Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            С.Дийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00339 дүгээр шийдвэртэй

С.Дийн хүсэлттэй

нөхөх олговор 1 000 000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Б.Буяндалай, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 4 дүгээр заалтын дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул Санжсүрэн овогтой Даш надад нөхөх олговрын 1 000 000 (нэг сая) төгрөгийг олгож өгнө үү. Миний аав М.Санжсүрэн нь хоёр охинтой байсан бөгөөд миний дүү 2007 онд нас барсан. М.Санжсүрэн гэдэг хүний үр хүүхдүүдээс С.Д би бээр амьдарч байгаа. Өдгөө 91 настай С.Д би иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй өндөр настай тул Хандсүрэн овогтой Баяржаргалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна. Минжингийн Санжсүрэнг 1932.05.14-нд улс төрийн хэрэгт баривчилсан боловч ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоолгүй байна. Хэргийг хянаад Улсын ерөнхий прокурорын газрын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/213 дугаар тогтоолоор хэлмэгдсэнд тооцсон.

Дашийн аав Санжсүрэн гэдэг хүнд Цагаатгалын комиссын шийдвэрээр 1 000 000 төгрөгийн цагаатгалын нөхөх олговор олгох шийдвэр гарсныг өмнө нь мэдээгүй. Нөхөх олговрын мөнгийг хэрхэн хөөцөлдөж олж авдагийг мэдээгүй байсаар байгаад өнөөдрийг хүргэсэн юм байна билээ. Даш гуай өөрөө сайн ярьж чаддаггүй. Хүүхдүүд нь цагаатгалын нөхөх олговор авна гэдгийг мэдэхгүй байсан учраас төрөл садангаасаа лавлаж асуусны дараа энэ жил нөхөх олговрыг авах хүсэлт гаргасан. Дашийг хэлмэгдэгч Санжсүрэнгийн охин мөн гэдгийг түүний иргэний үнэмлэх, архивын лавлагаа хоёрт үндэслэн шүүхэд хандсан. 2011 онд олгосон цагаатгалын үнэмлэхийг Даш гуайн зээгийнх нь нөхөр Гэлэгбаатар гэдэг хүн 2018 онд цагаатгалын газраас гаргуулж авсан. Гэхдээ 2018 онд цагаатгалын үнэмлэхийг гаргуулж авсан гэсэн баримт байхгүй. Одоо Дашаас өөр Санжсүрэнгийн төрөл садангийн хүн байхгүй. Санжсүрэнгийн эхнэр нь хэдэн онд нас барсныг мэдэхгүй. Даш гуай ээжийнхээ нэрийг сайн мэддэггүй. Ээжийгээ авгайлж дууддаг нэрээр нь хэлээд байсан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00339 дүгээр шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дийн 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б миний бие итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг ихууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд анхан шатны шүүхээс "...нэхэмжлэгч С.Д нь 2011 оноос хойш ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд хандаагүй болох нь тодорхойгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ баримтаар нотлоогүй байх тул...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12.3-т заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлтийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Минжингийн Санжсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцох тухай тогтоол 2011.12.12-ны өдөр гарсан бөгөөд хэлмэгдсэнд тооцож цагаатгах 435 дугаартай үнэмлэх 2018.10.26-ны өдөр олгогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх үнэмлэх хэзээ олгогдсоныг анхаарч үзээгүй (үнэмлэхний огноо дугаарыг бичээгүй).

2. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцох тухай 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/213 дугаартай тогтоол УТХХХЦТНООТХуулийн 8.2 дахь заалтыг баримтлан гарсан. УТХХХЦТНООТХуулийн 8.8-д зааснаар 8.2-т заасан этгээдэд хэлмэгдсэн тухай үнэмлэхийг уг шийдвэр гаргасан байгууллага олгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллага 2011 онд Минжингийн Санжсүрэнг цагаатгах шийдвэр гаргаснаас хойш 2018.10.26-ны өдөр хүртэл үнэмлэх олгох үүргээ биелүүлээгүй байна.

3. УТХХХЦТНООТХуулийн 12.2-т зааснаар цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэхийг нэхэмжлэлд хавсаргах ёстой байна. Өөрөөр хэлбэл үнэмлэх олгогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна. Эндээс үзвэл УТХХХЦТНООТХуулийн 12.3-т заасан “Нэхэмжлэл гаргах эрх нь цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэснийг 2011 оны тогтоол гарснаас хойш тооцох нь үндэслэлгүй бөгөөд үнэмлэх гарсан хугацааг давхар харгалзан үзэх ёстой юм. Үнэмлэх 2018 онд гарсан учраас УТХХХЦТНООТХуулийн 12.3-т заасан нэхэмжлэл гаргах хугацаа дуусаагүй.

Иймд анхан шатны шүүхийн 3 жилийн хугацаа өнгөрсөн гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай байна.

 

Хүсэлт гаргагч С.Д нь М.Санжсүрэнгийн 1932 онд улс төрийн хэрэгт хилсээр баривчлагдан мөрдөгдөж байсан нөхөх олговрыг олгуулахаар 1 000 000 төгрөгийн шаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч М.Санжсүрэн нь 1932 оны эсэргүү хөдөлгөөнд оролцсон гэж баривчлагдсан байх ба Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/213 дугаар тогтоолоор М.Санжсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг эсэргүү хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар улс төрийн хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө. 

 

Шүүх хүсэлт гаргагч С.Дийг 2011 оноос хойш ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд хандаагүй болох нь тодорхойгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ баримтаар нотлоогүй гэж хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна. Дээрх зохицуулалтын дагуу хүсэлт гаргагч цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд хүсэлт гаргах боломжтой юм.

 

Харин энэ хэрэгт хүсэлт гаргагч цагаатгасан шийдвэрийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хүсэлт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурорын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/213 дугаар тогтоолоор М.Санжсүрэнг хэлмэгдсэнд тооцсон нь С.Дийг тухайн цаг хугацаанд цагаатгасан шийдвэрийг хүлээн авсан гэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

            2. Хүсэлт гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                              Д.БЯМБАСҮРЭН