2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2179

 

2025         09           18                                   2025/ШЦТ/2179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч С,

шүүгдэгч Б. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ад холбогдох эрүүгийн 2508020341507 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны .. дүгээр сарын...-нд төрсөн, ... настай,*******,*******,*******, "...” ХХК-д дуудлагын жолооч ажилтай гэх, ... тоотод оршин суух бүртгэлтэй,*******, 5-13 насны дөрвөн хүүхдийн хамт ... тоотод байрлах нийтийн байрны 17 тоотод оршин суух гэх, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн ....оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, ... овогт ...(Регистрийн дугаар: ...).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И март худалдааны төвийн В1 давхарт байрлах гар утас худалдааны төвөөс иргэн С.Б-ын эзэмшлийн “Нөмөр” гэх нэртэй зээлийн апплейкшнээр нь дамжуулан зээлээр гар утас худалдан авч, нийт 9,500,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...E-Mongolia руу орж зээлийн мэдээллийг шалгуулахад миний нэр дээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 24, 27 минутад 2 ширхэг гар утсыг зээлээр авсан байсан бөгөөд тухайн утсыг би аваагүй. Ямар дугаараар зээлээр гар утас авсан эсэхийг Нөмөр гэх зээл олгосон байгууллагаас асуухад Н-ын ... гэх дугаарыг өгсөн. Өмнө хамт ажиллаж байсан Н нь миний нэр дээр 3,000,000 төгрөгийн зээл аваад хариу буцаагаад өгье гэхээр нь би өөрийн хувийн мэдээллийг өгч байсан юм. Ингээд Н нь миний мэдээллээр зээлээр хоёр ширхэг гар утас авсныг мэдээд цагдаад өргөдөл гаргаж байна. Би Н-ыг ... ХХК-д жолоочоор орсон цагаас нь таньж мэддэг болсон. Нөмөр гэх апп-аас лавлаж асуухад таны нэр дээр ... дугаарыг ашиглаж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 24 минутад 2,250,000 төгрөгийн гар утас, 17 цаг 27 минутад 4,295,000 төгрөгийн буюу нийт 9,545,000 төгрөгийн үнэ бүхий утас авсныг Нөмөр апп-ийн байгууллагаас мэдсэн. Би өөрийн хувийн мэдээлэл болон цахим хаяг, мөн E-Mongolia-ийн нэвтрэх нэр, нууц үгийг 2024 оны 10 дугаар сарын эхээр хамт ажиллаж байсан Н Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шугам замд явж байхдаа өгсөн юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б гэх иргэний мэдээллээр iPhone 16 Pro max утас 1 ширхэг, iPhone 16 Pro утас 1 ширхэг авсан байсан. Тухайн иргэн С.Б өөрөө ирсэн эсэхийг мэдэхгүй. Нөмөр апп-тай би бараа материал худалдан борлуулах гэрээтэй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

“Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/03768 дугаартай: “...Манай байгууллагын “Numur” апплейкшнээр дамжуулан иргэн С овогтой Б (РД: ...) нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 14 минут 10 секундэд зээлийн гэрээ байгуулсан байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Gemini Phone (...) гap утасны дэлгүүрээс 17 цаг 24 минут 58 секундэд 5,205,000 төгрөгөөр, 17 цаг 27 минут 22 секундэд 4,295,000 төгрөгөөр худалдан авалтын зээлийн эрх ашиглан нийт 9,500,000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авсан байна. Харилцагчийн дараах мэдээлэл манай системд бүртгэлтэй байна. Үүнд: Бүртгэлтэй утасны дугаар: ...(Харилцагчийн бүртгэлтэй дугаар ... байсан ба 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харилцагч салбар дээр өөрийн биеэр ирж бүртгэлтэй дугаараа өөрийн ... дугаар болгож солиулсан болно). Бүртгэлтэй мэйл хаяг: ... Бүртгэлтэй дансны дугаар: Хаан банк ... Хэрэглээний зээлийн эрх: 5,000,000 төгрөг, Худалдан авалтын зээлийн эрх: 10,000,000 төгрөг. Харилцагчийн бүртгэлтэй хувийн мэдээлэл, ІР хаяг болон хандсан төхөөрөмжийн мэдээлэл, зээлийн түүхийг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг, харилцагчийн хувийн мэдээлэл, зээл авч байх үеийн байршил, гүйлгээний түүх, Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ (хавтаст хэргийн 21-32 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын сүүлээр Б ах зээл авах гэсэн чинь Нөмөр зээлийн апплейкшн дээр бүртгэлтэй байсан болохоор надаас Нөмөр апплейкшн дээрээс зээл аваад өг гэж гуйхаар нь өөрийнхөө ашиглаж байсан ажлын утас болох ... гэх дугаараар Бямбажав ахын нэр дээр бүртгэл үүсгэн өгсөн. Зээлийн эрхийг нь шалгатал 10,000,000 төгрөгийн эрх байсан бөгөөд ... ах Нөмөр апплейкшнийг ашиглаж мэдэхгүй байсан учраас надаар тухайн эрхээрээ 2,000,000 төгрөгийн зээл авхуулсан. Тэр өдрөөс хойш удалгүй зээл хаагаад өг гэхээр нь ... ахын Нөмөр апплейкшний эрхээр нэвтэрч орж 2,000,000 төгрөгийн зээлийг нь хааж өгсөн. 2024 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байж байгаад өөрийн нэр дээрх Нөмөр зээлийн апплейкшнаа шалгах гээд ортол ... ахын эрх рүү шууд орсон, ороод хартал 10,000,000 төгрөгийн гар утасны зээл гарах боломжтой байна гэхээр нь 1xbet тоглох гэхээр мөнгөгүй болчхоод зээлийн эрхээр нь аваад өсгөөд буцаагаад мөнгийг нь хийнэ гэж бодоод 10 дугаар хорооллын И-Март худалдааны В1 давхарт байрлах гар утасны лангуунаас 9,500,000 төгрөгөөр iPhone 16 Pro, iPhone 16 Pro max гар утсыг худалдаж авсан. Худалдаж авсан гар утсаа авсан өдрөө шууд 5 шарын автобусны буудлын хойд талд байрлах “Сүртэй” банк бус санхүүгийн байгууллагад 5,000,000 төгрөгийн барьцаанд тавьж 7 хоногийн хугацаа нь дуусахаар нь фейсбүүк зар дээр Ломбард чөлөөлнө гэсэн зарын дагуу холбогдож 6,000,000 төгрөгөөр чөлөөлүүлсэн. Одоогийн байдлаар авсан 9,500,000 төгрөгөөс 4,200,000 төгрөгийг төлсөн байгаа, одоохондоо ажилгүй болохоор төлөх боломжгүй байна, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Б-ын хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-94 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Emart” худалдааны төвийн В1 давхарт байрлах “Gemini Phone” нэртэй дэлгүүрээс иргэн С.Б-ын бүртгэлээр нэвтэрсэн “Numur” зээлийн апплейкшнаар дамжуулан түүний худалдан авалтын зээлийн эрхийг ашиглан зээлээр “iPhone 16 Pro” болон “iPhone 16 Pro max” загварын гар утас худалдан авч, нийт 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч С.Б, гэрч Э.М нарын мэдүүлэг, “Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/03768 дугаартай албан бичиг, түүний хавсралт, шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Б нь “Numur” зээлийн апплейкшнд харилцагчаар бүртгүүлж, цахим зээлийн эрх нээлгэх гэрээг цахимаар байгуулахдаа өөрийн шаардагдах хувийн мэдээллүүдээ шүүгдэгч Б.Н-д өгч түүгээр уг үйлдлүүдийг хийж гүйцэтгүүлжээ.

Улмаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б-ын бүртгэлийг ашиглан “Numur” зээлийн апплейкшнд нэвтэрч түүний эд хөрөнгө худалдан авах зээлийн эрхээр хоёр ширхэг гар утсыг зээлээр худалдан авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч С.Б, “Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн хооронд цахимаар байгуулсан “Цахим зээлийн эрх нээх тухай” гэрээнээс үзэхэд гэрээ байгуулснаар түүнд олгох хэрэглээний болон худалдан авалтын зээлийн эрхийн хүрээнд олон давтамжтай зээл авах боломжтой болсон байх ба хохирогч С.Б нь “Numur” зээлийн апплейкшнд нэвтрэхэд шаардлагатай хувийн мэдээлэл, нууц үг зэргээ хамгаалах, нууцлах үүрэгтэй бөгөөд дээрх мэдээллээ бусдад дамжуулан өгснөөс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцахаар гэрээнд заажээ.

Дээрхээс дүгнэхэд С.Б нь “Numur” зээлийн апплейкшнд харилцагчаар бүртгүүлж, цахимаар гэрээ байгуулснаар хэрэглээний болон худалдан авалтын зээл авах эрх нь нээгдсэн бөгөөд түүний уг эрхийг цахим мөнгөтэй адилтган үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.ын хохирогч С.Б-ын бүртгэлээр нэвтэрсэн “Numur” зээлийн апплейкшнаар дамжуулан түүний худалдан авалтын зээлийн эрхийг ашиглан хоёр ширхэг гар утсыг түүнд мэдэгдэлгүй нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н өөрийнх нь дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Хохирогч С.Б “...Б.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4,258,425 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байх ба хохирогч С.Б нь “Нөмөр кредит ББСБ” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 6,851,898 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь “Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02/04902 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 6,851,898 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч шүүгдэгч Б.Н-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Н-д 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ... овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Н-ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 6,851,898 (зургаан сая найман зуун тавин нэгэн мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж хохирогч ... овогт С.Б (Регистрийн дугаар:...)-т олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НЯМДАВАА