Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/679

 

 

 

 

Ц.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэнд даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, 

хохирогч Н.Эийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/789 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Жд холбогдох эрүүгийн 1710002900188 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   ,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,

Ц.Ж нь 2016 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н, Н.Ээ нарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана гэж итгэл төрүүлэн, хуурч Н.Эийн өмчлөлийн "Шинэ уулзвар" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад зарж их хэмжээний хохирол учруулан залилсан,

мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоноос орон сууц хөнгөлөлттэй үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Э.Бээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн хаан банкны 5006830950 дугаартай дансаар 11.500.000 төгрөгийг шилжүүлэн, 5.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" , 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно" гэж тус тус заажээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, бүрэн тогтоох, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд эргэлзээ төрүүлэхүйц, оролцогч нарын эрхийг зөрчсөн, хохирогчийг зөв тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо:

1.Хавтас хэрэгт хохирогч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "...16.500.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг М дансаараа шилжүүлсэн. Энэ 10.000.000 төгрөг нь Мын мөнгө..." гэсэн мэдүүлэг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М гэх утга бүхий 10.000.000 төгрөг шүүгдэгчийн дансанд шилжин орсон /1хх-ийн 219/ зэргээс дүгнэхэд, М гэх хүнийг хавтас хэрэгт хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байна.

Мөн хохирогч Э.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 43 минутад хийсэн 0259 бүртгэлийн дугаартай Э.Б, Ц.Ж нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний ар талд "Ц.Ж би 2017 оны 5 дугаар сард Э.Бээс 5.500.000 төгрөг хүлээн авсан. Бэлнээр" гээд гарын үсэг зурсан баримтаар хэргийн оролцогч нарын мэдүүлэг болон нотлох баримтууд таарахгүй буюу хохирогч Э.Б хэзээ, хаана, хэдэн төгрөгийг Ц.Жд бэлнээр өгсөн, одоо хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

2. Шүүгдэгч Ц.Ж ...үнэхээр хохирогч Н.Эийн газар дээр хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлэхээр Турк улсын хүмүүстэй уулзаж тохиролцсон баримт байгаа эсэхийг тодруулж, хэрвээ баримт байгаа бол хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэв.

                 3. Мөн хохирогч Н.Ээ болон түүний өмгөөлөгчийн зүгээс нотариатын бүртгэлийн дэвтрийн 1266 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гарын үсэг гэх хэсэгт гарын үсэг зураагүй, өөрийн биеэр байлцаагүй байхад нотариатч гэрчилсэн байна гэж маргадаг боловч энэ талаар тодруулсан холбогдох баримт хэрэгт авагдаагүй зэрэг шүүхийн зүгээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна гээд нэмэлт мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.   

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б нь "...Ц.Ж түүний эхнэр Нямсүрэн хоёр нь хөнгөлттэй үнээр орон сууц худалдан өвч өгье гэхээр нь итгээд ...урьдчилгаа болох 16.500.000 төгрөг өгч залилуулсан..." гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт "...М гээд манай ах Ц.Жыг танихгүй, Ц.Жыг манай нөхөр бид 2 танина, хямд байр захиалж өгье гэхээр нь М ахдаа хэлж манай нөхөр бид 3 хамт байж байгаад 10.000.000 төгрөгийг түүний данснаас шилжүүлсэн..." гэж мэдүүлснээс үзэхэд Э.Б нь байрны урьдчилгаа болох 16 500 000 төгрөгийг өгөхийн тулд өөрийн ах Мад учир байдлаа хэлснээр Ц.Жы данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Ж нь "Энхжин" хотхоноос орон сууц хөнгөлөлттэй үнээр авч өгнө гэж Э.Бт итгүүлэн түүнээс 16.500.000 төгрөгийг залилан авсан тул Мыг заавал хохирогчоор тогтоох шаардлагагүй.

2. Ц.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт "...Турк улсын иргэнтэй уулзаж хөрөнгө оруулалт авах талаар тохиролцсон үүнтэй холбоотой баримтаа мөрдөгчид гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй байна гэж мэдүүлдэг. Иймд үнэхээр хохирогч Н.Эийн газар дээр хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлэхээр Турк улсын хүмүүстэй уулзаж тохиролцсон баримт байгаа эсэхийг тодруулж, хэрвээ баримт байгаа бол хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

3. “...наториатч гэрчилсэн гэрээнд зурсан гарын үсэг Н.Эийнх мөн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг гаргахдаа нотариатын бүртгэлтийн дэвтэр, гэрээ зэргийг үндэслэн гаргасан болохыг дурьдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ээ би гарын үсэг зураагүй, нотариатч ороогүй гэж, мөн Ц.Ж би ганцаараа наториат орсон Н.Ээ ороогүй гэж тус тус мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотариатч Н.Энхээгийн өгсөн мэдүүлгээр эрх шилжүүлэх гэрээг 2 хүн хамт байж хийнэ, ганцаараа ирсэн тохиолдолд гэрчлэх боломжгүй, уг гэрээг 5 жилийн өмнө хийсэн болохоор одоо сайн санахгүй байна гэхдээ уг дэвтэрт өөрсдөө гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг.

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шалгагдаагүй зүйл маш их байгаа. Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. Захирамж үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Хохирогч Н.Эийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Жыг:

 - 2016 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н, Н.Ээ нарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана гэж итгэл төрүүлэн, хуурч Н.Эийн өмчлөлийн "Шинэ уулзвар" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад зарж их хэмжээний хохирол учруулан залилсан,

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоноос орон сууц хөнгөлөлттэй үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Э.Бээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн хаан банкны 5006830950 дугаартай дансаар 11.500.000 төгрөгийг шилжүүлэн, 5.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас 1710002900188 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.   

н.М гэх хүн Ц.Жы үйлдлийн хохирогч болох эсэхийг тогтоох, хохирогч Н.Ээ наториат дээр өөрөө очсон эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь,  М гэсэн утгатайгаар Ц.Жы дансанд мөнгө хийгдсэн байна. Мөн шинжээч Н.Ээ, Ц.Ж нарын хооронд байгуулагдсан гэрээн дээрхи гарын үсэг Н.Эийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлтийг гаргасан байх ч наториатчийн бүртгэл дээрхи гарын үсэг Н.Эийх мөн эсэх талаар дүгнэлтийг гаргаагүй байна.

Мөн прокурор шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байх ба Ц.Жы үйлдлийн улмаас учирсан их хэмжээний хохирол нь хэдий хэмжээний хохирол болохыг тодорхой болгох шаардлагатай.  

Харин хэрэгт Ц.Ж Турк улсын иргэнтэй гэрээ хэлцэл хийсэн эсэх, төсөл хэрэгжүүлэхээр Турк улсын хүмүүстэй уулзаж тохиролцсон нөхцөл байдал байсан эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагагүй, шүүх энэ талаарх нөхцөл байдлыг хэрэгт цугларсан баримтад үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн прокурорын эсэргүүцлийн шүүгчийн захирамжийн энэ үндэслэлийг эсэргүүцэн бичсэнг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Ц.Жд холбогдох хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг явуулсны эцэст хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, 1710002900188 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/789 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ