Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/664

 

 

 

 

 

 

   2021           7               8                                              2021/ДШМ/664                      

 

П.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

яллагдагч П.О, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/1345 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.Од холбогдох эрүүгийн 2016001390023 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсcэн;

Шүүгдэгч П.О нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд хохирогч Ч.Огийн бараа зарж ашиглах олох хүсэл эрмэлзлэлийг ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч байна гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож болгон төөрөгдөл оруулж, хуурч мэхлэн Г.Огаас 2,602,080 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .....6512 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас: П.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор П.Од холбогдох 2006035632594 дугаартай хэргийг буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ээс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд үйлдэгдсэн нийт 3 удаагийн залилах гэмт хэргийг хянан шийдвэрлэж, Г.Отгонзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял онодуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба П.Огийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2016001390023 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

П.Огийн хувьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 86 дугаартай магадлалаар хорих ял онодуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр гарсанаас хойш буюу тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдээгүй, өмнөх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нъ эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж заасан боловч П.Огийн 3 удаагийн үйлдэлтэй 2006 03563 2594 дугаартай хэргийг магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гарсан байхад 2016 00139 0023 дугаартай 1 удаагийн үйлдэлтэй хэрэгт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулж, тус тусад нь ялыг эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 86 дугаартай магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, яллагдагч П.Од холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд П.Од холбогдох эрүүгийн 2016 00139 0023 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг эсэргүүцэлдээ: “...Яллагдагч П.Огийн тухайд 3 удаагийн үйлдэлдээ 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоолд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж 86 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байдаг.

Харин яллагдагч П.Огийн 1 үйлдэлд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 11-ний эрүүгийн 2016001390023 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Цаг хугацааны хувьд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэл тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай магадлал гарсны дараа тогтоогдсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар зохицуулсан байна. Хуулийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно", 3 дахь хэсэгт "Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй" гэж зохицуулсан байхад шүүх "хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр заасан байх бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулалтгүй байна. ...Тус тусад нь эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг эдлүүлэх шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмын талаар зохицуулсан ба 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас яллагдагч П.Ог эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2016001390023 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусдаа төгссөн гэмт хэрэг юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт хэсэгт зааснаар ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүйгээр ял оногдуулан хэргийг шийдвэрлэх боломжтой, "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:

1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

1.3.цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;

1.4.хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол" гэж хуульчилсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй, хэдийгээр шүүх шийдвэр гарах үед Говь-Алтай аймагт үйлдэгдсэн хэрэг мэдэгдээгүй байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр "....шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол....нэмж нэгтгэх" боломжтой талаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс "Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 86 дугаартай магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, яллагдагч П.Од холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй" гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

 

Иймд шүүгчийн 2021/ШЗ/1345 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан. Хэдийгээр яллагдагч өөрийн гэм буруугийн талаар нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн бүх хэргээ мэдүүлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх нөхцөл байдал байсан. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах боломжтой байхад зөвхөн яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх зорилгоор шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэгтгэж дахин хэлэлцүүлэх зохицуулалт байж болохгүй. Энэ талаар Эрүүгийн хуульд зохицуулалт байхгүй байна. Шинэ нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байна. Яллагдагч П.Огын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм. Хүндрүүлэн ял шийтгэл оногдуулах болбол шинэ нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжтой байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

П.Огийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2016001390023 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

П.О нь энэхүү 2016001390023 дугаартай эрүүгийн хэргээс өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.  

Энэхүү шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй 2016001390023 дугаартай “...2020 оны 7 дугаар сарын 27-оос 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд хохирогч Ч.Огаас төөрөгдөлд оруулан хуурч, 2,602,080 төгрөгийг нь авч залилсан...” гэх гэмт хэрэгт нь П.Огийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон тохиолдолд өмнө шийтгэгдсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хэрхэх шаардлага үүснэ.

Гэтэл П.Огийн тэнссэн шийдвэрийг хэрхэх талаар хууль зүйн зохицуулалт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд байхгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан ба П.О нь тэнссэн шийдвэр гарсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдээгүй.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2016001390023 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн “...П.Огийн 2020 оны 7 дугаар сарын 27-оос 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд хохирогч Ч.Огаас  төөрөгдөлд оруулан хуурч, 2,602,080 төгрөгийг нь авч залилсан...” гэх үйлдэл нь П.Ог гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно: ...1.3.цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;...” нөхцөл байдалд тооцогдохоор байна.  

Иймд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.”  гэсэн хууль ёсны зарчимд нийцүүлэн яллагдагч П.Од холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2016001390023 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/1345 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ