Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-т холбогдох эрүүгийн 1738000000041 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.М, 1993 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч П.М нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-2 тоотод иргэн Сүрэнгийн гэрт Я.Пүрэвсантай бие муу хүний хажууд архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-2 тоотод иргэн Сүрэнгийн гэрт Я.Пүрэвсантай бие муу хүний хажууд архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч П.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад 14 цагийн үед Мөрөн сумын 4-р хороонд байдаг ээжийн төрсөн дүү болох Сүрэн ахын гэрт орсон чинь Сүрэн ах цус харвасан ухаангүй хэвтэж байсан. Мөн Пүрэвсан гэдэг найз нь хажууд нь нэг шил архи тавьсан согтуу сууж байсан. Тэгэхээр нь би ороод наад хүн чинь үхлээ шүү дээ гэж хэлсэн чинь Пүрэвсан нь надруу уухлаад үхэх үхэхгүйг нь би мэдэж байна, чи юу юм бэ гэхээр нь би дүү нь байна гэж хэлээд ээжрүүгээ залгаад Сүрэн ах харвасан юм шиг байна, өрөөсөн тал нь мэдрэлгүй байна гэж ярьтал Пүрэвсан чамайг буудаж ална гэж есөн шидээр доромжлоод утсаар яриулахгүй болохоор нь үүдний тэнд байсан төмөр шанагыг аваад толгойнх нь ард хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл Пүрэвсан надруу дайраад байсан чинь Сүрэн ахын хүүхэд болох Балдандорж Пүрэвсанг салгаад авсан, энэ үед гаднаас Галсайхан ах орж ирээд эмнэлэг дуудсан, удалгүй эмнэлэг ирээд Сүрэн ахыг аваад явсан, эмнэлэг явсны дараа Галсайхан ах Пүрэвсанг хүргэж өгнө гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хохирогч Я.Пүрэвсангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 17-ны өглөө би гэртээ байж байгаад 07 цагийн үед 4-23-02 тоотод байдаг найз Сүрэнгийн гэрт очсон юм. Намайг очиход Сүрэн эхнэртэйгээ хоёулаа байсан. Бид Сүрэнгийн гэрт очихдоо нэг шил архи авч очсон байсныгаа уугаад сууж байгаад согтсон байсан. /би өмнөх өдөр нь архи уусан байсан болохоор маргааш өглөө нь архи уугаад амархан согтсон/ тэгээд сууж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд Сүрэн ахад архи өглөө гээд уурлахаар нь би өөдөөс нь хэдэн үг хэлэхэд тэр залуу миний баруун нүдний орчимд гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь би босоод гараад явсан чинь миний араас төмөр шанагаар толгой руу нэг удаа цохиход би газарт унасан, тэгээд түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд би гэртээ харьсан байсан. Тэгээд маргааш нь би гэрээрээ байж байгаад Сүрэнгийн гэрт очсон чинь Сүрэн эмнэлэгт хэвтсэн байсан ба тэр залуутай уулзаж чадалгүй явсаар байгаад цагдаад өргөдлөө өгсөн юм...Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, ямар ч гомдол алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 дугаар хуудас/,

Гэрч С.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 17-ны өдрийн өглөө би аав, ээжийн хамт гэртээ байж байтал 07 цагийн үед манай гэрт Пүрэвсан гэдэг хүн нэг шил архи авсан согтуу орж ирсэн. Тэр хүн орж ирээд аавтай тэр архиа хувааж уусан. Энэ өдрийн өмнөх өдөр нь буюу 08 сарын 16-ны өдөр Пүрэвсан манайд ирж аавтай архи ууж хоносон юм, тэгээд өглөө нь Пүрэвсан гарч яваад дахиад нэг шил архи авч ирээд уусан юм. Тэр хоёрыг архи уугаад байж байхад 11 цагийн үед гаднаас Мөнхбаяр орж ирсэн. Мөнхбаяр орж ирээд үүдний өрөөнд бид хоёр юм яриад инээлдээд сууж байсан чинь Пүрэвсан бос ирснээ юу болоод байгаа юм бэ яагаад байгаа юм бэ гэхээр нь Мөнхбаяр босоод зочны өрөө рүү ороод уурлаад ахын бие муу байхад архи авч ирж уруу татаж уулгалаа гээд уурласан, ингэж байх үед манай аавын дүү Галсайхан надруу яриад аавынх нь бие муу байгаа юм уу эмнэлэг дуудсан юм уу гэхээр нь би дуудаагүй ахаа гэсэн чинь Галсайхан ах заза ах нь эмнэлэг дуудчихъя гэсэн. Би утсаар ярьж дуусчхаад том өрөө рүү орсон чинь Пүрэвсан ахын хөмсөгнөөс нь цус гарчихсан орон дээр сууж байсан, Мөнхбаяр болохоор урд талд нь зогсож байсан. Ингэтэл хашааны гадаа эмнэлгийн машин ирэхээр нь би гарч гүйгээд эмнэлгийн хүмүүсийг оруулсан, эмнэлгийн араас Галсайхан ах орж ирсэн. Эмнэлэг аавыг үзээд шууд аваад явсан. Пүрэвсан ахыг болохоор Галсайхан ах хүргэж өгөхөөр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 532 дугаартай:

  1. Я.Пүрэвсангийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Я.Пүрэвсангийн биед баруун доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Мөнхбаяр нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Я.Пүрэвсан нь “...Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, ямар ч гомдол алга...” /хх-ийн 12 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.М-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1738000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ