2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2250

 

 

 

 

 

 

 

 

 2025           09           29                                         2025/ШЦТ/2250

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Л.Солонго /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2300 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 00-б-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ч овогт Мын Е /РД:**00000000/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Овоотын 0-000б тоотод хамтран амьдрагч Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 269 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, хохирогч С нар нь 2023 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан хамтран амьдрагчид байсан байна.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 9-261б тоотод шүүгдэгч ******* нь хохирогч Стэй гэр бүлийн хэрүүл, маргаан хийж шүүгдэгч ******* нь С.Сийн зүүн гарыг мушгиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч С.Сийн “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 2-261б тоот гэртээ авга ах Сандуйжав, хамтран амьдрагчийн хамт согтууруулах ундааны зүйл уусан. Миний утас руу хуучин нөхөр маань залгасан чинь Е уурлаад нүүр рүү алгадаад цохиод зүүн гар мушгисан” гэсэн мэдүүлэг /хх-110/,

Гэрч А.Сын “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Овоотын 0 дүгээр гудамж 000б тоотод байрлах авга дүү Сийн гэрч байсан. ...С гэрт орж ирээд Е миний гарыг мушгиад хугалчихлаа гээд ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-117-118/, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.    

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 142 дугаар шинжилгээний дүгнэлтэд “С.Сийн биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх44-45/,

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

5. Шүүгдэгч *******ын хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед дээрх хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал, хохирогчийн мэдүүлэгт урьд өмнө нь бие махбодод халдаж байсан талаар дурдсан байх бөгөөд улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч С хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримт өгөөгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

9. Шүүгдэгч нь Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн бол түүний өмгөөлөгч дүгнэлтдээ “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нийт 36 хоног цагдан хоригдсон байна. Иймд түүний цагдан хоригдсон хоногийг биечлэн эдлэх ялд нь оруулан тооцож, дүйцүүлж өгнө үү” гэжээ.

10. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

12. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалт 70%-аар тогтоогдсон/, гэм буруугаа хүлээсэн, хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага /хх50/ зэрэгтэй байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 510 нэгж буюу 510,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялд шилжүүлэн шүүгдэгчийг торгох ял биелүүлсэнд тооцож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

14. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2409 дугаартай захирамжаар шүүгдэгч *******ыг шүүхэд хүрэлцэн ирээгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж, шүүхээс оргон зайлсан байх тул түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж, эрэн сурвалжлах ажиллагааг явуулахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Максимын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 510 нэгж буюу 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг торгох ялд шилжүүлэн шүүгдэгчийг торгох ял биелүүлсэнд тооцсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР