Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Б М.А,

Хариуцагч:Б******* Улсын байцаагч Т.С*******;

Б М.Аийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт бүхий, Б******* улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0******* дугаартай Шийтгэлийн хуудас-нд өөрчлөлт оруулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Дүгнэлт гаргасан Б М.А, хариуцагч Б******* Улсын байцаагч Т.С*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлт:

1.1. Б М.А нь Б******* улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0******* дугаартай Шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1.Прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн хяналтын прокурор М.А би Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тус дүүргийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгасан.

Татварын улсын байцаагч Т.С******* нь *******/0522092 дугаартай гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Э.Г*******т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулахдаа Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт Төрийн сангийн дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, мөн түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу ******* дугаартай Шийтгэлийн хуудсанд Төрийн сангийн дугаарыг бичээгүй орхигдуулсан байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Т.С*******ын шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт бичсэн.

Зөрчил хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд холбогдогч торгуулийн шийтгэлийг төлөн бүх баримтыг хавсаргаснаас харахад Төрийн сангийн дансны дугаарыг бичсэн байсан. Амьдрал дээр тэр болгон татварын цахим дансаар ороод төлөөд байж чадах уу, настай хүмүүс дандаа банканд тушаагаад баримтаа бариад явдаг. Энэ материалуудаас харахад холбогдогч нар бүгдээрээ торгуулийн шийтгэлээ тодорхой дансанд тушаасан баримт, дансны дугаар нь байдаг. Тэгэхээр энд прокурор хууль тайлбарлаад байна гэж хариуцагч яриад байсан. Торгуулийн мөнгийг төлөх хэлбэр нь дансанд тушаах, банканд тушаах, банк болон ямар нэг орон нутгийн данс ч бай бүх зүйлийг дансанд тушааж байгаа. Тэгэхээр 2021 оны Засгийн газрын 135 дугаар тогтоолд шийтгэлийн хуудас хэрэглэх болон чөлөөлөх хуудсыг хэрэглэх журам байгаа. Энэ журам дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шийтгэлийн хуудсыг бүрэн бөглөх ёстой гэж заасан. Прокурорын шаардлага бол Засгийн газрын 135 тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудас бол үнэт цаас. Үнэт цаас учраас нэг л баллах, цохолбол дахиж засварлах боломжгүй. Хоёрт үнэт цаасыг хүчингүй болгох эсвэл өөрчлөлт оруулах тухай заавал шүүхийн шийдвэрээр хийгддэг.

Иргэд Татварын цахим систем дээр хандах боломж байхгүй. Материалд цугларсан баримтуудыг үндэслээд бид нар дүгнэлт хийж, хяналт тавьж байгаа. Би татварын цахим систем рүү хараад энэ хүн ийм дансыг ингэж бичих ёстой байсан гэх байдлаар харах боломж байхгүй. Материал дээр тийм баримтууд цуглардаггүй учраас ийм дүгнэлт бичсэн гэв.

2.2.Хариуцагч Татварын улсын байцаагч хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Прокурорын дүгнэлтэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан шийтгэл, түүнийг сайн дураар биелүүлэх, хугацаа, хэлбэр, нөхцөл гэж заасан нь дансны дугаар бичээгүй, тусгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт бөглөх журмын 1.3-т шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг багтаасан байна гэсэн зохицуулалттай.

Мөн Монголын татварын албаны нэхэмжлэлд суурилсан суурилсан цахим төлбөрийн системийг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 33.1.2.татвар, алданги, торгуулийн бүртгэл нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамаарна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. 3 дахь хэсэгт татварын бус орлогод торгуулийн орлого хамаарна гэж заасан бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн татварын бус орлого нь орон нутгийн дансанд төвлөрөх зохицуулалттай.

Татварын албанаас үүсэж буй нэг удаагийн нэхэмжлэлийн дугаар нь татвар төлөгчийн тухайн орон нутгийн татварын албаар Төрийн сангийн данстай шууд холбогддог, татвар төлөгчөөс тодорхой бус гүйлгээ хийх, татвар төлөгч андуурч гүйлгээ хийх эрсдэлийг бууруулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж тус тус заасан байдаг.

Прокурор Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт түүний сайн дураараа биелүүлэх хугацаа хэлбэр, нөхцөл, хураасан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан. Журмын 1.3-т шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг бүрэн тусгана гэсэн зүйл байхгүй.

2020 оноос Татварын хууль хэрэгжиж эхэлсэн. Нийтдээ 3 жил болсон. Монгол Улсын хэмжээнд мэдэх ёстой. Бид торгууль бичиж байхдаа татвар төлөгчөөс татварын харилцаанд оролцсон бол хуулиа хэрэгжүүлэх гэдэг байдлаар шаардлага тавьж байгаа.

Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудаст дансны дугаар бичээгүй нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй, захиргааны байгууллага холбогдогчийн эрх ашгийг хөндөөгүй, мөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх сэргээх, үр дагавар үүсгэхгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Гурав.Маргааны зүйл, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зааснаар Шийтгэлийн хуудас бичихтэй холбоотой үйл баримт хэлэлцэгдсэн болно.

3.2.Б******* улсын байцаагчаас Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлээд 2022 оны 11 дүгээр 25-ны өдрийн 0******* дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

3.3.Уг Шийтгэлийн хуудсан дахь Оногдуулсан шийтгэлийн ... төгрөгийг Төрийн сангийн .... тоот дансанд гэсэн хэсгийн төгрөгийн хэмжээ болон дансны дугаарыг бөглөөгүй байна.

3.4.Харин уг зөрчлийн хэрэгт холбогдогч Э.Г*******т Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 150,000 төгрөгийг төлүүлэхээр Татварын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 22110*******61692 дугаартай төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, хүргүүлсэн дагуу Э.Г******* торгуулийн төлбөрийг бүрэн төлсөн болох нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэдээллээр тогтоогдсон болно.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж, мөн зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан байна.

4.2.Засгийн газрын 2021 оны 135 дугаар  тогтоолоор баталсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.3-т Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг, ... тус тус багтаасан байна гэжээ.

4.3.Прокуророос Шийтгэлийн хуудас нь үнэт цаас бөгөөд Засгийн газраас баталсан журмын дагуу түүнд бичигдсэн мэдээллийг бүрэн бөглөх ёстой гэж тайлбарласныг шууд буруутгах хууль болон эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4.мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Шийтгэлийн хуудсанд Төрийн банкны дансыг бичихгүй байх хууль зүйн үндэслэлээ Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу бичих боломжгүй гэж тайлбарласныг шүүх хүлээн аваагүй байна.

4.5.Учир нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т татвар, алданги, торгуулийн бүртгэл нь Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл хамаарахаар, 48 дугаар зүйлийн 48.1-т Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ гэж, 51 дүгээр зүйлийн 51.1-т Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх гэж заасан.

4.6.Эдгээр хуулийн заалт нь Шийтгэлийн хуудсанд торгууль төлөгчийн төлөх ёстой Төрийн сангийн дансыг бичиж байсныг нь өөрчилж, бичихгүй болгох нөхцлийг үүсгэсэн, бий болгосон хуулийн зохицуулалтууд биш, ялангуяа 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт нь татварын өр үүссэн тохиолдолд нэхэмжлэх бичих зохицуулалт тул татварын өр үүсээгүй, торгууль оногдуулсан Шийтгэлийн хуудас бичих үеийн зохицуулалтад энэ заалт хамааралгүй байгаа тул хариуцагчийн энэхүү хуулийн заалтыг хэрэглэж маргасныг хууль ёсны гэж үзэхгүй.

4.7.Гэвч шүүхээс:

4.7.1.Татварын татвар ногдуулах, төлүүлэх, татвар төлөгчийн бүртгэлийн систем, тогтолцоо өөрчлөгдөж, цахим хэлбэрт шилжсэн, торгуулийн орлого орон нутгийн дансанд төвлөрдөг зэрэг нөхцөл байдлаас Шийтгэлийн хуудсан дээр Төрийн сангийн дансны дугаар бичих боломжгүй болсон шалтгаан, улмаар цахим бүртгэлээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, иргэдийн андуурч болон тодорхой бус гүйлгээ хийдэг алдааг зассан гэх тайлбар, үндэслэлийг нь харгалзан үзэж;

4.7.2.Нөгөө талаас зөрчлийн хэрэгт холбогдогч нь Татварын байцаагчийн Шийтгэлийн хуудас-аар оногдуулсан торгуулийг татварын албанаас хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлсөн байгаа үйл баримтаас үзвэл Шийтгэлийн хуудас-нд дансны дугаар бичээгүй нь түүний заавал биелэгдэх хууль зүйн үр дагаврыг алдагдуулаагүй байгааг дүгнэж;

4.7.3. Шийтгэлийн хуудас-нд Төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй нь аливаа эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрөөгүй, бусад этгээдэд эрх, үүрэг үүсгээгүй, үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлаагүй байгаа тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах үндэслэлгүй гэж дүгнэв.

4.8.Шүүхээс Шийтгэлийн хуудас-нд Төрийн сангийн дансны дугаарыг бичээгүйг техникийн алдаа гэж үзээгүй бөгөөд цаашид энэ асуудлаа тухайн байгууллагуудын хооронд харилцан ойлголцож шийдвэрлэх, ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аливаа байдлаар хүндрэл чирэгдэл учруулахгүй байх зарчмыг хангаж шийдвэрлэх асуудал байгаа болохыг тэмдэглэж байна.

Тав. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Бын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1******* дугаартай Б******* улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу дүгнэлт бичсэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ