2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2255

 


 

 

 

 

 

 

  2025           09             29                                            2025/ШЦТ/2255

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Н.Цогням /томилолтоор/, хохирогчийн өмгөөлөгч Э.У, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2400 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто спортын мэргэжлийн тамирчин, “Д” ХХК-нд борлуулалтын менежер, “Н” ХХК-д гадаад харилцааны менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хадам эцэг, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 000 дүгээр байр 00 тоотод оршин суух, урьд:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял,

3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

М овогт Дгийн М /РД:**00000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Э.Сын биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан Хаан банкны тоот дансны картыг нь авч, улмаар Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө 00 тоот Ардын хоршооны худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө нийт 28,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлэн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 662 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: хавтаст хэргийн 12-14, 21-22, 31, 35 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хавтаст хэргийн 12-14, 18, 31-33, 35-37, 71, 109, 116 дахь талд авагдсан баримтууд болон шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч *******:

1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай,

1.2. Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрх ашгийг хамгаалан, улсын яллагчийн байр суурийг дэмжсэн байр суурьтай,

1.3. Шүүгдэгч ******* нь хохирогчоос мөнгийг нь зээлсэн гэсэн бол түүний өмгөөлөгчөөс цагаатгах байр суурьтай оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хохирогч Э.Сайханбаярыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан түүний Хаан банкны 50*****7794 тоот дансны картыг нь авч, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө 10 тоот Ардын хоршооны худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 23 цаг 54 минутад 20,000,000 төгрөг, 23 цаг 55 минутад 8,000,000 төгрөгийг, 04 цаг 28 минутад 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5429337919 тоот данс руу шилжүүлэн хохирогчид нийт 28,500,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,

Хохирогч Э.Сын “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Өсөхбаяртай уулзсан. ...Өын танил гэх залуу ирсэн. Би тэр газраас хэдэн цагийн орчим гарснаа санахгүй байгаа. Маргааш өглөө нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр унтаж байгаад сэрээд дансаа шалгахад 28,500,000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь картаа шалгахад байхгүй байсан. Цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагчийн хамт 501 тоот өрөө рүү ороход Өсөхбаяр байсан, надад би зарим зүйлсээ санахгүй байна байна та 2 хамт гараад явсан гэж хэлсэн мөн чамайг гэр рүү чинь дөхүүлж өгсөн юм биш үү гэж байсан. Миний картын нууц үг 0505 гэх амархан нууц үгтэй тул гүйлгээ хийж байх үед хажуу талаас харсан байх ...Би Өсөхбаярын хамтаар Мын гэрээс очиж картаа авсан. Намайг очиход М чиний мөнгийг буцаагаад өгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-12-14/,

Гэрч Б.Өын “зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 19 цаг өнгөрч байхад танил Мыг дуудаад бид хоёр дээр ирсэн. Намайг унтаж байхад өглөө цагдаад нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

Хаан банкнаас 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 29/7888 дугаартай “...50*****7794 тоот дансыг Э.Сайханбаяр, 54****7919 тоот дансыг ******* эзэмшдэг байна. ...54****7919 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 54 минутад хийгдсэн 20,000,000 төгрөгийн, 23 цаг 55 минутад хийгдсэн 8,000,000 төгрөгийн, 04 цаг 28 минутад хийгдсэн 500,000 төгрөгийн гүйлгээг АТМ906 байршил БГД 00-р хороо Энэбишийн өргөн чөлөө 00 тоот Ардын хоршоо худалдааны төв” гэсэн албан бичиг /хх-31/,

Э.Сын эзэмшлийн Хаан банкны 50****7794 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35/, *******ын эзэмшлийн Хаан банкны 54*****7919 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36/,

Хаан банкнаас 29/7888 тоот бичгээр ирүүлсэн БГД 00-р хороо Энэбишийн өргөн чөлөө 00 тоот Ардын хоршоо худалдааны төвийн байрны АТМ906 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37-42/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 28,500,000 төгрөгийн хохирол учирсан байна.

4. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “хохирогч С ахыг гэрт нь хүргэж өгөх замд 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гээд банкны картаа өгөөд, кодоо хэлсэн би түүнээс хулгай хийгээгүй” гэсэн бол түүний өмгөөлөгчөөс өөрийнхөө данс руу зээл гэсэн утгатай шилжүүлсэн, хохирогч өөрөө зөвшөөрсөн тул  хулгайн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт, тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Э.Сын зүгээс мөнгө зээлэх асуудал огт яригдаагүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг далимдуулан картыг авсан байсан талаар мөрдөн байцаалт болон шүүхэд /хх216/ тогтвортой мэдүүлж ирсэн  байна. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан банкны картыг авсан буюу архи ууж байхад нь нууц үгийг мэдсэн байдлаа ашиглан данснаас нь хууль бусаар, нууцаар мөнгө шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна. Мөн зээл гэсэн утгатайгаар өөрийн дансанд мөнгө шилжүүлсэн нь өөрийн хууль бус үйлдлээ иргэд хоорондын гэрээ байдлаар харагдуулах зорилготой гэмт үйлдлийн арга гэж үзсэн болно.  

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ст 28,500,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирогчид 28,500,000 төгрөг дээр хүү гэсэн агуулгаар 2,850,000 төгрөг, нийт 31,350,000 төгрөгийн төлсөн байна. /хх115/

7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...хулгайлах,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.

Тус шүүхийн 2025.06.03-ны өдрийн 4067 дугаар захирамжаар хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгавар өгөхдөө гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг шинжээчээр тогтоолгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хуульд заасан хугацаанд шинжилгээний дүгнэлт гараагүй, энэ нь хохирогч товлосон хугацаанд очиж үзүүлээгүй зэрэг шалтгаанаар хугацаа алдсан байх тул энэ үндэслэлээр хурлыг удаа дараа хойшлуулах нь үндэслэлгүй гэж үзсэн.

Энэ нь манай улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 9.3-т “эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх ... эрхтэй” гэсэн агуулгад нийцнэ гэж үзсэн.

Хохирогч талаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэхээ илэрхийлж байгаа бол шүүгдэгч талаас илүү төлсөн мөнгөө буцаан шаардана гэжээ.

Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх болон шүүгдэгчээс хохиролд илүү төлсөн гэх 2,850,000 төгрөгийг хохирогчоос иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх тус тус нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “...ялын талаар саналгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хариуцлагын талаар саналгүй...” гэсэн дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдэлд хуульд зааснаар 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт нийцэхгүй гэж үзэв. Улмаар хохирол төлсөн, хохирогчийн эрхийг сэргээсэн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт үйлдэлд тохирно гэж дүгнэв.  

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, зөвшөөрөгдсөн чиглэл, бүсчилсэн хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, тодорхой тохиолдолд ажиллах, сурах боломжийг олгодог буюу техник, технологийн тусламжтайгаар эрх бүхий байгууллагын хяналт дор хэрэгжүүлж, хяналт тавьдаг Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм. 

11. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг, банкны данс хуулга бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зөв байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчид 31,350,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь сэтгэл санааны гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь илүү төлсөн 2,850,000 төгрөгийг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР