Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0098/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000000061 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1973 оны 11 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “******* ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч*******гийн эзэмшлийн******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

          “...Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокены зогсоол хэсэгт******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай зогсож байх ба түүний ард ДАА улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай зогсож байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.17 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 11-12/,

          “...автомашиныг асаасны дараа тухайн хүн буцаж “ 88 ” караоке руу алхан орж байх ба автомашины ард зогсох хар өнгийн хувцастай хүн асаалттай байгаа автомашины хаалгыг татан сууж жолоодон хойш ухрах үйлдэл хийхдээ төв зам дээр зогсож байгаа саарал өнгийн суудлын автомашины урд хэсэгт мөргөж байгаа нь бичигдсэн байв...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокены хяналтын камерын бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, уг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-21/,

          Хохирогч*******гийн: Би 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 20:00 цагийн орчим ажлаасаа гараад өөрийн эзэмшлийн******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ажлынхаа газрын эгч нартай Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ ” караоке руу орж дуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа зогсоол дээр байрлуулсан машинаа халаах зорилгоор асаачхаад дотроос нь мөнгө аваад буцаад караоке руу ороод ажлын эгч нартаа “за энэ миний төлбөр шүү” гээд мөнгө өгчхөөд буцаад гарч ирэхэд миний машины хажууд 2 эрэгтэй хүн юм ярьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад нэг ах нь “энэ нөхөр машинаараа миний машиныг мөргөчихлөө, бас согтуу байна” гэж хэлсэн. Миний машиныг жолоодож хүний машин мөргөсөн гэх хүнийг би бол танихгүй, тэгэхэд тэр ах машинаа мөргүүлсэн ахад “миний хамаатан” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэр нь би “тэр хүнийг анх удаа харж байна, би машинаа халаах зорилгоор асаалттай орхисон, надаас өөр хүн миний машиныг унах ёсгүй” гэж хэлэхэд тэр ах цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирээд миний машиныг жолоодож хүний машин мөргөсөн гэх хүнийг аваад явсан. Тэр хүн яагаад миний машиныг зөвшөөрөлгүй унаад хөдөлж байгааг ойлгохгүй байна. ******* гэх хүн надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27/,

          Иргэний нэхэмжлэгчгийн: 2024 оны 12 сарын 19-ний өдөр орой 23:00 цагийн орчим би өөрийн эзэмшлийн ДАА улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан сум дотор такси үйлчилгээнд явж байсан юм. Ингээд хуучин Дархан микро хорооллын автобусны буудлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн аваад тэр хоёр хүн үйлчилгээний төв орно гэсэн болохоор тийшээ хөдөлсөн. Ингээд DBS телевизийн уулзварын гэрлэн дохио гараад караокены зогсоолын орчим зогсоод хүн буулгах гэж байхад нэг хар өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ухарч ирээд миний машины урд талын крило руу мөргөчихсөн. Тэгсэнээ буцаж урагшлаад зогсоод дахиж ухрах үйлдэл хийхээр нь би машинаасаа буугаад тухайн машины жолооч талын хаалгыг таттал эрэгтэй хүн байсан ба тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд “та яагаад миний машиныг мөргөчихөв өө, хардаггүй юм уу” гэхэд “юу яриад байгаа юм бэ” гэсэн. Ингээд би тэр хүнтэй юм яриад зогсож байтал цаанаас нэг эмэгтэй хүн хүрч ирээд “юу болоод байгаа юм бэ? яасан бэ?” гэхээр нь би “энэ хүн машинаараа миний машиныг мөргөчихлөө шүү дээ” гэхэд тэр эмэгтэй гайхаад “энэ миний машин, би энэ хүнийг танихгүй. Би ийшээ караоке орж мөнгө өгөх гээд орсон юм. Тэр үедээ машинаа асаалттай орхисон. Машинд хүн үлдээгүй шүү дээ, наад хүнийг чинь би танихгүй. Миний машиныг хулгайгаар унасан байна шүү дээ” гэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн. ******* гэх хүн хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32/,

          Гэрчийн: ... Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ ” караокены хойд зогсоол дээр ДАР улсын дугаартай Hs250h маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад “би ороод өрөө байна уу асуугаад ирье” гээд машинаас буусан, би машинд нь суугаад үлдсэн. Ингээд машинд сууж байтал нэг үл таних согтуу эрэгтэй хүн хажууд буюу жолоочийн суудал дээр орж ирээд суучихсан. Тэгэхээр нь би “та машин андуураад байгаа юм биш үү” гэхэд “аан за тэгсэн байна” гээд машинаас буучихсан. Ингээд байж байхад гарч ирэхээр нь болсон явдлыг хэлсэн. Тэгтэл нөгөө ах миний хаалгыг татаж онгойлгоод “уучлаарай ах нь машин андуурчихлаа” гэж хэлсэн. Үүний дараа бид хоёр “ ” караоке руу ороод байж байгаад бит хандаж “саяын ах шал согтуу байсан. Машин тэргээ хөдөлгөөд чиний машиныг мөргөчихвий дээ” гэж хэлэхэд гараад машинаа өөр газраа байрлуулчхаад буцаж орж ирэхдээ “нөгөө ах чинь хар өнгийн Toyota prius маркийн машиныг унаад машин мөргөчихсөн байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

          Шүүгдэгч *******г 2024 оны 12 сарын 19-нд эрүүлжүүлсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 44/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны дугаартай: ДАА улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 220,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны дугаартай:******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 255,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/,

          Гэрчийн: ...зогсоол дээр ирэхэд гурван автомашин байсан ба зүүн гар талд хар өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би машинуудын голд машинаа байрлуулаад “ ” караоке руу өрөө байгаа эсэхийг асуухаар орохдоо машинаа асаалттай үлдээсэн ба машин дотор үлдсэн. Тэгтэл над руу “жолоочийн суудал дээр нэг үл таних хүн орж ирээд суучихлаа” гэж залгахаар нь би гартал машины жолоо дээр хэн нэгэн байхгүй байсан. Юу болсон талаарээс асуухад “энэ хажууд байгаа ах машинд чинь орж ирээд суусан” гэж ярьж байхад тэр ахийн сууж байсан талын хаалгыг онгойлгоод “машин андуурчихлаа, уучлаарай, зүгээр биз дээ” гэж хэлсэн. Тэгээд караоке орсон ба “нөгөө ах нэлээн согтуу байсан, машинаа унахдаа чиний машиныг мөргөчихвөл яах юм бэ” гэхээр нь нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод гараад машинаа асаагаад хөдөлгөхөд ард Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд хүн буулгаж байсан. Тэгтэл нөгөө зүүн гар талд зогсож байсан хар өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ухраад Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөчихсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 70/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 19-ний өдөр 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч*******гийн эзэмшлийн******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцоход маргаж мэтгэлцэх зүйлгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 19-нд согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокены гадна зогсоол дээр байрлуулж асаалттай орхисон*******гийн******* ДАР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ такси үйлчилгээнд явж зорчигч буулгахаар зогсож байсангийн ДАА улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, үнэ төлбөргүйгээр, өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор хэрэглэх үйлдлээр илрэх ба тухайн тээврийн хэрэгслийг бүр мөсөн өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, захиран зарцуулж ашиг хонжоо олох зорилогогүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг онцлогтой.

Түүнчлэн гэмт этгээд бусдын тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч яван өмчлөгч, эзэмшигчийн хараа хяналтаас гарснаар төгссөнд тооцогдоно.

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн асаалттай орхисон тээврийн хэрэгслийг авч яван өөрийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлэн авах, захиран зарцуулж ашиг хонжоо олох зорилоготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших гэх мэт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн шинжийг агуулахгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба хохирогчийн авто машиныг жолоодож ухрах үйлдэл хийгээд иргэний нэхэмжлэгчгийн авто машиныг мөргөснөөр шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 255,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгчд 220,000 төгрөгрийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдвал зохино.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн нас болон хувийн байдлыг харгалзан үзвэл заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй, өөр ял сонгож оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах саналтай. Харин торгох ялын хэмжээний тухайд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох нь зүйтэй. Өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ хүчингүй болгож, торгох ял оногдуулан нэмж нэгтгүүлэх саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалт нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэг төгссөн байхыг ойлгох ба харин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг хуулиар зохицуулаагүй тул шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР