| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0119/Э |
| Дугаар | 2025/ШЦТ2208 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ2208
2025 09 23 2025/ШЦТ2208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Э.Ганцэцэг /томилолт/,
хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн 2403 00771 1006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... хаягтай, урьд
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Э.А
Холбогдсон хэргийн талаар:
*******нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ………. хорооны нутаг дэвсгэр Гачууртын эцэст байрлах Хар усан тохойн шинэ замд Toyota Land Cruiser маркийн ………. УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлдөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал хангах үүрэг хүлээнэ”, 3.7 дугаар зүйлд “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж Toytota Land Cruiser Prado маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Нийт 70.000.000 төгрөг хохирол учирсан үүнээс сэтгэл санааны хохирлоо авахгүйгээр 57.000.000 төгрөг авахаар шүүгдэгчтэй тохиролцсон уг 57.000.000 төгрөгийн хохирлоос бэлнээр 11.000.000 төгрөг, 1 га газрыг нь 40.000.000 төгрөгт тооцож хохиролд авсан үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүгдэгтэй гэрээ байгуулсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд.
Улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 990241... дугаараас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 16 минутад “………….. Гачууртын эцэс хар усан хоолойн шинэ замд 2 автомашин мөрдөж жолооч, зорчигч нар гэмтсэн” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 2-3 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “Зам тээврийн осол болсон гэх газар нь …………. хороо Гачууртын эцсийн зам, хар усан тохойн замд 2 автомашин мөргөлдөж зорчигч нар гэмтэж, гэмтлийн эмнэлэг явсан байдалтай байв. Уг зам нь асфальт, шулуун тэгш, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ замтай, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 5-7 дахь тал/,
2024 оны 09 дүгээр сарын 15-ны 19 цаг 30 минутад Э.Асогтуурлын хэмжээг шалгасан “хяналтын төхөөрөмжийн заалт 1,031%” гэсэн баримт /1 хх-ийн 10 дахь тал/,
Хохирогч Б.Бы өгсөн "Би 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед ....... аманд очиж нэг байшин үзсэн юм. Тэгээд тэндээсээ буцаад эхнэр, хүүхдийн хамт гэр рүүгээ харих гээд явж байх үед Гачууртын эцэс, Хар усан тохойн шинэ замаараа явж байх үед нэг эргэлттэй хэсэг гарч ирсэн, тэр эргэлтийн цаанаас нэг машин нэлээн хурдтай ирж байсан. Тэгээд би тэр машиныг хараад өөрийнхөө машины хурдыг хасаад зогссон. Тэгсэн тэр машин өөдөөс тоормосоо ч гишгээгүй шууд өөдөөс ирээд эсрэг урсгал руу ороод мөргөчихсөн. Тэгээд би машинаасаа буугаад тэр машины жолоочтой уулзаад цагдаад дуудлага өгсөн ...би маш их гомдолтой байна, би эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн, ажлаа ч хийж чадахгүй, бие хаа өвдөөд хэцүү байна. Хаа хамаагүй нэг согтуу хүний буруутай үйлдлээс зардлаа болоод маш их хохирогч байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13 дахь тал/,
Хохирогч Б.Дын өгсөн “Жолоочоос хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6,000,000 төгрөгийн хохирол төлсөн байна ... би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Одоо гарсан 51,000,000 төгрөгөө төлүүлчихмээр байна. Бүтэн 1 жилийн хугацаа боллоо хурдан хэргээ шийдүүлмээр байна. Санхүү мөнгөөр их хохирч байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 68 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Гөгсөн “1 сар гарангийн өмнө өгсөн. Манай аавын хуурай дүү болохоор түр машины хэрэг болоод байна хэсэг хугацаанд хэрэглүүлээч гэхээр нь өгсөн …надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12391 дугаартай “Б.Бы биед бүсэлхийн 5-р нугалмаас ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсгээр урагдал, бүсэлхийн 2,3 болон 4,5-р нугалмын мөгөөрсөн цагирагны цүлхийлт, баруун далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 37-38 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12288 дугаартай шинжээчийн “Б.Дын биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, бүсэлхий нурууны 3,4,5-р нугалам болон ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 44-45 дугаар тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12737 дугаартай шинжээчийн “Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 51-52 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1113 дугаартай шинжээчийн “Б.Бы биед бүсэлхийн 5-р нугалмаас ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсгээр урагдал, бүсэлхийн 2,3 болон 4,5-р нугалмын мөгөөрсөн цагирагны цүлхийлт, баруун далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Суурийн хөндийн архаг үрэвсэл, зүүн хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, хатуурлын өөрчлөлтэй байна. Энэ нь гэмтлийн гаралтай бус байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 58-60 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 434 дугаартай “Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй. Уг авто тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд нүүр хагарсан байхгүй, урд салхины шил цуурч хагарсан, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй, урд нүүр хагарсан байхгүй, урд салхины шил цуурч хагарсан, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй, урд салхины шил цуурч хагарсан, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад хуучин эвдрэл гэмтэл байна. Урд нүүр хагарсан байхгүй, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Урд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай байна. Хойд хоёр тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсоогүй. Тоормосны систем нь хийн, хий – шингэн дамжуулгатай, ABS бүхий тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, авто машины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Зүүн гар талын их гэрэл хол дээрээ, баруун гар талын их гэрэл хол, ойр дээрээ асахгүй байна. Мөн зүүн болон гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 66-69 дэх тал/,
Хөрөнгө эстимэйт хөрөнгийн үнэлгээний ХХК-ий 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22191 дугаартай “урд салхины шил хагарсан солих зардал 1,500,000 төгрөг, баруун урд их гэрэл хагарсан солих 2,500,000 төгрөг, зүүн урд их гэрэл хагарсан солих 2,500,000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл хагарсан солих 150,000 төгрөг, урд буфер солих 1,500,000 төгрөг, урд нүүр 1,200,000 төгрөг, урд нүүр солих 1,200,000 төгрөг, урд буфер мэдрэгчүүд солих 240,000 төгрөг, урд улсын дугаар, хүрээтэй солих 50,000 төгрөг, баруун болон зүүн урд их гэрэл рүү ус шүршигч 820,000 төгрөг, урд капот солих 2,900,000 төгрөг, хойд багажны хаалга солих 1,500,000 төгрөг, урд буферийн тогтоогч зам солих 200,000 төгрөг, жолооч, зорчигч, хөлний, 2 суудал, баруун зүүн таазны air bag, суудлын бүс 2 ш, мэдрэгч, комьютер, тааз солих 6,500,000 төгрөг, урд хүч сааруулагч төмөр солих 150,000 төгрөг, урд под крыло 2 ширхэг солих 500,000 төгрөг, урд жааз /баруун болон зүүн туслах төмөр, хөмсөг төмөр/ солих 1,800,000 төгрөг, үндсэн рам солих 12,500,000 төгрөг, радиатор солих 1,800,000 төгрөг, зүүн болон баруун урд рамны лап солих 300,000 төгрөг, хөргөлтийн трупууд солих 150,000 төгрөг, шил арчигчийн шингэний сав солих 150,000 төгрөг, урд буферийн сетка солих 200,000 төгрөг, баруун урд крыло засварлах 188,000 төгрөг, зүүн урд крыло засварлах 156,000 төгрөг, хойд буфер засварлах 150,000 төгрөг, эд анги солих засварлах 3,500,000 төгрөг, буфер 2ш, крыло 2ш, капот, багажны хаалга, жааз, рам будах засварлах 2,500,000 төгрөг, 700гр будаг туслах мат, лек засварлах 280,000 төгрөг, тэнхлэг тохируулах зардал засварлах 40,000 төгрөг, компьютер оношлогоо 70,000 төгрөг нийт 48,894,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 81 дэх тал/,
Хөрөнгө эстимэйт хөрөнгийн үнэлгээний ХХК-ий Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний хөлс 3,185,000 төгрөг гэх баримт /1 хх-ийн 83 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 493 дугаартай “Toyota Land Criuser маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
Toyota Land Cruiser Prado Маркийн ........ УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадалгаа /1 хх-ийн 93 дугаар тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирсон Б. Д-н сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоов” гэсэн баримт /1 хх-ийн 104 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирсон Б.Б сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоов” гэсэн баримт /1 хх-ийн 105 дахь тал/,
Э.А-н яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед ……. баруун талд голын эрэг дээр найзтайгаа 4 лааз Сэнгүр 0,5 литр пиво хувааж ууж нилээн ярьж суусан. 16 цагийн үед бид хоёр Тэрэлж явъя гэж шийдээд машиндаа суугаад би машинаа жолоодоод явсан. Тэгээд гацууртын эцсийн зүүн тийш явж байх үед нэг эргэлт хэсэг гарч ирсэн тэр эргэлтэд дээр би машинаа дарж дийлэхгүй нэг машины өөдөөс очоод мөргөсөн. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 151 дэх тал/,
“Жолооч *******нь B, C ангилалтай, жолоодох эрх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2030 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчинтэй “гэсэн лавлагаа мэдээлэл /1 хх-ийн 114 дэх тал/,
Хохирогч Б.Бы өмгөөлөгч Б.Борхүүгээс дараах нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Хохирогч Б.Бы Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /1 хх-ийн 101 дэх тал/,
Шүүхийн шатанд өгсөн хохирогч Б.Бы эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтууд /1 хх-ийн 107-112 дахь тал/,
Шүүхийн шатанд өгсөн “*******би Б.Б бид хохирол төлбөртэй холбоотой дараах хэлцэлийг байгуулав. Нийт хохирол 57,000,000 төгрөгийг дараах байдлаар барагдуулахаар тохиролцов. Үүнд 11,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, төв аймаг Эрдэнэ суманд байрлах усалгаагүй жимс жимсгэн тариалах зориулалтай 1 га газрыг 40,000,000 төгрөгөөр тооцон худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн газартай холбоотой татвар хураамжийг А хариуцна. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны дотор төлөхөөр тохиролцов. Талууд хохирол төлбөрийн асуудлыг харилцан тохиролцсон болно. Б.Б, Б.Д бидний зүгээс Э.Ад санал, хохирол, гомдолгүй болно” гэсэн хохирол холбоотой хэлцэл 1 хуудас,
шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгээс дараах нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтэсийн “Б.Д Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 124,762 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 28-нд төлсөн үнэн болно” гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт /1 хх-ийн 98-99 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтэсийн “Б.Бы Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 99401 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 28-нд төлсөн үнэн болно” гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт /1 хх-ийн 102-103 дахь тал/,
Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 122 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 115 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 113 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 116 дахь тал/,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоол /1 хх-ийн 124-134 дэх тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоол /1 хх-ийн 135-141 дэх тал/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /1 хх-ийн 142 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсныг тэмдэглэх нь зүйтэй.
*******нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр …………. дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ……. эцэст байрлах Хар усан тохойн шинэ замд Toyota Land Cruiser маркийн ……… УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлдөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал хангах үүрэг хүлээнэ”, 3.7 дугаар зүйлд “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж Toytota Land Cruiser Prado маркийн ...... УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Б, Б.Д, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Г, яллагдагч *******нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шинжилгээний дүгнэлтүүд, Авто техникийн шинжилгээний дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн магадалгаа, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч *******нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байх, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.А-н Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хохирогч Б.Б, Б.Д нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Тээврийн прокурорын газраас Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүхээс түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, сэтгэцэд хор уршгийн гуравдугаар зэрэглэл, эрүүл мэндийн даатгалын сангаас 99,401+124,762 төгрөгийн зардал тус тус тогтоогджээ.
Эрүүл мэндийн хохиролтой холбоотой Б.Д нь 2,288,425 төгрөг, хохирогч Б.Б нь 2,565,755 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Э.Аас нийт 6,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тодорхойлж, нөхөн төлөх хэмжээг мөнгөн дүнгээр тооцож тогтоосонтой холбоотойгоор шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх талаар хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Даас “Э.Ааас хохирол төлбөрийг дараах байдлаар хүлээн авсан болно. Үүнд 5890595891 тоот Б.Дын дансаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 5028182233 тоот Б.Бы дансаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 5028182233 тоот Б.Бы дансаар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5890595891 тоот Б.Дын дансаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг хүлээн авсан ба одоо төлбөр тооцоо бүрэн дууссан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлт,
Хохирогч Б.Бы эзэмшлийн Хаан банкны 5028182233 тоот дансаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн дансны хуулга,
Шүүгдэгч Э.А-н эзэмшлийн Хаан банкны 5303031326 тоот дансаар 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн дансны хуулга,
Хохирогч Б.Бы эзэмшлийн 5028182233 тоот дансаар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийн дансны хуулга,
Шүүгдэгч Э.А-н эзэмшлийн Хаан банкны 5303031326 тоот дансаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийн дансны хуулгыг эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө гаргаж өгөв.
Шүүгдэгч *******нь нийт 42,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч Б.Б, Б.Д нарын зүгээс цаашид сэтгэцэд учирсан хор уршиг болон эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ авахаар санал гаргасан бол, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс уг саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
*******нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл, холбогдсон хэргийн зүйлчлэл, уг гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг хүлээн зөвшөөрч оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.А-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Э.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Э.Ад шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй.
Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Шүүгдэгч *******нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 132 цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар Э.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Э.Ад шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******нь тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Ад шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******нь 132 /нэг зуун гучин хоёр/ цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, Б.Д нар нь цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ