Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00041

 

 

 

 

 

2023 01 02 142/ШШ2023/00041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 5-16 тоотод оршин суух, *******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Пунсалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын хүсэлтээр 3,600,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай өдрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Ингээд 5076391737 тоот данс руу шилжүүлчих гэж уулзаж харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүний Хаан банкны 5076391737 данс руу 2,300,000 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш гэрээнд заасан хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өнгөрсөн ч одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******аас 3,600,000 төгрөгийг хүү алданги 1,900,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******гаас 3,600,000 төгрөг зээлсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хүү алданги 5,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 102,950 төгрөг төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3380 дугаартай зээлийн гэрээ /хх-4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-6/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-11/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******аас зээл, зээлийн хүү нийт 5,500,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 3,600,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, өдрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүний ХААН банкны 5076391737 тоот данс руу 2,300,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн ч мөнгөө төлөөгүй. Иймд *******аас үндсэн зээл 3,600,000 төгрөг, хүү алданги 1,900,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,300,000 төгрөг нийт 3,600,000 төгрөг зээлдүүлсэн байна. Үүний 2,300,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулж 3 хоногийн хугацаатай, өдрийн 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Иймд 2,300,000 төгрөгийн үндсэн зээл, 15 хувийн хүү 345,000 төгрөг нийт 2,645,000 төгрөг, 1,300,000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү тохироогүй байх тул үндсэн зээл 1,300,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3,945,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дүгээр зүйлийн 282.2-д заасныг баримтлан хариуцагч *******аас 3,945,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,555,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 78,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН