Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      “Б” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэртэй

“Б” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Ч.Чд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 7 519 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Ч.Ч нь “Б” хадгаламж зээлийн хоршооноос албан ёсны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 000 000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож 2017.11.08-2018.03.08-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй “Б” хадгаламж зээлийн хоршоог хохироож байна. Ч Чын зээл авсанаас хойш төлсөн мөнгө нь:

- 2017.11.21-нд 100 000 /нэг зуун мянга/ төгрөг,

- 2017.12.01-нд 100 000 /нэг зуун мянга/төгрөг,

- 12 дугаар сард зээлийн хүүнд 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг,

- 2018.01 дүгээр сард үндсэн зээлд 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хүүнд 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг,

- 2018.02 дугаар сард 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг,

- 2018.03 дугаар сард 150 000 /нэг зуун тавин мянга/төгрөг,

- 2018.12.27-нд 300 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг,

- 2019.01.06-нд 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, нийт 1 550 000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч Ч.Чаас үндсэн зээл 4 650 000 төгрөг, хүү 2 869 000 төгрөг, нийт 7 519 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар гэрээний 4.5.1 дэх заалтаар зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцааны зүйлийг борлуулах, худалдсан үнийн дүн нь хоршооны шаардлагыг хангах хэмжээнд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн өөрийн өмчлөлийн бусад хөрөнгөөр төлөхийг шаардах эрхтэй учир үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж 7 519 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Энэ бол миний хувийн мөнгө биш, хадгаламж зээлийн хоршооны мөнгө. Бид хоршооны тайлан тооцоогоо сар бүр эрх бүхий байгууллагад тайлагнадаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Ч.Ч нь 2017.11 дүгээр сард “Б” хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэхдээ 1 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. “Б” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Би зээлийн гэрээг нотариатаар батлуулаагүй. Мөн барьцаалсан машин миний эзэмшлийн хөрөнгө биш гэдгийг өөрсдөө мэдэж байгаа. Иймээс тухайн машиныг “Б” хадгаламж зээлийн хоршоо өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах эрхгүй. Холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгнө. Миний бие 1 900 000 төгрөг төлсөн. Хоршоонд элсэхдээ өгсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцуулна. Намайг цагдаагийн байгууллагад өгч олон удаа өглөө, оройгүй үндэслэлгүйгээр дуудуулж, хүүхдийн унаж явсан машиныг захын гаднаас шууд авч яван хураалгаж сэтгэл зүйн хямралд оруулсанд гомдолтой байдаг. Мөн нууцлал гэж байдаггүй, гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалдаггүй, олон нийтийн хар зах дээр хүртэл гишүүн гэсэн болгон нь ярьж мөнгөө нэхэж явдаг.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Чаас үндсэн зээл 4 650 000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, хүү 2 869 000 /хоёр сая найман зуун жаран есөн мянга/ төгрөг, нийт 7 519 000 /долоон сая таван зуун арван есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоонд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Чаас улсын тэмдэгтийн хураамж 135 254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 216 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж надаас 7 519 000 төгрөг гаргуулж “Б” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандаж хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Учир нь миний бие хадгаламж зээлийн хоршооноос зээл авахдаа өөрийнхөө 1 000 000 төгрөгийг хувь нийлүүлсэн, мөн зээл авснаас хойш хоршоонд 1 900 000 төгрөг төлсөн. Эдгээрийг би үндсэн зээлээс хасч тооцуулна. Шүүх хэт нэг талыг барьсан. Намайг нэхэмжлэл гардаж аваад хариу тайлбараа 14 хоногийн дотор аваачиж өгөхөд шүүх хуралдаан зарлачихсан байсан. Надад нотлох баримтаа бүрдүүлэх боломж олгоогүй. Би нэхэмжлэлийн шаардлагаас 2 550 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин үлдсэн 4 969 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцоно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

          Хариуцагчид 2019.03.12-ны өдөр шүүх нэхэмжлэлийн хувь гардуулж, хариуцагчийн хариу тайлбар ирүүлэх хугацаа дуусаагүй байхад буюу 2019.03.25-ны өдөр “иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг зарласан байна. /хх-19, 23/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”-оор зохицуулжээ.

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байхад шүүх ямар үндэслэлээр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, захирамжид “шаардлагатай гэж үзсэн” үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

          Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         

          Хариуцагч Ч.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ итгэмжлэлээр өмгөөлөгч Г.Эт шилжүүлсэн ба итгэмжлэлээсээ татгалзаагүй байхад анхан шатны шүүх түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд Ч.Чаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                     Д.БЯМБАСҮРЭН