| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01859/И |
| Дугаар | 142/ШШ2023/00282 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2023/00282
2023 02 14 142/ШШ2023/00282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .....................................П.Э- .............................ийн нэхэмжлэлтэй, ,
Хариуцагч: ................................................................-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д 2020 оны 11 дүгээр сарын 13-нд тус станцын Зуухан цехэд тоноглолын засварын слессараар ажилд орсон. 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 10 дугаар сарын 09-нийг хүртлэх хугацаанд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын үйл ажиллагаа явагдсан. Миний бие уг үйл ажиллагаанд оролцож байсан ба 10 дугаар сарын 06-нд ГТУХБ ******* 13 цагийн үед чөлөө өгөөч, хүүхэд авах хүнгүй болоод байна аа гэсэн. Намайг жагсаалын бэлтгэлээр хэд алхаад яв гэсэн. Би алхаад үүний дараа явахыг зөвшөөрсөн. Бусад өдрүүдэд би огт таслаагүй. Уг үйл ажиллагааны цугларах цаг хугацаанд нь дандаа бүртгүүлж байсан. Миний хувьд 24 цагийн нийлбэрээс дээш ажил тасалсан гэж үзэх байдал байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 08-наас хойш ажилдаа очиход ажилд оруулахгүй хуулийн зөвлөхтэй уулз, байж бай гэсээр 2022 оны 10 дугаар сарын 11-нд намайг ажлаас халсан тухай тушаал гарсныг 2022 оны 10 дугаар сарын 12-нд мэдсэн. Уг тушаалын эх хувийг надад албан ёсоор өгөөгүй. Нэг хувийг авъя гэхээр тойрох хуудсаа зуруулж ирээд ав гэж захирлын туслах хэлсэн. Арга буюу тушаалтайгаа танилцъя, хувилж өгөөч гээд 1 хувийг канондуулж авсан. Уг тушаалтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд намайг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ний Түлш дамжуулах цехийн Төмөр замын хэсэгт замчин ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байх хугацааны цалинг шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн төмөр замын хэсэгт Замчин ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байх хугацааны цалинг шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана, 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заажээ. Эдгээр заалтыг үндэслэл болгосон нь хуулийн хүрээнд эргэлзээгүй нь үнэн зөв учраас доор дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Жич: Уг заалтуудыг үндэслэл болгон замчин *******ыг яагаад ажил таслаж яваад, ажилдаа ирэхгүй шалтгааныг нь өөрөөс нь асууж бичгээр хариу тайлбар авах гэсэн боловч тайлбар тодруулга, хариу өгөхгүй дахин ажил тасалж явсан.
2. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгосон хэсгүүдээ тайлбарлах нь:
2.1. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлд ажил олгогчийн эрх, үүргийг зааж өгсөн. Үүний 4 дүгээр зүйлийн 4.1.10-т Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хэм хэмжээ- г баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэжээ.
2.2. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг зааж өгсөн. Үүний 5 дугаар зүйлийн 5.2.1 .-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хэм хэмжээ, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журам, мэргэжлийн болон ажилтнуудын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэжээ. 5.2.2-т 'Монгол улсын хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг хүндэтгэн мөрдөж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын төлөө ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэжээ. 5.2.16-т Ажлаас хожимдохгүй цагтаа ирэх, зөвшөөрөлгүй эрт буухгүй байх, ажлын байрыг зөвшөөрөлгүй орхихгүй байх гэжээ.
2.3. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлд ажил, амралтын цаг, цалин хөлс гэсэн хэсэгт 7 дугаар зүйлийн 7.5. Ажилтан хүндэтгэх шалтгааны улмаас ажилд ирж чадахгүй тохиолдолд өдрийн болон ээлжийн ажил эхлэхээс 4 цагийн өмнө, ээлжийн амралттай, томилолтоор орон нутагт яваа ажилтан 2 хоногийн өмнө удирдах албан тушаалтанд тус тус мэдэгдэнэ гэжээ
2.4. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйл Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага гэсэн хэсэгт 9 дүгээр зүйлийн 9.1.5-т Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах гэжээ. 9.8.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан" гэж заажээ. 9.21. Ажил олгогч, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажлаас халах тухай тушаалд заана. Шаардлагатай тохиолдолд ажил хүлээлцэх комиссыг томилно" гэж заасныг тус тус үндэслэн ажлаас халсан нь дотоод журмын хүрээнд үндэслэл бүхий юм.
3. Гүйцэтгэх захирлын түлш дамжуулах цехэд замчин ажилтай *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнээс үндэслэл болгосон хэсгүүдээ тайлбарлах нь: 3.1. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний Ажил олгогчийн эрх гэсэн хэсэгт: 4 дүгээр зүйлийн 4.2 дах заалт Энэхүү хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох журам, заавар, тушаал шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандарт, технологийн горим зөрчсөн, удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах гэж заажээ.
3.2. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажилтны хүлээх үүрэг хэсэгт: 5 дугаар зүйлийн 5.1-т Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хугацаанд нь чанартай, хангалттай гүйцэтгэх гэж заажээ.
3.3. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний Хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох хэсэгт: 8 дугаар зүйлийн 8.8-т Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ. Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна. Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэж заасныг үндэслэл болгон ажлаас халсан нь үндэслэл бүхий үнэн зөв юм.
4. Эрдэнэбат нь нэхэмжлэлдээ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын үйл ажиллагаа явагдсан. Миний уг ажиллагаанд оролцсон байсан ба 10 дугаар сарын 06-нд ГТУХБ ******* 13 цагийн үед чөлөө өгөөч, хүүхэд авах хүнгүй болоод байна аа гэсэн. Намайг жагсаалын бэлтгэлдээ хэд алхаад яв гэсэн. Би алхаад үүний дараа явахыг зөвшөөрсөн. Би бусад өдрүүдэд огт таслаагүй. Уг үйл ажиллагааны цугларах хугацаанд нь дандаа бүртгүүлж байсан гэжээ. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.14-т Ажилтанд мастер, инженер нь 4 цаг хүртэл, Ерөнхий инженер, алба, хэлтэс, цехийн дарга 8 цаг хүртэл, цалингүй чөлөөг олгож болно. 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг алба, хэлтэс, цехийн удирдлагын саналыг харгалзан, Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно. 1 сараас дээш хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх шаардлагатай бол өөрийн хүсэлтийг харгалзан, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ. ******* нь ГТУХБ У.Оюунбатаас чөлөө авах бус харин өөрийг нь хариуцан удирдан ажилладаг төмөр замын инженер 4 цаг хүртэл, цехийн даргаасаа 8 цаг хүртэл цалингүй чөлөөг авч болох заалтыг зөрчиж ирсэн байна. Тухайн өдөр 17 цагаас жагсаалын бэлтгэл нь эхэлсэн.
5. Эрдэнэбатын АБЛЕ.mn Хүнийн нөөцийн программ, ажлын цаг ашиглалт, өдөр тутмын зааварчилгаа авсан байдлаар ажлаа бүртгүүлдэг бөгөөд 2022 оны 06 дугаар сараас дараах байдлаар зөрчлийг олон удаа давтан гаргаж ирсэн байна. Үүнд: ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа 07 цаг 50 минутанд ирсэн боловч хэзээ гарч явсан нь тодорхойгүй бүртгэл дутуу ажил тасалсан. ******* нь 2022 оны 06 сарын 24-ны өдөр: өглөө ажилд ирсэн бүртгэл дутуу ажил тасалсан. ******* нь 2022 оны 06 сарын 27-ны өдөр: өглөө ажилд ирсэн бүртгэл дутуу ажил тасалсан. ******* нь 2022 оны 06 сарын 29-ны өдөр ажил тасалсан. Цехийн даргаасаа албан ёсоор чөлөө аваагүй. Цехийн дарга нь 8 цаг хүртэл чөлөө өгөх ёстой. ******* нь 2022 оны 06 сарын 30-ны өдөр ажил тасалсан тарсан бүртгэл дутуу ажил тасалсан. ******* нь 2022 оны 07 сарын 04-ний өдөр 11 цаг 40 минутанд ажилдаа хоцорч ирсэн. ******* нь 2022 оны 07 сарын 06-ны өдөр ажил тасалсан. Өвчтэй гэх акт, эрүүл мэндийн хуудасгүй. ******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр 16 цаг 54 минутанд буюу 1 минутын өмнө ажлаас эрт гарсан. ******* нь 2022 оны 07 сарын 20-ны өдөр 16 цаг 44 минутанд буюу 11 минутын өмнө ажлаас эрт гарч ажил тасалсан. ******* нь 2022 оны 07 сарын 29-ны өдөр ажилдаа ирээгүй. Замын засварт ажилласан илүү цагаар биеэр эдэлсэн. ******* нь 2022 оны 08 сарын 24-ны өдөр ээлжийн амралтнаас ажилдаа ирэхдээ 10 цаг 26 минутанд хоцорч ирж ажил тасалсан. /2 цаг 27 минутын ажил тасалсан/. ******* нь 2022 оны 08 сарын 30-ны өдөр ажил тасалсан. /өвчтэй гэх төлөвтэй/. Нотлох баримт буюу эмнэлэгийн магадлагааг авч ирээгүй ажил тасалсан. ******* нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр ажил тасалсан гэх төлөвтэй. ******* нь 2022 оны 09 сарын 07-ны өдөр 5 цагийн цалингүй чөлөө авсан. /Цехийн даргаас биш, учир 1 цагийн ажил тасалсан/. ******* нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр 16 цаг 07 минутанд ажлаас эрт гарч явж ажил тасалсан. ******* нь 2022 оны 09 сарын 27-ны өдөр өглөө ажилдаа ирсэн боловч үдээс хойшхи бүртгэл дутуу ажил тасалсан.
6. Өдөр тутмын зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байдлыг нягталж үзэхэд: 6.1. 2022 оны 06 сарын 29-ны өдөр ажилдаа ирээгүй, ажил тасалсан цехийн даргаасаа чөлөө аваагүй, мастер Баасанбилэг нь дур мэдэн зааварчилгааны журнал дээрээ чөлөө гэж бичсэн,
6.2. 2022 оны 07 сарын 06-ны өдөр ажилдаа ирээгүй, өвчилсэн гэж зааварчилгаан дээр мастер Баасанбилэг нь бичсэн өвчилсөн актаа авчирч өгөөгүй нь худал хэлж өвчилсөн нь санхүүгийн нийгмийн даатгалын НД8 гэх программд бүртгэгдээгүйгээр нотлогдсон.
6.3. 2022 оны 07 сарын 29-ний өдөр замын засварт ажилласан илүү цаг авсан төлөв нь цаг бүртгэлийн систем, өдөр тумтын зааварчилгааны дэвтэртэйгээ байна. Ажил таслаагүй.
6.4. 2022 оны 08 сарын 24-ний өдөр ээлжийн амралтаас ажилдаа 2 цаг 26 минут хоцорч ирсэн хэдий ч зааварчилгаагаа авсан байна.
6.5.2022 оны 08 сарын 30-ний өдөр ажилдаа ирээгүй, өвчилсэн гэж зааварчилгаан дээр мастер Баасанбилэг нь бичсэн өвчилсөн актаа авчирч өгөөгүй, худал хэлж өвчилсөн нь санхүүгийн нийгмийн даатгалын НД8 программд бүртгэгдээгүйгээр нотлогдсон.
6.6. 2022 оны 08 сарын 31-ний өдөр ажилдаа ирээгүй. Өвчтэй гэж зааварчилгаан дээр төмөр замын инженер А.Ганболд бичсэн, өвчилсөн актаа авчирч өгөөгүй, худал хэлжөвчилсөн нь санхүүгийн нийгмийн даатгалын гэх программд бүртгэгдээгүйгээр нотлогдсон.
НИЙТ: 4 өдөр буюу 32 цаг, ажлаас 2 цаг 26 минут хоцорсон байна. (Цехийн даргын тодорхойлолт үнэн зөв байсан)
7. Гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах улсын үзлэгийн үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустлах ажлын өдрүүдэд ажлын цаг ашиглалтын бүртэл дутуу ажил тасалсан. Үүнд:
7.1. 10 сарын 03-ны өдөр 08 цаг 13 минутанд ажлаас хоцорч ирсэн. Зааварчилгаагаа авсан. Орой жагсаалын бэлтгэл, бэлэн байдлын үзлэгт бэлдээд 19 цаг 12 минутанд ажлаас буусан. Илүү цагийг Гамшгийн улсын үзлэгийн дараа олгохоор ГТУХБ У.Оюунбат, тэмдэглэж Ерөнхий инженер танилцуулсан. Гамшгийн ББ-ын улсын үзлэгийн дараа
7.2. 10 сарын 04-ний өдөр 09 цаг 18 минутанд ажлаас хоцорч ирсэн. Тарсан бүртгэл дутуу, Зааварчилгаа авсан. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн үйл ажиллагааг 2 удаа тасалж нийлбэр цаг нь 3 цаг 30 минут тасалсан нь Ерөнхий инженер Б.Сурмаахоролын хяналт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч У.Оюунбатын цаг бүртгэлээр нотлогдсон.
7.3.10 сарын 05-ны өдөр 08 цаг 08 минутанд ажлаас хоцорч ирсэн. Ажлаас тарсан бүртгэл дутуу, Зааварчилгаа авсан.
7.4. 10 сарын 06-ны өдөр ажлын 8 цагийг тасалсан. Төмөр замын инженер зааварчилгаа авах байсан боловч зааварчилгаа аваагүй, Албан ёсны чөлөө авалгүй ажил тасалсан. Оройн 17 цагаас 20 цагийн хооронд явагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн үйл ажиллагаанд хамрагдсан. ******* нь ГТУХБ У.Оюунбатаас чөлөө авсан гэх боловч Компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Оюунбат нь ямар нэгэн чөлөө өгөх эрхгүй байхад нэхэмжлэлдээ худал бичсэн байна. 1 өдрөөс дээш буюу 8 цагийн чөлөөг Гүйцэтгэх захирал болон цехийн дарга нар өгдөг.
7.5.10 сарын 07-ны өдөр 09 цаг 18 минутанд ажлаас хоцорч ирсэн. Ажил тарсан бүртгэл дутуу, зааварчилгаа аваагүй, төмөр замын инженер А.Ганболд чөлөөтэй гэж бичсэн.
7.6. 10 сарын 10-ны өдөр 08 цаг 04 минутанд ажлаас хоцорч ирсэн. Заваарчилгаагаа авсан.
8. 10 сарын 10-ны өглөө ажлаас хоцор ирсэн тул Түлш дамжуулах цехийн дарга
******* нь 3 сараас хойш ажлын цаг ашиглалт хангалтгүй учраас төмөр замын хэсэгт замчин ажилтай *******ыг ажлаас халах саналыг гүйцэтгэх захиралд танилцуулсаныг нягтлахаар *******аас тайлбар авах гэсэн боловч би ажил таслаагүй гээд тухайн өдрийн ажлаа тасалж явсан.
9. 10 сарын 11-ний өдөр 08 цаг 23 минутанд ажлаас хоцорч ирсэн. Би өмнө нь болон одоо гамшгийн үед ажил тасалж байгаагүй гээд тайлбар өгөхөөс татгалзаад явсан учир ЗУХ-ийн дарга, ДХХ-ийн дарга нарт мэдэгдэж Түлш дамжуулах цехийн дарга ******* нь ажлаас халах хүсэлтийг өгснийг нягталж, Сүүлийн 6 сарын ажлын цаг ашиглалтыг шалгаж, ажил тасалсан нийлбэр нь 24 цагаас илүү болсныг нягталж Гүйцэтгэх захиралд танилцуулж халах тушаалыг гаргасан нь хуулийн хүрээнд үнэн зөв гарсан.
Нийт бүтэн ажлын тасалсан өдөр: 5 өдөр буюу 40 цагийн ажил тасалсан. Үүнээс: Өвчний акт буюу эрүүл мэндийн хуудас өгөөгүй 3 өдөр буюу 24 цаг Дотоод журмын дагуу цехийн даргаасаа чөлөө аваагүй 1 өдөр буюу 8 цаг Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 1 өдөр буюу 8 цаг Гамгийн бэлтгэл бэлэн байдлын үзлэгийн 3 цаг 30 минут тасалсан. Ажлаас эрт гарсан цагийн нийлбэр: 60 минут, Ажлаас хоцорсон цагийн нийлбэр: 367 минут /6 цаг 6 минут/. Ямар нэгэн зөвшөөрөлгүй төлөвгүй 09 сарын 07-ны өдөр зөвшөөрсөн чөлөөг 1 цагаар хэтрүүлсэн. Бүртгэл дутуу зөрчил: Цаг ашиглалтын бүртгэлийн зөрчилийг 10 удаа гаргасан байна. Нийт: 6 өдөр буюу 48 цаг 6 минутын ажпыг ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй өвчний актгүй ажил тасалсан байна. Мөн 10 дугаар сарын 10-ны өдрийг оролцуулаад 7 өдөр ажил тасалсан байна. Иймд: *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, 2022 оны 10 сарын 11-ний өдрийн Б/364 дугаартай тушаал /хх-3/, 2022 оны 02 сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-4-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Эрдэнэт Дулааны цахилгаан станц ХК-ийн Нарядын журналын хуулбар зэргийг бүрдүүлсэн байна.
4. Хариуцагчаас: 2022 оны 10 сарын 11-ний Б/364 дугаартай Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын тушаал /хх-23/, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-24-29/, 2022 оны 02 сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-30-32/, Ажлын байрны тодорхойлолт /хх-33-34/, Түлш дамжуулах цехийн жагсаалтын тайлан /хх-35-42/, Б.Пүрэвнямын тайлбар /хх-43/, мессежний хуулбар /хх-44-45/, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 3 сараас 10 сар хүртэл Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт /хх-46-53/, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн даргын Ажлын цаг тодорхойлон арга хэмжээ тооцох тухай албан тоот /хх-54/, *******ын гаргасан өргөдөл /хх-55/, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/215 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-56/, Түлш дамжуулах цехийн даргын Арга хэмжээ авах тухай албан тоот /хх-57/, *******ын тайлбар, мэдүүлэг /хх-58-59/, 2022 оны 09 сарын 12-ны өдрийн Цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол /хх-60/, Хатантөмөрийн хүсэлт /хх-61/, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн үйл ажиллагаанд хамтрагдсан алба хаагчдийн цагийн бүртгэл /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр: 2022 оны Эрдэнэт Дулааны цахилгаан станц ХК-ийн Хөдөлмөр хамгааллын өдөр тутам ба давтан зааварчилгааны тус бүр 50 хуудастай 3 ширхэг дэвтэрийг гаргаж ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: намайг ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн, би ажлаа таслаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 7 053 929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, ажил тасалсан гэж мэтгэлцсэн.
3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ий Түлш дамжуулах цехийн Төмөр замын хэсэгт замчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус ТӨХК-ийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.
Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргаж байх бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй байдаг.
Ажлаас чөлөөлсөн тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 83, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.2, 123.4, Компанийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.16, 7 дугаар зүйлийн 7.5, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.8.1, 9.21, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргах, 123 дугаар зүйлийн 123.2.-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.5.-д олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 123.4.-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,
Компанийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.10-д Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хэм хэмжээ-г баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 5.2.1.-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хэм хэмжээ, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журам, мэргэжлийн болон ажилтнуудын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, 5.2.2-т 'Монгол улсын хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг хүндэтгэн мөрдөж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын төлөө ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, 5.2.16-д Ажлаас хожимдохгүй цагтаа ирэх, зөвшөөрөлгүй эрт буухгүй байх, ажлын байрыг зөвшөөрөлгүй орхихгүй байх, 7 дугаар зүйлийн 7.5.-д Ажилтан хүндэтгэх шалтгааны улмаас ажилд ирж чадахгүй тохиолдолд өдрийн болон ээлжийн ажил эхлэхээс 4 цагийн өмнө, ээлжийн амралттай, томилолтоор орон нутагт яваа ажилтан 2 хоногийн өмнө удирдах албан тушаалтанд тус тус мэдэгдэнэ, 9 дүгээр зүйлийн 9.1.5-т Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах, 9.8.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, 9.21.-д Ажил олгогч, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажлаас халах тухай тушаалд заана. Шаардлагатай тохиолдолд ажил хүлээлцэх комиссыг томилно,
Хөдөлмөрийн гэрэний 4 дүгээр зүйлийн 4.2-т Энэхүү хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох журам, заавар, тушаал шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандарт, технологийн горим зөрчсөн, удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулна, 5 дугаар зүйлийн 5.1-т Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хугацаанд нь чанартай, хангалттай гүйцэтгэх, 8 дугаар зүйлийн 8.8-д Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ. Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна. Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэжээ.
Хариуцагч тал шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа: ...Гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах улсын үзлэгийн үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустлах ажлын өдрүүдэд ажлын цаг ашиглалтын бүртэл дутуу ажил тасалсан. Үүнд: 10 сарын 03-ны өдөр 08 цаг 13 минутанд ажлаас хоцорч ирсэн. Зааварчилгаагаа авсан. Орой жагсаалын бэлтгэл, бэлэн байдлын үзлэгт бэлдээд 19 цаг 12 минутанд ажлаас буусан..., 10 сарын 04-ний өдөр 09 цаг 18 минутанд ажлаас хоцорч ирсэн. Тарсан бүртгэл дутуу, Зааварчилгаа авсан. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн үйл ажиллагааг 2 удаа тасалж нийлбэр цаг нь 3 цаг 30 минут тасалсан, 10 сарын 05-ны өдөр 08 цаг 08 минутанд ажлаас хоцорч ирсэн. Ажлаас тарсан бүртгэл дутуу, Зааварчилгаа авсан, 10 сарын 06-ны өдөр ажлын 8 цагийг тасалсан. Төмөр замын инженер зааварчилгаа авах байсан боловч зааварчилгаа аваагүй, Албан ёсны чөлөө авалгүй ажил тасалсан. Оройн 17 цагаас 20 цагийн хооронд явагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн үйл ажиллагаанд хамрагдсан, ГТУХБ У.Оюунбатаас чөлөө авсан гэх боловч Компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Оюунбат нь ямар нэгэн чөлөө өгөх эрхгүй, 10 сарын 07-ны өдөр 09 цаг 18 минутанд ажлаас хоцорч ирсэн. Ажил тарсан бүртгэл дутуу, зааварчилгаа аваагүй, төмөр замын инженер А.Ганболд чөлөөтэй гэж бичсэн, 10 сарын 10-ны өдөр 08 цаг 04 минутанд ажлаас хоцорч ирсэн. Зааварчилгаагаа авсан, 10 сарын 10-ны өглөө ажлаас хоцор ирсэн, 10 сарын 11-ний өдөр 08 цаг 23 минутанд ажлаас хоцорч ирсэн. сүүлийн 6 сарын ажлын цаг ашиглалтыг шалгаж, ажил тасалсан нийлбэр нь 24 цагаас илүү болсон, нийт 5 өдөр буюу 40 цагийн ажил тасалсан. ...Нийт 6 өдөр буюу 48 цаг 6 минутын ажлыг ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй өвчний актгүй ажил тасалсан, мөн 10 дугаар сарын 10-ны өдрийг оролцуулаад 7 өдөр ажил тасалсан... гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын дээрх тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хугацаануудад нэхэмжлэгч ******* ажлыг цагийг бүртгүүлсэн, ажилдаа гарах наряд зааварчилгааг авсан, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өвчний чөлөөтэй байсан болох нь цагийн бүртгэл, нарядын журнал, хөдөлмөр хамгааллын өдөр тутмын давтан зааварчилгааны дэвтрийн тэмдэглэлүүд, мөн тухайн өдрүүдэд өөрийн дугаараар хоолонд орсон, наряд авч гарын үсэг зурсан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2022 оны Нарядын журналд үзлэг хийхэд 2022-09-27-ны өдөр: нэхэмжлэгч нь Дохионы шон хийх, замын чигжээс суллах, гарам цэвэрлэх ажил хийсэн, 2022-09-24-ний өдөр: гарамын дохионы бэлтгэл ажил, шон зоож кабел оруулах ажил хийсэн байна.
Хариуцагч тал зааварчилгаа авсан боловч бүртгэл дутуу гэсэн тодорхойгүй тайлбар гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн байх ба татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын шийтгэлд тооцно, 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.
Ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийг баримтаар нотлоогүй сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байхаас гадна хавтаст хэргийн 35-42 дугаар хуудаст авагдсан цагийн бүртгэлд 2022-08-31-нд ажил тасалсан гэсэн тэмдэглэлтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4.-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн, түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 9.8.1.-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэдэгтэй, мөн хөдөлмөрийн гэрээний 8.8-д заасантай тус тус нийцэхгүй байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад хариуцагч байгууллагаас ямар ямар хүмүүс хамрагдсан талаар тушаал шийдвэрийг ирүүлээгүй, цагийн бүртгэл нотлох баримтын шаардлага хангаагүй, хэдэн хэдний өдөр ирсэн, ирээгүй, ямар цаг минутыг яаж бүртгэсэн нь тодорхойгүй, түүнчлэн тус сургалтын цагийн бүртгэл гэх баримтыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний харилцааг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд *******ыг Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ий Түлш дамжуулах цехийн Төмөр замын хэсэгт замчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг ажиллаж байсан саруудын /7, 8, 9/ сүүлийн 3 сарын дунджаас тооцож /дундаж цалин 1 705 346:21,5= 79 318₮ буюу 4 сар 2 хоногийн/ 6 980 020 төгрөг гаргуулан нэхэмжлэлээс 73 909 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурьдаж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар /70 200₮ + 126 630₮/ 196 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн замчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 6 980 020 төгрөг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлээс 73 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-с 196 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА