Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2023/00033/И |
Дугаар | 142/ШШ2023/00195 |
Огноо | 2023-01-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2023/00195
2023 01 30 142/ШШ2023/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ А.Б-................................ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... Д.Ц....................-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1 245 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 1 245 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* миний бие нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд сарын 1,0 сая төгрөгөөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 3-р хороолол 50-р байр 03 тоот хаягтай 64 м.кв 2 өрөө байрыг хөлслөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Төлбөрийг 3 сараар тооцон тохиролцож гэрээ хийсэн. Төлбөрийг 3 сараар тооцож 1 сарын төлбөрийн хамт нийт 4,0 сая төгрөг Д.******* 5068200686 Хаан банкны дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуусах хүртэл төлбөр барьцааны хамт шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай талаас цаашид байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болсноо ******* 99371022 дугаарт залган мэдэгдсэн. Тэгтэл ******* охин, хүргэн гэх 2 хүн ирж уулзсан, дараагийн түрээслэгч ортол барьцаа төлбөрийг буцаан олгохгүй гэж хэлсэн. Бид 2022 оны 12 сарын 17-нд Улаанбаатар хотод ажлаар явсан хойгуур утсаар залган 12 сарын 18-ны 12 цагт байрнаас гар гэж хэлсэн. 12 цагт ирэхгүй бол дотор нь байгаа эд зүйлсийг гаргаж хаяна гэж хэл амаар доромжилсон. Иймд бид 2022 оны 12 сарын 18-ны орой 21 цагийн орчимд Улаанбаатараас Эрдэнэтэд ирээд түрээслэж буй байрандаа ирж эд зүйлсээ цэгцэлж байхад 22 цагийн орчимд 4 хүн орж ирэн маргаан дэгдээж элдэв бусаар доромжилж зүй бус зан гаргасан. Бидний зүгээс байраа хүлээлгэж өгөөд барьцаа төлбөр болох 1 сая төгрөгөө өгөхийг хүсэхэд өгөхгүй гэж доромжилж бүлэглэж танхайрсан. Иймд би 23 цагийн орчимд Орхон аймаг дахь Цагдаагийн газар дуудлага өгөн хэлтэс дээр дагаж очин мэдүүлэг гомдол гаргасан. 2022 оны 12 сарын 19-ны 02 цагт шөнө байрнаас нь хөөгдөж доромжлуулан гудамжид гарсан. Иймд тухайн байранд суухдаа байршуулсан 1 сая төгрөгийн барьцаа мөнгө, хөөгдөж гарахдаа шөнө буудалд хоносон зардал 120 000 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, Улаанбаатараас-Эрдэнэт хүртэлх шатахууны зардал 105 500 төгрөг нийт 1 245 500 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие иргэн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Миний хадамж ээж Д.Цэнгэлмаа нь 2022 оны 09 сарын 18-нд нөхөр болох ******* ******* бид хоёрын амьдарч байсан байрыг ******* гэгчид 1 жилийн гэрээтэй түрээслүүлсэн. Тухайн үед зараар холбогдсон эхнэрт итгэл хүлээлгэж өөрөө Хөвсгөлд байгаа байтал уулзаж ч үзээгүй хүнд хүүхдээрээ дамжуулан түлхүүр хүлээлгэж өгсөн. 2022 оны 10 сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. 3 сарын төлбөр болох 3,0 сая нэмэх барьцаа 1 сая нийт 4,0 сая төгрөгийг хувааж удаа дараа нэхүүлж шилжүүлсэн. Гэрээний дагуу хугацаа дуусахаас өмнө байрнаас гарах бол 1 сарын өмнө мэдэгдэх ёстой ч огт биелүүлээгүй гэрээг зөрчсөн. 2022 оны 12 сарын 18-нд 13 цагт байраа хүлээлгэж өгөхөөр утсаар болон мессэжээр тохиролцсон байсан боловч тэр өдөржин ямар ч холбоо бариагүй. Улаанбаатарт байна гэж хэлэхэд цагдаатай хамт эд хогшлыг чинь гаргаж баглаад байраа суллаж авна. Заавал ир гэж хэлсэн. Учир нь биднийг энэ хүмүүс асар их хохироосон. 2 жил амьдарна гэж хэлсэн, ядаж гэрээний дагуу 1 сарын өмнө мэдэгдээгүй, төлбөрөө нэхүүлж төлдөг, бас оронд нь түрээслэх хүн олж өгөөд гараарай гэж хэлэхэд тохиролцсон байсан ч биелүүлээгүй. Миний бие Жаргалмаад нууцаар эд зүйлс ачаад аваад нүүх вий гэсэн сэжиг төрж тэднийг үнэхээр Улаанбаатарт эсвэл Эрдэнэтэд байгаа эсэхийг шалгахаар нөхөр ******* болон хадам дүү нарыг дагуулан байрныхаа үүдэнд ирэхэд гэрэлтэй байсан учраас хаалгаа тогшиход тэд онгойлгосон. Хамгийн аймшигтай нь тэд нүүхээр бидэнд ирсэн гэдгээ Улаанбаатараас Эрдэнэтэд ирснээ огт мэдэгдээгүй. Учрыг асуутал дөнгөж сая ирлээ гэж хэлсэн. Тэд бүх ачаа бараагаа багласан, гутал хийх хайрцаг хайж байсан. Миний сэжиг таамаг үнэн байсан. Бид гурав байраа хүлээж авахаар ярилцсан ч барьцаа мөнгөний маргаан үүссэн тул гэрээ хийсэн хүн болох хадам ээжийгээ дуудсан. Бид байрны түрээсээрээ ипотекийн зээл төлж байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй, 1 сарын өмнө мэдэгдээгүй одоо өвлийн хүйтэнд бүгд орон байраа олсон учир 12 сарын 18-ны өдрөөс өмнө байр хөлслөх хүн олж өгөөд гараарай гэж амаар тохиролцсон боловч бас л биелүүлээгүй. Бүх ачаагаа баглаж нүүхэд бэлэн болсон үед барьцаа мөнгөний асуудал шийдэхээр ээж маань ирсэн. Тэд ч мөнгөө аваад хурдан явмаар байна гэсэн. Тэд тог усны мөнгө ч төлөөгүй байж барьцаа мөнгөө бүтэн авахыг шаардсан. Дараа нь байрны төлбөр 200 гаран мянга төлөөгүй байгаа, тэрийгээ суутгавал суутга 800 000 өгөөд аятайхан салахгүй бол тэгнэ ингэнэ гэх мэт маш их сүрдүүлсэн. Тэр үед бид орон байраа хаана юу эвдэрснийг шалгаагүй байсан учраас та нар гэрээгээ зөрчиж биднийг хохироосон. 500 000 барьцаа мөнгө аваад яваарай гэж хэлэхэд тог усны мөнгөө ч суутгуулахгүй гэж 1,0 сая төгрөг шаардсан. Боломжгүй, тийм зүйл байхгүй ингэж хэлэхээс ичихгүй байна уу гэхэд жижиг өрөөнд орж удаа дараа дуудлага өгсөн. Биднийг цагдаагаар дарамтлуулж айлган сүрдүүлж бүлэглэн танхайрсан гэж хэлээд 1 саяа гаргуулна даа гэсэн. Миний дүүг хүртэл ванны өрөөнд байхад нь зэвүүн бацааныг ална аа гэхэд миний дүү чаддаг юм бол алчих гэж хэлсэн. Маш их айж шоконд орсон. Цагдаа нар хүртэл иргэний хэргээрээ орон байрны асуудлаа шийд, очихгүй танхайрч зодолдоогүй байна гээд хэлсэн шүү дээ, дарга руу байн байн яагаад залгаад байдаг юм бэ гэж хэлж байсан, хоорондоо учраа ол гэж ирсэн хойноо хэлсэн. Цагдаад мэдүүлэг өгөөд бид байраа хүлээж авсан. Хөөж гаргасан зүйлгүй. Дараа өдөр нь 2022 оны 12 сарын 19-нд Эрдэнэт ус сувгаас төлбөрийн баримт авахад 19-ны өдрөөр таслуулаад бодуулахад 340 000 төгрөг нэмэх цахилгааны 25 000 гарсан байсан ба тэр төлбөрүүдийг барьцаа 1 саяас төлж барагдуулсан. Цагдаа ирсэн мэдүүлэг өгөхөөр явах болсон учраас байраа шалгахад ванн нойл маш их шарласан, буйдангийн бүрээс урагдсан, обой урагдсан 1.4 сая төгрөгийн үнэтэй том бүрээс нь жижиг жижиг цэнхэр толбонуудтай угаагаад арилахгүй байсан. 150 000 үнэтэй ногоон бүтээлэг урагдсан. Бид цэвэрхэн байр хүлээлгэж өгсөн байсан. Гэтэл тоос шороондоо асар их дарагдсан байсныг цагдаа нар ч гэрчилнэ. Буйдангийн бүрээс хими цэвэрлэгээнд 150 000-аар өгсөн. Ванны шар арилгахын тулд үнэтэй бодиснууд авсан. Анх хүлээлгэж өгсөн шиг цэвэрхэн болгохын тулд цэвэрлэгээний бодис маш их мөнгөөр авч үхтлээ цэвэрлэгээ хийсэн. Одоо байр түрээслэх хүн олдохгүй ипотек төлж ч чадахгүй хохирч байна. Анхнаасаа 3 сар гэсэн бол оруулахгүй л байсан. Үнэхээр их гомдож гайхаж хохирч байна. 2022 оны 12 сарын 19-ны 02:00 цагт мэдүүлэг дуусаад тэд байрыг минь бүрэн хүлээлгэж өгөх үедээ хими цэвэрлэгээнд бүрээсээ өгөх үедээ ахруугаа залгаарай гэж хэлсэн ч утсаа ч аваагүй, мессежд ч хариу өгөөгүй. Бид хөөж гаргаагүй байтал 2022 оны 12 сарын 18-нд 13 цагт хүлээлгэж өгнө гэж тохирсон байтал буудлын төлбөр төлөх үндэслэлгүй. Улаанбаатар яваадах гээгүй, яах гэж явсан юм бэ гэж гайхаж байна. Байраа хүлээлгэж өгөх байтал хуурамч дуудлага өгч 100 000-р хохироосон. Эсрэгээрээ бид нэхэмжлэх зүйл ихтэй учир шийдэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 1674 дугаратай орон сууц хөлслөх гэрээ /хх-5-6/, 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 0741 дугаартай итгэмжлэл /хх-7/, Зарлагын баримт /хх-8/, 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 30 дугаартай шийтгэвэр /хх-36-38/, мессежний хуулбар /хх-39/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. хариуцагчаас: 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 1674 дугаратай орон сууц хөлслөх гэрээ /хх-18-19/, 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 0033 дугаартай итгэмжлэл /хх-20/, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн төлбөрийн баримт /хх-26-27/, мессежны хуулбар /хх-28/, фото зураг /хх-29-35/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ******* нь ******* байр хөлслөхдөө барьцаа болгон өгсөн 1,0 сая төгрөгөө гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч байр тогны мөнгө төлөөгүй байсан, буйдангийн бүрээс, банн, 00-ын цэвэрлэгээнд мөнгө зарцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд сарын 1,0 сая төгрөгөөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 3-р хороолол 50-р байр 03 тоот хаягтай 64 м.кв 2 өрөө байрыг хөлслөхөөр тохиролцож гэрээ байгуулсан, төлбөрийг 3 сараар тооцон, 1,0 сая төгрөгийн барьцааны хамт 4,0 сая төгрөгийг Д.Цэнгэлмаад өгсөн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч Эрдэнэт Ус ДТС ХХК-д байрны төлбөр 207 500 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, харин бусад татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугааар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Харин нэхэмжлэгч хөөгдөж гарахдаа шөнө буудалд хоносон зардал 120 000 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, Улаанбаатараас-Эрдэнэт хүртэлх шатахууны зардал 105 500 төгрөгийг гаргуулна гэсэн бөгөөд энэ нь гэрээний үүрэгтэй хамааралгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* *******гийн барьцаа 1,0 сая төгрөгөөс Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д төлсөн 207 500 төгрөгийг хасаж 792 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс 453 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 23 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* 792 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 453 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 442 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаар 23 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА