011744 дугаартай албан бичгийг манайд хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэсний дагуу Б.Батсүхийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Б.Батсүх нэхэмжлэлдээ байгууллагын бүтцийн өөрчлөлт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун өөрөө хийсэн мэтээр бичсэн байсан.
Байгууллагын ерөнхий өөрчлөлтийг Засгийн газраас баталсан ерөнхий загварыг ашиглан Монгол Улсын Сайд баталдаг. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн батлахаар хуульд заасан. Б/135 дугаар тушаалыг гаргахад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлөхөөр заасан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахдаа түүнийг гаргах болсон үндэслэл, шалтгааныг заахаар заасан. Энэхүү шаардлагад уг тушаал нийцсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн буюу эс үйлдэхүй хийсэн тохиолдолд уг зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуулийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн тул 2022 оны 08 сарын 19-ний 011744 дугаар мэдэгдлийг хүлээн аваад биелүүлээгүй тохиолдолд Д.Батчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халах хүртэл зүйлчилсэн байгаа нь харагдана. 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 011992 дугаар мэдэгдэлд Батсүхийг үүрэгт ажилд нь буцаан томилох тохиолдолд орон тооны сонгон шалгаруулалт зарлан өрсөлдөх эрхээр хангаж ажиллахыг сануулсан байгаа. 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 01947 дугаар албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд уг орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах санал, хүсэлт албан тоотыг хүргүүлсэн. Төрийн алба тасралтгүй байх ёстой. Чадахуйн зарчмыг үндэслэн н.Онолбаатарыг томилсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу албан үүргээс нь чөлөөлж түр орлон гүйцэтгэх журмын дагуу Б.Чулуунчимэгээр тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:
1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь төрийн албаны эрх зүйн харилцаан дахь нэхэмжлэгчийг төрийн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх хянагдсан болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Б.Батсүх нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон /ХХ-1-н 79 дэх тал/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0317 дугаар шийдвэрээр уг албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож /ХХ-1-н 76 дахь тал/, маргаан бүхий захиргааны актыг гарах хүртэл уг албан тушаалд ажиллаж байсан байна.
2.2.Энэ тушаалын 1 дэх хэсэгт зааснаар Б.Батсүхийг энэ сул орон тоог нөхөх хүртэлх хугацаагаар томилсон болохыг тодорхойлжээ. /ХХ-1-н 79 дэх тал/
2.3.Нэхэмжлэгч Б.Батсүх нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар /ХХ-1-н 85 дахь тал/ тус газарт Хил дамжин халдварладаг халдварт өвчин, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж, ингэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгч, томилогдсон болохтой хариуцагч маргаагүй болно.
2.4.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 дүгээр албан бичгээр ... Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Батсүх нь Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулах журмаар орон тоог нөхөх хууль болон Улсын Их Хурлын тогтоосон журмыг зөрчин, төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилогдсон болохыг тогтоож, уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлэхийг мэдэгдсэн байна. /ХХ-1-н12-131 дэх тал/
2.5.Түүнчлэн мөн албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.4, 43.6 дахь заалтад заасан зохицуулалтыг дурдаж, албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх, албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж үр дүнг хариуцах зохицуулалтын дагуу ажиллахыг зөвлөсөн байна.
2.6.Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан бичиг нь Б.Батсүхийн эрхэлж буй албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан, мэдэгдсэн агуулга байхгүй, ийм үр дагавар үүсгээгүй боловч албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь зохих шаардлага хангасан байх ёстой талаар зөвлөсөн байжээ.
2.7.Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаас гадна Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 дүгээр албан бичгийг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дүгээр тушаалаа гаргаж, уг тушаалаараа Б.Батсүхийг үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
2.8.Улмаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаагүй, ийм сонгон шалгаруулалт явуулаагүй байхдаа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалаараа уг албан тушаалд тусгай шалгалт өгөөгүй, тухайн байгууллагад ажиллаж байгаагүй Б.Онолбаатар гэгчийг томилсон болох нь уг тушаалын 1 дэх заалтаар /ХХ-1-н 137 дахь тал/ нотлогдохын хамт хариуцагч энэ талаар маргахгүй байна.
2.9.Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 дүгээр албан бичгийг үндэслэн гэж тайлбарлан Б.Батсүхийг үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн атлаа уг албан бичигт заасан зөвлөмжийг биелүүлээгүй, шаардлага хангахгүй Б.Онолбаатар гэгчийг албан тушаалд томилсон үйл баримт нь тогтоогдлоо.
2.10.Үүний дараа Мал эмнэлгийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/947 дугаар /ХХ-1-н 145 дахь тал/ албан бичгээр Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг зарлуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөл /тухайн үеийн нэрээр/-д хүргүүлсэн байна.
2.11.Төрийн албаны зөвлөлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөл нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын хэлтсийн даргын сул орон тоог нийтэд зарлах, тусгай шалгалтын захиалга хүргүүлсэн /ХХ-1-н 173 дахь талын арын нүүр/ атал, үүнээс өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/110 дугаар тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталснаар Б.Батсүхийн ажлын байрны нэр өөрчлөгдсөн /Хх-1-н 146-160 дахь тал/ байсан байна.
2.12.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1992 дугаар албан бичгээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хандан ... Б.Батсүх, ... нар нь төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөлгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон байх тул ... сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлж, хариу ирүүлэхийг хүсэж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтлахыг Танд зөвлөсөн гэж, мөн түүнчлэн ... Б.Батсүх, ... нарыг хууль тогтоомж зөрчиж томилсныг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон талаар ямар нэг шийдвэр гараагүй атал дээрх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэсэн байна.
2.13.Харин Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1992 дугаар албан бичигт ... Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга, ... албан тушаалд хууль зөрчиж томилсон албан тушаалтан-ыг чөлөөлж, тухайн албан тушаалуудад сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлэх, Б.Батсүхийг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт орж, өрсөлдөх эрхийг хангаж ажиллахыг мэдэгдсэн байна. /ХХ-1-н 127-128 дахь тал/
2.14.Үүний дараа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар мөн л Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 02/1744 дугаар албан бичгийг үндэслэн Б.Батсүхийг томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчин томилсныг тогтоосон тухай албан бичиг ирүүлсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдлоо. /ХХ-1-н 63 дахь тал/
2.15.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/110 дугаар /ХХ-1-н 101-102 дахь тал/, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/166 дугаар /ХХ-1-н 99-100 дахь тал/ тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа Б.Батсүхийн удирдаж байсан Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар-ыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар-тай нэгтгэж Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газар /ХХ-1-н болгосноор Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын ажлын байр байхгүй болсон байгаа боловч нэгтгэгдсэн Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газар руу түүний гүйцэтгэж байсан чиг үүрэг шилжсэн байна.
2.16.Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Онолбаатарыг чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргыг томилогдох хүртэл Мал эмнэлгийн үйлчилгээний хяналт хариуцсан мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэгээр уг албан үүргийг түр гүйцэтгүүлэхээр томилжээ. /ХХ-1-н 136 дугаар тал/
2.17.Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын ажлын байрны тодорхойлолтоос /ХХ-1-н харвал Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга болон Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын даргын чиг үүргийг нэгтгэсэн гэж үзэхээр байна.
2.18.Эдгээр 2 газрын чиг үүргийг нэгтгэсэн гэдэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, ямар нэг няцаах тайлбар гаргаагүй тул шүүх уг үйл баримтыг маргаангүй гэж үзсэн болно.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалд баримталсан хуулийн заалт болон үндэслэлүүд нь нэг боловч Б/135 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг нэмж үндэслэсэн байгаа тул эдгээр актуудад нэг дүгнэлт өгөх боломжтой гэж шүүх үзлээ.
3.2.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах бүрэн эрхийг агентлагийн дарга эдлэхээр заажээ.
3.3.Хуулийн энэ заалтын дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь өөрийн удирдаж буй агентлагийн албан хаагчийг хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхтэй юм.
3.4.Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж, мөн зүйлийн 32.2-т Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ гэж тус тус заасан болно.
3.5.Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд хамаарах зохицуулалт байгаа тул Б.Батсүхийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарх заалт биш тул маргаан бүхий актуудад уг заалтыг баримталсан нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн тул хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.
3.6.Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэжээ.
3.7.Хуулийн энэ заалт нь хууль зөрчин төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан этгээд болон албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хамаарах заалт мөн байна.
3.8.Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх-ээр журамлажээ.
3.9.Нэхэмжлэгч Б.Батсүх нь 2010 оноос мал эмнэлгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мал эмнэлгийн хэлтсийн хил дамжин халдварладаг халдварт өвчин гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэнг ТЗ-6 ангиллаар /ХХ-1-н 81-85/, улмаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаад Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т заасан журмыг зөрчөөгүй буюу тухайн төрлийн чиг үүрэгт нь хамаарах хамгийн ойрын албан хаагч гэж үзэх үндэслэл бүхий мэргэшсэн албан хаагч мөн байна.
3.10.Иймд Б.Батсүх Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
3.11.Энэхүү анхан шатны шүүхийн дүгнэлт нь Б.Батсүхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын сул орон тоон дээр тусгай шалгалтгүйгээр томилсныг зөвтгөж байгаа дүгнэлт биш болно.
3.12.Ийнхүү 2018 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын сул орон тоо гарсан байхад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь уг орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах захиалгаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй нь түүний буруутай үйл ажиллагаа бөгөөд нэгэнт сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй болох нь нотлогдсон тул Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалт өгсөн этгээд байхгүй тохиолдолд уг албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шаардлага хангасан Б.Батсүхийг түр томилон ажиллуулах нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба тасралтгүй байх зарчим болон чадахуйн зарчим хангасан байна.
3.13.Тодруулбал, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Б.Батсүхийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэснийг болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т заасныг зөрчөөгүй бөгөөд энэ нь сонгон шалгаруулалт явуулж, зохих шалгалт өгч, сонгон шалгарсан этгээдийг томилох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх хууль зүйн боломжтой байсан гэж үзлээ.
3.14.Харин Төрийн албаны зөвлөлөөс Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахыг шаардсан нь Б.Батсүхийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүйгээс гадна түүнийг ийнхүү албан тушаалаас чөлөөлөхийг шаардаагүй болох нь тус Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1992 дугаар албан бичгээр нотлогдлоо.
3.15.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө гээд мөн зүйлийн 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл гэжээ.
3.16.Нэхэмжлэгч Б.Батсүх нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т заасны дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байсан нь хууль зөрчөөгүй тул уг албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн буюу хуулийн шаардлага хангасан этгээдийг томилогдох хүртэл дээрх хууль зүйн үндэслэлүүдээрээ чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
3.17.Иймд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалууд нь хэрэглэхгүй ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн заалтуудыг буруу хэрэглэж, хууль бус үндэслэлээр Б.Батсүхийг төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн төрийн албан тушаалд хуульд заасан журмын дагуу түр томилогдох, албан тушаал эрхлэх эрхийг нь хөндсөн болох нь нотлогдож байгаа тул уг захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
3.18.Нэхэмжлэгч Б.Батсүхийн эрхэлж байсан Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга-ын ажлын байр нь Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга-ын ажлын байртай нэгтгэгдэж Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга нэртэй болж, одоо уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байгаагаас гадна тусгай шалгалт өгөөгүй Б.Чулуунчимэг түр хавсран гүйцэтгэж байгаа нь талуудын тайлбар болон бичгийн нотлох баримтаар нотлогдсоныг үндэслэн сонгон шалгаруулалтаар шалгарсан этгээдийг томилогдон ирэх хүртэл нь Б.Батсүх томилогдон ажиллах боломжтой гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж заасан болон Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т заасныг үндэслэн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.
3.19.Нэхэмжлэгч Б.Батсүхийг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүх үзэж, түүнийг зохих албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Батсүхийн зөрчигдсөн эрхийг нь сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.
3.20. Нэхэмжлэгч Б.Батсүхийг Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүний ажилгүй байсан 6 сар, 15 хоногийн цалин хөлсийг хууль, тогтоосон журмын дагуу тооцон олгож, уг цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын санд төлөх, шимтгэл төлсөн бичилт хийхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1.1, 3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/82 дугаар тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Батсүхийг Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 6 сар, 15 хоногийн цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцон нөхөн олгох, уг цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын санд төлөх, шимтгэл төлсөн бичилт хийхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид нөхөн олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ